Ц.Батцэнгэл: Гадаад дахь монгол хүүхдүүдэд эх хэлний мэргэжлийн багш хэрэгтэй байна

Aдмин / Боловсрол

Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт ГХЯ-нд өчигдөр эхэллээ.

Тав дахь удаагийн чуулга уулзалт энэ жил Хилийн чанад дахь монголчууудын зөвлөл ТББ байгуулагдсаны 10 жилийн ойгоор болж байна. Өнгөрсөн хугацаанд тус зөвлөл 6 хороо байгуулан төр, засагтай хамтран ажиллаж, тодорхой үр дүнд хүрч буйг Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн С.Цэрэндэмбэрэл тодотгов.

Хилийн чанад дахь монголчууудын зөвлөл дэргэдээ боловсролын, нийгмийн бодлогын зэрэг хороо байгуулан салбар салбарын тулгамдсан асуудлаар төрийн холбогдох яамныхантай уулзан хэлэлцүүлэг өрнүүлэн шийдэх асуудлаар санал тавин ажиллаж байна.

Жишээ нь, гадаадад байгаа Монгол хэл, соёлын төвд сурч буй монгол хүүхдүүдийг цахим сурах бичгээр хангах, багш нарын заах аргыг сайжруулах чиглэлээр дээрх төвүүдийг дэмжих талаар Боловсролын яамтай хамтран ажиллаж байна.

ГХЯ-тай хамтран монголчууд олноор ажиллаж,амьдарч буй улс орон, бүс нутагт Консулын газар байгуулж, төрийн үйлчилгээг цахимаар ойртуулж байна. Нийгмийн чиглэлээр гадаадад байгаа монгол эхчүүд “Алдарт эх”-ийн одонгоо авдаг болсныг тэрбээр танилцууллаа.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 16 улсад Монгол хэл, соёлын 39 сургууль нээгдэн үйл ажиллагаа явуулж байна.

Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалтад гадаадад сурч, ажиллаж, амьдарч буй монголчуудыг төлөөлөн 200 гаруй хүн оролцов. Тэдний нэг ХБНГУ-ын Дюссельдорф хот дахь “Соёл” сургуулийг үүсгэн байгуулагч, багш Ц.Батцэнгэлтэй уулзлаа.

Тэрбээр, “Би Германд 25 дахь жилдээ амьдарч, ажиллаж байна. Гадаад дахь монголчууд бидэнд тулгарч байгаа гол асуудал бол монгол хүүхдүүдийн эх хэл, соёл байдаг. Ирээдүй хойч үе маань эх хэлээ сурахад хилийн чанадад боломж бага байдагт санаа тавьж бид сургуулиа байгуулан 11 дэх жилдээ ажиллаж, монгол хүүхдүүдээ эх хэлээрээ бичиж, сургаж байна. Анх бид найз нөхөд, гэр бүлээрээ ярилцаж байгаад монгол хүүхдүүд дор хаяж өвөө, эмээтэйгээ эх хэлээрээ харилцаж, Монголдоо очоод бууз, хуушуураа аваад идэх боломжтой хэмжээнд байх ёстой гэсэн багахан зорилготой үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Тэгвэл одоо сургууль маань өргөжиж, олуулаа болж, сургалтын бяцхан орчинг бүрдүүлж, өөр өөрсдийн ажлынхаа хажуугаар цаг, заваа гарган монгол хүүхдүүдийнхээ төлөө сайн дураар ажиллаж байна. Одоо бидэнд мэргэжлийн хүмүүс, монгол хэлний багш хэрэгтэй байна. Бид Германаас гадна эх орондоо, Хэнтийн аймгий Цэнхэрмандал сумын нутагт соёлын нүүдлийн зуслан байгуулан гадаад, дотоодын багш нартай сургалт явуулж байна” гэв.


2014 оны байдлаар хилийн чанад дахь монголчуудын тоо 100 мянга хүрэхгүй байсан бол өдгөө 230-240 мянга болж нэмэгджээ.

Хилийн чанад дахь монголчуудын чуулга уулзалт ирэх амралтын өдрүүдэд Чойжин ламын сүм музейд болох “Mongolian Diaspora-2024” фестивалиар үргэлжилнэ.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ


Сэтгэгдэл

Санхүү хүсэх гээд байна уу? Кх! [103.57.93.127] 2024-08-05 00:37:42

Ягшдээ! Хэн тэгээд тэр багшид чинь цалин хөлс олгож, гадаадад амьдрах зардлыг санхүүжүүлэх юм бэ? Улс уу? Та өөрөө юу?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.