ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд мэндчилгээ дэвшүүлэв

Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 104, Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 103 жилийн ой, Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдөр өнөөдөр тохиож байна. Монгол Улсад жил бүр энэ өдрийг долдугаар сарын 18-нд тэмдэглэдэг уламжлалтай.
Тэмдэглэлт ойн өдөрт зориулан Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр мэндчилгээндээ "Нэгэн зууны буурал түүхтэй Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид, ахмад үе Та бүхэндээ орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 104, дотоодын цэргийн 103 жилийн ой, "Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдөр"-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллага үйл ажиллагаандаа уламжлал, шинэчлэлийг хослуулан, хууль тогтоомж, дүрэм журмыг боловсронгуй болгох, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, техник, технологийн дэвшил, инновацыг үе шаттайгаар нэвтрүүлэх ажлыг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
Төр төвшин, түмэн олон минь амар тайван байж, Монгол төрийн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын сүр хүч, суу алдар бадартугай. Хүндэтгэсэн Дарга, дотооодын цргийн командлагч, бригадын генрал Т.Сүхболд" гэжээ.
Ардын засгийн газрын 1921 оны долдугаар сарын 19-ний хуралдаанаар цагдаагийн эрхлэх асуудлыг хэлэлцэж, “Арван тавны цагдаа”-гаас улбаатай Цагдан сэргийлэх байгууллагыг Цэргийн яамны бүрэлдэхүүнд оруулан, “Цагдан сэргийлэх цэрэг” хэмээн нэрлэсэн нь орчин цагийн цагдаагийн байгууллагын үүсэл болсон түүхтэй.
Харин 1992 оны долдугаар сарын 16-ны өдрийн шийдвэрээр Дотоодыг хамгаалах газрын албаны байр, гянданг хамгаалах зорилгоор Ардын журамт цэргийн нэгдүгээр морин хорооноос хувьсгалын үйл хэрэгт үнэнч шударгаар оролцож явсан 13 цэргийг сонгож, тусгай тасгийг байгуулсан нь одоогийн Дотоодын цэргийн байгууллагын үүсэл болжээ. 1935 оны долдугаар сарын 18-нд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 25-р хурлын тогтоолоор Цагдан сэргийлэх байгууллагыг анх байгуулсан түүхтэй.
Энэ өдөр эх орныхоо дотоодын аюулгүй байдал, хууль ёсыг сахин хамгаалж, иргэдийн амар тайван амьдралыг хангахын төлөө зүтгэж буй алба хаагчдын үйлсийг алдаршуулдаг, талархал илэрхийлдэг онцгой өдөр юм. Энэхүү өдөрт зориулсан ёслолын ажиллагаа, шагнал гардуулах ёслол, хүндэтгэлийн жагсаал маргааш Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл