Фүжи ууланд хэт олон хүн цуглаж хог хаягдал овоорохоос сэргийлж хязгаарлалт тогтоов

Aдмин / Гадаад мэдээ

Японы хамгийн алдартай аяллын маршрутын нэг Фүжи ууланд авирах болон амарч зугаалахын тулд урьдчилж захиалга өгч, хураамж төлдөг тогтолцоо нэвтрүүлэхээр болсныг өнөөдөр олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Энэ үзэсгэлэнт галт уул хэт олон хүний хөлд дарагдаж, дагаад хог хаягдал ихсэж байгалийн унаган төрхөө гээж болзошгүй байгаагаас ийм арга хэмжээ авахаас аргагүйд хүрсэнээ албаныхан мэдээлжээ.

7-р сарын 1-нээс 9 сарын 10-ны хооронд үргэлжилдэг Фүжи уул руу авирах энэ жилээс эхлэн Яманаши мужийн талаас Ёшидэ жимээр авирах хүмүүст энэ журам үйлчлэх юм байна. Энэ жил гэхэд ердөө 4000 уулчинд 2000 иен буюу 18 орчим ам.долларын төлбөртэйгөөр уг жимээр мацах эрх олгоно. Үүнээс 3000 эрхийг нь цахим захиалгад оруулах бол, 1000-ыг нь газар дээр нь авирах өдрөө очиж авах боломжтой байхаар зохицуулалт хийж байгаагаа Яманаши мужийн захиргаанаас Япон дахь гадаад хэвлэлүүдийн төв рүү хүргүүлсэн мэдэгдэлд дурджээ.

Фүжи уулын баруун урд бэл дэх Шизүока мужийн хувьд харин, 2014 оноос уулчин нэг бүрээс 1000 иений сайн дурын хураамж нэвтрүүлсэн, энэ журмаа шинэчлэх арга замыг эрэлхийлж байгаа мэдээлэлтэй байна. Японы бэлгэ тэмдэг болсон 3776 м өндөр Фүжисан уул 2013 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн жагсаалтад орсон, хэзээнээсээ эргэл мөргөлийн чухал газар байж ирсэн.

Одоо цагт харин өглөөд нар мандахыг оройгоос нь харах гэсэн уулчид жуулчдын хөлд дарагдах болсноор ундаа усны хуванцар сав, хоол хүнсний үлдэгдэл, тэр бүү хэл хувцас хунар гээд үлэмж хэмжээний хог хаягдал үүсч ноцтой санаа зовоох асуудал болжээ.

Тэрчлэн Фүжи уулын дэргэдэх Шизүока мужийн жижиг хотод Фүжи уулын харагдацыг таглах 20 м өргөн 25 м өндөр хар дэлгэц өнөөдөр байрлуулж дууссан байна. Энэ нь Фүжи уулын фон дээр зургаа авахуулах гэсэн аялагч жуулчид нэг дор хэт олноор бөөгнөрснөөс болж замын хөдөлгөөн, нутгийнхны хэвийн аж амьдралыг алдагдуулах болсонтой холбоотой байна. Үүний зэрэгцээ Япон улсын хэмжээнд өнгөрсөн онд 25 саяас давсан аялагч жуулчид хүлээж авсан, энэ жил 32 сая орчимд хүрч 2019 оноос хойших дээд үзүүлэлтэд хүрнэ гэдэг төлөвийг Японы Үндэсний аялал жуулчлалын байгууллагаас нийтлүүлсэн байна.


Сэтгэгдэл

Аргагүй [159.28.255.202] 2024-05-25 13:02:20

Энд аялж ирдэг жуулчдын дийлэнх хувь нь Хятад жуулчид байдаг. Соёлгүй бүдүүлэг, чимээ шуугиантай, ямар ч manner гэх юм байдаггүй амьтад. Гоё зураг л даруулж байвал болоо гэсэн юмнууд…

Зочин [118.79.91.114] 2024-05-23 14:56:39

tiishee yavj bhaar Altai Tavan bogdoo uzeed suuj bsan deer dee


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.