ТНЗ CIM CONNECT 2025 Олон улсын чуулганд илтгэл тавина

Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл Канадын Монреаль хотноо болох CIM CONNECT-2025 олон улсын чуулга уулзалтад илтгэл тавих юм байна.
Энэхүү чуулга уулзалт нь уул уурхайн салбарын хөгжлийн чиг хандлага, технологийн дэвшил, тогтвортой хөгжил, салбарын ирээдүйг хэлэлцдэг томоохон арга хэмжээ бөгөөд дэлхий даяар нэр хүндтэй компани, байгууллагууд, бодлого тодорхойлогчид, салбарын мэргэжилтнүүд оролцдог уламжлалтай.
2025 оны чуулган тавдугаар сарын 4-нөөс 7-ны өдрүүдэд болох тус чуулганы эхний өдөр Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга О.Батболд "Уул уурхайн үйл ажиллагаанд итгэлцлийг бий болгохын тулд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх нь" сэдвээр илтгэл тавих юм байна.
Тэрбээр уул уурхайн салбарт олон нийтийн оролцооны ач холбогдлыг онцлон, салбарын хөгжилд итгэлцэл хэрхэн үүсдэгийг бодит жишээгээр тайлбарлах ажээ.
Энэ жилийн чуулга уулзалтын гол сэдэв нь "Ашигт малтмал, инновац, эрчим хүчний шилжилт" бөгөөд уул уурхайн салбар уламжлалт олборлолтоос эдийн засгийн үнэ цэн, тогтвортой хөгжлийн шийдлүүд рүү шилжиж байгааг онцолж буй юм байна.
Мөн хаягдал чулуулаг болон хоёрдогч эх үүсвэрийг дахин ашиглах, уул уурхайн салбарын байгаль орчны өөрчлөлтөд дасан зохицох шийдлүүдийг хэлэлцэх ажээ.
CIM CONNECT 2025 чуулга уулзалтад оролцогчид салбарын шилдэг илтгэгчдийн хэлэлцүүлгээс гадна мэргэжлийн сургалтууд, үзэсгэлэн худалдаа зэрэг үйл ажиллагаанд оролцох боломжтой юм байна.
Түүнчлэн уул уурхайн салбарын ирээдүйн чиг хандлага, шинэ технологиудтай танилцах, салбарын нэр хүндтэй мэргэжилтнүүдтэй харилцаа холбоо тогтоох төгс боломж аж.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл