Б.Номин-Ундрах: Химийн шинжлэх ухаан улс орны хөгжилд том нөлөө үзүүлнэ гэж боддог
Саудын Арабын Рияд хотод долдугаар сарын 21-30-ны өдрүүдэд Олон улсын Химийн 56 дугаар олимпиад зохион байгуулагдлаа. Тус олимпиадаас мөнгөн медаль хүртсэн “Орчлон” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Номин-Ундрахтай ярилцлаа.
Тэрбээр 2023 онд Олон улсын Химийн 55 дугаар олимпиадаас хүрэл медаль хүртэж байсан юм.
-Өмнө жил Олон улсын Химийн 55 дугаар олимпиадаас хүрэл медаль хүртэх үеэр ярилцаж байхад “Дараа жил амжилтаа ахиулна” гэж байсан. Энэ жил мөнгөн медаль хүртлээ. Баяр хүргэе?
-Баярлалаа. Энэ жил амжилтаа ахиулахад өмнө жилийн тэмцээнээс олж авсан туршлага их хувь нэмэр оруулсан гэж бодож байна. Мөн үргэлж тусалж дэмждэг гэр бүл, багш нар болон найзууддаа маш их баярлалаа.
-Хэдэн орны хүүхэд оролцсон бэ. Монголоос хэдүүлээ явав?
-Энэ жил 89 орны 333 сурагч оролцсон. Монголоос дөрвөн сурагч, таван дасгалжуулагч багшийн бүрэлдэхүүнтэй тэмцээндээ оролцсон.
-Энэ жилийн даалгавар хэр байв. Санасандаа хүртэл гүйцэтгэж чадсан уу?
-Сорил туршилтын даалгавар нь миний хувьд илүү хүнд санагдсан. 5 цагт хоёр даалгавар гүйцэтгэх байсан ч хоёрдугаар даалгавар нь маш урт байсан.
Энэ жилийн сорил, туршилтын даалгаврыг хүнд боловсруулсан юм шиг санагдсан. Харин онолын тэмцээнд 5 цагт есөн бодлого орж ирсэн. Энэ хэсэг нь өмнө жилийнхээс арай амархан байсан.
-Тэмцээнд ямар бодлого орж ирсэн?
-Тэмцээний бодлогууд Саудын Арабын онцлогийг агуулж чадсан байсан. Жишээлбэл, олимпиадын наймдугаар бодлого Саудын Арабаас гаралтай ургамал гүргэмийн синтез байсан. Мөн долдугаар бодлого нь SABIC буюу энэ жилийн олимпиадын томоохон ивээн тэтгэгч компанийн ажил дээр суурилсан байна лээ.
Миний хувьд бага зэрэг алдаа гаргасан. Ялангуяа сорил туршилтын тэмцээн дээр санасандаа хүртэл гүйцэтгэж чадаагүй. Гэсэн ч энэ алдаа эргээд миний цаашдын уралдаан тэмцээнүүдэд илүү туршлага болсон гэж бодож байна.
-Амжилтаа ахиулахын тулд мэдээж их бэлдсэн байх. Бэлтгэлээ хэзээнээс эхэлсэн бэ?
-Бэлтгэлийн хувьд ер нь бүтэн жил бага багаар бэлдсэн. Есдүгээр сараас хойш эхэлсэн. Хоёрдугаар сард бэлтгэх бодлогууд гарсны дараа илүү хичээж, тэмцээнд орж ирэх сэдвүүдээ чухалчилсан. Мөн шалгаруулалт дууссаны дараа, зургадугаар сараас эхэлж багаараа багш нарынхаа зөвлөмжийн дагуу сорил туршилт болон онол бодлогынхоо тэмцээнд бэлдсэн.
-Ганцаарчилж бэлдэх, багаар бэлдэхийн давуу талыг дурдвал?
-Миний бодлоор багаар бэлдэх нь маш үр дүнтэй байдаг. Бие биеэсээ суралцаж мэдэхгүй сэдвүүдээ ярилцах нь тухайн хичээлийг илүү гүнзгий ойлгоход тусалдаг.
-Химийн хичээлд дурлах шалтгаан юу вэ?
-Химийг central science буюу үндсэн шинжлэх ухаан гэж нэрлэдэг. Мөн бусад физик, биологийн зарим сэдвүүдтэй давхацдаг. Иймд хими сурснаар өргөн цар хүрээний мэдлэг олж авдаг. Энэ нь надад маш их таалагддаг. Мөн химийн шинжлэх ухаан маш эрэлттэй салбар бөгөөд улс орны хөгжилд том нөлөө үзүүлнэ гэж боддог юм.
-Дасгалжуулагч багш нартаа хандаж юу хэлмээр байна?
-Мэдээж дасгалжуулагч багш нарын хувь нэмэр их билээ. Сорил туршилтын тэмцээн бол химийн олимпиадын салшгүй нэгэн хэсэг юм. Дасгалжуулагч багш нар маань сорил туршилтын тэмцээнд түлхүү бэлдүүлдэг. Монголд олддоггүй ховор бодис урвалжийг чадахаараа орлуулан бүрдүүлж өгдөг. Биднийг бэлтгэлээр хангаж энэхүү олимпиадад оролцуулах гэж их цаг зав гаргадаг багш нартаа үргэлж талархаж явдаг. Мөн энэ жил Олимпиадын хороо Олон улсын олимпиадын бэлтгэл сайжруулах тал дээр их анхаарсан. Тиймдээ ч үр дүнгээ үзүүлсэн гэж бодож байна. Багш нар маань үргэлж бидний санал бодлыг сонсож, зарим санааг туршдаг.
Анх намайг химид дуртай болгосон хүн бол С.Хүрэлбаатар багш. Одоо Монголд байхгүй ч гэсэн үргэлж холбоотой байдаг. Харин С.Сувданчимэг багш өнгөрсөн хоёр жил намайг олимпиадад бэлдсэн. Сувдаа багш маань мэдэхгүй зүйлийг минь ойлгуулж, үргэлж урам зориг өгдөг. Зөвхөн хичээл гэлтгүй бүх зүйл дээр тусалж дэмждэг. Багшдаа маш их талархдаг.
-Цаашид ямар зорилго, төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Дараа жил төгсөх ангид орно. Тиймээс Их сургуулиудад бүртгүүлээд түүнийхээ дараа олимпиаддаа анхаарах төлөвлөгөөтэй байгаа. Мэдээж дараа жилийн олон улсын химийн олимпиадад сүүлийн жилдээ оролцон амжилтаа ахиулахыг зорих болно.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
Сэтгэгдэл
Зочин [66.181.191.12] 2024-08-01 22:54:47
Монгол улс дарамтын доор байна. Том улс болохоос хамаг хими эхэлнэ.
Neg [202.126.91.168] 2024-08-01 12:38:37
Tiim shuu amjilt husiey