Монгол-Казахстаны худалдааны эргэлтийг 500 сая ам. долларт хүргэнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал арвин үр бүтээлтэй, маш амжилттай боллоо. Хоёр улсын Ерөнхийлөгч нар “Стратегийн түншлэл”-ийн харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, харилцан ашигтай хамтрах, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн орчны уялдаа холбоог бэхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа энэ үеэр илэрхийлж байлаа. Ялангуяа Монгол Улс, Евразийн Эдийн засгийн холбоо хоорондын чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд 367 нэр төрлийн барааны гаалийн татварыг тэглэх, хөнгөлөх болсон нь Монгол-Казахстаны худалдааны эргэлтийг ойрын жилүүдэд 500 сая ам. долларт хүргэх зорилтоо биелүүлэх, Төв Азийн бүс нутаг болон гуравдагч зах зээлд нэвтрэх боломж юм гэдэгт талууд санал нэгдэж байв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев “Акорда” өргөөндөө албан ёсоор угтан авч уулзсан билээ. Казахстаны Ерөнхийлөгчийн “Акорда” өргөөний ёслол хүндэтгэлийн том танхимд хоёр орны төрийн далбааг мандуулж, Төрийн хүндэт харуулын захирагч Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгал өргөсний дараа найрал хөгжим хоёр улсын Төрийн дуулал эгшиглүүлсэн юм.
Хоёр улсын төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой баримт бичгүүд солилцох ёслолд оролцлоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа. Айлчлалын хүрээнд худалдаа, эдийн засаг, банк, санхүү, эрчим хүч, хот байгуулалт, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, эрдэс баялаг, хүмүүнлэг, хэвлэл мэдээлэл, орон нутаг зэрэг салбарт хамтрах 18 баримт бичигт гарын үсэг зурсан юм.
Хоёр улсын төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийсний дараа хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч, Эрхэм хүндэт Касым-Жомарт Токаевын урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч 20 жилийн дараа тус улсад төрийн айлчлал хийж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, “Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны 2024 онд Монгол Улсад хийсэн түүхэн айлчлалын үеэр хоёр улсын найрсаг харилцааг шат ахиулан “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд хүргэн хөгжүүлэх түүхэн шийдвэр гаргасныг эргэн дурсахад таатай байна. Хоёр улсын төрийн тэргүүн хоёр жил хүрэхгүй хугацаанд харилцан төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөөх Та бидний хүсэл эрмэлзлийн тод илэрхийлэл болж байна” гээд “Монгол Улсын төрийн тэргүүний айлчлал нүүдлийн соёл иргэншил, түүхэн үнэт зүйлсээрээ гүнзгий хэлхээ холбоотой хоёр орны ард түмний ахан дүүсийн найрамдал, нөхөрлөлийг бататган бэхжүүлж, харилцааны нэгэн шинэ хуудсыг хамтдаа нээж буйд баяртай байна” хэмээн тэмдэглэсэн юм.
Тэрбээр мөн “Энэ оны наймдугаар сард Монгол Улсад болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын оролцогч Талуудын 17 дугаар бага хуралд Казахстан Улс өндөр түвшинд оролцохыг урьж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Казахстан Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Хоёр тэрбум мод” төслийг уялдуулж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүрээлэн буй орчныг хамгаалах үйлсэд хоёр тал хамтран ажиллахаар боллоо. Мөн Төв Азийн орнуудын “С5+1” форматын хамтын ажиллагааны индрийг ашиглан Монгол Улсын оролцоог хангасан дээд, өндөр түвшний уулзалтыг хамтран зохион байгуулах боломжийн талаар санал солилцлоо.
Монгол-Казахстаны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд Эрхэм хүндэт Ерөнхийлөгч, миний дотны нөхөр Таны оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэлийг онцлон тэмдэглэж, өндрөөр үнэлж байна. Та бидний яриа хэлэлцээ, харилцан тохиролцсон ажлууд хоёр орны хөгжил цэцэглэлт, ард түмний сайн сайхны төлөө биеллээ олж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин бэхэжнэ гэдэгт итгэл дүүрэн байна” хэмээн цохон тэмдэглэсэн юм.
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев сэтгүүлчдэд хийсэн мэдээлэлдээ “Жил гаруйхны өмнө би Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Эрхэмсэг ноён У.Хүрэлсүх Таны болон Монголын ард түмний элгэмсэг, халуун дотно сэтгэлийг би үргэлж баяртайгаар санан дурсаж байх болно. Айлчлалын үеэр “Стратегийн түншлэл” тогтоох тухай баримт бичигт гарын үсэг зурсан. Энэ нь мянган жилийн түүхтэй нөхөрлөлийн маань чухал бөгөөд түүхэн бичиг баримт юм.
Өдгөө хоёр орны Парламент болон төрийн яамд нягт холбоотой байгаагийн зэрэгцээ Засгийн газар хоорондын комисс, Бизнесийн зөвлөл амжилттай ажиллаж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрийн айлчлал эдгээр хамтын ажиллагааг улам бэхжүүлэх нь гарцаагүй юм. Бид хоёр талт хамтын ажиллагааг бүхий л чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэх үр дүнтэй хэлэлцээ хийлээ. Улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэг болон бусад салбарт хамтын ажиллагаагаа улам ахиулахаар тохирлоо. Тухайлбал, Баян-Өлгий аймагт Казахстаны Консулын газар нээх шийдвэрт хүрлээ. Энэ удаагийн айлчлалаар хэд хэдэн чухал баримт бичигт гарын үсэг зурсан нь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна.
Худалдааны эргэлт өмнөх жил 130 гаруй сая ам. доллар хүрч, 7.7 хувиар өслөө. Хоёр орны эдийн засгийн бололцоог харгалзаж үзвэл бидэнд илүү их боломж байна. Ирэх жилүүдэд худалдааны эргэлтийг 500 сая ам. долларт хүргэх зорилт тавьсан. Үүний тулд хамгийн түрүүнд бараа бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулах шаардлагатай байна. Эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд саад учруулж байгаа бүхий л бэрхшээлийг аль болох багасгах хэрэгтэй гэж үзлээ.
Бид болон Монгол Улс “Евразийн эдийн засгийн холбоо хоорондын чөлөөт худалдааны түр хэлэлцээр”-ийг баталсан. Энэ нь хоёр орны харилцааг өргөжүүлэх боломж олгож байна” хэмээн онцолсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд “Казахстан-Монголын бизнес форум” Астана хотноо зохион байгуулагдсан билээ. Энэ удаагийн форум “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн, “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд хүнсний үйлдвэрлэл, ноос, ноолуур, арьс, шир, барилга, тээвэр, логистик, санхүү зэрэг салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг Казахстаны ижил төстэй аж ахуйн нэгжүүдтэй холбох, шинэ зах зээлд нэвтрэх боломж бүрдүүлэх зорилготой байлаа. Казахстаны Үндэсний танхим “Атамекен”, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгуулсан форумд хоёр орны төр, хувийн хэвшлийн 250 гаруй төлөөлөл оролцлоо.
Хоёр улсын аж ахуйн нэгжүүд цаашид хамтран ажиллах чиглэл, хөрөнгө оруулалтын боломж, төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцсон юм. Бизнес форумын дүнд манай аж ахуйн нэгжүүд Казахстаны талтай эхний шатанд 20 гаруй сая ам. долларын үнийн дүн бүхий гэрээ, хэлцэл хийсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын хүрээнд Үндэсний урлагийн их театр, Дуурь бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид Астана хотын К.Куанышбаевын нэрэмжит казах үндэсний хөгжимт драмын театрын тайзнаа анх удаа “Монголын сайхан орон” тоглолтоо сонирхуулсан юм. Энэ үеэр мөн монгол орны соёл, аж ахуй, нүүдэлчин амьдралын онцлогийг харуулсан “Монголын сайхан орон” гэрэл зургийн болон морин хуурын үзэсгэлэн, “Чингис хаан”, “Зүчи хаан”, “Сүбээдэй жанжин” зэрэг монгол хаадын хөрөг бүхий “Их хаад” уран зургийн үзэсгэлэнг дэлгэн толилууллаа.
Манай уран бүтээлчдийн тоглолтыг Казахстаны иргэд халуун дотноор хүлээн авч, алга нижгэнүүлэн ташиж, баяр талархлаа илэрхийлж байв. Ялангуяа Монголоос Казахстанд очин амьдарч буй казах хүмүүс ихээхэн сэтгэл хөдөлж, баярлаж байгаагаа манай сэтгүүлчдэд илэрхийлж, баяр хөөртэй ярилцлага өгч байв.
Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн төрийн айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Астана хотын хиймэл оюун ухааны “Alem.AI” төвд зочилсон билээ. Казахстаны хиймэл оюун ухааны салбарын анхны төрөлжсөн уг төв шинжлэх ухаан, боловсрол, стартапын экосистем, төрийн удирдлагын салбарт хиймэл оюун ухааны дэвшилтэт технологи нэвтрүүлж, цахим салбарт өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа аж.
Казахстан Улс 2029 он гэхэд бүс нутгийн цахим зангилаа төв болж, хиймэл оюун ухааны бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ экспортыг 5 тэрбум ам. долларт хүргэх зорилт дэвшүүлсэн байна. Энэ хүрээнд хүүхдийг 12 наснаас нь бэлтгэдэг шаталсан сургалтын тогтолцоо нэвтрүүлж, залууст хиймэл оюун ухааны чиглэлээр ажил олгох, тэднийг хөрөнгө оруулагчидтай холбох хөтөлбөр хэрэгжүүлдэг байна.
Энэхүү төрийн айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Астана хотноо болсон Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтын нээлтэд оролцсон юм. Манай улс энэ уулзалтад “Ус, Бэлчээрийн газрын менежмент, Байгальд суурилсан шийдэл” гэсэн гурван санаачилга дэвшүүлэн оролцож байв. Оролцогч талууд уулзалтаар уур амьсгалын өөрчлөлт, Байгаль, цаг уурын эрсдэлд дасан зохицох, эдийн засгийн уян хатан байдал сэдвийн хүрээнд ярилцлаа. Тухайлбал, усны нөөцийн хомсдол, мөстөлт, мөсөн голын хайлалт, цөлжилт, агаарын бохирдол зэргийн эсрэг хамтарсан хариу ага хэмжээ авах бодлого, стратегиа тодорхойлж, нэгдсэн шийдэл гаргах аж. Уулзалтад оролцогчид мөн төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ногоон санхүүжилт, ногоон технологи, тогтвортой хөрөнгө оруулалтыг дэмжих талаар хэлэлцсэн юм.
Уулзалтын нээлтийн үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс орныхоо байр суурийг илэрхийлэн үг хэлэхдээ дээд түвшний уулзалтыг зохион байгуулж буй Ерөнхийлөгч К.Токаевт талархал илэрхийлж, энэ уулзалт уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, усны нөөцийн хомсдол зэрэг дэлхий нийтийг хамарсан сорилтыг хамтын хүчээр даван туулахад чухал хувь нэмэр оруулна гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр мөн тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт дэлхийн хэмжээнд хангалтгүй байгаа энэ үед Монгол Улс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлэн, газрын доройтлыг бууруулах, ойг нөхөн сэргээхийн төлөө идэвхтэй ажиллаж байгааг тэмдэглэсэн юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх манай улсын санаачилсан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн хүрээнд энэ салбарынхны үнэлэмжийг дээшлүүлэх, бэлчээрийн тогтвортой менежмент, нөхөн сэргээлт, хөрөнгө оруулалт, хүнсний аюулгүй байдал зэрэг чиглэлээр хамтран ажиллахыг уриалахын зэрэгцээ Монгол Улс уулзалтаас гарах санал санаачилга, зөвлөмжийг ажил хэрэг болгохын төлөө бүх талаар хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.
Ерөнхийлөгч мөн ирэх наймдугаар сард Улаанбаатар хотноо “Эх байгалиа сэргээе, Итгэл найдвараа бадраая” уриан дор болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд идэвхтэй оролцохыг улс орнуудад уриалсны дээр 10 дугаар сард зохион байгуулах Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад төлөөлөгчдөө оролцуулахыг урилаа.
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаевын зохион байгуулсан Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад Казахстан, Монгол, Киргиз, Тажикистан, Туркменистан, Узбекистан, Азербайжан, Армени, Гүрж, Орос, Хятад, Итали, Герман, Япон зэрэг улсын төр, засгийн тэргүүн, өндөр албан тушаалтан, НҮБ, олон улсын байгууллага, банк, санхүү, түүний дотор Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, холбогдох салбаруудын эрдэмтэн судлаач, иргэний нийгэм, бизнес, хэвлэл мэдээлэл гээд 1500 орчим төлөөлөл оролцсон билээ.
Ташрамд дурдахад, Казахстаны Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан бүс нутгийн дээд түвшний энэхүү уулзалтад Монгол Улсын төрийн тэргүүн урилгаар оролцож, олон орны ерөнхийлөгч нарын дунд хүндтэй суудалд тухлан байхыг харах, индэрт гаран илтгэл тавихыг нь сонсоход үнэхээр бахархалтай сайхан санагдаж байлаа.
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчид тус улсын Парламент-Мажилисийн дарга Ерлан Кошанов бараалхаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон билээ. Улсын Их Хурал болон Парламент-Мажилисийн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхийлөгч илэрхийлээд “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэхэд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг тэмдэглэсэн юм. Тэрбээр мөн худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн хууль тогтоомжийг батлахад парламент манлайлах үүрэгтэйг онцолж, парламент дахь Найрамдлын бүлэг, Байнгын хороод, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн чухлыг онцолсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцох үеэрээ мөн Бүгд Найрамдах Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзсан билээ. Төрийн тэргүүн нар уламжлалт найрсаг харилцаа улс төрийн салбарт идэвхтэй өрнөж байгааг тэмдэглэж, харилцан сонирхсон бүх салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцсон юм. Хоёр тал мөн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, ялангуяа “Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр”-ийн хүрээнд хөдөө аж ахуйн гаралтай эцсийн бүтээгдэхүүнийг Армени Улсын зах зээлд нийлүүлэх боломжийн талаар ярилцав.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал 2026 оны дөрөвдүгээр сарын 23-нд амжилттай өндөрлөлөө. Ерөнхийлөгчийг Астана хотын Нурсултан Назарбаевын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудлаас Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн сайд Е.Кошербаев, Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргал нар үдэж мордуулсан билээ.





































.jpeg)
























Сэтгэгдэл