Singapore Airlines компанийн онгоцны донсолгооны үеэр 22 зорчигч нуруундаа гэмтэл авчээ
Энэ долоо хоногийн Мягмар гарагт Лондон-Сингапур чиглэлд нисэж байсан Singapore Airlines компанийн нисэх онгоц агаарт хүчтэй донсолсноос нэг зорчигч амиа алдаж, олон зорчигч бэртэж гэмтсэн билээ. Амиа алдсан зорчигч нь Их Британийн 73 настай иргэн Жофф Кичен байсан юм. Түүнийг зүрхний өвчнөөр амиа алдсан гэж оношлоод байгаа. Нийт 46 зорчигч, нисэх багийн хоёр гишүүн бэртэж гэмтсэнийг онгоц ослын буулт хийсэн Бангкок хотын эмнэлэгт хэвтүүлсэн тухай Singapore Airlines компани тухайн үед мэдээлж байв.
Тэдний биеийн байдлын талаар Бангкокийн Самитивеж Сринакарин эмнэлгээс өчигдөр мэдээлсэн байна. Одоогоор 41 хүн үргэлжлүүлэн эмчлүүлж байгаагийн тал нь эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байгаа ажээ. Бэртсэн хүмүүсийн 22 нь нуруундаа гэмтэл авсан бол зургаагийн биеийн байдал маш хүнд, үхэл амьдралын зааг дээр байгааг эмнэлгийн захирал Адинум Киттиратанапайбоол мэдээлсэн байна.
Зургаан хүний тархи, гавлын яс гэмтэж, 13 хүн булчин, зөөлөн эдийн гэмтэл авчээ.
Нуруу нугасны гэмтэл авсан 17 хүн мэс засалд орсон байна.
Бэртсэн хүмүүсийн хамгийн залуу нь болох хоёр настай хүүхдийн тархи доргижээ.
Эмчлүүлэгчдийн дотор Британийн 10, Австралийн 9, Малайзын 7, Филиппиний 4 иргэн байгаа гэнэ. Хамгийн ахмад нь 83 настай хүн байна.
Singapore Airlines компанийн SQ321 нислэгийн дугаартай Boeing 777-300 нисэх онгоцонд нийт 211 зорчигч, нислэгийн багийн 18 гишүүн зорчиж байсан юм. Онгоц Мьянмарын өмнөд эрэг, Энэтхэгийн далайн дээгүүр нисэж явахдаа агаарын хүчтэй донсолгоонд орж, Тайландын нийслэл Бангкок хотод ослын буулт хийж байв. Донсолгооны үеэр суудлын бүсээ зүүгээгүй зорчигчид агаарт шидэгдэж, онгоцны таазыг мөргөсөн тухай гэрчүүд мэдээлсэн юм. Singapore Airlines компани гэмтээгүй зорчигчдыг Лхагва гарагт нэмэлт онгоцоор Сингапурт хүргэжээ. Ослын дараа Singapore Airlines компанийн гүйцэтгэх захирал Го Чун Пон энэ нислэгийн бүх зорчигчдоос уучлал гуйсан юм. Одоо Сингапурын эрх баригчид уг осолд юу нөлөөлснийг мөрдөн шалгаж байна.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл
Уншигч [103.212.116.10] 2024-05-25 17:23:45
Бүсээ зүүдэггүй сонин донсолоод эхлэнгүүт бүсээ зүүдэг байгаадаа
Зочин [66.181.177.79] 2024-05-24 18:15:43
Энэтхэг, Бангладеш гм, эсвэл Африкийн нэг улсад хэдэн арав зуу мянгаараа осол гамшигт орж үхвэл нэг өгүүлбэрээр дурдаад л болоо.
Зочин [202.9.40.170] 2024-05-25 09:17:46
Sanal 1 bn huchtei uls gurnii 1 irgen ch une tsenetei bn da