А.Дэлгэржаргал: Хүүхдийн номын байшинг өөрийн гараар нураана хэмээн сүрдүүлж байгаад харамсаж байна

Aдмин / Боловсрол

Монголын хүүхдүүдийн хамгийн их шимтэн уншдаг “Цондоолой Цүндээлэй хоёр”, “Динза” зурагт номын зохиолч, уран бүтээлчид хотын удирдлагуудын алдаатай бодлогын балгаар хохирол амсаад байгаа аж.

Учир нь, саяхан болж өнгөрсөн номын баяраар тэд Монголд анх удаа зөвхөн ном борлуулах төдий бус эцэг эх, багш сурагчдыг хамруулсан сургалт хэлэлцүүлэг өрнүүлэх, хүүхэд тоглож наадангаа унших орчныг бүрдүүлсэн 725 мкв бүхий томоохон байгууламжийг Сүхбаатарын талбайд барьж байгуулжээ.

Энэхүү үйл ажиллагаанаас олсон орлогоороо номын зохиолч дунд сургуульд ном унших орчин бий болгож тохижуулахаар төлөвлөж буй аж. Нийтдээ 100 сургууль ийм орчинтой болох нь.

Энэ ч утгаараа номын баярын хамгийн оролцоотой, бужигнаантай байсан Номын байшингийн хэсэгт гуравхан өдрийн дотор 20 мянга гаруй хүүхэд оролцсон байна.

Хотын захиргааныхан энэхүү үйл ажиллагааг анхнаас нь дэмжин, Номын байшинг Сүхбаатарын талбайд байршуулахыг зөвшөөрсөн байна. Гэсэн ч ердөө маргаашаас нь эхлэн хотын захиргааныхан энэхүү зөвшөөрлөө үгүйсгэн, номын байшиг яаралтай буулга, нураа гэх зэргээр удаа дараа дарга нар, албан хаагч нараараа дамжуулан дарамталсаар өнөөдрийг хүрч буй аж.

“Манай дарга ууртай, өөрөө ирээд нураачихна шүү” гэсэн

Номын зохиолч А.Дэлгэржаргалаас энэ талаар тодруулахад “Х.Нямбаатар дарга Сүхбаатарын талбай дээр хоол тараахын тулд нэг тэрбумыг цацсан хэрнээ хүүхдэд зориулсан Номын байшинг өөрийн гараар нураана хэмээн сүрдүүлж байгаад харамсч байна.

Бид нийслэлийн удирдлагуудаас номын баяраа дуусгаад Номын байшингийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлт тавьсан. Тэд ч уг үйл ажиллагааг маань зөвшөөрч, есдүгээр сарын 21-нээс хойш үргэлжлүүлж болно гэсэн учир бид хотынхон маань хүүхдийн асуудлыг анхаардаг юм байна хэмээн талархаж байв.

Гэтэл нийслэлийнхэн тун удалгүй энэхүү зөвшөөрлөөсөө эргэж буцан, хоёр ч удаагийн шийдвэрээ 1, 2-хон хоногийн дотор өөрчлөн, биднийг хөөж эхэлсэн. 2-хон цагийн дотор багтааж Номын байшингаа гараараа, машин зам руу зөөх шаардлага тавих гэх мэтээр дарамт үзүүлсээр байна.

Шалтгааныг нь асуухаар “Х.Нямбаатар дарга буулга гэсэн” гэх ганцхан тайлбартай, “Манай дарга ууртай шүү, өөрөө очиж наад байшинг чинь нураахаас өмнө нүүлгэ” гэх зэргээр сүрдүүлж байна.

Шийдэл олох, ярилцах зорилгоор хотын удирдлагуудтай уулзаж, хөтөлбөрөө танилцуулах хүсэлтийг удаа дараа тавихад нэг ч удаа хариу өгөөгүй.

Энэ мэт дарамт, сүрдүүлэг, хүнд сутрлаас болж бид төлөвлөсөн үйл ажиллагаагаа хэрэгжүүлж чалдалгүй хугацаа алдсаар, бидний барьсан байгууламж, бусад үйл ажиллагаатай холбоотой түрээсийн зардлууд өссөөр өнөөдөр өндөр дүнтэй хохирол амсаад байна.

Есдүгээр сарын 26-ны байдлаар гэхэд 30-аад сая төгрөгийн алдагдал, хохирол амссан тухайгаа бид албан бичгээр мөн хүргүүлсэн. Хотын захиргаа анхнаасаа зөвшөөрсөн учраас бид энэ хугацаанд зочид, уншигчид, номын клубууд, багш захирлуудын бүхий л уулзалт, хандивлагчдын үйл ажиллагааг төлөвлөөд байснаа цуцалчихлаа.

Ингэж тодорхойгүй байдал үргэлжилсээр есдүгээр сарын 29-нд Чингэлтэй дүүргийн Ялалтын талбайд байршихыг зөвшөөрсөн гэсэн хариуг хотын захиргааныхан бидэнд өгсөн.

Бид ч үүний дагуу бэлтгэл ажлаа хангаж байтал маргааш нь буюу есдүгээр сарын 30-нд “Өчигдрийн зөвшөөрлөө цуцаллаа” хэмээгээд, “Аравдугаар сарын 1-нд танай Номын байшинг газрын албаныхнаар албадан буулгуулна” гэж мэдэгдэв.

Ингээд үндсэндээ өнгөрсөн есдүгээр сарын 21-нээс хойш 10 хоногийн хугацаанд хотын захиргааныхны хоёр ч удаа удаа гаргасан эргэж буцсан шийдвэрээс болж бид сэтгэл санаа, цаг хугацаа, үйл ажиллагаа, эдийн засгийн хохирол амсаад байна.

Тодруулбал, өнөөдрийн байдлаар энэ хооронд бэлтгэл ажлын зардал болон хуваарьт ажлаас орж ирэх хандивын орлого гээд нийт 70 орчим сая төгрөгийн алдагдалд ороод байна. Лед дэлгэц гэхэд л цагийн түрээсийн үнэ хэдэн төгрөг байдгийг хувийн бизнес эрхлэгчид бүгдээрээ гадарлана.

Гэтэл өнөөдрөөс эхлээд биднийг гүтгэсэн мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч эхэллээ. Эсрэгээрээ, намайг л албан тушаалтнуудыг дарамталсан мэт болгож харагдуулаж байна.

Дээр дэрьдсан, хохирол амссан мөнгөн дүнгээрээ бид 1-2 сургуулийн орчныг тохижуулчих боломжоо алдсчихаад байна.

Бидний хэрэгжүүлж буй 100 сургуулийн нийтийн талбад ном унших орчныг бүрдүүлэх тохижолтын ажил маань сургуулийн анги танхимын ачааллыг бууруулах, багшийн нийгмийн асуудлыг шийдэх, олон улсын унших ойлгох чадварын PISA үнэлгээгээр доогуурт үнэлэгдсэн одоогийн боловсролын доголдлыг арилгах, хүүхэд хөгжил төлөвшлийн олон талт хөтөлбөрийг уялдаатайгаар зохион байгуулах, Олон улсын “Нэйшнл Жеографик” нийгэмлэгийн менежментийн технологийг нэвтрүүлсэн, монголчилж 10 гаруй жилийн судалгаа хөгжүүлэлтийг хийсэн ажил юм.

А.Амартүвшин дарга нь өөрөө оролцоод мэргэжилтэн Жамбалсүрэн, Нийслэлийн Соёлын газрын дарга Жанцансамбуу нар нь “Газрын асуудлыг нь шийдье” гэж надтай тохирсон чат, мессэжүүд ч бий. Шаардлагатай бол тэдгээрийг дэлгэе.

Хүнээ боддоггүй хотын дарга нарын шийдвэр, хэрэгжилт хоёр нь хэрхэн зөрж байгааг энэ өдрүүдэд манай хамт олон бие сэтгэлээрээ мэдэрлээ.

Бид бүхий л хохирлоо барагдуулах гомдлыг хуулийн хүрээнд гаргах болно” гэв.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.