Зеленский: Трамп, Путинтэй гурвалсан уулзалт хийхэд бэлэн

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар Цагаан ордонд ганцаарчилсан уулзалт хийж, хоёр улсын харилцаа, бүс нутгийн аюулгүй байдал, Украины дайнтай холбоотой асуудлуудаар санал солилцов.
Энэхүү уулзалтаар Ерөнхийлөгч Трамп Украиныг дэмжих Америкийн байр суурийг дахин илэрхийлж, Европын орнуудтай хамтран “НАТО-д адилтгах” хамгаалалтын шинэ тогтолцоо боловсруулахад бэлэн гэдгээ онцолжээ.
Ерөнхийлөгч Зеленский “аюулгүй байдлын баталгаа” гэх шаардлагын хүрээнд тодорхой ахиц гарсан хэмээн үзэж байгаагаа илэрхийлж, Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй гурвалсан уулзалт хийхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн нь олон улсын анхаарлыг татаж байна.
Тэдний ганцаарчилсан уулзалтын дараа Цагаан ордонд өргөтгөсөн хэлэлцүүлэг үргэлжилж, Европын дээд түвшний удирдагчид болох Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен, Их Британийн Ерөнхий сайд Кэйр Стармер, Германы Канцлер Фридрих Мерц, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Финляндын Ерөнхийлөгч Александр Стубб, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте нар оролцон, Украинд үзүүлэх тусламж дэмжлэгээ үргэлжлүүлэхээ нотолжээ.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Трамп Украиныг НАТО-д элсүүлэх боломжийг үгүйсгэж, Европ гол үүрэг гүйцэтгэх хувилбарыг илүүд үзэж буйгаа дахин тодотгосон нь зарим Европын удирдагчдын дунд болгоомжлол төрүүлжээ.
Мөн Трамп уг уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьсан талаараа мэдэгдсэн бөгөөд Кремлийн мэдээлснээр хоёр орны төрийн тэргүүнүүдийн яриа 40 минут үргэлжилсэн байна.
Зеленский “аюулгүй байдлын баталгаа зэрэг эмзэг асуудлаар өнөөдөр маш сайн ярилцсан” хэмээн мэдэгдэж, Путинтэй хоёр талын шууд уулзалт хийхэд бэлэн гэдгээ дахин илэрхийлжээ.
Хэдийгээр талууд “энхийн шийдэл эрэлхийлэх” зарчмыг дэмжсэн ч бодит алхмуудын талаар тодорхой шийдвэрт хүрээгүй бөгөөд байр суурийн зөрүү хадгалагдсаар байгааг ажиглагчид онцолж байна.
Тухайлбал, Трамп мөргөлдөөнийг зогсоохын тулд заавал гал зогсоох тухай хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн бол Францын Ерөнхийлөгч Макрон, Германы Канцлер Мерц нар гал зогсоохыг шууд уриалсан нь тэдний зөрүүтэй байр суурийг илтгэв.
Эх сурвалж: DW, BBC, REUTERS
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [122.201.31.72] 2025-08-19 10:39:14
Гол нь нүүр тулсан уулзалт чухал