АНУ-д шувууны ханиадны вирус үхрээс хүнд халдварласан хоёр дахь тохиолдол бүртгэгдэв
Энэ оны эхээр АНУ-ын Техас мужид шувууны ханиадны вирус үхрээс хүнд халдварласан анхны тохиолдол бүртгэгдэж байв. Тэгвэл саяхан Мичиган мужийн нэгэн сүүний фермийн ажилчнаас хоёр дахь тохиолдол илэрчээ. Сүүлийн тохиолдлын өвчтөнөөс халдварын хөнгөн шинж тэмдэг илэрсний дараа аажмаар эдгэрч, бие нь сайжирсныг өчигдөр албаныхан мэдээлсэн байна. Өвчтөн хүнээс биш, фермийн үнээнээс халдвар авсан гэж мэргэжилтнүүд дүгнэжээ. Тиймээс нийтийн эрүүл мэндэд аюул эрсдэл учраагүй гэж тайлбарлаж байна. Техас мужид илэрсэн анхны тохиолдлын өвчтөн бас сүүний фермийн ажилчин байсан юм. Үүнийг хөхтөн амьтнаас хүнд шувууны ханиадны вирус халдварласан анхны тохиолдол гэж үзэж байлаа. Шувууны ханиадны вирусийн эхний хувилбарууд зөвхөн шувуу хооронд дамждаг байсан бол сүүлийн хувилбар нь шувуунаас хөхтөн амьтдад халдварлах болжээ. Сүүний фермүүдэд халдвар тарж, халдварласан үнээний сүүнээс вирус илрэх болсон байна.
Тиймээс шувууны ханиад амьтнаас хүнд халдварласан тохиолдлууд цаашид нэмэгдэж болзошгүйг АНУ-ын Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төв өчигдөр мэдэгджээ. Вирусийн тархалтыг хязгаарлах зорилгоор АНУ-ын Хөдөө Аж Ахуйн Яам дөрөвдүгээр сарын сүүлээр тус улсын муж хооронд сүүний үүлдрийн үнээ шилжүүлэхдээ урьдчилсан шинжилгээ өгдөг болох журам тогтоосон юм.
“Фермийн ажилчдын дунд халдвартай үнээ болон сүүнээс вирус дамжсан тохиолдол цаашдаа нэмэгдэх магадлалтай. Эдгээр тохиолдлуудыг илрүүлэх хангалттай хэмжээний сорил шинжилгээ авдаг болох нь одоогоор чухал байна” гэж Мэрилэнд мужийн Балтимор дахь Жонс Хопкинсийн эрүүл мэндийн төвийн халдварт өвчний мэргэжилтэн Амеш Адалжа ярьжээ. 2020 оноос хойш шувууны ханиадны вирус нохой, муур, баавгай зэрэг бусад хөхтөн амьтдад халдварласан тохиолдлууд дэлхийн хэд хэдэн оронд илэрсэн юм.
Харин энэ оны эхээр АНУ-д фермийн үнээнүүдээс илрэх болсон нь хүнсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндтэй холбоотой шинэ асуудал үүсгээд байна. Лхагва гарагийн байдлаар АНУ-ын есөн мужийн 51 фермийн үнээнээс шувууны ханиадны тохиолдол илрээд байгааг АНУ-ын Хөдөө Аж Ахуйн Яам мэдээлжээ.
Үнээний түүхий сүүнээс вирус илрэх нь нэмэгдэж байгаа ч боловсруулалтын дараа вирус устдаг тул хүмүүст аюулгүй гэж албаныхан тайлбарлаж байгаа. Шувууны ханиадны H5N1 вирус хүнд халдварласан сүүлийн хоёр тохиолдол фермийн үнээнээс дамжсан юм. Үүнээс өмнө вирусийн уг хувилбар хүнд халдварласан ганцхан тохиолдол АНУ-д бүртгэгдсэн нь 2022 онд Колорадо мужийн шувууны аж ахуйгаас илэрч байв. Энэ нь тэжээвэр шувуунаас хүнд халдварласан тохиолдол байжээ.
Эх сурвалж: Associated Press
Сэтгэгдэл