Б.Оюунцэцэг: Шүдний цоорол хүүхдийн биеийн өсөлт төдийгүй оюуны чадамжид муугаар нөлөөлдөг

Aдмин / Эрүүл мэнд

Манай улсад бага насны хүүхдүүдийн дунд шүдний цоорол өвчин маш их байгааг Засгийн газар, ЭМЯ-наас хамтран хэрэгжүүлсэн “Эрүүл хүүхэд” аяны хүрээнд судалгаагаар тогтоожээ. Судалгааны дүнгээс үзвэл 3-5 настнуудын 79 хувь, 6-8 насанд 85 хувь, 12 настай хүүхдүүдийн дунд энэ өвчний тархалт 94 хувьтай байгаа аж.

Энэ талаар Анагаах ухааний үндэсний их сургуулийн Хүүхдийн нүүр ам судлал, урьдчилан сэргийлэлтийн тэнхмийн эрхлэгч дэд профессор Б.Оюунцэцэгтэй ярилцлаа.

-Бага насны хүүхдүүдийн дунд шүдний цоорол их байгааг судалгаагаар тогтоосон. Шүд цоорох өвчин чухам юунаас болоод ийм өндөр байна вэ?
-Аливаа улс орны шүдний өвчлөлийг 12 настай хүүхдээр тогтоодог. Учир нь энэ насны хүүхдийн шүд хамгийн эрүүл байдаг. Бүх сүүн шүд солигдож, байнгын шүд гарсан зурвас үе учраас тэр. 1976 оны судалгаагаар 12 настай хүүхэд бүрт 1.6 шүд цоорхой байсан. Харин сүүлийн үеийн судалгаагаар нэг хүүхдэд 3 цоорхой, эсвэл авахуулсан байна. Энэ нь манай улсад 1970-аад оноос хойш, ялангуяа сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүдийн дунд энэ өвчин нэмэгдэж байгааг харуулж байна. Шүдний цоорол улсын хэмжээнд 90-ээс дээш хувьтай байна.

Энэ нь хоол хүнсний хэрэглээтэй холбоотой. Манайхан шүд цоорол өвчнийг шүд угаахтай холбож үздэг. Гэтэл хүүхдийн хооллолтын дэглэм шүдний цооролд шууд нөлөөлдөг.

-Хоолны дэглэм гэдгийг та дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?
-Томчууд бид хүүхдийг чихэрлэг зүйл бага ид, шүдээ угаа гэж сургадаг. Хичнээн шүдээ угаасан ч, чихэр идэхээ багасгасан ч шүд цоорчихоод байдаг, тийм үү? Хоол хүнсний хэрэглэх хэмжээ, давтамж нь чухал. Бид хоол идэхэд аман доторх хүчиллэг орчинг хэвийн хэмжээнд байлгах шингэлэх, хамгаалах чадвар буюу зохицуулалт бүхий шүлс өдөрт хүнд таван удаа ялгардаг. Өөрөөр хэлбэл өдөрт таван удаа хоол идэхэд шүлс амны хүчиллэг орчинг хэвийн хэмжээнд хүргэж чадна. Харин үүнээс хойш шүлс хамгаалах үүргээ гүйцэтгэж чадахгүй. Энгийнээр хэлбэл бага насны хүүхдэд бид чихэр өгөхдөө нэг дор бөөнөөр нь идүүлээд шүдийг нь угаавал аюулгүй, харин бага багаар олон өгвөл цоорол үүсэх магадлал өндөр болно гэсэн үг.

-Чихэр идсэний дараа амаа усаар зайлах нь цоорлоос сэргийлдэг гэж ярьдаг. Энэ үнэн үү?
-Усаар зайлах нь хүчиллэгийг багасгаж өгдөг. Гэхдээ давтамж нь ихсээд ирвэл хамгаалах арга болж чадахгүй.

-Шүдний цоорол өвчин хүүхдэд үзүүлэх сөрөг үр дагаврын талаар?
-Бага насны хүүхдийн биеийн өсөлтөд шүд цоорох өвчин нөлөөлдөг болохыг Япон, АНУ-ын эрдэмтдийн хийсэн судалгаагаар тогтоосон. Жишээлбэл, 6 буюу түүнээс дээш шүд цоорсон хүүхэд үеийнхнээсээ 2 кг-аар бага жинтэй байдаг. Учир нь нэг шүд л хорхойтсон, зовиуртай байвал зажлах чадвар буурдаг. Бага насны хүүхэд өсөлт дэмжих уураг, өөх тосыг махнаас авдаг. Шүд нь өвддөг бол мах зажилж, иддэггүй. Эцэг эхчүүд манай хүүхэд мах иддэггүй гэдэг. Энэ нь шүдний өвчлөл байна л гэсэн үг.

Бас нэг зүйл гэвэл хүүхдийн шүд цоорхой байх тусам оюуны чадамж мууддаг болохыг эрдэмтэд тогтоосон байдаг. Цоорхой шүд олон байгаа хүүхдүүд сурлага муутай байдаг гэсэн судалгаа гарсан. Зажлах үйл нь тархины эсийг сэргээж байдаг гэж үздэг. Тэгэхээр шүдний цоорол хүүхдийн биеийн өсөлт төдийгүй оюун ухаан, сэтгэхүйн хөгжилд нөлөөлдөг.

-Япон, Солонгост бага насны хүүхдийн хоолыг заавал 20-30 минутын турш сайтар зажлуулж идүүлдэг. Удаан зажлах нь цоорлоос сэргийлдэг үү?
-Хооллох үндсэн хоёр зорилготой. Нэгт тэжээх, хоёрт хооллох аргад суралцуулах. Монголд энэ уламжлал байсан. Харин сүүлийн үед уламжлалууд хаягдаад гэдсийг нь дүүргэх зорилгоор идэж байна. Хүүхдийг ой хүрэнгүүт өөрөөр нь идүүлж байх хэрэгтэй. Мөн томрох тусам хоолыг өөрчилж бүхэл болгох нь чухал. Зарим эцэг эхчүүд зургаан сартайд нь өгсөн бантангаа хоёр нас хүртэл нь өгдөг. Шүд ургах тусам бүхэл хоол өгч сайн зажлуулж сургах хэрэгтэй. Зажлуулахдаа сайтар, удаан зажлуулах нь чухал. Зажлах гэдэг шүд цоорол болон шүдний гажгаас сэргийлдэг. Сүүлийн үед эрүү нүүрний гажиг ихсэж байна. Энэ нь дээрх сайн зажлуулдаггүйтэй холбоотой. Хүүхдийн сүүн шүд унаж байнгын шүд гарахдаа генетикийн хуулиар эцэг эхийнхээ аль нэгнийхтэй нь адилхан шүд гарах ёстой. Бүх сүүн шүд шүдлэж дуусаад зажлах үйл ажиллагааны үр дүнд хацрын булчин ажиллаж эрүүний ясаа сунгаж байнгын шүдний зайг гаргадаг. Гэтэл сайн зажлуулдаггүйгээс болоод зай гарахгүй байгаагаас шүд давхардаж, бөөгнөрдөг гажиг үүсдэг. Тиймээс нас насанд нь тохирсон хатуулагтай хүнсийг удаан зажлуулж идүүлвэл шүд цоорох өвчин болон гажгаас сэргийлж чадна.

Мөн цоорлоос сэргийлэхэд шүд угаалт бас нөлөөтэй.

-Хүүхдийн шүдийг хэдэн нас хүртэл нь эцэг эхчүүд угааж өгөх ёстой вэ?
-Зургаан нас хүрч байж хүүхэд өөрөө угаах чадвартай болдог. Энэнээс өмнө бол хүүхдийн хурууны мэдрэмж сайн хөгжөөгүй байдаг тул хүүхэд өөрөө угаасан ч эцэг эх нь дахин угааж өгөх шаардлагатай. Мөн манайхан хүүхдийн шүдийг угаахдаа өөрийнхөө шүдийг угааж байгаа юм шиг угааж буйлыг нь өвтгөснөөс хүүхэд шүдээ угаалгах дургүй болдог. Тиймээс зөөлөн угаах хэрэгтэй. Сойзыг сонгохдоо үүдэн хоёр шүдтэй тэнцүү байхаар сонгох нь чухал.

-Харин ооны хувьд?
-Хүүхдийн шүдийг өдөрт 1-2 удаа фтортой оогоор угаадаг. Шүд цооролтой бол 2 удаа фтортой оогоор угаана. Харин эрүүл шүдтэй хүүхдийнхийг нэг удаа фтортойгоор дараачийнхуудыг нь фторгүй оогоор угаадаг. Фторын хэмжээ 500 ppm байх хэрэгтэй. Гэхдээ ундны усны фторын агууламж чухал. Улаанбаатар хотын хувьд фторын хэмжээ бага байдаг тул фтортой оогоор угаана.

-Шүд угаахтай холбоотой зөрүүтэй ойлголт байдаг. Өглөө сэрээд угаадаг хүмүүс байхад, өглөөний цайны дараа угаадаг хүмүүс ч бий. Аль нь зөв юм бол?
-Шүдэн дээр наалдсан өнгөрийг арилгахын тулд шүдийг угаадаг. Тэгэхээр цайгаа уусны дараагаар шүдээ угаах нь зөв. Өглөө босоод угаадаг бол цайгаа уусны дараа эцэг эхчүүд дахин угааж өгч байх хэрэгтэй.


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:19:32

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:19:32

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Orhontuul [51.15.209.118] 2024-03-28 14:48:19

Энэ их үндэсний аюулын өвчлөлийг арилгахын тулд эрүүл мэндийн салбарын нарын мэргэжлийн хүмүүсийг улс төрд оруулж шийдлүүдийг гаргамаар байна аа бидний энэ их өвчин зовлон асуудлыг одоогийн улс төрчид дунд байгаа бизнесийн хүмүүсээс шийдэл хүлээн гэдэг нэмэргүй зүйл байна аа

Baterden [51.15.78.81] 2024-03-28 14:46:40

Манай Монголын эрүүл мэндийн салбарын хүмүүсийг шийдвэр гаргах хэмжээнд албан тушаалд аваачиж болохгүй юу ? хүүхдүүд өвчлөөд хэцүүдлээшд эрүүл мэндийн салбарын хүмүүс л өөрсдөө яг зөв шийдвэрүүдийг гаргана гэж бодож байна

Dorjsuren [77.73.69.67] 2024-03-28 14:44:45

монгол улсын ирээдүй болсон үрс минь тэр чигээрээ ингэж хордож байна гэдэг нь маш аюултай байна хэрвээ төр засаг болон бодлого гаргаж байгаа байр суурьд эрүүл мэндийн салбарын нарын мэргэжлийн хүн байсан бол ингэж их өвчлөл байхааргүй байх байсандаа

Зочин [51.79.206.255] 2024-03-28 14:41:33

эрүүл мэндийн боловсрол аль ч түвшинд муу байгаагийн энэ шүдний өвчлөл харуулж байна аа одоогийн засгийн газар энэ тал дээр олигтой арга хэмжээ авч чадахгүй байна бид харин энэ улс төрийн хүмүүсээ салбар салбарын мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлэх шаардлагатай байна. Хотын даргыг хот төлөвлөлтөөр мэргэшсэн хүнийг сонгох болон эрүүл мэндийн сайдыг эрүүл мэндийн салбарын мэргэжлийн хүнээр сонгох гэх мэт тохирсон сонголтуудын бид өөрсдөө хийх хэрэгтэй байна аа

Gonchigsuren [51.89.226.250] 2024-03-28 13:57:45

tegehleer en bol hunsni ayulgui baidal muugaas gadna Ger buliin eruul mendiin bolowsrol dutmag baigaagiin shinj um baigaamaa tiim bolohleer eruul mendiin salbariin turshalagtai humuuseer bodlogo garguulaad undseeree tuuniig ni dagaj murduh heregtei baigaa

зочин [192.82.64.12] 2024-03-20 10:56:33

очер дугааргүй улсын эмнэлэг ховор болсонтой холбоотой шүдний төвүүд ихээр байх ёстой


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.