Д.Баяндүүрэн: Энэ удаагийн сонгуулийг 32 орчим тэрбум төгрөгөөр зохион байгуулна
Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэнтэй ярилцлаа.
-Ирэх зургадугаар сард УИХ-ын сонгууль болно. Үүнтэй холбогдуулан СЕХ-ноос ямар ажлууд хийж байна вэ?
-Ноднин жилийн зургадугаар сард УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, долдугаар сард нь Улс төрийн намын тухай хууль тус, тус батлагдсан. Тиймээс СЕХ-ноос эдгээр хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах үүднээс 21 аймаг, есөн дүүрэгт сургалт хийсэн. Мөн өнгөрсөн жилийн 11 дүгээр сараас эхлэн Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 37 намын төлөөллийг уриад дээрх хоёр хуулийн сургалтууд хийсэн. Нийт хоёр удаа улс төрийн намуудын төлөөлөлтэй уулзсан. Мөн ирэх сарын 6-нд уулзаж, ярилцана. Сонгуулийн тухай хууль, тогтоомжийг ард түмэнд ойлгуулахад хамгийн чухал зүйл нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд байдаг. Тийм болохоор сэтгүүлчидтэйгээ мөн уулзалт хийж, тодорхой мэдээллүүд өгсөн. УИХ-аас сонгууль товлон зарлах, тойрог батлах тогтоолыг баталж өгсөн. Тийм болохоор СЕХ-ноос сонгуулийн цаг хугацааны хуваарийг баталсан. Үүнтэй холбоотой бэлтгэл ажлуудыг төлөвлөгөөний дагуу хийж байна.
–Ирэх сарын 6-нд хийх уулзалтаараа улс төрийн нам, эвслийн төлөөлөлтэй ямар асуудал ярих вэ?
-Улс төрийн намын бүртгэлтэй холбоотой журмыг Улсын дээд шүүх батлах ёстой. Тухайн журмыг улс төрийн намууддаа хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.
Улс төрийн намын тухай хууль батлагдсантай холбоотойгоор СЕХ-нд тодорхой чиг, үүргүүд ирж байгаа. тухайлбал, улс төрийн намыг мэдээлэл, арга зүйгээр хангах, санхүүжилттэй холбоотой гээд хэд, хэдэн асуудал бий. одоо бол сонгогчдын нэг хувиас дээш санал авсан тохиолдолд намуудад улсын төсвөөс санхүүжилт олгоно. Гэхдээ энэ заалт ирэх оноос хэрэгжиж эхэлнэ. үүний улмаас СЕх-ны бүтцэд нэгжүүд байгуулагдахаар төлөвлөсөн.
–Энэ удаагийн сонгуулийг зохион байгуулахад хэдий хэмжээний санхүү шаардлагатай вэ?
-Хэд, хэдэн онцлогтой сонгууль болно. нэгдүгээрт, өмнө нь 2012 онд хэрэглэж байсан хосолсон тогтолцоогоор явна. тойрог томорч, бүсчилсэн байдлаар явагдахаар болсон. Мөн гадаадад байгаа сонгогчдын саналыг авна. Хамгийн гол нь нийт хэсгүүд дээрээ хяналтын тооллогыг 100 хувь, гараар хийхээр хуульчлагдсан. Энэ ажилтай холбогдуулан ноднин жил бидэнд 15.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт баталж өгсөн. Түүгээрээ 500 гаруй санал тоолох төхөөрөмж, холбогдох тоног төхөөрөмж худалдаж авсан. харин энэ удаагийн сонгуулийг 32 орчим тэрбум төгрөгөөр зохион байгуулахаар улсын төсөвт тусгагдсан. Энэ төсвийн хэмжээндээ тохируулан ажлаа зохион байгуулаад явж байгаа. хамгийн гол зардал бол тухайн сонгуульд ажиллаж байгаа хүмүүсийн урамшуулал байдаг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төсөвлөж хийхэд нийт зардлын 40 орчим хувийг эзэлдэг. Энэ сонгуульд 20 гаруй мянган хүн ажиллана. мөн гадаадад байгаа иргэдийнхээ саналыг авахад тодорхой зардал гарна, 50 орчим дипломат төлөөлөгчийн газраараа дамжуулан сонгогчдынхоо саналыг авна.
–Сонгогчид маань заавал өөрийн харьяа газартаа очиж саналаа өгөх үү. Байгаа газраасаа саналаа өгөх боломж бий юу. Нэрсийн жагсаалт хэдий үеэр эцэслэн батлагдах вэ?
-Сонгогчдын нэрсийн жагсаалттай холбоотой асуудлыг Улсын бүртгэлийн ерөнхий газар хариуцаж гаргана. дөрөвдүгээр сарын 1 гэхэд тухайн газар өөрийнхөө сайтад нэрсийн жагсаалтыг тавина. Өмнөх сонгуулиудаар сонгогчид маань тухайн сайт руу ороод зөвхөн өөрийгөө бүртгэгдсэн эсэхийг шалгадаг байсан бол энэ удаа тэр хаяг дээр хэдэн хүн байгааг харах боломжтой. Ингэснээр өөр хүмүүс бүртгэгдсэн эсэхийг шалгаж болно. Харин сонгогчдын нэрсийн жагсаалт эцэслэгдээд санал авах өдрөөс гурав хоногийн өмнө хэсгийн хороодод хүрсэн байх ёстой. Дээрээс нь энэ жил улсын бүртгэлийн аль ч газарт тухайн сонгогч гомдлоо гаргах боломжтой байгаа.
–Нам эвсэл, нэр дэвшигчид холбогдох хуулийг санаатай болон санамсаргүй байдлаар зөрчихгүй байхад юун дээр анхаарах хэрэгтэй вэ?
-Сонгуулийн хууль тогтоомж дээр ухуулга, сурталчилгаатай холбоотой зүйлийг тодорхой заагаад өгчихсөн. нэгдүгээр сарын 1-нээс эхлэн аливаа этгээд сонгогчдыг татах зорилгоор найман төрлийн үйл ажиллагааг явуулж болохгүй.
–Тухайлбал?
-Хувьцаа тараах, амлалт өгөх, чансаа тогтоох судалгаа явуулсан бол түүнийгээ хэвлэн нийтэлж болохгүй. Мөн уралдаан, тэмцээн зохион байгуулж, мөнгө тарааж болохгүй гэх зэрэг зүйлсийг сонгууль дуустал хориглосон. эдгээрийг зайлшгүй мөрдөж ажиллах шаардлагатай. Сонгуулийн ухуулга, сурталчилгаа эхэлснээс хойш хориглох заалтууд ч бий. Ер нь сонгуультай холбоотой хэрэг, зөрчлийн маргаанууд гардаг. Энэ маргаануудыг тодорхой чиг үүргийн байгууллагууд шалгаж шийдвэрлэх үүрэгтэй. Эцэст нь шүүх байгууллага тогтооно. Тийм болохоор сонгуулийн хуулиа зөрчихгүй байх дээр анхаарахаас гадна аливаа уулзалт, цуглаан хийхдээ сонгогчдыг татах ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байх хэрэгтэй.
-Хэрэв хууль зөрчсөн бол нам эвсэл, нэр дэвшигчид ямар арга хэмжээ авах вэ?
-Зөрчлийн тухай хуульд тодорхой заасан. Торгуулийн арга хэмжээ, нэр дэвшигчийг бүртгэхгүй байх, хасах боломжтой. Энэ удаагийн сонгуулиас эхлээд аливаа этгээд бэлэн мөнгө тараасныг иргэн баримттайгаар нотлоод цагдаагийн байгууллагад мэдэгдсэн тохиолдолд тухайн мөнгөний хэмжээг 20 дахин нэмэгдүүлж олгоно.
-УИХ-ын гишүүд тайлан сэтгүүлээ тараадаг. Одоо ид тарааж байх шиг байна. Гэтэл энэ нь бусдаасаа давуу байдал бий болгож байна гэх шүүмжлэл байдаг. Үүнийг хуулиар зохицуулж өгсөн байдаг уу?
-УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар УИХ-ын гишүүд нэр дэвшихээсээ өмнө хэвлэмэл тайлангаа тараах эрхтэй. Яагаад гэвэл тухайн гишүүний бүрэн эрх нь хэрэгжиж байгаа.
-Тэгвэл нэр дэвшихээр горилж байгаа хүмүүс өнгөрсөн хугацаанд хйиж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулсан хэвлэмэл материал тараах эрхтэй юу?
-Тийм эрх байхгүй.
-Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалын хэмжээ, самбарын тоог багасгасанд дургүйцэх хүмүүс байна. Яагаад ийм заалт оруулсан юм бэ?
-Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байх явцад сонгууль маш их зардалтай явагдаж байна. Зардлыг бууруулах чиглэлд арга хэмжээ авъя гэдэг үзэл баримтлал явагдсан. Энэ үүднээс хэвлэмэл материал, самбарт гаргадаг зардлын хэмжээг багасгах нь зүйтэй гэж үзсэн. Тэгээд дэлхийн бусад орнуудад хэрэглэдэг нэгдмэл самбартай байхаар болсон. мөн хэвлэмэл материалын хэвлэлийн хэмжээ буурсан. Зардлын дээд хэмжээг өмнө нь тойрог, тойргоор нь тогтоодог байсан бол энэ удаа ч гэсэн нам эвсэл, нэр дэвшигчээр нь тойргоор нь үндэсний аудитын байгууллага гуравдугаар сарын 1-нээс өмнө тогтооно.
-Цахим орчинд хяналт яаж тавих вэ?
-Цахим орчинтой холбоотой асуудлаар харилцаа холбооны зохицуулах хороо /ХХЗЦХ/-ноос тодорхой журмууд гарна. үүнийг нь СЕХ батална. тэгэхээр цахим орчинд ххзх болон цагдаагийн байгууллага хяналт тавьж ажиллана. Мөн рейтинг тогтоох цахим судалгаан дээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хяналт тавина. Дээрээс нь нэр дэвшигч өөрийн цахим хаягийг тухайн тойргийн хороогоороо дамжуулан ххзх-нд бүртгүүлэх ёстой.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
зочин [103.57.92.172] 2024-01-25 18:22:21
ХАЙРАН МӨНГӨ??????? ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨ УЙЛДАГГҮЙ ГЭЖ ЭНЭ БАЙХ ДАА?
Монголын төрд нүд байна уу? [103.57.93.133] 2024-01-25 13:32:09
Энэ хүнийг Сонгуулийн Ерөнхий хорооны дарга ЯАГААД болгож болдоггүй юм бэ? 1992 оноос хойш л СЕХ-ны нарийн бичгийн дарга, албаны дарга гээд л 32 жил явуулчих юм. Дээшилдэг ч үгүй, доошилдог ч үгүй. Утгагүй юм.