ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр, эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ

Aдмин / Улстөр

-ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр, эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ-

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковийг /2026.04.10/ хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд Н.Учрал өндөр хариуцлагатай албанд томилогдсонтой холбогдуулан ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин, Бүх Оросын улс төрийн “Нэгдсэн Орос” намын дарга Д.А.Медведев зэрэг албаны хүмүүсээс мэндчилгээ ирүүлснийг талархан хүлээн авснаа илэрхийлээд Монгол Улсын Засгийн газар Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх үйл хэрэгт хамтран ажиллахаа нотлов.

Ерөнхий сайд Н.Учрал түлш, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны талаар тодорхой асуудлаар ярилцлаа. Тухайлбал,

Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт протоколыг Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлого, Төсөв болон Эдийн засгийн байнгын хороодоор хэлэлцэж дэмжсэн. Ойрын хугацаанд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Москва хотноо уг хэлэлцээрийн нэмэлт протоколд гарын үсэг зурна.

Ойрх Дорнодод үүсээд буй нөхцөл байдал нь олон улсын эрчим хүчний зах зээлд тогтворгүй байдал үүсгэж, газрын тосны бүтээгдэхүүний үнэ огцом өсөхөд шууд нөлөөлж байна. Энэхүү үнийн өсөлт нь манай улсын зам тээвэр, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг салбарт хүндрэл сорилт учруулж эхэлж байна. Уул уурхайн салбар идэвхжиж, мөн хаврын тариалалт эхэлж буй энэ үед газрын тосны бүтээгдэхүүн, түүний дотор дизель түлшийг хөнгөлөлттэй нөхцөлөөр зургаан сараас доошгүй хугацаанд худалдан авах хүсэлтэй байна. Цаашид газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөц бүрдүүлэхээр Засгийн газар төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын бэлтгэл ажил эхлүүлснийг тэмдэглэв.

Мөн манай улсын хөдөө аж ахуй, уул уурхайн салбарын гол түүхий эд болох аммиакийн шүүний тасралтгүй, тогтвортой нийлүүлэлтэд анхаарч дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Цаашид энэ асуудлаар хоёр тал тусгайлсан хэлэлцээр байгуулах саналтай байгааг онцоллоо.

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралыг Орос-Монголын харилцаанд онцгой анхаарал хандуулдагт талархал илэрхийлээд УИХ-ын даргын хувиар ОХУ-д хийсэн албан ёсны айлчлал нь чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэв.

Ерөнхий сайдын дурдсан асуудлуудыг оросын талын холбогдох удирдлагуудад уламжлахаар тогтож, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойн хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсрол, соёл, спорт, хүмүүнлэгийн зэрэг салбарт хэрэгжүүлэх хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.


Сэтгэгдэл

Социализмынхаа үнээр л өгөөтөх. Кх! [202.126.89.38] 2026-04-13 10:39:28

"Социализмын үеийн үнээр шатахуунаа өгчихөөч" гэж гуйлдаа. Хүслийн чинь цаад санаа энэ биздээ? Хойд хөршид дайн болж байна уу, дэлхий даяар шатахууны үнэ өсч байна уу, Оросууд 1990 оноос хойш капитализм байгуулчихав уу монголчууд бидэнд ОГТ ХАМААГҮЙ. Гол нь шатахуунаа л СОЦИАЛИЗМЫН үнээр бидэнд зар.

Туслахын оронд давраад байж болохгүй. [202.126.89.141] 2026-04-14 11:37:26

Алтан загасны үлгэрт 3 удаа загаснаас гуйхад гуйлтыг биелүүлж өгдөг. Харин 4 дэх удаагаа гуйхад нь загас хэлэгнэж тэгээд эмгэн өвгөн хоёр хуучин ядуу төрхөндөө ордог. Тэрэн шиг л юм болох вий. Даварсаар даварсаар Дагвын орон дээр бууна шүү.

зочин [66.181.187.52] 2026-04-12 10:56:10

Өнөөдөр Улаан Үдэд Аи 92 литр нь 2890 төг, Аи 95 3080 төг, дизел түлш 3500 төг, Газ 1395 төг тус тус байна. Оросууд үнэ тэнгэрт хадчихлаа гээд бөөн уур явна.

зочин [66.181.187.52] 2026-04-12 10:46:52

Оросын Засгийн газраас нефтийн бүтээгдэхүүнээ хямд үнээр өгөөч дээ гэж царай алдах бус Оросын Лукойл, Газпромнефть, Роснефть, Татнефть, Шелл зэрэг чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудыг манай Засгийн газар урьж уулзаж Монголд салбараа байгуулбал тэдэнд үзүүлэх дэмжлэгийг ярилцаж санал солилцсон нь монголын бүх хэрэглэгчдэд ашигтай зүйл болно, Засгийн газар, засаг барьж байгаа намд хэрэгтэй ажил болно доо. Монголынх ч бай, Оросынх ч бай ялгалгүй хувийн компаниуд Монголын хэрэглэгчдийг үнээр, чанараар өрсөлдөн татаад бүтээгдэхүүнээ борлуулаг.

Зочин [203.98.77.101] 2026-04-13 10:37:04

Их амархан юм бодох юм. Оросын компаниудтай шууд уулзаад гэрээ хийгээд болчихно гэж эндүүрээд байх шиг. Төр нь шийддэг тогтолцоотой улс шүү. Алтан Дорнод Монгол компаний захирал шиг юм болох вий. Энд түлш хадгалах газар бэлдээд л шууд Оросын компаниудаас түлшээ авч нөөцөлнө гэж баахан сав бэлдээд... тэгээд яасан. Оросын төрийн ДУМ-ын нөхөр ирээд энэ хэн гэдэг нөхөр вэ гээд л асуудал нам болгосон. Битгий гэнэн материалист бай кккк.

Зочин [103.212.117.139] 2026-04-10 17:47:17

Оросуудыг муулдаг Монголчууд ингээд л Оросоос гуйлга гуйдаг.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.