Аялал жуулчлалын салбарын орлогыг 1.6 тэрбум ам.долларт хүргэхийг зорьж байна
Аялал жуулчлалын салбар өнгөрсөн онд 650 сая ам.долларын орлого олсон статистик байна.
Орлогыг цаашид 1.6 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавиад байгааг ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү “Аялал жуулчлалын салбарын 7 хоног” аяныг нээх үеэр онцлов.
ЭЗХЯ-ны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд болсон тус долоо хоногийг Засгийн газрын бодлогын хүрээнд аялал жуулчлалын салбар дахь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор ЭЗХЯ, ССАЖЗЯ, ХНХЯ, МАЖХ, Аялал жуулчлалын дэд бүтцийн хөгжлийн холбоо хамтран зохион байгуулж байна.
"Аялал жуулчлалын салбарын 7 хоног”-оор тус салбарт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгч, дотоодын хөрөнгө оруулагчид тооцоо судалгаанд суурилсан, бодит оролцоотой байна. Жуулчдын тоог нэмэхэд анхаарах чиглэл, шалгуур үзүүлэлтийг салбарын бодлогоор тодорхойлж, цаашид өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд жуулчны баазуудын чадавхыг сайжруулах, тогтвортой үйл ажиллагааг хангахаар хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлдэг. ЭЗХЯ эдийн засгийн эрх чөлөөг хангах, бизнесийн орчныг сайжруулах бодлогыг бүх салбарт хэрэгжүүлж буйг Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү онцоллоо.
Энэ үеэр Монголын аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлыг танилцуулж, салбарын удирдлагыг чадавхжуулах “Харвард менежментор” хөтөлбөрийн хүрээнд хэлэлцүүлэг, төлөвлөгөө, тайлангийн маягт бөглөх сургалт, хөрөнгө оруулагчдад зориулсан зөвлөгөө, аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийн талаарх мэдээлэл өгч байсан юм.
Монгол Улс 2025 онд гадаадын 900 мянга орчим жуулчин хүлээн авсны олонх нь БНХАУ, ОХУ, БНСУ-аас иржээ.
Нээлтэд Аялал жуулчлалын холбооны Ерөнхийлөгч С.Баясгалан, ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү нар оролцож, Монгол Улсын аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар байр сууриа илэрхийлжээ.


































































Сэтгэгдэл