О.Сэргэлэн: Эмч бид "П.Батчулуун эмчид өршөөл үзүүлээч" гэж хүсэж байна

Aдмин / Эрүүл мэнд

Монгол Улсын хүний гавьяат эмч П.Батчулууны өмгөөлөгч, УНТЭ-ийн Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ.

"ТАРХИНЫ ҮХЭЛТЭЙ ДОНОР БАЙХГҮЙ БОЛЖ, АМЬГҮЙ ДОНОРООС ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОГСООД БАЙНА"

Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч О.СЭРГЭЛЭН:

-Эрхтэн шилжүүлэх үйл ажиллагаа дэлхийд хөгжөөд 40 гаруй жил болж байна. Монгол Улсад эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа хөгжиж эхлээд 20 орчим жил болж байгаа. Ингэхдээ сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж байна.

Өнөөгийн энэ хөгжилд хүрэхэд эд, эс эрхтэн суулгах явцын талаар иргэдэд гүйцэт ойлголт өгөөгүй юм байна. Үүнээс үүдэж ийм асуудал гарлаа.

Анх 2011 онд элэг шилжүүлэн суулгаснаас хойш УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах төвд өнөөдрийн байдлаар 306 хүнд элэг шилжүүлэн суулгасан байна. Ингэхдээ 17 хүнд тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгасан. Энэ нь ердөө 5 хувь гэсэн үг. Бусдад нь дандаа амьд донороос элэг шилжүүлэн суулгасан.

Амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах алба 2018 онд байгуулагдсан. Тус алба байгуулагдсанаас хойш талийгаач болсон 270 гаруй хүний ар гэрт санал тавьснаас 31 хүний ар гэрээс тархины үхэлтэй донор болохыг зөвшөөрсөн.

Элэг шилжүүлэн суулгах багт элэгний үйл ажиллагаа нь эргэшгүй өөрчлөлтөд орсон 430 хүнд амьд донор олдохгүй, тархины үхэлтэй донорын хүлээгдлийн жагсаалтад амь гуйгаад горьдлого тээгээд байж байна.

Сүүлийн гурван жилд донорын жагсаалтад байсан 30 гаруй хүн донор олдохгүйгээс нас барсан. П.Батчулуун эмч болон эс, эд эрхтэн суулгах албатай холбоотой асуудал гарснаас хойш тархины үхэлтэй донор байхгүй болж, амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа зогсоод байна.

П.Батчулуун эмчийн биеийн байдал ч хүнд байна. Түүний хувьд 2013 онд Донорын хуулийн хэлэлцүүлгийн үеэр зүрх нь 10 гаруй минут бүрэн зогсож байсан. Шүүхийн шийдвэрийн дараа мөн л зүрхний үйл ажиллагаа нь зогсож тэлэгч тавиулсан. Эмч ч гэсэн хүн, эмч хүн ч өвддөг.

П.Батчулуун эмчийн хувьд суурь өвчин ихтэй. Таван удаа зүрхний стент тавиулснаас хамгийн сүүлийнхийг нь хууль шүүхийн байгууллагаар шалгагдаж эхэлсний дараа буюу өнгөрсөн хоёрдугаар сард суулгуулсан.

Өнөөдөр зүрхний үйл ажиллагаа явуулах магадлал нь 33 хувьтай байна. Эрүүл мэнд ийм хүнд байдалд байгаа хүн өнөөгийн хууль шүүхийн маргааныг тэсэж гарна гэдэг хүнд. Эмч бид П.Батчулуун эмчийг гэмт хэрэг хийсэн гэж бодохгүй байна. Журмын дагуу л үйл ажиллагаа явуулсан. Тиймээс П.Батчулуун эмчид өршөөл үзүүлээч гэж хүсэж байна.

АР ГЭР НЬ ЗӨВШӨӨРСНИЙ ДАРАА ЭС, ЭД ЭРХТЭНИЙГ НЬ АВАХ
МЭС ЗАСАЛ ХИЙДЭГ

Эмч н.ЧУЛУУНБААТАР:

-Тархины үхэлтэй донор гэдэг нь тархины үйл ажиллагаа болон тархины баганын бүхий л үйл ажиллагаа эргэж сэргэхгүй болсныг тархины үхэл гэж байгаа юм. Тархинд цус харвах, бэртэл, гэмтлээс үүдэж тархи бяцрах гэх шалтгаанаас тархи үхэждэг.

Тархи үхэжсэн эсэхийг мэдэх хэд, хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, ухаангүй байх, хоёрдугаарт, унтуулах, тайвшруулах өвчин намдаах булчин сулруулах эмийн бодис хийгээгүй байхад өвдөлтийн хүчтэй цочролд ямар ч хариу урвал үзүүлэхгүй байх, гуравдугаарт, тухайн хүний амьсгал бүрэн зогссон, зохиомол амьсгалын аппаратад оруулсан байдаг.

Монгол Улсад тархины үхлийг тодорхойлох стандарт гэж бий. Мэргэжлийн эмч нар шалгуур үзүүлэлтийг тавьж шалгаад, стандартыг шалгаж зохицуулан суулгах албанд мэдээлдэг. Тархины үхэлтэй эсэхийг тодорхойлсны дараа ар гэрийнхэнд нь хүсэлт тавьдаг. Ар гэр нь зөвшөөрсний дараа зохиомол амьсгалын аппараттай, цусны эргэлттэй байгаа хүнээс эс, эд эрхтэнийг авах мэс засал хийж, эрхтэнийг нь салгаж авдаг.

Иргэдийн дунд нас барсан хүнээс эрхтнийг нь авдаг гэсэн буруу ойлголт байдаг. Үгүй. Зохиомол амьсгалтай, амьсгал нь удирдагдаж байгаа хүнээс авдаг.

Өөрөөр хэлбэл, уртавтар тархинд амьсгал, зүрх хөдлөлийн төв гэж байдаг. Уртавтар тархины дээд хэсэгт амьсгалыг удирдах төв нь байдаг. Түүний доор зүрх удирдах төв байдаг. Тиймээс эхлээд тархи дээрээсээ гэмтэж амьсгал удирдах төвд ирэнгүүт амьсгал зогсдог.

Тархи үхсэн ч амьсгал удирдах төвийн доор байгаа зүрх ажиллаж байдаг. Энэ үед зүрхний үйл ажиллагаа доголдож эхлэхээс өмнө мэргэжлийн эмч нар зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, амьсгалыг удирдах ийм ажиллагааг явуулдаг.

Энэ хооронд тархинаас бусад эрхтэн хэвийн хадгалагдаж байх үед шаардлагатай эд, эрхтэнг авдаг юм аа. Тархины үхэлтэй донороос эд, эс эрхтэн суулгах үйл ажиллагааны тал дээр манай иргэд зөв мэдээлэлтэй байгаасай гэж хүсч байна.

"ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН МАГАДЛАЛ
ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ГАРАХ БАЙХ"

П.Батчулууны өмгөөлөгч Э.ГАНБАТ:

-Аливаа хэрэг маргааны хуулиар зохицуулдаг. Гурван шатны шүүхэд гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх боломжтой. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хуульч хүний хувьд хүндэтгэлтэй хандаж байгаа.

Давж заалдах шатны шүүхийн магадлал гараагүй байна. Энэ долоо хоногт гарах байх. Ингэснээр үйлчлүүлэгчийн өөрийн байр суурь, мөн Өмгөөлөгчийн хууль хэрэглээний талаарх байр суурийн хүрээнд Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй байдаг.

Улсын дээд шүүх бүх хэрэг маргааныг танхимаар авч хэлэлцэх зохицуулалт байхгүй. Гэхдээ энэ хэрэг маргааны хувьд авч хэлэлцэх хуулийн зохицуулалт байна гэж харж байгаа. Тухайлбал,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1-т зааснаар “эрх зүйн шинэ ойлголт, эсвэл хууль хэрэглээг тогтооход зарчмын нийтлэг ач холбогдолтой хэрэг маргааны асуудлаар гомдол гаргасан” байвал Улсын дээд шүүх танхимын хуралдаанаар авч хэлэлцэх хуулийн зохицуулалт бий.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочих [202.126.90.168] 2025-03-19 19:22:15

БАТЧУЛУУН ЭМЧИД ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭЭЧ ГУЙЖ БАЙНА САЙН ЭМЧ ТУН ХЭРЭГТЭЙ ШҮҮ

Зочин [202.126.89.126] 2025-03-19 19:11:15

Burhan bolson hvnii ed erhetengees iim zvvliin abii gej helcheed ilvv ihiig abaad bargal tonzon hvniig yugiin uuchilah ymbe zvgeerel yalaa idelee mashinaas neg ym abaad ir geed dvlhvvree ogson chini mashiniin tonzon baibal shorond orhon zobvv zoboo terentei adil shvv dee

Irgen [202.9.40.138] 2025-03-19 13:04:30

Ih nayd.terbumaar iddeg hulgaichuud negch shorond orohgui .bugd turiin deer garsan.SUgiin 15$ say hergiin bichigiig Bartsetseg huuhen hav darsan bga uom.iim uomnuud shorond oroosoi.Hamgiin heregtei hunee shorond hgd baij bdg duursen t1 uud.tsagdaa shuuh n 1 namiin daranguilald orson.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.