Л.Оюун-Эрдэнэ: Том төслийг хөдөлгөнө гэдэг бол том эрх ашгийг хөндөнө, том сорилттой нүүр тулна гэсэн үг

Aдмин / Улстөр

Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт болж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн ёслолд оролцож үг хэллээ. Тэрбээр,

“Эрхэм монголчууд аа,

Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд ээ,

Эрхэм хүндэт БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгч, Өвөр Монголын өөртөө засах орны Намын хорооны дарга Сүнь Шаочөн,

БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны дэд дарга Ли Чунлин,

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань,

Чайна Энержи группийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Зөү Лэй болон энэхүү түүхэн мөчийн гэрч болж хоёр улсын хилийн заагт хүрэлцэн ирсэн эрхэм зочид төлөөлөгчид, хөрөнгө оруулагчид, инженер техникийн ажилтнууд аа,

Өнөөдөр Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй хоёрдахь төмөр замын холболтын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүлж байна.

Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох Засгийн газар хоорондын хэлэлцээрийг энэ оны хоёрдугаар сарын 14-нд байгуулж, яг гурван сарын дараа буюу тавдугаар сарын 14-ний энэ өдөр бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлж байна.

Хурдтай хөгжлийн төлөө зориг гарган, мэргэжлийн өндөр түвшинд шуурхай ажилласан хоёр улсын Засгийн газрын байгууллагууд, төрийн алба хаагчид, Аж ахуйн нэгжүүд, Ажлын хэсгийнхэнд талархал илэрхийлж, баяр хүргэе.

Том төсөл хөдөлгөнө гэдэг том эрх ашгийг хөнддөг бөгөөд том сорилтуудыг даван гарна гэсэн үг. 2004 оноос эхлэн яригдаж, 2008 оноос эхлэн 18 жилийн хугацаанд үргэлжилсэн хэлэлцээрийг Та бүхэн эцэслэн шийдвэрлэж, түүх бүтээж чадлаа.

Тавантолгой ордыг эзэмшихийг хүссэн бүлэглэлийн өрсөлдөөн, Гашуунсухайт-Ганцмод төмөр замын царигийн маргаан зэрэг асуудал нүүрсний зах зээлийн дотоод, гадаад өрсөлдөөний олон улсын тоглогчид энэхүү төмөр замыг тавиулахгүй байх нь өөрсдөд нь ашигтай гэж үзсэн явцуу эрх ашгаас үүдэлтэй байсан нь бодит үнэн юм.

Харин өнөөдөр хоёр улсын Засгийн газар аливаа гурав дахь этгээдийг оруулахгүйгаар Засгийн газар хоорондын хэлцлийг урт хугацаанд тогтвортой байгуулж олон жилийн үл ойлголцолд цэг тавьж чадлаа.

Хамтарсан Засгийн газарт улс төрийн дэмжлэг үзүүлсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцээрийг соёрхон баталсан Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан болон Улсын Их Хурлын эрхэм гишүүд, парламентад суудалтай улс төрийн намууд, Засгийн газрын Ажлын хэсгийн гишүүд Та бүхэнд Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал дэвшүүлье.

Монгол Улс БНХАУ бол уул усаар холбогдсон мөнхийн хөршүүд билээ. Өнөөдөр Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж буй нь Замын-Үүд боомт,Энхтайвны гүүр Улсын их дэлгүүр зэрэгтэй адил хоёр улсын найрамдалт харилцааны бэлгэ тэмдэг болж үлдэнэ гэдэгт итгэлтэй байна.

Энэхүү хэлэлцээрийг хурдтай шийдвэрлэхэд хамтран ажилласан, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян, Гадаад хэргийн сайд Ван И, Хөгжил шинэчлэлийн хорооны дарга, Монгол Улсад суугаа Элчин сайд болон албаны хүмүүст Монгол улсын Засгийн газрын нэрийн өмнөөс халуун талархал илэрхийлье.

Өнөөдөр мөн нээлтээ хийж буй Гашуунсухайт боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхэд буцалтгүй тусламж үзүүлсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Гашуунсухайт хилийн боомтыг экспорт, импортын 22 гарцтай болгож, нэвтрүүлэх хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлсэн нь улсын эдийн засаг, гадаад худалдаанд эерэг нөлөө үзүүлэхээс гадна, орон нутгийн иргэдийн амьдралын чанар, ажил эрхлэлт, орлогын шинэ эх үүсвэрийг бий болгож, орон нутагт ээлтэй хилийн боомт болж байгааг онцолъё.

Эрхэм хүндэт зочид оо,

Өнөөдөр Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлд эрчимтэй хөгжлийн ШИНЭ ЭРИН эхэлж байна.

Монгол улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогоо тууштай хэрэгжүүлж, “Монголын За бол андгай” хэмээх язгуурын зарчмаа хатуу баримтлах болно.

Энэхүү төмөр зам холбогдсоноор боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспорт 165 сая тоннд хүрч жилд 1.5 тэрбум ам.доллараар орлого нэмэгдэж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянган ам.долларт хүрэх Засгийн газрын зорилт хангагдах, эдийн засаг тэлэх үндсэн нөхцөл бүрдэнэ.

Энэхүү экспортын төмөр зам холбогдсоноор олон улсын худалдааны дайн, геополитикийн өрсөлдөөн хурцдаж, тодорхойгүй байдал үүсэж буй энэ цаг үед Монгол Улсын экспорт нэмэгдэж, эдийн засгийн тогтвортой байдал хангагдана.

Түүнчлэн энэ төмөр зам ашиглалтад орсноор дэлхийн гангийн үйлдвэрлэлийн талаас илүү хувийг үйлдвэрлэдэг БНХАУ-д нүүрсийг урт хугацаанд тогтвортой, найдвартай нийлүүлэх хамгийн итгэлт түнш Монгол Улс байх болно.

Засгийн газар хоорондын хэлэлцээрт тусгагдсаны дагуу Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтуудыг төмөр замаар холбох ажлыг эдийн засгийн ач холбогдлоор эрэмбэлсэн дарааллын дагуу дараа дараагийн төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангагдсаныг өнөөдөр илэрхийлэхэд таатай байна.

Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, нүүрс гүн боловсруулах аж үйлдвэр, технологийн салбарт Монгол Улс харилцан ашигтай хамтран ажиллахад бэлэн байна.

Хурдтай хөгжлийн төлөө Зориг уриатайгаар байгуулагдсан хамтарсан Засгийн газрын 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт ийнхүү гараанаас гарч байна.

Засгийн газар үлдэж буй МЕГА төслүүдээ хөдөлгөхийн төлөө хатуугаас хатуу зарчим барьж, алдагдсан цаг хугацааны өртгөө нөхөж, ирээдүйн боломжийг бүрдүүлэхийн төлөө хөрөнгө оруулагчид, Засгийн газруудтай нягт хамтран ажиллах болно.

Монгол Улс БНХАУ, ОХУ-тай гурван улсын төмөр зам болон байгалийн хийн хоолой төслүүдийг явуулахын төлөө харилцан ашигтай хэлцлүүдэд идэвхтэй оролцох болно.

Гашуунсухайт-Ганцмод төмөрзам холбогдож, төмөр замаар нүүрс, бүтээгдэхүүн тээвэрлэх тэр өдөр эргэн уулзахын ерөөл дэвшүүлье.

Мөнх хөх тэнгэрийн дор Монгол Улс мандан бадрах болтугай.

Мөнхийн хөрш Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа хөгжин цэцэглэх болтугай” гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [103.212.116.162] 2025-05-19 13:18:19

ЕС худлаа ярьлаа: ...2004оноос яригдаж 2008оноос 18 жил үргэлжилсэн хэлэлцээр..., ...ГС-ГМ ТЗ-ын царигийн маргаан..., ...ОУ-ын тогологчид энэхүү ТЗ-ыг тавиулахгүй байх... Эдгээр нь худлаа. ГС-ГМ хил холболтын ТЗ 2004-2008оноос Хятадтай огт яригдаагүй. 2009онд Х.Баттулга маш нууц ТЭЗҮ-г 8тэрбумаар хийлгэсэн. 2011онд ТТ-ГС 267км ТЗ-ыг Энержи ресурс барьж эхэлсэн. 2013онд Х.Баттулга төр хөрөнгөө гаргаад өөрөө барина гээд Гэрээгээ цуцлаад авангуут Н.Алтанхуягийн ЗГ 280сая $-оор далан, гүүр хоолойн 80%-ыг хийгээд зогссон. 2014онд Си даргыг ирэхэд манайхаас хил гарах ТЗ-ууд нарийн царигаар гарч Хятадын ТЗ-ын дотоодын сүлжээнд шууд холбогдоно гэж Гэрээгээр тохирсон. 2014онд УИХ ТТ-ГС ТЗ-ыг нарийн царигаар барихаар шийдсэн. МАН-ын ЗГ 4 жил зогсоогоод 2020оны 5 сард барьж эхлэхдээ нарийн царигийн дээрхи шийдвэрүүдийг өөрчлөөд өргөнөөр барьснаар ГС-ГМ хил холболт гацсан. Хил холболтыг 18жил хэлэлцээгүй 2014 онд шийдсэн. ТТ-ГС ТЗ-ыг нарийнаар барьсан бол хил холболт ямарч асуудалгүй байх байсан.

Зочин [59.153.114.152] 2025-05-16 13:58:44

ЕСайдын том том мега төсөл гээд зарлаад иргэдийн хүлээлтийг бий болгоод урьдах том төслүүдийнхээ үр ашгийг ард түмэндээ хүртээж харуулчихаад яримаар санагдах юм,Оюу-толгой,Дачин тамсаг,Нефть,Таван толгой,Эрдэнэ бүрэн,гэр хороолол гм ара араасаа цуварсан жагсаалт гаргаад давхиад байх юм.Нэгэнт эхлүүлсэн урьдах том мега төслүүдээ дуусгаад дараагийн төслүүдээ эхлүүлмээр санагдах юм,тэгээд нөгөө төсвийн болоод гадаадын хөрөнгө оруулалтын хязгаарлагдмал тодорхойгүй байдлуудаас болоод тэдгээрийн ашиглалтанд оруулах хугацаа хойшлох,тэр хэрээр зардал нь өсөх,хүүний өрөнд орох гм хүндрэлүүд үүсч,эдийн засгийн үр ашиг нь буурч,эдийн засагт асар их хүндрэл учруулахуйц дүр зураг харагдаад байх юм,эдийн засгийн төв байгууллагууд эрх бүхий байгууллагын удирдлагууд нь юу бодож суудаг юм болдоо гэмээр заримдаа бодогдох юм.Нэг л их том том төсөл яриад байдаг тэр нь хэдийд хэзээ үр ашгаа өгөх нь тодорхойгүй дуусаагүй үлдвэрлэл болоод он дамжаад яваад байдаг нэг л ойлгомжгүй....

Зочин [202.9.40.102] 2025-05-14 18:51:42

20 настай бацаан яаж тийм их мөнгө үрээд байнаа

Зочин [202.126.88.67] 2025-05-14 17:18:41

энэ сайт тэр чигээрээ ЕС-гаа дэмжиж байна даа, тэгж байж хүүгийнх нь хэргийг мартуулах санаатай . . .

Зочин [192.82.92.42] 2025-05-15 10:27:39

Яаралтай огцор!!!

Зочин [188.162.254.76] 2025-05-14 16:05:12

Монгол улсын баялагыг худал ярьж олон хувьсах аргаар залилагч хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд нуухдаа би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан эх ороноосоо урвагчыг баярцогт дарга гэж долигнож дууддаг еронхий сайд монгол улсад хэрэгтэй юу ??????


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000