Улс үндэстнээрээ нэгдэж нягтарч суръя

Aдмин / Улстөр

Орших хэдэн зуун мянга, хэдэн сая, хэдэн арван сая хүн байхад л гүйцэлдэж хэрэгждэг үйл явц биш бөгөөд дотоод хүчин зүйлээс шууд хамаарч байдаг. Орших гэдэг ард иргэдийн нэгдмэл нэг байдал, нэгдэл нягтралаас харин эс орших гэдэг ард иргэдийн нэгдмэл бус байдал, дотоод задралаас хамаардаг үйл явц билээ. Утгыг нь амьдралд буулгавал, улс үндэстэн, ард түмэн дотооддоо нэгдэж нягтарвал оршин тогтноно, харин өөр хоорондоо тэрсэлдэж, тэмцэлдэгч талуудад хуваагдаж, өвөр зуураа дайсагнаж, дотооддоо задарч байх аваас эс орших байдалд орж, сүйрч мөхнө гэсэн зарчим, учир гарч ирнэ.

Ард иргэдийнх нь нэгдэл нягтрал хийгээд задрал хуваагдал гэдэг улс орон, үндэстэн орших хийгээд эс оршихын дотоод хүчин зүйл нь, нөхцөл нь, шалтгаан нь, учир нь юм. дэлхий дахинд 200 орчим улс орон оршин тогтнож байна. Ард иргэд нь дотооддоо нэгдэж нягтарч, нэгдмэл нэг, цул хүч болж бүрэлдсэн улс орон олон бий.

Нэгдмэл нэг, цул байдал гэдэг ард иргэдийн дотоод нэгдэл нягтралыг хэлж байгаа юм. Улс орон, үндэстэн нэгдэж нягтрахад хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, байршил, засаглалын хэлбэр, угсаатны бүлгүүд энэ мэт гадаад нөхцөл байдал, хүчин зүйлс огт хамааралгүй байдаг. Хэдэн зуун мянга, хэдэн сая, хэдэн зуун сая хүн нэгдэж нягтрах бүрэн боломжтой юм. Хэдэн арван сая хүнтэй Өмнөд Солонгос, Герман, Англи, хэдэн зуун сая хүн амтай Япон, АНУ, тэрбум хүн амтай Хятад улс дотооддоо нэгдэн нягтарсан, нэгдмэл нэг, цул ард иргэдтэй. Нэгдмэл бус улс орон, ард түмэн бас бий. Гэхдээ цөөн тоотой. Нэг нь манай улс, бидний үндэстэн. Улс орондоо ч тэр, харь улсад ч тэр монгол хүний үйлдэл хандлага нь нэгдмэл бус байдлыг илэрхийлж, тусгаж байдаг. Амьдрал дээрх хэлбэржил нь энэ. Адилхан монгол хүмүүс байж, монгол хүн монгол хүнээ хүн гэж үздэггүй, бүр өөртэйгээ ижил ч гэж боддоггүй, элэг нэгтнийхээ амжилтанд атаархан хорсож, татаж унагаахыг оролдох, ажил төрөл нь азгүйтэж бүтэлгүйтвэл баярлах, нутаг нуга, дов дошоороо талцан хагаралддаг, өмгөөлж хамгаалахын оронд дэвсэлж орхидог нь бидний нийтлэг авир араншин.

Хилийн чанадад амьдрагч монголчууд нэгнээ хуурна, мөнгө төгрөгийг нь хулхидна, сайн зүйлийг нутаг нэгтнээсээ нууна, цагдаад ховлож, баривчлуулж нутаг буцаалгана. Эх орондоо ч тэр, харь оронд ч тэр монголчууд өөр хоорондоо шөргөөлцөж, биесээ хорлож, бие биенээ хэмлэн хигэж, тэмцэлдэж тэрсэлдсэн байдалтай амьдрах. Энэ үйлдэл хандлагаар монголчууд бидний нэгдмэл бус байдал буюу эв нэгдэлгүй байдал, хайр найргүй хандлага, хамтач бус, хуваагдмал байдал, дотооддоо задарсан нөхцөл байдал гадагш тусч байгаа юм. Энэ тусгал манай үндэстэнд нэгдмэл нэг, цул, бүтэн байдал, шинж дутагдаад байна гэдгийн мэдээлэл, дотооддоо нэгдэж нягтар хэмээсэн дохио сануулга болно. Нэгдмэл бус нөхцөл байдлаа харвал манай улс, бидний үндэстэнд мөхөх нөхцөл бүрдчихээд байна. Монголчууд бид нэгдмэл бус байдлаа гээж, дотооддоо нэгдэж нягтарч, нэгдмэл нэг, цул улс үндэстэн болох цаг болсон.

Нэгдмэл нэг ард түмэн, дотоод нэгдэл нягтралыг тусган харуулсан сэтгэлгээ, үйлдэл, хандлагыг хаа холоос хайх хэрэггүй, манай улсад, бидний нүдэн дээр нэгдэж нягтрах үйл явц өрнөж байна. Гэхдээ биднээс биш тэднээс, монголчуудаас биш солонгосчуудаас.

Сүүлийн жилүүдэд манай улсад бизнес эрхэлж, суурин амьдардаг солонгос хүмүүсийн тоо тасралтгүй нэмэгдсээр. Зун урин дулаан цагаар аялан жуулчлахаар ирдэг солонгос хүмүүс жилээс жилд нэмэгдсээр. Нэг үеэ бодвол монголчууд бид солонгос хүмүүсийн зан аяг, сэтгэлгээ, үйлдэл хандлагыг гадарладаг, мэддэг, цаад учир утгыг нь ухаарч ойлгодог болжээ. Суурин амьдардаг нь ч тэр, аялан жуулчлахаар ирсэн нь ч тэр монгол хоолны газарт бус зөвхөн солонгос эзэнтэй зоогийн газарт хооллоно. Аялаж жуулчлахаар ирсэн солонгосчууд мөн адил. Өөрсдийн “ Кореа Айр” –н онгоцоор ирж, солонгос эзэнтэй зочид буудалд бууж, солонгос эзэнтэй зоогийн газраар үйлчлүүлж, солонгос үндэснийхээ хоолыг идэж, солонгосоос авчирсан архи, пиво, сөжүгээ ууж, хөдөө явахдаа солонгос хүний хөрөнгө оруулсан баазад хонож өнжинө.

Монголд суурьшин амьдрагсад нь ч гэсэн солонгос компанийн барьсан, эсвэл солонгос хүний хөрөнгө оруулсан орон сууцыг худалдан авна. Өөрийн эзэмшлийн зоогийн газар, ажлын байр, оффистоо эх орондоо үйлдвэрлэсэн, үндэснийхээ үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн, гар утас, цахилгаан барааг авч хэрэглэдэг гэдгийг бид мэддэг. Нүдэнд дасал болсон энэ байдал хэлбэр талаасаа аялал жуулчлал, бизнес гэж харагдах боловч агуулга, утга санаа талаасаа солонгосчууд бол нэгдмэл нэг, цул үндэстэн гэдгийг илэрхийлж байгаа болно. Хэдэн арван сая хүн нэгдмэл нэг сэтгэлгээтэй, нэгдмэл нэг эрх ашигтай, нэгдмэл нэг зорилготой, нэгдмэл нэг үйлдэл хандлагатай байна, нэг хүн шиг болжээ, энэ улс үндэстэн. Олон арван сая хүний үзэл, санаа бодол, сонирхол, эрх ашиг, зорилго, хүсэл гэдэг түмэн янз байх нь мэдээж. Гэсэн ч сая сая хүний түмэн янзын сонирхол, эрх ашиг, зорилго, хүслийг нэгтгэжээ. Үнэхээр атаархам, гайхалтай нэгдэл нягтрал. Нэг талдаа дээд зэргээр нэгдэж нягтарсан ард иргэдийн жишээг, нөгөө талдаа хэтэрхий нэг талыг барьсан ийм жишээг зөвхөн Солонгос улс , солонгос үндэстнээс л харна.

Хэт туйлширсан энэ хандлага улс үндэстэн дотооддоо задарсан үед тун тохиромжтой байдаг. Энэ үед бидэнд хамгийн хэрэгтэй зүйл юм энэ. Улс үндэстэн нэгдэж нягтарч сурч, энэ тухай ойлголт, үзэл бүрэлдэн тогтохын цагт аажимдаа хэт туйлширлаас ангижрах нь мэдээж. Солонгосын ард түмэн нэгдмэл нэг үйлдлээрээ улс үндэстнийхээ оршин байхуйн нөхцөл, хүчин зүйлүүд тухайлбал, биесээ дэмжих дэмжлэг, бид нэг гэх мэдрэмж, үндэсний үйлдвэрлэл, угсаа гарвал нэгтэй дэмжих дэмжлэг, үндэстний “Би“, үндэстнээрээ бахархах бахархал, нэгдмэл нэг эрх ашиг, нэгдмэл нэг зорилго, эх орон үзэл санаа энэ мэт үнэт зүйл, үзэл санааг илэрхийлж байна. Улс үндэстнийхээ оршин байхуйн үндэс суурийг бий болгож, бүрэлдүүлж, бүтээж буй үйл явц юм энэ. Энэ үйл явцад хүн бүр оролцож, хувь нэмрээ оруулж байна.

Эндээс улс үндэстэнг гадаад нөхцөл байдлаас илүүтэй дотоод хүчин зүйл нэгтгэж байдаг болохыг олж харсан байх. Нэгтгэж нягтруулдаг дотоод хүчин зүйлийг нь, улс үндэстэнг дотоод талаас нэгтгэж нягтруулдаг үзэл, мэдрэмжийг нь, тэдгээрийн агуулга, гүнзгий утга, учрыг нь бичив. Тэд энэ үйлдэл, хандлагаараа “Бид Солонгос хүмүүс, бид нэг” гэх нэгдмэл үзэл санаа хийгээд мэдрэмжийг илэрхийлж, гадагш тусгаж байна. Дараах учиртай. Бид солонгос хүмүүс, бид нэг үндэс угсаатай гэх ухамсар, элгэн саднаа гэх дулаан сэтгэл, өөриймсөг дотно байдал, амь нэгтэй байдал, элгэмсэг амьсаг шинж. Үндэс угсаа нэгтэй улс үндэстэнд бүрэлдэн тогтдог мэдрэмж, үзэл санаа юм энэ.

Нэг угсаа гарвалтай хүмүүс хаана оршин буйгаас, ямар нийгмийн байгуулалд амьдарч буйгаас үл хамаарч, дотоод талаас нь нэгтгэн нягтруулах чадвар чадамж бүхий эрхэм дээд, үнэ цэнэт, нарийн нандин, ухамсарт дээд төвшний мэдрэмж, сэрэхүй хийгээд үзэл санаа юм энэ. Үндэс угтаа нэгтэй гэдгээ ойлгож мэдэрсэн, утга учрыг нь ухамсарласан хүнд төлөвшин тогтдог юм билээ. Энэ мэдрэмж амьдрал дээр биесээ таних ба танихгүй байхаас үл хамааран өмөөрөн өмөлзөнө, өмгөөлж хамгаална, нэгнээ түшиж тулна, дэмжиж дэмнэнэ.

Өөрийн хүнээ гэнэ, бусдаас илүүд үзэж, нэгд тавина. Хилийн чанадад ч гэсэн биесээ түшнэ, хэрэг болвол хамгаална, хүнд хэцүү үед нь дэмнэнэ, бие биедээ итгэнэ, итгэлийг нь алдахгүй, биесдээ өмөг түшиг болно, өмөөрөн өмөлзөх энэ мэт үйлдэл хандлагаар илэрдэг. Бид нэг гэх мэдрэмж, үзэл олон янз байдлаар амьдралд хэлбэржжээ. Хамгийн энгийн жишээг иш татав. Хятад хүнийг эх оронд нь, харь оронд харь хүн зодож цохих гэвэл, дээрэлхвэл нутаг нэгтнээ өмгөөлж, тэнд байсан хятад хүмүүс бөөнөөрөө дайрч, хамгаална. Бид угсаа нэгтэй Хятад хүмүүс, бид нэг учир биесээ хамгаалах, өмөөрч өмөлзөх, хамгаалах учиртай гэсэн үзэл, мэдрэмж тэдний оюун сэтгэлгээнд хэвшин тогтсоны шинж юм энэ.

Америкт бизнес эрхлэхээр ирсэн нутаг нэгнээ тэнд хөлөө олсон солонгос хүмүүс зөвлөлгөө өгч, зүглүүлж чиглүүлж өгнө, тусалж дэмжинэ. Бид нэг үндэс угсаатай солонгос хүмүүс, би нэг учир бие биеэ тусалж дэмжиж, ажил амьдрал, бизнесийг нь дэмжиж дэмнэх ёстой гэсэн мэдрэмж, үзэл санаа, учир юм энэ. Нарийн нандин учир нь солонгос хүн харь оронд ч гэсэн муу явах ёсгүй гэсэн бардамнал юм, өөрийн үндэстнээ бас өөрийгөө хүндлэх хүндлэл юм, улс үндэстнийхээ нэр төрийг хичээж, эх орноо хайрлах үзэл юм гэж уншигдана.

Солонгос улсад том компаниуд нь жижиг бизнесийнхээ орон зайг булаадаггүй, эсрэгээр бизнес нь өргөжин тэлж, өсөж хөгжихөд нь тусалдаг. Бид солонгос хүмүүс учир би, чи, бид адилхан өсөж дэвжих учиртай, бие биеэ дэмжих ёстой, бие биенээ хорлож, саад болж болохгүй гэсэн мэдрэмж, үзэл, учир. Герман хүмүүс гэрийн ойролцох жижиг дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн, баглаа цэцэг, ойр зуурын эдлэл хэрэгсэл маш сайн худалдан авдаг. Бид германчууд, бид нэг учир нэгнийхээ бизнесийг дампуурахаас сэргийлж байх, оршин тогтнуулахын тулд өөрийн худалдан авалтаараа түүнийг дэмжих учиртай гэсэн үзэл тогтсон байдаг, учир утгыг нь ухаарч ухамсарласан байдаг, тэд. Ийм жишээ улс үндэстэн бүрд бий.

Солонгос хүмүүсийн нэгдмэл үйлдэл хандлагын цаана дараах үйл явц явагдаж байдаг. Үндэстэн дотооддоо уламчиг нэгдэж нягтарна. Дэлхийн хаана ч амьдарч байлаа гээд солонгос хүний нэр хүнд өснө, амьдрах баталгаа хангагдана. Хамтдаа улс үндэстнийхээ нэр хүндийг өргөж, энд тэндгүй орон зайгаа тэлж, хаа сайгүй нөлөөллөө тогтооно. Солонгост бус Монгол улсад амьдарч буй боловч тэр солонгос хүний ашиг орлого мөн нэмэгдэж, бизнес өргөжиж, эдийн засгийн хувьд тогтвортой оршин тогтнох нөхцөл бүрдэнэ. Энэ явдлын цаана дамаа бас үндэсний үйлдвэрүүдийн ашиг орлого нэмэгдэж байгаа. Учрыг шааш ухвал энэ явдал дамаа бас Солонгос улсын эдийн засгийг тэтгэнэ. Энэ мэт хоорондоо харилцан хамааралтай, хамтдаа өсөж дэвжих үйл явц явагддаг.

Нэгдмэл ба нэгдмэл бус ард түмний сэтгэлгээ, хандлага хоорондоо газар тэнгэр мэт ялгаатай. Нэгдмэл нэг улс орон, үндэстэн гэдэг биесээ дэмжин өөдөлж дэвждэг, улс орноо босгодог, хүчирхэгжүүлэг хүчирхэг хүч, нөөц, боломж бөгөөд энэ нэгдмэл хүчинд суурилан эдийн засагт нь өсөж дэвжих үйл явц тасралтгүй явагдаж байгаа. Энэ нэгдмэл хүч улс орноо хөгжүүлнэ, хамгаална, орон зайгаа тэлнэ, нөлөөллөө тогтооно, биесээ дэмжиж, нэг нь нөгөөгийн, улс орныхоо, эдийн засгийнхаа оршин тогтнох нөхцлийг бүрдүүлж өгнө. Ийм нөхцөлд тухайн улс орон хүчирхэг байх нь аргагүй. Нэгдмэл бус ард түмэн гэдэг зүгээр л хэдэн зуун мянга, хэдэн сая хүний хий дэмий бөөгнөрөл байдаг. Энэ утгагүй бөөгнөрөл бие биедээ саад тотгор болно, улс орон, нийгэм, нэг нэгнийхээ бизнес, амьдрал оршихуй, бизнес, эрх ашигт харшилна, саад хийнэ, доош татна, унагана, задлана, хорлоно, сүйтгэнэ.

Дотооддоо задарч хуваагдсан ард иргэдтэй нэгдмэл бус улс орон дотоод зөрчил, дайн самуун, задрал хагаралд живж, хуваагдаж, задардаг, сүйрч мөхдөг. Нэгдмэл улс орнуудад ард иргэдийнх нь оюун санаа, ухамсар, сэтгэлгээ, өдөр тутмын амьдрал, үйл ажиллагаанд нь нэгдмэл цул байх тухай үзэл санаа нэвт шингэсэн байдаг юм билээ.

Бид нэг гэх мэдрэмж, үзэл санаа төлөвшин тогтсон улс үндэстэнд бол элэг нэгтнээ үгүйсгэсэн, дорд үзсэн доромж үг яриаг амнаасаа унагадаггүй, үйлдэл хандлага гаргадаггүй. Эх орон, улс орон, элэг нэгтнээ харь улсад, хэн нэгэнд үгүйсгэн, дорд үзэж, доромж утгатай зүйл ярина гэдэг шударга шулуун байдал огт биш эсрэгээр өөрөө өөрийгөө л дорд үзэж буй хэрэг юм. Өөрийгөө дорд үзнэ гэдэг эрүүл саруул ухаан санаанд багтамгүй, өчүүхэн жижиг, өрөвдөм хөгийн үйлдэл шүү. Энэ учрыг сайн мэддэг, утгыг нь ойлгодог учир хэрхэвч дэмждэггүй. Тэдний хувьд нэгдмэл бус байдал, дээр бичсэн үйлдэл хандлагуудыг машид жигшдэг бөгөөд иймэрхүү төрлийн үг яриа тэдэнд бөөлжиж цутгам муухай сонсогдоно, хөгийн арчаагүй санагдана, өмнөөс нь гутдаг, жигшил зэвүүцэл нь төрдөг шүү. Гэхдээ боловсон ёсыг сахиж, тухайн үед тэвчиж, дуугүй сонсож өнгөрүүлдэг юм билээ. Харь хүнд өөрийн улс орон, үндэстнээ муучилж, хамгийн муухайг нь түүж ярьж, үл хүндэтгэсэн, дорд үзэж, доромжилж гоочилсон үг яриа, хандлагаа бид орхиж хаях хэрэгтэй. Эх орондоо ч тэр, харь улсад ч тэр өөрсдийгөө үгүйсгэсэн, доромжилж гутаасан зүйл ярихаа бүр байя. Дэлхийн улс орнуудад, үндэстнүүдэд бүрэлдэн тогтсон энэ үзэл, мэдрэмж монголчууд бидэнд бүрэлдэн тогтож амжаагүй өдийг хүрсэн явдал өнөөдөр мөхөх нөхцөл болчихсон байна. Сул талаа арилгая. Улс үндэстнээрээ нэгдэж нягтарч суръя. Нэгдмэл нэг, цул оршиж, улс Монголынхоо, монгол үндэстнийхээ оршин байхуйн үндэс суурийг хангаж өгье, мянга мянган жил бат тогтвортой оршин тогтнох дотоод хүчин зүйл, нөхцлийг нь бүрдүүлж өгье.

Ч. Туяа

Эх сурвалж: Sonin.mn


Сэтгэгдэл

Зочин [139.5.219.238] 2024-01-05 04:44:50

Bid mohoj uusah ni tsag hugatsaanii asuudal uuniig tsagaachin hujaa, suurin tagnuul, gadnii shashin gesen sheesnuud 30 jild sain suuriig ni beltgesen dee. Odoo bol neg tagnuul horlogch hulgaichiig derleed uheh l uldsen.

Гүйцэд болгохын тулд ... [66.181.160.104] 2024-01-05 10:55:51

Нэмээд нөгөө тагнуул хорлогчийн хөнжлөөр чамайг хучичихна. Кх!

Мөнхжаргал [66.181.180.215] 2024-01-04 20:23:27

Маш чухал сэдэв

зочин [103.57.92.215] 2024-01-04 12:20:32

Олон намын бүлэглэл талсал хэрүүл барууны үзэл бодол шүтэн биширч хөрөнгөжих шунал сэтгэхүйтэй эх орон газар нутаг хайрлан хамгаалах гэсэн хуурамч шудрага дүр эсгэгчдийг нэгтгэнэ гэдэг маш хэцүү Луйварчдаа шүүх засаглал дэмжих аястай шудрага үнэний төлөө тэмцэгчээ үзэн ядагч Монгол нэгдэж чадах уу хулгайчдын улс болох уу ,,,


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.