Хаврын чуулганаар дөрвөн сонсгол хийнэ

Aдмин / Улстөр

УИХ-ын хаврын чуулган ирэх сарын 15-нд нээлтээ хийнэ. Сонгуулийн жил давхцаж байгаа учраас хуралдаан дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл нэг сарын хугацаанд үргэлжлэх товтой байна. Хаврын чуулганы хугацаа богинохон ч дөрвөн сонсгол зохион байгуулахаар төлөвлөсөн. Одоогоор нийслэлийн газар олголт, эмийн үнийн өсөлтөөр сонсгол зохион байгуулах түр хороог байгуулсан. Хаврын чуулганаар хүлээгдэж буй сонсголуудын тухай тоймлон хүргэж байна.

“Отог нэрээр тусгай хамгаалалттай бүсэд хаус босгож байгаа асуудлуудыг цэгцэлнэ”

Нийслэлд олгосон газрын асуудлыг хэлэлцэх түр хороог Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ахалж байгаа. Тэгвэл өчигдөр ажлын хэсэг хуралдаж, сонсголын товыг тогтжээ. Дэд ажлын хэсэг гуравдугаар сарын 15-ны дотор холбогдох мэдээллүүдийг нягталж, дүгнэлтийг УИХ-ын ажлын хэсэгт ирүүлнэ. УИХ тавдугаар сарын 15-ны дотор нээлттэй сонсголыг зохион байгуулах чиглэл өгсөн байна. Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар “Сүүлийн 30 жилийн нийслэлийн замбараагүй газар олголт нь авлига хээл хахуультай холбогдож, нийгэмд бухимдал төрүүлж байна. Энэ асуудлыг цэгцлэх цаг болсон. Тухайлбал, зөвхөн нэг иргэн 20-30 газар өмчилчихсөн тохиолдол цөөнгүй байна. Улаанбаатар хотод гэхэд 49, 72 ширхэг газар эзэмшиж буй аж ахуйн нэгж байна. Отог нэрээр улсын тусгай хамгаалалттай бүсэд хаус хороолол босгох нь хэвийн үзэгдэл болжээ” гэв.

Жил гаруй гацсан эмийн сонсгол болох уу

Эмийн асуудлыг шалгах түр хороог УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ахлан ажиллаж байгаа. Түр хороог өнгөрсөн оны зургаадугаар сард байгуулж, гишүүдээр УИХ-ын гишүүн Д.Батлут, Б.Бейсен, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар ажиллаж байгаа билээ. Түр хорооны сонсгол парламент дээр нэлээд хүлээгдэж байгаа бөгөөд ямартай ч хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд багтаад байна. Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эм, эмчилгээнд хэрэглэгдэх журам зөрчигдөж байгаа бөгөөд 2018-2023 онд 155 нэрийн 25600 гаруй бүртгэлгүй буюу улсын бүртгэлтэй эмийн загвараас зөрүүтэй хуурамч гэж үзэж болохуйц эм илэрсэн байдаг. Үүнийг сонсголын хүрээнд хянан шалгаж олон нийтэд мэдээллийг ил болгох юм.

Уул уурхайн тусгай зөвшөөрлүүдээр сонсгол хийнэ

Өнгөрсөн хугацаанд уул уурхайн салбарт олгосон тусгай зөвшөөрлийн асуудлаар сонсгол зохион байгуулна гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдээд байна. Тэрбээр “Байгалийн баялаг хэсэг бүлэг хүний өмч биш. Нийт иргэдэд үр өгөөжтэй байх Үндсэн хуулийн суурь зарчимд тулгуурлаж өнгөрсөн хугацаанд олгосон ашигт малтмалын лицензийн талаар нээлттэй сонсгол хийх, сонсголын үр дүнд тулгуурлаж уул уурхайн компаниудыг олон нийтийн хувьцаат компанийн засаглалд шилжүүлэх, ил тод байдлыг хангана” гэсэн юм. Одоогоор түр хорооны бүрэлдэхүүнийг батлаагүй ч хаврын чуулганы хугацаанд энэ асуудлыг нэлээд зүтгүүлээд байна.

Парламент ногоон автобусны “но”-г хэлэлцэх үү

Намрын чуулганы төгсгөлд ногоон автобусны худалдан авалтыг шалгах түр хороо байгуулах эсэх асуудал парламент дээр нэлээд маргаантай байсан ч хаалтын чуулганаар түр хороог албан ёсоор баталсан. Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн П.Анужин, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа, Т.Доржханд багтжээ. Удахгүй тогтоолоор батлагдсан түр хороо хуралдаж, даргаа сонгоно. Мөн сонсгол зохион байгуулах процессыг хэлэлцэх учиртай. АТГ-ын шалгалтын явцад ногоон автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийгдсэн гэдгийг тогтоосон. Нийт хохирлыг 134.5 тэрбум төгрөг гэж үнэлсэн бөгөөд үүнээс мөрдөгч 11.9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлээд байгаа гэсэн мэдээллийг өгч байгаа билээ. Түр хороо байгуулах УИХ-ын тогтоолд, “Ногоон автобус”-ны худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулсан үндэслэл шалтгаан, Төрийн нууцад хамааруулсан шалтгаан нөхцлийг мөн хэлэлцэнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Иргэн [66.181.177.139] 2024-02-22 18:41:18

Дэмжиж байна хамгийн гол нь түүний мөрөөр ажил зохиогдож үр дүн гарах нь чухал байна.Сонсголуудаа Оюун-энрдэний засгийн газар үр дүнд хүргэвэл Монголын ард түмэн танай намд таньд итгэл хүлээлгэнэ шүү,тэхгүй бол асуудалтай.

Иргэн [103.29.144.66] 2024-02-22 09:41:06

Аюулын харанга дэлдээд байгаа утааг багасгах талаар яаралтай сонсгол хийгээчээ. Дүлий юм шиг байх юм. Агаарын бохирдолоор дэлхийд нэгт байгаа хотоо яах вэ? хүн бүхний санаа зовж байгаа амь нас эрүүл мэндээрээ хохирч байгаа энэ сэдэв хаана явна вэ? хариулаад өгөөч


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.