“DLUB 2024”-ийн шилдэг оролцогчид Инновацын төвд 6 сар үнэ төлбөргүй байрлана
Улаанбаатар хот, 2024 оны 6-р сарын 25
Хиймэл оюуны шинжлэх ухааны суурь ойлголт болон сүүлийн үеийн хөгжил дэвшлийн талаар мэдлэг мэдээлэл олгох зорилготой “Deep learning Ulaanbaatar” (DLUB 2024) зуны сургалт 6-р сарын 17-21-ний өдрүүдэд ХААН Банкны Инновацын төвд амжилттай болж өндөрлөлөө.
Хиймэл оюуны шинжлэх ухаан сонирхогчдыг дэмжих, Монголд хиймэл оюун ухааны боловсролыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахаар ХААН Банк энэхүү арга хэмжээний ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож, сургалтыг хамтран зохион байгуулсан юм.
ХААН Банкны мэдээлэл технологийн багт нийт 300 гаруй залуус ажилладаг бөгөөд өгөгдөл шинжилгээтэй холбоотой 4 газар нэгжийн нийт 60 орчим мэргэжилтэнтэй тул энэ төрлийн сургалт, арга хэмжээг идэвхтэй дэмжин ажилладаг. Мөн банкны зүгээс мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж буй оюутан залууст мэргэжлийн чиг баримжаа олгох, хамгийн дэвшилтэт программ хангамжийг эзэмшүүлэх, ирээдүйн чанартай боловсон хүчин бэлтгэх зорилгоор жил бүр “Цалинтай дадлагажих хөтөлбөр” зарладаг билээ.
DLUB зуны сургалтад олон улсын томоохон компаниудад өгөгдөл шинжилгээ, хиймэл оюун чиглэлээр ажилладаг, энэ чиглэлийн судалгаа хийдэг багш нар хичээл зааж, онолын үндсэн мэдлэгийг цэгц дараатайгаар олгодгоороо онцлогтой. Энэ жилийн тухайд уламжлал ёсоор хиймэл оюун ухааны салбар дахь нэг дэд сэдэв буюу Хэлний том загварууд (Large Language Models) болон тэдгээрийг зүгшрүүлэх аргуудыг (Alignment) онцлон 5 өдрийн турш лекц семинар байдлаар хослуулан сургалт явуулсан бөгөөд 100 гаруй оролцогч хамрагдсан юм.
Зургаа дахь жилдээ зохион байгуулсан DLUB 2024 зуны сургалтад хамрагдсан оролцогчдын дунд тэмцээн зохион байгуулж, шилдгүүдийг тодруулахад, нэгдүгээр байранд “Dell Technologies” компанийн ажилтан Л.Баянзул, хоёрдугаар байранд оролцогч Т.Отгонбаатар, гуравдугаар байранд “Дижитал кредит” ХХК-ийн дата аналист Г.Цэдэн нар тус тус шалгарлаа. Шилдгүүдийг мөнгөн шагналаас гадна ХААН Банкны Инновацийн төвд 6 сар хүртэлх хугацаанд үнэ төлбөргүй байрлан ажиллах эрхээр урамшуулсан юм.
Тогтвортой хөгжил, дижитал үйлчилгээгээр салбартаа тэргүүлэн ажилладаг ХААН Банк оюутан залуус сурч хөгжиж, туршлагатай менторуудаас зөвлөгөө авч шинэ танил хүрээлэл бий болгож, салбар салбарын шилдгүүдийг цуглуулсан, үргэлж өсөн хөгжиж байдаг орчин, соёлыг бүрдүүлэх, инновацыг дэмжих зорилгоор банкны салбараас анхлан Инновацын төвийг энэ оны эхээр байгуулсан билээ.
Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк
Сэтгэгдэл