Б.Галаарид: Үнэн, зөв мэдээллийг олонд хүргэх үүргээ биелүүлж яваа сэтгүүлчийн биед халдах нь байж боломгүй зүйл

Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Боловсролын сайдад багш нарын цалинг нэмэгдүүлэх шаардлага хүргүүлэх үеэр асуулт асуусан сэтгүүлчийн биед халдсан хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан сэтгүүл зүйн ухаан доктор, дэд профессор Б.Галааридтай ярилцлаа.
-Асуулт асуусан сэтгүүлчийн биед халдсан нь олон нийтийн мэдэх эрхэд халдсан асуудал мөн үү. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчдийн биед халдах асуудал чөлөөтэй болчихлоо. Яам, тамгын газар зэрэг албан газруудад хүртэл олны нүдэн дээр сэтгүүлчийн биед халдаж байна. Хуульдаа иргэн иргэндээ халдаж болдоггүй гэж заасан байдаг мөртлөө олон түмэнд мэдээлэл өгөх үүрэгтэй, албан ёсны хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байгаа ажилтны биед халдаж байгаа нь маш харамсалтай.
Үүнд Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл болон бусад төрийн бус байгууллагууд эвлэлдэн нэгдээд, байр сууриа илэрхийлэх хэрэгтэй. Ийм асуудалд Хил хязгааргүй сэтгүүлчдийн байгууллага гэх мэт олон улсын байгууллагууд эв нэгдэлтэй байгаагаа илэрхийлдэг, тэр битгий хэл шаардлага үзүүлдэг тогтолцоо бий. Үүнийг ашиглах хэрэгтэй. УИХ-д байгаа хууль тогтоогчдын дунд хүртэл мэргэжлийн сэтгүүлчид байгаа. Тэдний дуу хоолойг сонсож энэ мэт асуудлыг цэгцэлж явахгүй бол болохгүй.
-Хэдэн жилийн өмнө бодит байдал ямар байсан юм бол. Эсвэл ийм асуудал сүүлийн үед газар аваад байна уу?
-Намайг 2011-2018 онд Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч байхад энэ төрлийн зөрчил гардаг байсан. Гэхдээ голдуу компанийн хамгаалалтын албаны ажилтнууд сэтгүүлчдийн камер, техник хэрэгсэлд халдах, эсвэл мэдээлэл өгөхгүй гэж татгалзсанаас болоод маргалдах асуудлууд гардаг байсан.
Тэр болгонд нь Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн төлөөлөл газар дээр нь очоод хэвлэл мэдээллийнхнээ дуудаад асуудлыг шийддэг байсан. Үүнээс гадна холбогдох албаны хүмүүст нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд ингэж халдаж болохгүй, ардчиллын амин сүнс болсон хэвлэлийн эрх чөлөөнд хүндэтгэлтэй хандах ёстой гэдэг байдлаар шаардлага тавьдаг.
Нэг хэсэг энэ төрлийн зөрчлүүд харьцангуй гайгүй байсан. Гэтэл сүүлийн үед УИХ-ын гишүүн, түүний төлөөлөл болсон хүмүүс нь хүртэл сэтгүүлчид рүү халддаг, дайрдаг байдал үүсчихлээ. Манай салбарынхан эв нэгдэлтэй, дуу хоолойгоо нэг байлгаж тэмцэх хэрэгтэй. Үүнд Хүний эрхийн үндэсний хороо болон хууль тогтоогчдод шаардлага саналаа хүргүүлээд, дэмжлэг туслалцаа авч байж таслан зогсоохгүй бол олон нийтэд мэдээлэл хүргүүлэхгүй байх шинжтэй болж байна.
мэргэжлийн сэтгүүлч, редакцад өгөхгүй юм бол дан ганц цахим орчинд мэдээлэл өгнө гэдэг зүйл дэлхийн сэтгүүл зүйн практикт огт байхгүй. Цахим орчинд баталгаатай эсэх нь мэдэгдэхгүй худал мэдээлэл түгж болно. Сошиалын мэдээлэлд хариуцлага хүлээх ч шаардлага байхгүй. Яагаад гэвэл ямар зорилго, агуулга, санаагаар юу ч гэж мэдээлж болно.
мэргэжлийн сэтгүүл зүй яг болсон үйл явдалд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр хамгийн үнэн зөв мэдээллийг олон нийтэд хүргэх үүрэгтэй. Гэтэл тэр үүргийг биелүүлэх гэж яваа сэтгүүлчийн биед ингэж халдах нь байж боломгүй зүйл. Энэ нь үнэн бодит мэдээллийг олон нийтэд хүргэхгүйн тулд эсэргүүцэж байгаа, ёс суртахууны хувьд доройтсон хэсэг бүлэг хүмүүс манай улс төрд маш хүчтэй орж ирснийг харуулж байна.
-Нөгөө талаар олон нийтийн мэдээллийн боловсрол ямар байна вэ?
-Олон нийтийн мэдээллийн боловсрол маш муу байна. Гэхдээ УИХ-ын гишүүн, төрийн албан тушаалтнууд ийм хандлага гаргаж болохгүй. Олон түмэн нэг өөр л дөө. Харин нийгэмд танигдсан нөлөө бүхий этгээдүүдийн нийгэмд хүлээдэг ёс суртахууны хариуцлага гэдэг “бичигдээгүй хууль” байдаг юм.
Өөрөөр хэлбэл, “Та УИХ-ын гишүүн болооч ээ” гэж ард түмэн гуйгаагүй. Би гишүүн болъё гэж ард түмнээс санал гуйж авч гишүүн болчихоод, эргээд олон нийтдээ үнэн мэдээлэл өгч болохгүй гээд сэтгүүлчийн биед халдана гэдэг байж боломгүй зүйл. Үүнд соёл, ёс суртахууны асуудал яригдаж байна.
Хэрвээ УИХ-ын гишүүнээс асуусан сэтгүүлчийн асуулт буруу байсан гэж үзвэл үндэслэл нь ийм учраас няцааж байна гээд хэлчихэд л болох асуудал. Тэгэхээр улс төрийн соёл, ёс зүй байхгүй ийм хүмүүс хууль тогтоогч болчихоор цаашид яах вэ гэдэг нь тодорхой байна. Үүнийг таслан зогсоох ёстой.
-Хэрэв улстөрчид худал мэдээлэлд ач холбогдол өгөөд эхэлбэл олон нийтийн итгэлцэлд ямар сөрөг үр дагавар гарах бол?
-Хамгийн түрүүнд төрийн эрх баригчид, улстөрчдөд хандаж нэг үг хэлмээр байна. Өнөөдөр сошиалаар ажлаа хийдэг, сошиалын уур амьсгалыг харж байж бодлогоо тодорхойлдог ийм улс төр байж болохгүй. Сошиал гэдэг сэтгүүл зүй биш. Энэ бол янз бүрийн мэргэжлийн хүмүүс үнэн, худал мэдээллээ чөлөөтэй тавьдаг талбар.
Тэгэхээр нэг нь олны дунд явдаг хов жив, нөгөө нь мэргэжлийн сэтгүүл зүй учраас энэ хооронд том ялгаа бий. Улс төр ч гэсэн, Монгол төрийн бодлого ч тэр мэргэжлийн сэтгүүл зүйн олж авсан мэдээлэл дээр тулгуурлаж үйл ажиллагаа, бодлогоо явуулдаг, зохицуулдаг байх хэрэгтэй.
Худал зүйлд ач холбогдол өгөөд, сошиалаа дэвэргээд, мэргэжлийн сэтгүүл зүйгээ гадуурхаад байвал цаашдаа ч ийм явдал зөндөө гарна.
Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН
Г.БАЛГАРМАА
Сэтгэгдэл
Монгол [176.2.6.2] 2025-08-20 12:34:28
Сэтгүүлчид өөрсдөө ёс зүй, хууль дүрэм мэддэггүй. Увайгүй, шуналтай болсон. Шантааж маш их.