"Дэлхийн одод Монголд айлчлан ирж, мөсөн талбайг чимэн, хэрхэн гялалзахыг харах боломжтой"

"Дэлхийн уран гулгалтын одод Монголд" шоу тоглолтын талаар өнөөдөр (2025.04.22) мэдээллээ.
Спортын хүч чадлыг бүжиг, жүжиг, атлетик, хөгжим, гэрэл, физикийн элиментүүдтэй хослуулан мөсөн дээр тэшүүрээр ганцаараа болон хосоороо үсрэлт, харайлт, эргэлт, өргөлт цаашлаад нарийн эрсдэлтэй хөдөлгөөнүүдийг хийж гүйцэтгэдэг биеийн тамирын онцгой нэгэн төрөл бол уран гулгалтын спорт билээ.
Уран гулгалт бол урлаг, спортын хослол юм. Өвлийн олимпын албан ёсны төрлүүдийн нэг болох уран гулгалт нь хамгийн гоёмсог үзүүлбэр бүхий хамгийн үзэсгэлэнтэй спортын төрөл яахын аргагүй мөн.
Үзэгчид биднийг алмайруулж гайхшруулан нүд, сэтгэл баясгадаг уран тансаг үзүүлбэрүүд нь тамирчдын асар өндөр ачаалал, хичээл зүтгэл, тэсвэр хатуужил, урт хугацааны сургуульлалтын үр дүн юм.
Монгол Улсад олон улсын стандарт шаардлагад нийцсэн ринк буюу мөсөн талбайтай битүү дээвэр бүхий мөсөн ордон нээгдэж манай хүүхэд залуучууд сонирхон хичээллэх болж уран гулгалтын спорт эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд олны анхаарлыг ихээр татах болсон билээ.
Тун удахгүй монголчууд бид нэгэн төрлийн мөсөн дээрхи спортын түүхийн шинэ хуудсыг хамтдаа бичилцэх гэж байна.
Бид дэлхийн одод Монгол Улсад маань айлчлан ирж, мөсөн талбайг чимэн хэрхэн гялалзахыг харах боломжтой болох нь ээ.
Хүч, техник, тэсвэр, тэвчээр, тэнцвэр, эрсдэл, урлаг, спортын нийлэмжит энэхүү гайхамшигт спортын томоохон төлөөлөл, дэлхийн шилдгүүдийн тоонд зүй ёсоор багтаж байгаа олимпын алтан медальт, дэлхийн 4 удаагийн аварга, европын 3 удаагийн аварга Аликсей Ягудин, олимп, дэлхий, европын аварга София Самодураво, олимпын хос мөнгөн медальт, дэдхийн 2 удаагийн аварга, европын 2 удаагийн аварга Евгения Медведива тэргүүтэй нийт 16 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид үзэгчид биднийг байлдан дагуулж, гайхан бишрүүлэхээр Монгол Улсын маань мөсөн дэвжээнээ хүрэлцэн ирэх гэж байна.
Энэхүү спортыг өнгөлж яваа түүхэн тамирчид маань гялтаганах мөсөн бүрхүүл дээгүүр дэлхийд таниулсан гайхамшигт үзүүлбэрээрээ Монголын үзэгчидэд бэлэг барих болсон нь манай улсын спортын түүхэнд тэр дундаа уран гулгалтын спортын түүхэнд томоохон онцлох үйл явдал болох нь гарцаагүй.
Ийнхүү бидэнд дэлхийн мөсний одод Монголын мөсөн тайзан дээр хэрхэн гялалзахыг харахыг хүлээх л үлдлээ.
"Дэлхийн уран гулгалтын одод Монголд" шоу тоглолт 2025 оны тавдугаар сарын 24, 25-ны 15:00, 19:00 цагаас Steppe Arena-Мөсөн ордонд зохион байгуудагдана.
Тасалбарыг Ticket.mn сайтаас онлайнаар худалдаж авах боломжтой.
Лавлах утасны дугаар: 9898-5959
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл