Багш Ш.Баатармаа: Гүйцэтгэлийн үнэлгээнээс болж олон багш сайн муугаараа дуудуулан ажлаасаа гарч, өөр салбар руу дүрвэж байна

Aдмин / Боловсрол

Нийслэлийн Ерөнхий боловсролын 47 дугаар сургуулийн багш Ш.Баатармаатай ярилцлаа.


-Өмнөх Боловсролын сайд Л.Энх-Амгалан гүйцэтгэлийн үнэлгээг анх хэрэгжүүлэхдээ боловсролын салбарын томоохон шинэчлэл хэмээн зарлаж байсан. Бодит байдал дээр хэр хэрэгжиж ирсэн бэ?

-Гүйцэтгэлийн үнэлгээ нь үнэлгээ дүгнэлт, арга аргачлал буруу явж ирсэн. Байх шаардлагагүй гэж би боддог. Янз бүрийн алдаатай аргаар багш нарыг үнэлж байгаа юм. Багш нарыг бодит байдлаар үнэлэхгүй, сурагчдын агуулгаар, дундаж түвшнээр авахгүй, хүндрүүлсэн материалаар 40-хөн минутад маш их даалгавраар авч байгаа нь багш нарт урамшуулал өгөхгүй л гэсэн санаатай хуурамч үнэлгээ гэж боддог.

Гүйцэтгэлийн үнэлгээ нь дөрвөн түвшинд үндсэн цалингийн 10, 15, 20, 25 хувиар бодож, урамшуулал олгодог. V түвшнээс дээшээ урамшууллын мөнгө авахгүй гэсэн үг. Байгууллагын үнэлгээ гэж тусдаа бий. Цэцэрлэгийг бол бүр үнэлэх шаардлагагүй. Хэлд ороогүй хоёрхон настай хүүхэд яаж багшийгаа үнэлүүлэх юм, хоёр настай хүүхдээр үнэлүүлдэг газар дэлхийд манайхаас өөр хаана ч байхгүй.

Багш нар гурав дахь жилдээ үнэлгээнд орлоо. Эхний удаад авч байгаа байгууллага нь ч тэр, өгч буй багш нар ч тэр хаа хаанаа туршлагагүй хандсан байж болно.

Дараа дараагийн жилээсээ илүү сайжрах юм болов уу гэсэн жил бүр өөрчлөгдсөн зүйлгүй сүр бадраасан нэрийн дор багш нарыг сайн муу гэж ялгаж байна. Шинээр ажилд орсон залуу багш нарыг мохоож байгаа бас нэг шалтгаан нь энэ гүйцэтгэлийн үнэлгээ болж буй нь үнэн. Үнэлэгдэж чадаагүй бол чи муу багш гэх хандлага тэр байгууллага дотор үүсч, багш хийхээ больё доо гэх бодол олон багш нарт төрөх болсон. Багш нар гүйцэтгэлийн үнэлгээнээс болж бусдад гадуурхагдах мэдрэмжийг авч байна.

Багш нарын үндсэн цалин хэд билээ, дээрээс нь суутгалууд маш ихтэй, тиймээс яалт ч үгүй үнэлгээний урамшууллыг үндсэн цалиндаа шилжүүлсэн нь зөв юм. Манай холбооны зүгээс 9200 гаруй багшаас санал асуулга авахад 98 хувь нь гүйцэтгэлийн үнэлгээг үндсэн цалинд шилжүүлсэн нь зөв гэдэг дээр байр сууриа илэрхийлсэн. Цаашдаа гүйцэтгэлийн үнэлгээг болиод урамшууллыг нь үндсэн цалинд шилжүүлж байж багш нарын амьдралд тус дөхөм болох юм.

-Энэ удаа үнэлгээндээ байгууллагаараа тааруу дүн авлаа гэхэд урамшуулалгүйн дээр дараагийн үнэлгээ хүртэл сэтгэл зүйн хувьд дарамттай нөхцөлд ажилладаг юм шиг санагдсан.

-Ерөнхийдөө багш нар нь тааруу байгууллага үнэлэгдэж чадаагүй бол үнэлэгдсэн байгууллагатай шифийн холбоотой ажиллаж үнэлэгдэх хүртэл нь хамтарч ажилла гэдэг байдал нэг хэсэг явсан. Тодорхой мэдээлэл, ахиц дэвшил гарахаар үйл ажиллагаа юу ч болоогүй. Хоёр сургуулийн хооронд хамтарсан спортын тэмцээн зохион байгуулах нь ямар ч үр дүнгүй юм.

Дээд албан тушаалтнууд шат шатандаа гүйцэтгэлийн үнэлгээг хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхой биш байна.

Хангалтгүй үнэлгээ авсан цэцэрлэгүүдэд зөвлөн туслах ирэх сургаар хүүхэдтэйгээ ажиллах ёстой багш өдөр, шөнөгүй бичиг баримттай ноцолдож байгаа юм. Байгууллагын бодлогоор дээрээс хүмүүс ирэхэд гайгүй харагдчих санаатайг нь ойлгож байгаа хэдий ч хөрсөн дээрээ ажиллаж байгаа багш нарт олон цагаар ажиллах зэрэг дарамт шахалт маш их ирдэг. Цэцэрлэгийн багш нарын хувьд өглөө 07:30-аас эхлээд орой 18 цаг хүртэл хүүхэдтэй л байж байдаг. Хүний нялх олон хүүхдийг харж хандаж, сурган хүмүүжүүлж байгаа багш нарт зөвлөн туслах нэртэй хөндлөнгийн үнэлгээ шалгалт ороод ирэхэд мэдээж сэтгэл зүйн хувьд ч хүнд шүү дээ. Манай боловсролын салбарын нэг муу жишиг гэвэл гаднаас хүн ирнэ гэхэд багш нарыг цагийг нь тулгаж байгаад шахдаг.

Гүйцэтгэлийн үнэлгээг зөв болгоё гэвэл алхам тутам нь багш нарын гар дээр тодорхой байж байх ёстой. Ер нь гүйцэтгэлийн үнэлгээнд орохын тулд багш өөрийгөө болон хүүхдүүдээ яаж бэлдэх вэ гэдэг нь эхнээсээ дуустлаа ямар үе шаттай явагдах нь тодорхой л байх хэрэгтэй. Цаанаасаа хүүхдийн нэрийг нь сонгодог. Дөрөв, тавдугаар сард гүйцэтгэлийн үнэлгээтэй л гэдэг. Хэн, хэзээ ирэх нь мэдэгдэхгүй оньсого таавар тааж байгаа юм шиг айдас хүйдэстэй байдаг. Одоо болтол бид тавдугаар сард өгсөн гүйцэтгэлийн үнэлгээнийхээ хариуг сонсоогүй л байна. Өөрийгөө яаж үнэлэгдсэн, биднээс аваад явсан материалыг хэн засаж байгаа вэ, миний хүүхэд юун дээрээ алдсан бэ гэх тэр баримт, даалгаврын цаас бидэнд буцаж ирдэггүй. Шалгалтын материал нь бидэнд ирдэг бол үүн дээр алдаж гээд тухайн багш өөрийнхөө үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжтой.

-Таны харж буйгаар багшийн үндсэн цалин хэдэн төгрөг болох нь зүйтэй вэ?

-Багш нарын үндсэн цалин энэ оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэж, нэг сая, 400 мянга болсон. Шинэ залуу багш нар ямар ч нэмэгдэл авдаггүй. Үндсэн цалингаасаа их хэмжээний татвар суутгуулдаг болохоор маш бага буюу нэг сая ч хүрэхгүй цалинг гар дээрээ авдаг гэсэн үг. Өнөөгийн нийгэмд юмны үнэ ханш ямар байгаа билээ, хамгийн доод цалинг багш нар буюу боловсролын салбарынхан авч байна. Багш нарын үндсэн цалинг доод тал нь 1000 доллар буюу 3 сая 500 мянгад хүргэхийг Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос шаардаж байгаа. Ингэснээр багш нарын хомсдол арилж, амьдралд авч буй цалин нь хүрэлцэж, тайван ажлаа хийх боломж бүрдэх юм болов уу гэж харж байна.

Олон багш ажлаасаа гарч, амьдралд нь хэрэгцээтэй өөр салбар руу дүрвэж байна. Одоо хичээлийн жил эхлэхэд 20 гаруй хоног үлдсэн байхад манай боловсролын салбарт дөрвөн мянга гаруй багшийн сул орон тоо байна. Нэгдүгээрт цалин, хоёрдугаарт нийгмийн асуудал, гуравдугаарт нь гүйцэтгэлийн үнэлгээгээр багш нарыг маш их мохоож байна. Миний хувьд 10 гаруй жил боловсролын салбарт ажилласан ч ахмад багш нарыгаа харсан ч тэр одоо үргэлжлүүлэн багш хийхгүй л гэж бодож байгаа. Өөрөө дурлаад сонгосон мэргэжил ч гэсэн ажлын ачаалал ихтэй, цалин нь үнэхээр амьдралд хүрэлцэхгүй байна. Энэ нийгэмд чинь үр хүүхдээ тэжээж, хүний дайтай амьдрахын тулд өөр салбарт орж ажиллахаас өөр яахав.

-Боловсролын сайд П.Наранбаяр багш нарыг сэлгэн ажиллуулах талаар мэдэгдэл гаргасан байсан. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Энэхүү саналыг багш нар дэмжихгүй байгаа. Багш нарын зүгээс удирдлагуудыг сольж ажиллуулах нь зүйтэй гэж үзсэн. Нэг газраа удсан удирдлага ямар байдгийг багш нар ч хоорондоо ярьдаг. Багшийн цалин хангамж амьдралд хүрэлцээтэй байсан бол багш солилцоонд хамаагүй ийш, тийш явж болж байна. Ихэвчлэн багш нар маань сургуультайгаа ойрхон байр түрээслээд төвхнөчихдөг. Гэнэт багш солилцоогоор хаа байсан хол газар руу цөлчихвөл тэр хүний ар амьдрал, үр хүүхдүүд нь яах вэ, цаанаа хүний эрхийн асуудал хөндөгдөж байгаа юм. Багш нарын цалин хангамж, нийгмийн асуудал, эрүүл мэнд гэсэн гурван асуудлыг ямар ч шийдвэр гаргасан орхигдуулж болохгүй.

Мөн Боловсролын хууль, хөдөлмөрийн хууль хоёроороо зохицуулаад зундаа багш нар 48 хоног амардаг. Үүний тав хоногийг нь өвлийн амралт руу шилжүүлэх сайдын чиглэл, журам гарсан байсан. Үүнийг бид эсэргүүцэж байгаа. Олон сараар чимээ шуугиантай нөхцөлд ажилласан багш нар тархи толгойгоо амраах боломжит хугацаанаасаа тав хоногийг хасуулж, зуныхаа амралтыг бүрэн эдэлж чадахгүй байна гэдэг хүнд л санагдаж байгаа юм. Хавар болоод амралт дөхөөд ирэхэд залуу хүн гэлтгүй хэл ам ээдрээд л ирдэг. Мэдрэлийн ядаргаанд ороод, нойргүйдэлд өртдөг. Амарч байх хугацаандаа багш нар эрүүл мэндийнхээ асуудлыг шийдэж, ар гэртээ анхаарал хандуулдаг.

-Хөдөө орон нутгийн багш нарт нэмэгдэл цалин олгох болсон. Гэсэн хэдий ч багшийн хомсдол арилахгүй байсаар байна. Хот, хөдөө гэж ялгах нь зөв үү?

-Хотын нягтаршлыг сааруулах зорилгоор хөдөө орон нутгийг багш боловсон хүчнээр хангах хүрээнд багшийн цалинг нэмж буй гэж харж байгаа. Уг санаа нь зөв боловч цалин нь нэмэгдэлтэй ч хөдөө орон нутагт багшлах багш ховор байсаар байна. Харьцуулаад харах юм бол Улаанбаатар хотод доод тал нь нэг анги дүүргэлт нь 40 хүүхэдтэй. Хөдөө орон нутагт анги дүүргэлт харьцангуй бага 20, 30 хүүхэд байдаг. Ачааллыг нь бодвол хот, хөдөө гэж ялгалгүй адилхан нэмэгдлийг нь өгмөөр байгаа юм. Шударга биш л гэж үздэг.

-Энэ жил элсэлтийн шалгалтад хүүхдүүд муу дүн үзүүлснийг цар тахлын үеийн цахим хичээлтэй холбон тайлбарлах хүн олон байна л даа.

-Ковид цар тахлын үед онлайнаар суралцсан нь нэг талаараа хүүхдүүдэд сул тал болж байна. Багш нарт цахимаар ажиллах арга зүй, чадварт суралцсан эерэг зүйл бий. Элсэлтийн шалгалтын дүйцүүлсэн оноо нь үнэлгээ дүгнэлт хуурамч байгаагийн илрэл. Хөрсөн дээр буусан дундаж агуулгаар хүүхдүүдийг үнэлдэггүй учраас сул дүн авч байхыг үгүйсгэхгүй.

-APLUS гэх мэт онлайн сургалтад багш нарыг хамруулдаг. Энэ нь хэр үр дүнтэй вэ?

-Цахим сургалт нь үр дүнгүй байдаг. Энэ нь цэвэр мөнгөний юм явж байдаг. Сургууль, цэцэрлэгээс сургалтад суух багш нарын төсвийг гаргадаг. Нэг багш хоёр сургалтад сонгон хамрагдсан байх ёстой гэдэг. Өмнөх жил нь гурван сургалт байсан. Өөрөө сонгон судлах сургалтынхаа сэдвийг сонгож байгаа боловч тэр дотор багш нарт ямар ч хэрэгцээгүй, үр дүнгүй сургалтууд их байдаг. Багшийн ангитайгаа ажиллах цагаас л хумсалж байгаа юм. Хичээлийн жилийн эхэнд календарчилсан төлөвлөгөө гаргаад ажлын байран дээр нь хөгжүүлэх сургалтыг багш нартаа явуулж болно. Түүнчлэн багш нарт ангитайгаа ажиллах цагийг нэмэгдүүлж өгөхгүй бол академик гэхээс илүү хүн болох зүрх сэтгэлийн боловсрол хүүхдүүдэд ихээхэн дутагдаж байна.

-Сургууль эхлэхтэй зэрэгцэн сурах бичгийн асуудал яригддаг. Сурах бичгийн хүрэлцээ хэр байдаг вэ?

-Намар шинэ сурах бичиг шинэчлэгдэж, хэвлэгдэж байгаа гэдэг. Бараг арваннэгдүгээр сар гарсан хойно заримдаа арванхоёрдугаар сард шинэ сурах бичиг ирдэг. Бид хуучин сурах бичгээ номын сангаас аваад хэрэглэдэг. Шинэ сурах бичиг нь хүрээд ирэхэд тавын таван бүлэг байлаа гэж бодъё. Нэг бүлэгтээ 40 хүүхэдтэй, таван бүлэгт 200 хүүхэд бий гэхээр монгол хэлний сурах бичиг гэхэд хүүхдийн тоогоор ирээгүй, яг тал хувь нь ирсэн. Зарим анги нь шинэ, нөгөө хэсэг нь хуучин сурах бичгээрээ явдаг. Бид яг адилхан сургалтын хөтөлбөр төлөвлөгөөгөөр явах гэхээр шинэ, хуучин сурах бичгүүд нь хоорондоо зөрнө. Бүр байхгүй юмуу гэхээр урд нь байсан агуулгыг хойно нь оруулчихсан байдаг. Нэгдүгээр ангийн сурах бичигт “ү” үсгэн дээр үнээ сааж буй зураг орууллаа гэж бодоход сааж буй хүн нь үнээнийхээ буруу талд суучихсан байх жишээний олон алдаанууд сурах бичигт байдаг. Сурах бичиг шинээр хэвлэх нь бас л нэг мөнгө угаалтын хэлбэр гэж боддог. Сурах бичиг зохиох багт олон жил ажилласан туршлагатай, зөвлөх багш нарыг л оролцуулах нь зүйтэй.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН


Сэтгэгдэл

зочин [66.181.187.57] 2024-08-14 07:37:33

Гүйцэтгэлийн үнэлгээ гэдэг элий балай юмаа болиоч ээ.Ямар ч хөшүүрэг болохгүй, хоцрогдсон, аз туршсан, багш сурагчид ач холбогдол байхгүй, багшийн ажлыг хүндрүүлсэн энэ муухай зүйлээ болиод өгөөч

Зочин [202.55.188.100] 2024-08-14 07:24:58

Ганц багш. ч биш төрлийн албанд цаасаар үнэлтдэгээ болих хэрэгтэй хийсэн ажлууд нь бодиттой байхад хагас жил улирал бүтэн жилээр хийсэн ажлаа бич гээд л тэрийг нь дарга нар үнэлнэ гээд л хэн гоё бичсэн нь өндөр оноо авна ийм цаас нэхдэг хуучин тогтолцоогоо болимоор байна цагдаа багш нараас хүртэл байна цаас нэхнэ үндсэн ажлаа хийхээс өмнө цаастай ноцолдсоор цаг барж байна түргэн дээр очиход хүртэл бөөн цаас бөглөөд хамаг цаг авч байна бөөн очeр энд тэнд ажиллаж байгаа хүмүүс буруугуй дээр амьдрал мэдэхгүй дарга нар л буруутай одоо зоригтойхон өөрчлөлт хэрэгтэй байна хуучин үeийн шал дэмий өргөмжлөл тэргүүн. СТА,Гавьяат,Баатар, гэхмэт цол тэмдэгүүдээ болимоор байна өргөмжлөл гэх мэт хог өгөхөөр мөнгө л өг л дөө нэг шагнал өгөх гэж үнэн тэнэг бөөн намтар бичүүлнэ хуучин үeээрээ байгаагаа мэдэж байна уу энийг хөндөх сэтгүүлчид байна уу маш том сэдвүүд байгаа шүү

Зочин багш [66.181.161.227] 2024-08-12 14:00:14

Энэ хачин үнэлгээ нь туршлагатай багшийн үнэлгээг буруу дутуу хийж,сэтгэл санааны гутралд оруулж байна даа Үнэлгээний өөр чухал шалгууртай болох хэрэгтэй.Сайн Багш насан туршийн боловсрол олгож нь хүнийг хайрлах хүндлэх сэтгэл зүйг өөрөөрөө үлгэр дуурайл болдог юм шүү. Сайхан багшийн амьдралынхаа туршид хүндэтгэн хайрладаг даа.

Иргэн [103.57.92.225] 2024-08-12 10:54:05

Аль аль талдаа л асуудал бн!!! Үнэлгээгүй ажиллаж гэж энэ ертөнц дээр байхгүй байх!!! Багшийн мэргэжлээр сайн хүн бэлдэхэд цогц арга хэмжээ хэрэгтэй бн!!! Одоо бол хамгийн оноо муу хүүхэд ордог салбар болоод удаж байна!!! Цалин урамшуулалаас эхлээд амьдралын баталгаа хэрэгтэй!!! Багшийн ажил хэцүү ажил шүү!!!

Иргэн [66.181.161.241] 2024-08-11 09:37:43

Багш нар мэдлэгтэй сэтгэлтэй, чадварлаг цалин нь өндөр байх ёстой. Манай ангийн лав сурлагаараа шальдаггүй 2 нөхөр багш болсон, цалингаа голоод 1 нь мухлаг ажиллуулж байгаа

Зочин [202.55.188.88] 2024-08-09 17:20:36

Багш нарыг чанаржуулах нь зөвөө , УБИСд онц сурдаг өндөр оноотой хүүхэд орвол тэтгэлэг өгөх , чадвартай сайн багш нартаа цалинг нь бусдаас өндөр байх хэрэгтэй.

Зочин [103.212.117.211] 2024-08-09 07:56:07

Гүйцэтгэлийн үнэлгээнээс болж багш нар сайн муу нэр зүүж ажлаасаа халагдсан гэнэ үү???? ЗААА БОЛИОРОЙ БАГШИЙН АЖЛЫН ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА, МЭДЛЭГ БОЛОВСРОЛ ДУТМАГ БАРАГ БАГШЛАХ ЭРХГҮЙ НӨХДҮҮД ХЭДЭН АРВААРАА ОРСОНООС АЖЛЫН БҮТЭЭМЖ МУУ, АРГА БАРИЛ ТУТМАГ, ХАМГИЙН АДГИЙН АРГА БАРИЛААР ЗААХ ЖИШЭЭНИЙ БАГШ НАР АЖИЛЛАЖ БАЙГАА ЮМ ЧИНЬ. ЯАЖ АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ САЙН БАЙХ ЮМ БЭЭЭ???? ЧАДАХГҮЙ ДУРАК УУД НЬ ХАЛАГДАЖ АЖЛЫН БАЙР СУЛЛАХАД ЮУНД НЬ ДУРГҮЙЦААД БАЙГААН. ХАРИН ЭНЭ БУГШМАЛ ЧАНАРГҮЙ БАГШ НАРЫН ГАРТ ИРЭЭДҮЙН ИРГЭД МААНЬ. ХАР НҮХЭНД БАЙГАА ЮМ ШИГ БАЙГААГ ОЙЛГООРОЙ. ТҮҮНЭЭС ТЭР БАГШ ХӨӨРХИЙ ЭНЭ БАГШ ХӨӨРХИЙ БИШ ШҮҮ!!!!!!!! МОНГОЛЫН ИРЭЭДҮЙГ МЭДЛЭГ БОЛОВСРОЛ ДУТМАГ, ЗААХ АРГА БАРИЛ МАРУУ. ШУНАЛЫН ДЭВҮҮДЭЭР БАГШЛУУЛАХ НЬ ТУЛЫН БУРУУ ШҮҮ. ГҮЙЦЭТГЭЛ МУУ БОЛ АЖЛЫН ЧАНАР ХЭЗЭЭЧ ГАРГАХГҮЙ ЭЭЭ. ТААРУУ ХУУРАМЧ БАГШ НАРЫН АЖЛЫН БҮТЭЭМЖ ТӨГСГӨЖ БУЙ. СУРАГЧИД ГЭДГИЙГ МЭДЭХИЙН ДЭЭДЭЭР МЭДЭЖ БАЙЖ ХОРЛОЖ БАЙГАА АЯТАЙ БАГШ НАР МАШ ИХ БАЙНА ДОЛИГНОХ БИШ ИРЭЭДҮЙ ХОЙШ ҮЕЭ БОДОХ ЦАГ БОЛСОН

Зочин [66.181.161.82] 2024-08-09 07:38:27

Багш нарыг муулж байгаа дээрхи хүмүүс өөрсдөө хүүхдүүддээ хичээл заавал таарна, багш ч гэсэн өөр сонирхсон ажилдаа ороход амар болно.

Зочин [66.181.161.143] 2024-08-09 07:14:13

Улсын төсөв сайн муу элдэв багш нарыг тэжээх сан биш. Чанарын шалгалт бол заавал байх ёстой.

Сэхтлээ 100 жил [202.126.89.140] 2024-08-08 22:39:05

Муусайн оросууд чинь ямартайч багшлах боловсон хүчний бааз суурийг сайн тавьж өгсөн.Одоо бид өөрсдөө зах зээлийн зарчмаар нь сүйтгэлээ.

Зочин [59.153.114.160] 2024-08-08 15:31:54

ЭНХ-АМГАЛАН САЙД МАШ САЙН АЖИЛЛАСАН ШҮҮ. ХАРИН БАГШ НАР МАШ МУУ ШҮҮДЭЭ МЭДЛЭГ МУУ ДЭЭР НЬ ХУВИА АИЧЭЭСЭН, МАШ ШУНАЛ АЙ

Иргэн [103.212.118.219] 2024-08-12 13:05:32

Үнэн хэллээ.Хүүхдийг сургахын төлөө бус өөрсдийн ур чадвар муугаас хүүхдийн ирээдүй, цаг хугацаагаар хохироож байна.

Зочин [59.153.114.160] 2024-08-08 12:24:54

90 оноос хойш хамгийн муу хамгийн их хүнээс хуулдаг хуурамч нөхдүүд багш болсоон. Энэ үеэс багшийн чанар муудсан. Өөрсдөө хичээлдээ муу байсан нөхдүүд, багш болохоороо хичээлдээ сөйн сурагчдад маш дургүй харин ангийн хамгийн муу сурлагатай сахилга батгүй хүүхдүүдэд маш сайн тэд нартайгаа холилдож сурлага сайтай хүүхдүүдийг хэл амаар доромжлох дүнгээр хавчих зэрэг зохисгүй үйлдэл гаргадаг нь худлаа биш шүүдээ. Багшийн хүүхдүүд хичнээн муу байсан ч багш болдог уламжлалыг халах нь зүйтэй. Бага ангийн багш нар гайгүй айлын хүүхдийг онилж байгаад дэвтэр засалт дээр F тавьдаг шүүдээ. Тэр F тавихдаа ЗААА байж хэний хүүхэд дээр муу тавих вэ гээд хэлж байгаад тавьдаг тэр бол мөнгө олох арга нь гэсэн шүү. ХУЛГАНАА ГЭЖ БАГИЙН БАГШ ТЭГЖ ХЭЛЭЭД ( F) тавихыг олон харсан даа. Сурлага сайтай хүүхдийг багш болгох нь ийм хорон санаагүй байх нь дамжиггүйэээ

Иргэн [103.212.118.219] 2024-08-12 13:07:54

Хөөрхий арын хаалганы мэдлэг,чадвар муутай багш нарт үнэлгээ хэрэгтэй.

Зочин [103.71.101.175] 2024-08-08 10:09:29

Жил бүр сурах бичиг шинэчлэх шаардлага бн уу

зочин [59.153.86.104] 2024-08-08 09:43:58

энэ багш байгаа бодит байдлыг үнэн зөв хэлж байна . хүүхэд сургахад бүхнээ зориулах ёстой багш шалгалтад бэлдэж хэнд ч хэрэггүй цаасан буу үйлдэж цагаа үрж сэтгэл зүйн дарамтад өртөж суух нь хэрэггүй .

Иргэн [122.201.31.125] 2024-08-07 14:34:33

Нэг газраа20 30 жил ажилласан багш нар ямар балиар хорчин дээрэлхүү болсон байдгыг ёстой мэднэ шүү

111 [202.179.22.181] 2024-08-07 12:19:33

Багш нарыг биш удирдлагуудыг л сэлгэж байх хэрэгтэй гэдэг маш зөв

Зочин [202.126.88.170] 2024-08-07 22:03:17

Selgex shaardlga bxgui!!! Shudarga songon shalgaruultaa yavuulaad chaddg xumuus ni ter surguulia udird!!! Mun xii zaxiral xiine gej bxguieee!!!neg udaa 2-3 jil ,,, sain ajilbal daxiad 2 jil sunga,,, tegeed boloo


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.