Play time 2025: Ирсэн хүн бүрд урьд өмнө авч байгаагүй хөгжмийн мэдрэмж өгнө

“Playtime festival 2025” ирэх сарын 3-наас 6-ны өдрүүдэд “Playtime” хүрээлэнд болно. 23 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү наадмаар 3000 түр ажлын байр бий болгон, 200 гаруй аж ахуй нэгжтэй хамтран дөрвөн өдрийн турш 100 мянган үзэгч хүлээн авахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа ажээ.
Азийн тэргүүлэх топ таван хөгжмийн наадмын нэг болох зорилготой энэхүү наадмаар нийслэлийн эдийн засагт 12 тэрбум төгрөгийн орлого орно гэж тооцоолсон байна.
“Плэйтайм”-ын үүсгэн байгуулагч Ц.Нацагдорж “Шинээр чухал хоёр технологи нэвтрүүлж буйгаараа онцлогтой. Энэ нь тасалбарын QR код болон бугуйвчаараа төлбөр тооцоогоо хийх кэйшлесс технологи бөгөөд маш олон давуу тал бий болно. Ялангуяа үзэгчдийн аюулгүй байдлыг сайтар хангана.
Наадмын тасалбарыг хуурамчаар үйлдэж, борлуулах нийтлэг асуудал тулгардаг. Энэ технологийг нэвтрүүлснээр үзэгчдийг хохироохгүй байх маш чухал алхам болно.
Бугуйвчаараа төлбөр төлснөөр урт дараалалд удаан хүлээхгүй байхаас гадна бэлэн мөнгө, төлбөрийн картаа хаяж гээхгүй байх давуу талтай. Түүнчлэн ариун цэврийн байгууламжийг шинэчиллээ. Мөн майхан барих талбайг үнэ төлбөргүй болгосон нь давуу тал.
Залуучууд Улаанбаатар хот руу яваад буцаж ирэх гэсээр 100 км зам туулах болдог. Тиймээс 100 км зам туулахын оронд дулаан хувцаслаж ирээд тухтай байх боломж бүрдэж байна.
Жинхэнэ утгаар нь кемпинг фестивалийг мэдэрцгээе гэсэн бодлоготойгоор энэ жил ажиллаж байна. Ирсэн хүн бүрд урьд өмнө нь авч байгаагүй хөгжмийн мэдрэмж өгөх болно” гэв.
2027 онд Азийн тэргүүлэх топ таван фестивалийн нэг болох зорилготой уг наадмыг өнгөрсөн жил 72 мянган хүн үзэж сонирхжээ. Энэ жил найман тайзнаас олон улсын 37, дотоодын 67 хамтлаг, дуучин уран бүтээлээ хүргэх юм байна.
Энэ удаад пост-метал урсгалаар бүтээлээ туурвидаг Францын алдарт “Alcest”, пост-хардкор урсгалыг дэлгэрүүлэгчдийн нэг Японы алдарт “Envy”, БНСУ-ын пост-рок “Jambinai”, АНУ-ын “YHWH Nailgun”, орчин үеийн хөгжмийн чиг хандлагуудаараа сүүлийн үед анхаарал татаж буй “Balming Tiger”, “Megumi Acorda”, “Selica Gel”, “VVAS” зэрэг хамтлаг, дуучид Монголын тайзнаа уран бүтээлээ толилуулах нь ээ.
“Earth. Music. Art. Love” уриан дор болох наадмын тасалбарыг Shoppy.mn-ээр борлуулж буй бөгөөд ирэх сарын 3-ныг хүртэл хямдралтай үнээр худалдан авах боломжтой аж.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл
har tamhi bgaa esehuig shalfaarai [66.181.191.212] 2025-06-11 20:53:46
har tamhi boliosoi
Зочин [188.33.34.82] 2025-06-11 16:21:56
Хар тамхичдын цугларалт