Singapore Airlines компанийн онгоц агаарт хүчтэй донсолсны улмаас нэг хүний амь үрэгдэж, 71 хүн бэртжээ
Мягмар гарагт Лондон хотоос Сингапурын чиглэлд нисэж байсан Singapore Airlines компанийн нисэх онгоц агаарт хүчтэй донсолсны улмаас нэг зорчигч амиа алдаж, 71 хүн бэртсэн байна. 211 зорчигч, нисэх багийн 18 гишүүнтэй Boeing 777-300ER онгоц Мьянмарын нутаг дээгүүр нисэж байх үед уг осол гарсан байна. Тайландын нийслэл Бангкокт ослын буулт хийсний дараа бэртсэн зорчигчдод эмнэлгийн тусламж үзүүлжээ.
Сүүлд Singapore Airlines компанийн өөр нэг онгоц 211 зорчигчийн 131-ийг цааш Сингапурт тээвэрлэн хүргэсэн байна. Амиа алдсан зорчигч нь Их Британийн 73 настай иргэн Жофф Кичен байжээ.
“Урьдчилсан шалгалтаар талийгаач зүрхний өвчтэй байсныг тогтоосон” гэж Бангкокын олон улсын нисэх буудлын ерөнхий менежэр Киттипонг Киттикачорн сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Бэртэж гэмтсэн зорчигчдын дотор Малайз, Британи, Шинэ Зеланд, Испани, АНУ, Ирландын иргэд байжээ.Тэднээс зургаа нь хүнд бэртсэн байна.
FlightRadar24 сайтын нислэгийн мэдээллээс үзвэл онгоц газраас 11,000 метрийн өндөрт нисэж явах үед агаарын хүчтэй урсгалд орж, огцом доош унасны дараа огцом хөөрч, дараа нь дахин доош унажээ. Энэ донсолгоо нийтдээ 90 секунд орчим хугацаанд үргэлжилсэн байна. Уг осол гарах үед Мьянмарын өмнөд бүс нутагт гэнэтийн аянга цахилгаантай бороо орсныг цаг агаарын мэдээ харуулжээ. Онгоц харилцан адилгүй хурдтай агаарын урсгалуудын дундуур нисэх үед донсолдог. Хүчтэй донсолсон тохиолдолд суудлын бүсээ зүүгээгүй зорчигчид агаарт шидэгдэж, гэмтэх боломжтой юм.
Сүүлийн жилүүдэд цаг агаарын эрс тэс үзэгдлийн давтамж нэмэгдсэн нь агаарын тээврийн аюулгүй байдалд нөлөөлж байгаа. Болсон явдалтай холбогдуулан Сингапур улсын зам тээврийн яам нислэгийн үеийн хүчтэй донсолгоонд юу нөлөөлснийг тогтоох шалгалтын ажлыг эхлүүлсэн байна. Онгоцны үйлдвэрлэгч Boeing компани Singapore Airlines компанитай холбогдож, шалгалтын ажилд туслахад бэлэн байгаагаа мэдэгджээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл