Шатахуун, цахилгаан хоёр “шантааж” байсан уу?!

Aдмин / Улстөр

Оросуудын нэг “афоризм” байдаг аж. Тэр нь “...Хоёр төрлийн хулгайч бий. Жирийн хулгайч мөнгө, цүнх, цаг, гар утсыг чинь хулгайлдаг. Улс төрийн хулгайч бол чиний ирээдүй, хүсэл мөрөөдөл, ажил төрөл, цалин хөлс, мэдлэг боловсрол, эрүүл мэнд гээд бүгдийг хулгайлна. Харин улс төрийн хулгайчийг чи өөрөө сонгодог” гэдэг байна. Манай нэг дуунд “...Чухам үнэнийг цөөн үгээр хэлдэг” гэсэн шиг л оноосон байгаа юм.

Ер нь тэгээд манай өнгөрсөн он жилүүдийн амьдрал яг л энэ. Ийм л хүмүүст бүхнээ алдаж ирсэн. Үүнийг сүүлийн хэдхэн жилд л бид ойлгоцгоож байна. Нэг талаар хэтэрхий олон жил ирээдүйгээ хулгайд алдсаар ирсэн. Нэн харамсалтай. Гэхдээ хожуу боловч тэр хулгайнуудыг илрүүлж, ойлгож мэдээд явж байна. Энэ сайн хэрэг.

Ер нь бол Монголд, албаныхны хэлдгээр авлигын эсрэг тэмцэл, бидний ойлгодгоор том хулгайг таслан зогсоох үйл ажиллагаа нэгэнт эхэлсэн. Угаасаа авлигыг, том хулгайг устгаж, таслан зогсоохгүйгээр цаашид Монгол Улс хөгжих, монголчууд хөлжих боломжгүй юм. Тэр талаасаа, одоо шилжилтийн үе гэмээр цаг хугацаа үргэлжилж байна. Гэхдээ энэ бүхний ард нь гарах амаргүй л аж. Яагаад гэхээр үүнийг зөвхөн улстөрчид, хууль хяналтынхан хийчихгүй юм байна. Тэднээс халиад жирийн иргэд рүү ордог юм байна. Нэг үг байдаг даа. Грекийн сэтгэгч Периклийн “...Чи улс төрийг сонирхохгүй байсан ч улс төр чамаар оролдоно” гэж хэлсэн. Яг түүн шиг энэ том хулгайнуудыг таслан зогсоох үйл ажиллагаа жирийн иргэдээр ч оролдоод эхлэх шиг боллоо.

Учир нь, сүүлийн хэд хоногт “...Шатахуун тасарсан”, “Цахилгаан тасална” гээд ар араасаа залгасан үйл явдлууд өрнөлөө. Бүгдээрээ л бухимдав. Шатахуун тасарч хомсдоод, ШТС-уудад хэд хоног дугаарлалаа. “...Цахилгаан хязгаарлана” гэсэн мэдээлэл даарин дээр давс үрэх шиг л болгов.

Харин өчигдрөөс энэ бүхэнтэй холбоотой байж мэдэх “хачин” мэдээллийг зарим эх сурвалжууд түгээлээ. Тэдний мэдээллээр, Засгийн газраас нэгэн ажлыг хэсгийг байгуулжээ. Тэр ажлын хэсэг нь сүүлийн үед болж буй үйл ажиллагаануудыг “...“Эрдэнэтийн 49”-ийн худалдан авалтын асуудлыг шүүх хуралд нөлөөлөх”, “...Нүүрсний сонсголд нөлөөлөх”, “...Сонгуулийн мандат хуваарилах хэлэлцүүлэгт нөлөөлөх” зорилготой байсан эсэхийг шалгах, цаашлаад “...Гадаад дотоод хүчин зүйл байсан уу, хоёр улсын харилцаанд сэв суулгах санаархал уу, үгүй юу” гэдгийг нягтлан тогтоох зорилгоор байгуулагдсан бололтой. Нэг үгээр хэлбэл, шатахуун, цахилгаан хоёр “шантааж” байсан уу гэдгийг гаргаж ирэх нь л дээ.

Шатахуун хомсдож тасраад, цахилгаан хязгаарлах мэдээлэл түгмэгц, олон нийтийн сүлжээ, бусад хэрэгслээр хэсэг бүлэг хүн иргэдийн асаж буй бухимдлын гал дээр “шар тос” хийхээр дайрч байгаа нь содон л харагдаж байна лээ. Тэгэхээр, хэрвээ энэ нь хяналт шалгалтаар нотлогдоод ирвэл эдгээр нь эхэнд дурдсан “улс төрийн хулгайч нар”-ын үйлдэл болж таарна. Тэд л шатахуун, цахилгаан хоёр гэдэг манай Монголын хамгийн “эмзэг цэг” дээр дарсан хэрэг болно. Яг үнэндээ, өнөөдөр энэ хоёр стратегийн бүтээгдэхүүндээ гаднаас хараат байгаа нь өнгөрсөн 30 жилийн том хулгайн л үр дүн шүү дээ. Ямар сайндаа л цахим сүлжээнд “...Газрын тостой мөртлөө шатахуунгүй, нүүрстэй урантай атлаа цахилгааны эх үүсвэргүй” гэдэг хэлц хамгийн үнэн үг болох вэ. Заавал засах учиртай.

Нөгөөтэйгүүр, өнгөрсөн жилүүдийг харахад томоохон цахилгаан станцын тухай яригдах бүрт хаа нэгтэйгээс популист бүлэглэл гарч ирээд зогсоодог. Газрын тосны үйлдвэр бас л тийм арга хэмжээний дүнд яригдаж ч чадалгүй өнөөг хүрсэн. Монгол Улсын шатахууны хангалт нийлүүлэлт тэр чигтээ “ченж”-үүдийн гарт байна. Тэгэхээр хараат байдлаас ашиг олдог бүлэглэл байгаа хэрэг. Үүнээс гадна, өнөөдөр энэ хотын утаа, түгжрэл ч том хулгайтай шууд холбоотой. Үүнийг жирийн иргэд ч гадарладаг. Ер нь мэднэ.

Түүнчлэн, дээрх нөхцөл байдал үнэн болж таарвал улс төрийн хөшигний цаадах зөрчилд иргэдийн эрх хөндөгдөж байгаа нь тун эмгэнэлтэй хэрэг болно. Тэр тусмаа шатахуун, цахилгаан гэх мэт Монгол Улсын аюулгүй байдалтай холбоотой асуудлыг уур унтуу, айдас хүйдсээ дарахад ашиглах нь шууд утгаараа гэмт хэрэг юм.

Мөн, Монгол Улс “улс төрийн хулгайч”-гүй болж байж л цаашаа хөгжинө. Хэрэв ийм нөхөд байсаар байвал Б.Энхбаяр сайдын хэлдгээр “..Улс улсаараа үлдэх” эсэх ч хөндөгдөнө.

Ер нь тэгээд удахгүй УИХ-ын сонгууль болно. Тэр цагт бид сонголтдоо машид хянуур хандах шаардлагатай болж байна. Товчхондоо, “...Зөвхөн зөв хүн”-ийг сонгох хэрэгтэй гэсэн үг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Иоргэн [66.181.179.129] 2023-12-16 15:12:29

Яг үнэн байна гэдэг нь захаасаа харагдаж байна.Юухан дээр ч эсрэг ярма хэл гаргах суулт жагсах хатгаас их гараад байна.Үүний зорилго нь энэ нийтлэл дээр бичсэн утга санаа мөн.Зориуд засгийг унагаах муу муухай болгож дүгнүүлэхийг хичээгсэд юм болгоныг шүүмжилж байна.Зуух өгнө гэхээр нэг сурвалжлагч эсэргүүцсэн яриа гаргаж ирнэ.Автобус гэж шаардуулж хэл үг гаргуулчихаад авах гэхээр боль гэнэ ...энэ бүхэн бол Улсын эсрэг хийлгэж байгаа хүчнийхний ажил үйл мөн.Сүүлдээ бүүр Өнөрөөг түшиц болгодог боллоо.Хайртайдаа биш шүү.

Иргэн [124.158.64.148] 2023-12-16 13:02:54

АНУ бол шантаажлах нь бүү хэл банк санхүүгээр хоолой боомилно. Барууны технологийг монголдоо нэвтрүүлнэ гэж сэрүүн зүүдлээд хэрэггүй. Гол түлхүүрээ хэзээ ч өгдөггүй учраас байнга л утсан хүүхэлдэй болж тэдний бөгсийг долооход хүрнэ. Хятадууд түүнийг нь мэдсэн учраас технологуудыг нь хулгайлсан биз дээ. Манайд тийм хоншоортой хулгайч нар байхгүй. ард түмнээ дээрэмддэг цөөвөр чононууд л байдаг.Барууныхны гайхуулж, боож хаагаад байдаг технологийг нь эх орныхоо төлөө хулгайлсан хятадуудад атаархмаар.

Зочин [66.181.182.112] 2023-12-15 20:21:51

Буцаад орос хэлтэй хүмүүсийг Улсын Их Хурлын гишүүдээр сонгож байя! Тэр Америкийн Боинг бол тансаг хэрэглээ, харин Монголчуудын өдөр тутмын хэрэгцээ бол шатахуун ба эрчим хүч юм.

Иргэн [124.158.64.148] 2023-12-16 12:35:29

Санал нэгтэй байна. Муу ч бай, сайн ч бай Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг гэсэн үг байдаг.

Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй байж чадах уу? [66.181.160.50] 2023-12-15 15:50:22

Францууд Монголоос уран авах нь Орос, Казахстан, Хятадын БАЙНГЫН анхааралд байж байна. 100 жилийн дараа ч тийм байна, 200 жилийн дараа ч тийм байна. Монголчууд уранаа Европруу зарахдаа энэ хэдэн хөршийнхөө эрх ашгийг ДАВХАР БОДОЖ байх хэрэгтэй болж байгаа юм. Тэгэхгүй бол БАЙНГА дарамтанд орно. 2023 оны манйд учирч байгаа хомсдол бол ЮҮ Ч БИШ, цаашдаа ч ийм байна. Ийм учраас манай Гадаад худалдааны газар буюу салбар энэ улс төр-эдийн засгийн нөхцөлийг БАЙНГА анхаарч БАЛАНСЫГ НЬ барьж байх болж байна шүү. ЧАДАХ УУ?

иргэн [139.5.217.168] 2023-12-15 15:14:39

Энэ бол шантааж,сануулга өгсөний аль алин байгаа,Оросын эсрэг элдэв зүйл цуурахгүй байхыг Ардчлагч нэртэй самууралагчдадаа анхааруулах хэрэгтэй,үүнийг Оросын өндөр албаны хүмүүс нэг биш удаа сануулсан шүү дээ.

Зочин [203.23.199.101] 2023-12-15 11:51:21

Агуу Оросын дайсан болох Франц улстай уран олборлох баяжуулах үйлдвэр байгуулна гээд байхаар Оросын зөв юм даа

Чи тэнэг юм уу? [103.57.93.133] 2023-12-15 22:46:41

Монголд Орос, Хятал 2 БОДИТ нөлөөтэй юм уу, эсхүл тэр Барууны орнууд бодит нөлөөтэй юм уу? БОДИТ гэдэг нь бидний үйлдвэрлэл, худалдаа, эрчим хүчний хангамж, тээвэр, мал аж ахуй гэх МӨНГӨ оруулж ирэх салбаруудыг хэлж байна. Орос,Хятад дээгүүр Монголд ӨӨР ХЭН орж ирэх юм бэ, чадах юм бэ?

zochin [64.119.31.152] 2023-12-15 17:28:44

Бид яагаад завал орос эсвэл хятадтай худалдаа хийнэ гэж боломж нь олдвол бас баруунтай худалдаа хийх л хэрэгтэй. барууны технологийг монголдоо нэвтрүүлж яагаад болохгүй гэж. бүгд нэг улсаас хараат байж болохгүй өөрсдийн бодлого боловсруулдаг байх хэрэгтэй

Зочин [66.181.161.121] 2023-12-15 10:38:26

Яг 30 жил биш юм шүү дээ. Сүүлийн 12-15 жил. Түүнээс өмнө Монголд хулгайлах гээд юм байгаагүй.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.