Үндэсний их баяр наадмыг найруулагч Д.Баярбаатар найруулна
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдаанаар Үндэсний их баяр наадмын найруулагчийн багийг эцэслэн томилох асуудлыг өчигдөр хэлэлцэж, шийдвэрлэв.
Монгол Улсын Шадар сайдын албаны мэдээлснээр, тус хуралдаанаар Үндэсний их баяр наадам болон Дэлхийн адууны өдөрлөгийн уялдааг хангах хүрээнд зарим салбар хороодын чиг үүргийг өргөтгөн, нэмэлт ажлыг хариуцах шийдвэр гаргах асуудлыг мөн хэлэлцжээ.
Сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан хоёр найруулагч болох “Скин эвент менежмент” ХХК-ийн найруулагч Б.Анар, “Бүжиг дэглээч Баярбаатар холбоо” НҮТББ-ын найруулагч Д.Баярбаатар нар өөрсдийн багийн бүрэлдэхүүн, ерөнхий төлөвлөгөөг танилцуулж, хорооны гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа нууц санал хураалт явуулсан байна.
Хуралдаанд салбар хороодын 19 гишүүн оролцсон бөгөөд нийт төлөөлөгчдийн 84.2 хувийн саналаар “Бүжиг дэглээч Баярбаатар холбоо” НҮТББ-ын найруулагч Д.Баярбаатар Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар сонгогджээ.
Хурлын төгсгөлд Монгол Улсын Шадар сайд, Үндэсний хорооны дарга Х.Ганхуяг Үндэсний их баяр наадмын найруулагчаар шалгарсан багт төлөвлөгөө, үйл ажиллагаагаа эцэслэн сайжруулах, салбар хороод төсвийн зардлыг бууруулах боломжийг судалж танилцуулах, мөн “Дэлхийн адууны өдөр”-ийг зохион байгуулах ажлын хэсгийн хурлаар холбогдох асуудлуудыг эцэслэн шийдвэрлэхийг үүрэг болгов.




































































Сэтгэгдэл