Украинд цэрэг илгээх Макроны санааг НАТО-гийн гишүүн орнуудын удирдагчид няцаав
Даваа гарагт Парис хотод болсон чуулганы үеэр Европын орнууд хуурай замын цэрэг Украинд илгээх асуудал яригдсан гэх мэдээлэл цацагдаад байгаа. Чуулганыг зохион байгуулагч Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон ийм асуудал яригдсаныг батлаад цэрэг илгээх боломжийг үгүйсгээгүй юм. “Юуг ч үгүйсгэх аргагүй. Оросыг ялуулахгүйн тулд бид бүхнийг хийх болно” гэж Макрон чуулганы дараа Элизейн ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа хэлжээ. Уг сэдэв нэлээд нухацтай яригдсан ч нэгдсэн шийдэлд хүрээгүйг тэр баталсан юм. Гэхдээ өчигдөр Герман, Их Британи, Испани, Польш, Чех улсуудын удирдагчид Макроны санааг няцаасан мэдэгдлүүдийг дараалан хийсэн байна.
“Европын болон НАТО-гийн орнуудын цэрэг, хуурай замын цэргийг Украины нутаг дэвсгэрт илгээхгүй” гэж Германы канцлер Олаф Шольц нэгэн арга хэмжээний үеэр мэдэгджээ. Тус улсын батлан хамгаалахын сайд Борис Писториус ижил утгатай мэдэгдэл хийсэн байна. “Газар нутагт хөл тавих нь Германы хувилбар биш” гэж тэр Вена хотод айлчлах үеэрээ сэтгүүлчдэд хэлжээ. “Франц улс Украиныг дэмжих илүү хүчтэй санаа гаргасанд би талархаж байна. Гэхдээ миний санааг асуувал би зэр зэвсэг илүү ихээр илгээхийг чухалчилна” гэж Германы эдийн засгийн сайд Роберт Хабек хэлсэн байна.
Парисын чуулганы үеэр Европын удирдагчид өөр гуравдагч улс орнуудаас зэр зэвсэг худалдан авч, Украинд илгээхээр тохиролцсоныг Шольц өчигдөр баталжээ. Герман улс нь дайн эхэлсэн цагаас хойш Украинд үзүүлж буй зэр зэвсгийн тусламжийн хэмжээгээр АНУ-ын дараа хоёрт жагсаж байгаа юм. Украинд цэрэг илгээх тухай Макроны мэдэгдэлд Оросын эрх баригчид бас байр сууриа илэрхийлжээ.
“НАТО-гийн орнуудаас Украинд цэргийн бие бүрэлдэхүүн илгээх боломжийн талаар ярилцаж байгаа нь маш чухал шинэ сэдэв. Энэ тохиолдолд бид шууд мөргөлдөөн гарах магадлалын тухай биш, харин зайлшгүй байдлын талаар ярих хэрэгтэй болно” гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчидтэй уулзахдаа хэлжээ. Тэр бас Өрнөдийн удирдагчид энэ нь үнэхээр тэдний ашиг сонирхол мөн эсэх талаар сайтар бодолцох ёстойг анхааруулсан байна. НАТО-гийн гол хүч болдог АНУ-ын засаг захиргаа Украинд цэрэг илгээх ямар нэг төлөвлөгөө байхгүйг Даваа гарагт мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Reuters
Сэтгэгдэл
Зочин [59.153.114.176] 2024-02-28 19:29:25
Франц том дайн руу оруулчих гээд байх юм.цөмийн зэвсэгтэй болохоор тэгдэг юмуу
Зочин [66.181.187.185] 2024-02-28 22:10:53
Үхсэн баас.Хойд Солонгос шиг чанаржуулаад бгааг нь сонсоогүй юм өн
zochin [66.181.160.98] 2024-02-28 16:10:19
hervee iim tohiyoldold delhiin 3r dain ehelne. manaid burch ashiggui gadnii handiv tuslamjuud bugd zogsono