Газын зурваст гал зогсоох хэлэлцээ лхагва гарагт үргэлжилнэ
Газын зурваст Израил болон ХАМАС-ын хооронд гал зогсоох асуудлаарх хэлэлцээг лхагва гарагт Каир хотноо үргэлжлүүлнэ гэж Египетийн эх сурвалжууд бямба гарагт Синьхуа агентлагт мэдээлжээ.
Хэлэлцээг зуучлагч талууд болох Египет, Катар, АНУ-ын төлөөлөгчид, мөн Израилын төлөөлөл лхагва, пүрэв гарагт болох хэлэлцээнд оролцоно гэж нэрээ нууцалсан эх сурвалжууд мэдээлсэн байна.
Үүний зэрэгцээ Египет, АНУ, Израилын төлөөлөгчид Каирт болох хэлэлцээнд бэлтгэхийн тулд гал зогсоох хэлэлцээрийн "санал зөрөлдөөнтэй нөхцөлүүдийн" талаар хэлэлцэхийн тулд Доха хотод үлдсэн гэж эх сурвалжууд хэлжээ.
Дохад дөрвөн орны албаны хүмүүс Газын зурваст гал зогсоох хэлэлцээрийг эцэслэн боловсруулахын тулд эрчимтэй хэлэлцээ хийжээ. Улмаар Газын зурваст гал зогсоохын уриалсан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолын зарчмуудад нийцсэн саналыг ХАМАС болон Израилд хүргүүлсэн гэж зуучлагч талууд баасан гарагт мэдэгдсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден баасан гарагт мэдэгдэхдээ "Ойрх Дорнодод гал зогсоох хэлэлцээр байгуулахад "маш ойртоод байгаа" боловч хараахан тохиролцоонд хүрээгүй байна" гэжээ. 2023 оны 11 дүгээр сарын сүүлчээр Израил, ХАМАС-ын хооронд байгуулсан долоо хоногийн хугацаатай түр эвлэрлийг Каир, Доха, Вашингтон зуучилсан юм. Гэсэн хэдий ч сүүлийн хэдэн сарын турш хийсэн хэлэлцээ бодитой үр дүнд хүрээгүй хэвээр байна.
ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ
Сэтгэгдэл