БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах салбарыг нэмэгдүүлж, эмэгтэйчүүд ажиллах боломжийг хангалаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн нарийн бичгийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал Ким Дэ Хуан болон бусад албаны төлөөлөгчидтэй 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр онлайнаар уулзлаа.
Тус уулзалтаар Бүгд Найрамдах Солонгос Улстай байгуулсан “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг цаашид хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх, эмэгтэйчүүдийн ажиллах боломжтой салбарыг шинээр нэмэгдүүлсэн талаар санал солилцлоо.
Тодруулбал, зочид буудал, зоогийн газар зэрэг үйлчилгээний салбаруудад Монгол ажилчид ажиллах шинэ боломж бүрдэж байгаа талаар онцлов. Мөн уулзалтын үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа гадаадад хөдөлмөр эрхэлж байгаа Монгол Улсын иргэний эх орондоо буцан ирж хөдөлмөр эрхлэхийг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөр батлуулж, хэрэгжилтийг хангах нь чухал байгааг онцлоод 2024-2025 онд Бүгд Найрамдах Солонгос Улсын буцалтгүй тусламжаар БНСУ-д хөдөлмөр эрхэлж буй иргэдийн эргэн эх нутагтаа суурьшиж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран төсөл хэрэгжүүлэхээр болсонд талархал илэрхийлэв.
Түүнчлэн БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн эх орондоо буцан ирж, хөдөлмөр эрхлэхийг дэмжих зорилгоор Монгол Улсын томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудыг оролцуулсан Хөдөлмөрийн яармаг, өдөрлөгийг БНСУ-д 2024 оны 3 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар цохон тэмдэглэв.
Эх сурвалж: ХНХЯ
Сэтгэгдэл
Иргэн [202.21.108.5] 2024-01-31 09:34:45
Монгол оронд гарч байгаа хуулиуд хөдөлмөр эрхлэлтийн эсрэг, цалин хөлсийг боомилон дампууруулах, эх орноос дайжихад хүргэж байна. Аж ахуйн нэгж хүртэл ажилчиддаа амьдралд дэм болж ажиллах бололцоогүй татвараар дарамтлан дампууруулж байна. Зах зээлийн үнийн хөөрөгдөл, импортийн үнэлгээ, банкны системийн мөлжлөгөнд төр мэдрэмжээ алдан эх орон хүн ардаа эзгүйчлүүлж байна. Намуудын талцал сайрхал төрийн утгыг алдагдуулан хэдэн зууны төрийн зарчмуудыг мөхөөхөд хүрч байна.
Оюунтуяа [112.72.15.94] 2024-01-31 07:48:22
Ёстой нэг тэнэг бодлого барих юмаа сайд гуай,Хэлэх ч үг алга ,
Иргэн хүн [66.181.189.179] 2024-01-31 06:01:49
Эх орондоо ажил хөдөлмөр эрхэлж, олигтой цалин хөлс авч, элэг бүтэн, эрүүл саруул амьдрах нөхцлийг бүрдүүлээч. Наад Монгол гэр бүлийг сүйрүүлж, эх орноо орхин явах бодлогоо болиочээ, болоо ш дээ намчингуудаа