“Өсвөрийн парламент-2024" хөтөлбөрийн нэгдсэн хуралдаан болж, УИХ-д хүргүүлэх тогтоолын төслөө баталлаа

Улсын Их Хурал, УИХ-ын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн Сан, Монголын скаутын холбоо хамтран 2021 оноос хойш үндэсний хэмжээнд зохион байгуулж буй “Өсвөрийн парламент-2024” хөтөлбөрийн өсвөрийн парламентын нэгдсэн хуралдаан өнөөдөр (2025.05.24) Төрийн ордонд боллоо. “Өсвөр үе-Эрүүл мэнд” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж буй энэ удаагийн хөтөлбөрт 800 гаруй хүүхдээс шалгарсан 126 сурагч оролцож байна. 2024 оны өсвөрийн парламентын оролцогчдын 45 нь эрэгтэй, 81 нь эмэгтэй бол 12 нь есдүгээр ангийн, 36 нь аравдугаар ангийн, 78 нь 11 дүгээр ангийн сурагч байгаа юм.
“Өсвөрийн парламент-2024” хөтөлбөр зургаан сарын турш үргэлжилж, 21 аймаг, есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн төлөөлөл болсон оролцогчид “Өсвөр үе-Эрүүл мэнд” сэдвийн хүрээнд сурч мэдсэн бүхнээрээ дүүрэг, аймаг, сумандаа нөлөөллийн ажлуудыг хийсэн.
Энэ удаагийн өсвөрийн парламент нь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Хууль зүй, төрийн байгуулалтын байнгын хороо, Нийгэм, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Төсөв, эдийн засгийн байнгын хороотойгоор “Өсвөр үе-Эрүүл мэнд” сэдвийн хүрээнд тус бүрдээ хэлэлцүүлэг өрнүүлжээ. Ийнхүү Байнгын хороодын хуралдаанаас гаргасан саналуудаа нэгтгэн “Өсвөрийн парламент-2024” өсвөрийн парламентын нэгдсэн хуралдааны тогтоолын төслийг боловсруулсан байна.
Нэгдсэн хуралдаанаар энэхүү төслөө хэлэлцэн, баталлаа. Өсвөрийн парламентын өнөөдрийн нэгдсэн хуралдааныг “Өсвөрийн парламент-2024” хөтөлбөрийн дарга, Увс аймгийн оролцогч Л.Эрхэмбаяр болон Хан-Уул дүүргээс оролцогч, дэд дарга С.Сономдулам нар удирдав.
“Өсвөрийн парламент-2024” өсвөрийн парламентын нэгдсэн хуралдааны тогтоолын төсөлд таван асуудлыг тусгасан бөгөөд заалт бүрийг дэлгэрэнгүй танилцуулж, тухайн заалтад тусгах саналаа оролцогчид илэрхийлж байв.
Хөтөлбөрийн энэ удаагийн оролцогчид нэн тэргүүнд ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад эрүүл хоол хүнсээр үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх нь чухал хэмээн үзэж, төслийн 1 дүгээр заалт болгон томьёолжээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн оролцогч А.Түвшинбаяр сургууль бүр орчиндоо хүнсний ногоогоо зохих хэмжээгээр тарьж, үдийн цайндаа хэрэглэхийн сацуу эрүүл мэнд, хими, биологийн хичээлийн дадлагыг хийх нөхцөл бүрдүүлэх саналыг гаргав. Чингэлтэй дүүргийн оролцогч Б.Намуун-Эрдэнэ үдийн цайны цагийг уртасгаж 20-30 минут болгох санал хэллээ.
Дараа нь эрүүл мэндийн боловсролын хичээлд “Эрүүл мэндийн үйлчилгээ”-ний талаар тусгах тухай төслийн 2 дахь заалтыг хэлэлцэхэд Төв аймгаас сонгогдон оролцож буй Г.Ганбаяр сургууль бүрийг эрүүл мэндийн хичээлийн сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах шаардлагын талаар, Баянгол дүүргээс сонгогдон оролцож буй Н.Дилан сургуулийн эмч нь эрэгтэй, эмэгтэй хүүхдэд тусламж, үйлчилгээ үзүүлдэг онцлогтой учраас эрэгтэй, эмэгтэй эмчтэй болгох санал хэлж, саналаа тайлбарласан.
Нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн төслийн 3 дахь заалт буюу “Эрүүл мэндийн эрт илрүүлгийг үндэсний бодлогод тусгах" тухай асуудлыг хэлэлцсэн. Хэлэлцэж буй асуудлын талаар энэ удаагийн өсвөрийн парламентын дарга Л.Эрхэмбаяр дэлгэрэнгүй танилцуулсны дараа Сүхбаатар дүүргийн оролцогч М.Энгүүн сургууль бүр асран хамгаалагчид, сургуулийн ажилтнууд, сурагчдын төлөөлөл бүхий эрүүл мэндийн клуб байгуулж, сургуулийн орчиндоо үйл ажиллагаа явуулах төдийгүй цахим талбар, нийгмийн сүлжээгээр нөлөөллийн ажил хийх боломжтой гэдэг санал гаргаж байв. Үргэлжлүүлэн ерөнхий боловсролын сургуулийн орчныг сайжруулах тухай төслийн 4 дэх заалтыг хэлэлцэж, энэ талаар дэд дарга С.Сономдулам танилцуулсан. Дэд даргын танилцуулгатай холбогдуулан Булган аймгийн Сайхан сумаас сонгогдон оролцож буй Г.Наранцацралт орон нутаг дахь сургуулиудын ариун цэврийн өрөөний орчныг сайжруулах, хаалгыг стандартад нийцүүлэн жигдлэх, сургуулийн орчинд хичээлийн бус цагаар давтлага, сургалтад хамрагдах үедээ ариун цэврийн өрөөг ашиглах боломжтой байх шаардлагыг анхаарч, холбогдох саналыг төсөлд тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Дархан-Уул аймгаас сонгогдон оролцож буй Н.Сарнай өвлийн улиралд зарим сургуулийн сурагчид гадуур хувцастайгаа хичээллэх шаардлагатай болдгийг тайлбарлаад, иймд сургууль бүрийн халаалтыг стандартад хүргэх санал гаргаж байв. Мөн өвлийн улиралд сургуулийн орчинд халтиргаа, гулгаа ихсэж хүүхдүүд их гэмтдэг учраас энэ нөхцөлийг сайжруулахад анхаарч, шаардлагатай бол тусгай арга хэмжээ төлөвлөдөг байх саналыг хэлж, төслийн холбогдох заалтад тусгах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн.
Хуралдааны төгсгөлд электрон тамхийг хязгаарлах тухай болон парламентын боловсролыг хүүхдүүд, өсвөр үеийнхэнд таниулах мэдээллээр хангахтай холбоотой асуудлуудыг хэлэлцэж, “Өсвөрийн парламент-2024” өсвөрийн парламентын нэгдсэн хуралдааны тогтоолын төслийг баталлаа.
Энэхүү тогтоолоо хууль тогтоох дээд байгууллагад хүргүүлэхээр Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяад гардуулна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл