ЭЕШ-ын үеэр Монголд “Аз”-нд найддаг, Солонгост цагдаа нарыг дайчилдаг

Aдмин / Боловсрол

Элсэлтийн шалгалт улс орон даяар энэ сарын 4-нөөс түүх, англи хэлний хичээлээр эхэлнэ. Тиймээс энэ удаагийн “Тэд, Бид” буландаа улс орнууд элсэлтийн шалгалтад хэрхэн анхаардаг талаар онцолж байна.

Монголчууд “Аз”-андаа найддаг

Манай улсад жил бүр дунджаар 20 орчим мянган хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгдөг. Бид хүн ам цөөтэй ч их, дээд сургууль олонтой. Тодруулбал, Төрийн өмчийн 10, хувийн 64 их, дээд сургууль бий. Их сургууль хүрэлцээ сайтай учир боловсролын өрсөлдөөн тийм ч их биш гэж дүгнэж болно. Энэ талаар Дорноговь аймгийн Сайншанд сумын зургаадугаар сургуулийн математикийн багш О.Нарангэрэл “Би орон нутагт ирэхээсээ өмнө Улаанбаатар хотод хувийн сургуульд багшилдаг байсан.

Эцэг эхчүүд, сурагчид элсэлтийн ерөнхий шалгалтад ач холбогдол өгдөггүй юм шиг санагддаг. 30 сурагчтай ангийн 10 сурагч л элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэж байгаа харагддаг. Үлдсэн 20 нь “Аз”-нд найддаг. Энэ нь улсын сургуульд элсэж чадахгүй байлаа ч хувийн сургуулиуд оноо харгалзахгүй элсүүлдэгтэй холбоотой байх” гэсэн юм.

Харин сурагчдын хувьд 12 дугаар ангидаа элсэлтийн шалгалтад бэлдэж эхэлдэг ажээ. Энэ талаар ахлах ангийн сурагч Д.Марал-Эрдэнэ “Ямар мэргэжил эзэмших талаар энэ жил аав, ээжтэйгээ ярилцсан. Хими, биологийн хичээлд сайн болохоор эмч болохоор шийдсэн. АШИУС-д орж чадахгүй бол орон нутгийн анагаахад сурах байх. Ихэнх хүүхдүүд өөрийн сайн хичээлд тулгуурлан мэргэжлээ сонгодог шүү дээ” гэсэн юм. Мөн манай улс элсэлтийн ерөнхий шалгалтад зориулан хийдэг тусгай үйл ажиллагаа байдаггүйг энд дурдах нь зүйтэй.

Солонгост цагдаа нар ЭЕШ-ийн үеэр завгүй ажилладаг

сонин mn

БНСУ-ын CSAT (Collage Scholastic Ability Test) буюу ЭЕШ нь өглөө 08:40 минутад эхэлж 17:40-д дуусдаг. Жилд ганц болдог энэхүү шалгалтын өдөр сурагчид шалгалтаасаа хоцрох, гэртээ бичиг баримтаа орхих зэрэг олон асуудал тулгардаг. Тиймээс энэ өдөрт зориулж улсаас 20 мянга орчим цагдаагийн албан хаагчийг дайчлан ажиллуулдаг байна. Тодруулбал, 2021 онд 500 мянган сурагч ЭЕШ өгсөн бөгөөд 23.652 цагдаагийн албан хаагч ажиллажээ. Цагдаа нар шалгалт болж буй газруудын ойр орчим дахь түгжрэл ихтэй газар байрлах бөгөөд сурагчдыг хоцроохгүйн тулд замыг чөлөөлөх, сурагчдын чөлөөтэй зорчих хөдөлгөөнийг дэмжихийн зэрэгцээ, хоцорсон сурагчдыг зөөдөг байна. 2021 оны шалтгалтын үеэр 2280 эргүүлийн машин, 414 мотоциклийг ажиллуулжээ.

Мөн шалгалт болж буй өдрүүдэд машины дуут дохио, сигнал, дохиолол зэргийг хориглодог бөгөөд шалгалт болж буй газрын дээгүүр онгоц нисгэдэггүй байна.

Хятадад элсэлтийн шалгалтын үеэр дуу чимээ гаргахыг хориглодог

сонин mn

Хятадын элсэлтийн ерөнхий шалгалт буюу “Gaokao” нь жил бүрийн зургаадугаар сард болдог. Энэ шалгалт нь тухайн сурагч дан ганц оюутан болох тухай бус улс орны чухал ач холбогдолтой өрсөлдөөн хэмээн Засгийн газар нь үздэг байна. Тиймээс шалгалт маш өндөр хамгаалалт дор явагддаг аж. Асар их өрсөлдөөн өрнөдөг энэхүү шалгалтад жил бүр есөн сая гаруй сурагч шалгуулдаг. Тэгвэл энэ жилийн "өрсөлдөөн" өнгөрсөн ням, даваа гаригуудад болж өнгөрсөн бөгөөд энэ үеэр 9.8 сая сурагч их, дээд сургуулийн 6.5 сая хуваарийн төлөө өрсөлдсөн байна. Харин хуваарьгүй үлдсэн 3.3 сая сурагчдаас ердөө 1200-д нь дараа жил дахин хүчээ сорих боломжийг олгодог байна. Энэ жил шалгалтад заль хэрэглэх гэж оролдсон есөн сурагчийг баривчилжээ.

Харин сурагчид уг шалгалтад зориулж өдөрт багадаа 13 цагийг хичээл хийж өнгөрөөдөг. Мөн шалгалтын үеэр “drone” төхөөрөмж, тусгай металл илрүүлэгч ашиглахаас гадна энэ өдөр чанга дуу чимээ гаргахыг хориглодог аж.Боловсролын эл систем нь ядуу өрхийн хүүхэд ядуу байх бус хэн чадаж, хөдөлмөрлөж чадсан нь түүнийхээ үр шимийг хүртэх шударга хууль үйлчилдгийн нэгэн жишээ юм. Элсэлтийн шалгалт жил бүр сурагчдад болон тэдний гэр бүлд ихээхэн дарамт учруулдаг бөгөөд элсэлтийн шалгалтад бэлдэхийн тулд сурагчид эрүүл мэндээр хохирох, сургуулийн хуваарьгүй үлдсэн гурван сая орчим сурагч амиа хорлох тохиолдол ч гарч байжээ.

Кенид ЭЕШ нэг сар үргэлжилнэ

сонин mn

Кени улсын элсэлтийн шалгалт аравдугаар сарын сүүлчээр зохион байгуулагдах бөгөөд шалгалт нь арваннэгдүгээр сарын дунд үе хүртэл үргэлжилж, 22 төрлийн хичээлийн шалгалт өгдөг юм байна. Гэвч хичээл болгонд шалгалт өгдөггүй. Заавал сурах хичээлээс гадна сонгон суралцах хичээлээс өөрсдөө сонгон шалгалтаа өгдөг.Кенийн их сургуульд элсэгчдийн тоо цөөн. 200 гаруй мянган сурагч элсэлтийн шалгалтад ороход, ойролцоогоор 10 гаруй мянган сурагч л улсын их сургуульд элсэн ордог аж.

Францад ахлах сургуулийн шалгалтаа эхлээд өгнө

сонин mn

Францын ахлах сургуулийн сурагч их сургуульд ороход эхлээд заавал ерөнхий боловсролын гэрчилгээтэй байх шаардлагатай. Дараа нь BAC шалгалт өгнө. Зарчмын хувьд BAC шалгалтад оролцсон сурагчид их сургуульд элсэхээр өргөдөл гаргаж болно. Гэвч анагаахын салбар, шүдний эмч, эм зүйн салбар болон технологийн сургууль зэрэг нь өөр байдаг.Элсэх тоо хязгаартай бөгөөд эдгээр сургууль болон мэргэжил нь сонгон авах дүрмийг хэрэгжүүлэн оюутан элсүүлдэг ажээ.

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.165] 2024-07-03 11:02:13

Энэ шалгалт бол хятад япон солонгос гээд азийн орнуудын залуучуудад маш их дарамт стресс авчирч амиа хорлоход хүргэдэг.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.