“Соёлын наадам” 16 дахь жилдээ болно
Соёл урлагийн их сургуулиас Соёлын яамны дэмжлэгтэйгээр 16 дахь жилдээ “Соёлын наадам”-ыг зохион байгуулах гэж байна. Тодруулбал, Тулгар төрийн 2233, Их Монгол улсын 818, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, ардын хувьсгалын 103 жилийн ойн хүрээнд, баяр наадмын үйл ажиллагааг өргөтгөж, монголчуудын өв соёл, ардын урлагийг сурталчлах зорилготой “Соёлын наадам”-ыг энэ сарын 11, 12, “Уяачдын наадам”-ыг энэ сарын 13-нд Хүй долоон худагт зохион байгуулна.
СУИС-ийн соёлын өв тээгч, уран бүтээлч багш, оюутнууд, Нийслэлийн Соёлын төвийн уран сайханчид, “Идэрийн цуурай” бөхийн дэвжээний авъяаслаг бөхчүүд зэрэг нийт 200 гаруй хүн оролцох уг наадам Хүй долоон худгийн “Монгол наадам” цогцолборт явагдах юм.
“Соёлын наадам”-аар Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн соёлын биет бус өвийг сурталчилсан урлагийн тоглолтоос гадна “Язгуур урлаг”, “Монгол цайны соёл”, “Цагаан идээний соёл”, “Айрагны соёл"-той танилцаж, “Казах соёлын гэр”-ээр зочлох боломжтой байсныг онцлох ёстой. Монгол Улсын Соёлын яам, СУИС, “Монгол Наадам” цогцолбор хамтран зохион байгуулах “Соёлын наадам”-ын хэвлэлийн бага хурал маргааш 12:00 цагт МОНЦАМЭ агентлагийн хурлын танхимд болно.
Сэтгэгдэл