“Хөх сувд 2025” мөсний баяр үргэлжилж байна
![](/files/v2deq0k4e0a3xm5kgv3z/3/476876672_1163961585089709_6649482022512820892_n.jpg)
“Хөх сувд 2025” мөсний баяр үргэлжилж байна. Өчигдөр Монголын гайхамшиг мөсөн урлалын тэмцээн, “Оpen mik” чөлөөт тоглолтоос гадна “Хөвсгөл нутгийн олон угсаатны урлагийн тоглолт” тоглолт болжээ.
Тус урлагийн тоглолтоор Хөвсгөл аймгийн бүх сумаас ирсэн халх, дархад, хотгойд, урианхай угсаатныг төлөөлсөн 50 гаруй ардын авьяастан, уран бүтээлчид дуу хуураа сонирхуулсан байна.
Мөсний баярт Архангай, Завхан, Дархан, Сэлэнгэ, Төв, Булган зэрэг аймгаас, мөн гаднын улс орнуудаас нийт олон зочин төлөөлөгч хүрэлцэн ирж, үзэж сонирхож байгаа ажээ. Тухайлбал,
Францаас Монгол Улсад байнга аялдаг жуулчин эмэгтэй ганцаарчилсан тэмээн аяллаа Хатгалд мөсний баяраар өндөрлөж, чаргаар ачаагаа хөлөглөөд цанаар Ренчинлхүмбэ сум руу аялахаа хэлж байлаа.
Америкийн жуулчин Ричард 2024 онд бүргэдийн баяраар ирж байсан бөгөөд Монголын өвлийг үзэх зорилгоор Хөвсгөлийн мөсний баярыг зорьж иржээ.
Энэ жил мөсний баярыг анх удаа 10 хоног зохион байгуулж байгаа аж. Энэ талаар мөсний баярыг санаачлагчдын нэг, биологийн ухааны доктор Ж.Оюунмаа ярихдаа “Энэ жилийн мөсний баярын утга учир бол нэг дор олон хүн цуглахгүй, даац хэтрүүлэхгүй, жуулчид аялагчдаа тараан хуваарилах, нутгийн иргэддээ орлого олох боломж олгох зэрэг олон талаараа ач холбогдолтой” гэв.
Хатгал тосгоны үйлчилгээний хэлтсийн ажилтан, Дэлгэрмөрөн Сум дундын ойн ангийн инженер Д.Цэрэндаваа хэлэхдээ "Гурав дахь өдрөө тавуулаа ажиллаж ажиллаж байна. Энд ирсэн хүмүүс хог хаяхгүй, эмх цэгцтэй сайхан наадаж байна" гэлээ.
Алаг-Эрдэнэ сумын 7 дугаар ангийн сурагч Э.Эрхэмбаяр "Эгч, аавтайгаа мөсний баярт ирсэн. Би хул даагаа унуулж байна. Хүүхдүүд их унаж байна. Зураг даруулахад 5000, унахад 10 000 төгрөг" хэмээн хэлэв.
Түүний эгч Э.Энхриймаа "Алаг-Эрдэнэ сумын 12 дугаар ангийн сурагч. Дүү бид гурав чаргатай морь, даага, хөтөлгөө морьтойгоо ирсэн. Аав чаргаа, дүү даагаа, би хөтөлгөө хос морио унуулж байна. Морьтой зургаа даруулахад 5000, унаж явахад 10 000 төгрөг" гэв.
Эх сурвалж: Эх сурвалж тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клуб
Сэтгэгдэл
Toli [195.123.31.122] 2025-02-16 16:20:37
Jaasan c zawtai, hiih ajilgui uls baidag jum. Odoo bur mösni bajar hiideg bolj. Ulsin geh eswel erönhiilögchin geh tahilag gegch nergui uul, dow baihgui bolj. Tiim ih bajarlaj zag zaw, möngö baidag jum bol- nuhen jorlongoodoo salaachee. Naad gazar hors cini, uuh undnii us cini bohirdood bur ajuultai bolj baina sh dee