Т.Баярхүү: Үргэлжлэн орж буй хүйтэн борооны улмаас Дундговь аймагт айлын 300 орчим хонь осгосон байна
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Онцгой Комисс (УОК)-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү мэдээлэл хийлээ. Тодруулбал, цаг агаарын нөхцөл байдлаас үүдэлтэй дараах анхааруулгыг тэрбээр хүргэлээ.
УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү "Өнөөдөр Улаанбаатар хотод цас орж байна.
Түүнчлэн зуслангийн бүс, бусад аймгийн нутгаар хүйтэн бороо орж, энэ нь оройдоо цас болон хүйтрэх төлөвтэй байгаа. Улмаар авто замд гулгаа үүсэх эрсдэлтэй.
Иймд
- Өнөө, маргаашдаа холын замд гарахгүй
- Техник хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах
- Бага насны хүүхдийг малдаа явуулахгүй байхыг анхааруулж байна" гэлээ.
"08:00-14:00 цагийн хооронд айлын гэр, байшин усанд автсан зэрэг нийт 24 дуудлага бүртгэгдсэн"
Мөн тэрбээр "Үер усны ослоос урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг зохион байгуулах шуурхай штабуудыг тавдугаар сараас эхлэн байгуулсан.
Улсын хэмжээнд ОБЕГ-ын шуурхай штаб болон 21 аймаг, нийслэл, дүүргүүдийн шуурхай штабуудыг ажиллуулж бэлэн байдлыг хангаж байна.
Мөн нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар нийслэлийн хэмжээнд гамшгийн "улбар шар" түвшинд шилжүүлэн холбогдох арга хэмжээг авч буй.
ОБЕГ-ын шуурхай штабаас төв, орон нутгийн шуурхай штабуудтайгаа тогтмол холбогдож, үүрэг чиглэлээр хангаж байна.
Үерийн улмаас ирсэн дуудлага, мэдээллийг тодруулбал
- Өчигдрөөс эхэлсэн их хэмжээний борооны улмаас Орхон, Дархан-Уул аймагт айлын гэр, хашаа байшинд ус орлоо гэх дуудлага бүртгэгдсэн. Уг дуудлагын дагуу мэргэжлийн ангийн албан хаагчид техник хэрэгсэлтэй ажилласан.
- Үргэлжлэн орж буй хүйтэн борооны улмаас Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд ноосолсон 300 орчим хонь осгосон гэх мэдээлэл урьдчилсан байдлаар ирлээ.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн шөнө нийт долоон дуудлага ирж, албан хаагчид тухайн дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэсэн.
Өнөөдөр 08:00-14:00 цагийн байдлаар нийт 24 дуудлага мэдээллийн дагуу ажиллаж байна. Айлын гэр, хашаа, байшинд ус орсон, авто замын нүхэн гарц болон зарим байгууламж усанд автсан дуудлага мэдээллээр ажилласан.
Нийтийн эзэмшлийн 21 байршилд их хэмжээний ус тогтсон байна. Үүнээс долоон байршилд ус соруулах арга хэмжээг авлаа.
Усанд автсан байршлуудад бага насны хүүхдүүд байсан. Өдрийн цагаар эцэг, эх нь ажилдаа явж, хүүхдүүд нь хараа хяналтгүй үлдсэн байсан. Тэдгээр хүүхдийг түр хорогдох байр руу шилжүүлж, аюулгүй байдлыг нь ханган ажиллаж байна" гэлээ.
Үерийн улмаас үүссэн нөхцөл байдал, дуудлага мэдээлэл:
- Ус зайлуулах суваг бөглөрсний улмаас айлуудын гэр, хашаа руу ус орсон гэх дуудлага Сонгинохайрхан дүүрэгт бүртгэгдсэн.
- Сүхбаатар дүүрэгт Иргэний танхимын B1 давхар руу ус орж байгаа дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
- Сонгинохайрхан дүүргийн Тахилтын нүхэн гарц, Энхтайваны гүүрний нүхэн гарц зэрэгт усанд автсан дуудлага мэдээллийн дагуу Геодези усны барилга байгууламжийн газрын ажилтан, алба хаагчид ус соруулах арга хэмжээг авч ажиллаж байна.
- Өнөөдрийн 11:00 цагт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаа орчимд айлын гэр, хашаа усанд автсан дуудлага мэдээллийн дагуу Онцгой байдлын холбогдох албан хаагчид очиж, аюулгүй болгох арга хэмжээг хэрэгжүүлсэн.
Голуудын усны түвшин:
- Өнөөдрийн 12:00 цагийн байдлаар Тэрэлж голын усны түвшин өмнөх өдрөөсөө 43 сантиметрээр, Туул гол Босгын гүүр орчмоор 58 сантиметр, Сэлбэ гол, Санзай орчмоор 18 сантиметрээр нэмэгдэж үерийн түвшнийг давсан.
- Туул гол, Зайсан орчимд 51 сантиметр, Сэлбэ гол болон Дамбадаржаагийн гүүр орчимд 18 сантиметр, Улиастай гол 19 сантиметр нэмэгдэж, үерийн түвшинд хүрч байна.
Төвийн бүсийн ихэнх нутгаар 12:00 цагаас хойш хүйтэн бороо үргэлжлэн орж, хөдөө орон нутагт айлуудын ноосолсон хонь, мал осгох, цаашид газар тариалангийн бүс нутгаар ургац алдах эрсдэлүүд дагалдаж байгааг УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү ярилаа.
Сэтгэгдэл