Д.Цогтбаатар: Цахим залилан, хүний наймаа зэрэг хэргүүдэд нэг улсын прокурор, мөрдөгч дангаараа ажиллах боломжгүй болсон
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Хаврын чуулганы төгсгөлд та Хууль зүйн байнгын хорооны даргын албан үүргээ хүлээлгэн өгч байна. Таны ахалсан байнгын хороо болон энэ парламент өнгөрсөн хугацаанд эрх зүйн ямар том шинэчлэлийг хийсэн бэ?
-2024 оноос хойш Хууль зүйн байнгын хороог удирдан ажиллахдаа хууль, эрх зүйн салбарын шинэчлэлийг тогтвортой үргэлжлүүлэхэд анхаарч ажиллалаа. Энэ хугацаанд манай Байнгын хороо шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг бэхжүүлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийн баталгааг сайжруулах, гэр бүлийн эрх зүйн шинэчлэлийг эхлүүлэх, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, кибер орчин болон технологийн хөгжлөөс үүдэлтэй шинэ сорилтуудад нийцсэн зохицуулалтын суурийг бүрдүүлэх чиглэлээр томоохон ажлуудыг хэрэгжүүллээ. Товчхондоо өнгөрсөн хугацаанд Хууль зүйн байнгын хороо нь зөвхөн шинэ хууль батлах бус хүний эрх, шударга ёс, эрх зүйн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн институцийн болон бодлогын шинжтэй шинэчлэлүүдийг хэрэгжүүлэхэд төвлөрч ажилласан.
-Тухайлбал, Эрүүгийн хууль ч гэдэг юм уу, цагдаа, шүүхийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд гарсан томоохон өөрчлөлтүүд юу байна вэ?
-Эрүүгийн шударга ёсны тогтолцоо нь зөвхөн гэмт хэрэгтэй тэмцэх бус, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үндсэн зорилготой байх ёстой. Гэтэл практикт нотлох баримтыг хуульд заасан шаардлагыг зөрчин бүрдүүлэх, өмгөөлөгч авах эрх бодит байдал дээр хязгаарлагдах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өргөн хүрээнд хэрэглэх зэрэг асуудлууд удаа дараа хөндөгдөж ирсэн. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийн баталгааг бэхжүүлэх, хууль бусаар олж авсан нотлох баримтыг ашиглах боломжийг бүрэн хаах, хууль зүйн туслалцаа авах эрхийг бодитой хэрэгжүүлэх, мөрдөн шалгах болон шүүхийн шатанд хүний эрхийн стандартыг илүү өндөр түвшинд хангах асуудлыг Байнгын хороо бодлогын түвшинд тогтмол хэлэлцэж ажилласан.
Хүний эрхэд хамгийн хүчтэй нөлөөлдөг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг илүү үндэслэлтэй, оновчтой хэрэглэх, шүүхийн бодит хяналтад байлгах чиглэлээр чухал өөрчлөлтүүдийг хийсэн. Тухайлбал, 24 цагийн ажиллагаатай шүүхийн тогтолцоог бий болгож, хүнийг цагдан хорих асуудлыг шуурхай, хараат бус шүүхийн хяналтаар шийдвэрлэх боломжийг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл, хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах аливаа шийдвэр аль болох богино хугацаанд шүүхийн хяналтад орж, шүүхийн зөвшөөрөл, хяналтгүйгээр эрх чөлөөг нь хязгаарлах боломжийг хумих чиглэлд манай Байнгын хорооны гишүүд бид анхаарч ажилласан.
-Эрүүгийн хуульд оруулсан өөрчлөлтүүдээс та дурдахгүй юу. Жишээ нь, авлига албан тушаалын хэрэг, хүүхдийн эсрэг үйлдсэн болон хүчингийн гэмт хэрэгт оногдуулах хариуцлагыг яаж өөрчилсөн юм бэ?
-Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр авлига, албан тушаалын гэмт хэрэг, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн зарим хүнд гэмт хэрэг, түүнчлэн хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн этгээдүүдийг хугацаанаас өмнө магадлангаар суллахгүй, оноосон ялыг бүрэн эдлүүлэхээр хуульчилсан.Энэхүү зохицуулалт 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Үүний зэрэгцээ хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр эрүүгийн бодлогын томоохон шинэчлэлүүдийг хийсэн. Эрүүгийн хуульд заасан "бага насны хүүхэд" гэсэн ангиллыг 14 нас байсныг 16 нас болгон нэмэгдүүлж, хамгаалалтын хүрээг өргөжүүлсэн. Мөн бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн зарим хүнд гэмт хэрэгт оногдуулах ялыг нэмэгдүүлж, өршөөл үзүүлэхгүй, хөөн хэлэлцэх хугацаагүй байхаар хуульчилсан.
Бага насны хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэж ял эдэлсэн этгээдэд ялаа эдэлж дууссаны дараа тодорхой хугацаанд цахим хяналт тавих тогтолцоог бий болгосон. Харин авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх хүрээнд өршөөл, хөнгөлөлт эдлэх боломжийг хязгаарлаж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжийг хаасан. Мөн төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан авлигын гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасах зэрэг хатуу зохицуулалтуудыг хуульчилсан. Эдгээр өөрчлөлт нь төр нийгэмд хамгийн их хор уршиг учруулдаг гэмт хэрэгт илүү хатуу, зарчимч байр суурь баримталж, хүүхдийн эрхийг хамгаалах болон авлигатай тэмцэх бодлогыг шинэ түвшинд гаргах зорилготой байсан гэж үзэж байна.
-Шүүх эрх мэдлийн эрх зүйн шинэчлэлт, өөрчлөлтийн талаар та тодрууж хэлэхгүй юу?
-Шүүх эрх мэдлийн байгууллагын бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлэх, шүүхийн хүртээмж, чанар, үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогыг батлах тухай УИХ-ын тогтоолыг баталсан нь энэ парламентын хугацааны онцлох ажлуудын нэг байлаа. Энэ бодлогын хүрээнд ирэх 10 жилийн хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тодорхой шалгуур үзүүлэлт, хүрэх үр дүн, шаардагдах санхүүжилтийн хамт баталсан. Нийтдээ 750 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж тооцсон бөгөөд энэ нь шүүхийн шинэчлэлийг зөвхөн зорилтын түвшинд бус, хэрэгжүүлэх тодорхой төлөвлөгөө, санхүүгийн эх үүсвэртэй нь хамт төлөвлөсөн анхны бодлогын баримт бичиг болсон гэж үзэж байна. Энэхүү бодлогын хүрээнд Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулж, иргэдэд шүүхийн үйлчилгээг илүү ойртуулах зорилгоор тойргийн шүүх болон хялбар ажиллагааны шүүхийг байгуулсан.
Мөн Монгол Улсад анх удаа гэр бүл, хүүхдийн дагнасан шүүхийг байгуулах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн.Түүнчлэн Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, шүүх хуралдааны нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор шүүх хуралдааныг шууд дамжуулан олон нийтэд хүргэх эрх зүйн үндсийг бүрдүүлсэн бөгөөд энэ зохицуулалт өнөөдөр бодит ажил хэрэг болж хэрэгжиж эхэлсэн байгааг та бид бүгд харж байгаа. Нөгөөтэйгүүр хууль, эрх зүйн шинэчлэлийн зорилго нь илүү олон хууль батлахад бус иргэн төрдөө итгэдэг, хууль нь хүнээ хамгаалдаг, шударга ёс бодитой хэрэгждэг тогтолцоог бүрдүүлэхэд оршдог. Энэ зорилгын төлөө Хууль зүйн байнгын хороо өнгөрсөн хугацаанд ажиллаж ирсэн. Цаашид ч энэ чиглэлээр эхлүүлсэн шинэчлэлүүд үргэлжлэн хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна.
-Хаврын чуулганаар татвар, эдийн засгийн чиглэлийн эрх зүйн өөрчлөлтүүдийг хийлээ. Эдгээр өөрчлөлтүүд иргэн, аж ахуйн нэгжүүдэд бодит үр дүн авчирна гэж үзэж байна уу?
-Татварын чиглэлийн эрх зүйн өөрчлөлтүүд бодит үр дүн авчрах эсэх нь зөвхөн татварын хувь хэмжээг хэдэн нэгжээр бууруулсан бэ гэдгээр хэмжигдэхгүй. Хамгийн чухал нь бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, иргэдэд урт хугацаанд итгэл төрүүлэх тогтвортой, ойлгомжтой, урьдчилан таамаглах боломжтой орчныг бүрдүүлж чадаж байна уу гэдэг асуудал юм. Бизнес эрхлэгчдийн хамгийн их ярьдаг зүйл нь өндөр татвар гэхээсээ илүү татварын орчны тогтворгүй байдал, байнгын өөрчлөлт, хэт олон тайлагнал, хяналт шалгалтын давхардал, захиргааны дарамт байдаг. Хэрэв бид эдгээр асуудлыг шийдэж чадвал татварын хувь хэмжээ өөрөө эдийн засгийн идэвхжлийг сааруулах гол хүчин зүйл байхаа больдог. Өнөөдөр дэлхийн олон улс татварын өрсөлдөөнөөс илүү бизнесийн орчны өрсөлдөөнд орж байна. Хөрөнгө оруулагчид зөвхөн татварын хувь хэмжээг харахаас илүү хууль эрх зүйн тогтвортой байдал, шүүхийн хараат бус байдал, өмчийн эрхийн хамгаалалт, гэрээний хэрэгжилтийн баталгааг үнэлдэг болсон. Энэ утгаараа татварын шинэчлэл нь шүүхийн шинэчлэл, авлигатай тэмцэх бодлого, төрийн үйлчилгээний цахимжилт, лиценз зөвшөөрлийн шинэчлэлтэй хамт явах шаардлагатай. Тиймээс татварын шинэчлэлийн эцсийн зорилго нь иргэд, аж ахуйн нэгжүүдийг илүү их татвар төлүүлэх бус харин илүү их бүтээдэг, илүү их орлого олдог, илүү олон ажлын байр бий болгодог эдийн засгийг цогцлоох явдал гэж би үздэг.
-Таны харж байгаагаар татварын бодлого ямар байх ёстой вэ?
-Миний хувьд гурван зарчим чухал гэж үздэг. Нэгдүгээрт, татварын суурийг өргөжүүлэх хэрэгтэй. Цөөн тооны аж ахуйн нэгж, цалинтай иргэд дээр татварын ачааллыг төвлөрүүлэх биш, эдийн засгийн идэвхжил, бизнесийн оролцоог нэмэгдүүлж, татвар төлөгчдийн хүрээг өргөжүүлэх нь илүү тогтвортой шийдэл юм. Хоёрдугаарт, татварын шударга байдлыг хангах шаардлагатай. Ижил орлого олж байгаа хүмүүс ижил татвар төлдөг, ижил нөхцөлд ажиллаж байгаа бизнесүүд ижил өрсөлдөөний орчинд үйл ажиллагаа явуулдаг байх нь зах зээлийн эдийн засгийн суурь зарчим юм. Татвараас зайлсхийх боломж их байх тусам шударгаар татвар төлөгчдийн ачаалал нэмэгддэг. Гуравдугаарт, татварын тогтвортой байдал маш чухал. Хөрөнгө оруулалт, бизнесийн шийдвэрүүд тав, арван жилийн хугацаагаар төлөвлөгддөг. Харин татварын орчин байнга өөрчлөгдөж байвал хөрөнгө оруулагчид эрсдэл өндөр гэж үздэг. Тиймээс урьдчилан таамаглах боломжтой, тогтвортой бодлого өөрөө эдийн засгийн өрсөлдөх чадварын нэг хэсэг болдог. Товчхондоо сайн татварын тогтолцоо гэдэг нь хамгийн өндөр татвар хураадаг тогтолцоо биш. Харин хамгийн их бүтээдэг, хамгийн их хөрөнгө оруулалт татдаг, хамгийн олон ажлын байр бий болгодог эдийн засгийг дэмжиж чаддаг тогтолцоо юм.
-Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан хүний хувьд хууль сахиулах байгууллагын өмнө тулгарч буй хамгийн том сорилт юу байна гэж үздэг вэ?
-Хамгийн том сорилт бол гэмт хэргийн технологижилт, хил дамнасан шинж чанар, түүнтэй өрсөлдөх институцийн чадавхын асуудал гэж би хардаг. Хөгжил, дэвшлийг дагаад гэмт хэргийн арга хэлбэр улам нарийсаж, технологижиж, зарим тохиолдолд улс, үндэстэн дамнан ул мөрөө төөрүүлэн үйлдэгддэг болсон. Өмнө нь гэмт хэрэг үйлдэгч, хохирогч, нотлох баримт нэг газар нутагт төвлөрдөг байсан бол өнөөдөр нэг улс дахь сервер, нөгөө улсад байгаа гэмт этгээд, гурав дахь улсад байрлах санхүүгийн урсгал, дөрөв дэх улсад байгаа хохирогч гэсэн бүтэцтэй гэмт хэрэг түгээмэл болж байна. Хиймэл оюун ашигласан залилан, криптовалют ашигласан мөнгө угаах схемүүд, цахим платформоор дамжуулан үйлдэгдэж байгаа санхүүгийн гэмт хэрэг, хүний наймаа, хүүхдийн эсрэг гэмт хэрэг зэрэг нь уламжлалт мөрдөн шалгах арга хэрэгслээр шийдвэрлэхэд улам бүр хүндрэлтэй болж байна. Гэхдээ энд нэг чухал зүйлийг онцлох хэрэгтэй. Гэмт хэргийн арга хэрэгсэл өөрчлөгдөж байгаа болохоос эрх зүйн мөн чанар өөрчлөгдөөгүй. Өөрчлөгдөж байгаа зүйл нь гэмт хэргийн үйлдэх арга, ашиглаж байгаа технологи, үйл ажиллагааны хүрээ юм.
-Тэгэхээр хууль сахиулах байгууллагуудын өмнө зөвхөн хууль эрх зүйн бус, технологийн болон хүний нөөцийн томоохон сорилт тулгарч байна гэсэн үг үү?
-Кибер шинжилгээ, дижитал нотлох баримтын боловсруулалт, санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа, виртуал хөрөнгийн мөрдлөг, хиймэл оюуны хэрэглээг ойлгодог шинэ үеийн мэргэжилтнүүдийг бэлтгэх шаардлага улам бүр нэмэгдэж байна. Хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааны загвар өөрчлөгдөж байна. Өнөөдөр цагдаа, прокурор, шүүх, санхүүгийн зохицуулагч байгууллага, харилцаа холбоо, кибер аюулгүй байдлын байгууллагуудын хамтарсан ажиллагаагүйгээр ийм төрлийн гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэх боломжгүй болсон. Нөгөө талаас технологи зөвхөн гэмт хэрэгтнүүдийн талд байгаа зүйл биш. Хиймэл оюун, их өгөгдлийн шинжилгээ, дижитал мөрдлөг, санхүүгийн урсгалын автомат анализ зэрэг шинэ боломжууд хууль сахиулах байгууллагуудад ч нээгдэж байна. Тиймээс ирээдүйн өрсөлдөөн бол гэмт хэрэгтнүүд болон хууль сахиулах байгууллагуудын хоорондын технологийн өрсөлдөөн байх болно.
-Технологийн хөгжлийг дагасан энэ шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх хууль эрх зүйн орчин манайд хангалттай бүрдсэн үү?
-Кибер аюулгүй байдал, виртуал хөрөнгө, мөнгө угаахтай тэмцэх, цахим нотлох баримтыг ашиглах зэрэг асуудлаар эрх зүйн тодорхой суурь зохицуулалтууд бий болсон. Гэхдээ технологийн хөгжил маш өндөр хурдтай явагдаж байгаа учраас хууль тогтоомж түүнтэй зэрэгцэн шинэчлэгдэж байх шаардлага улам бүр нэмэгдэж байна. Ялангуяа виртуал хөрөнгө, криптовалют ашигласан санхүүгийн гэмт хэрэг, хиймэл оюун ашиглан үйлдэж байгаа залилан, цахим орчин дахь хөрөнгө шилжүүлэг, дижитал ул мөртэй холбоотой асуудлууд улам бүр нарийн болж байна. Тухайлбал, цахим нотлох баримтыг цуглуулах, хадгалах, үнэлэх, шүүхэд нотлох баримтын хэмжээнд ашиглах стандарт, журмуудыг цаашид улам боловсронгуй болгох шаардлага бий. Нөгөөтэйгүүр хиймэл оюун ашигласан шинэ төрлийн эрсдэлүүд гарч ирж байна.
Дуу хоолой, дүрс бичлэгийг хуурамчаар бүтээх, автоматжуулсан залилангийн схем, мэдээллийн манипуляци зэрэг асуудлууд улам өргөжиж байгаа энэ үед зөвхөн Эрүүгийн эрх зүйн зохицуулалт бус, урьдчилан сэргийлэх, эрсдэлийн удирдлагын бодлого ч мөн адил чухал болж байна.Тиймээс миний хувьд Монгол Улсын өмнө байгаа гол зорилт нь шинэ технологийг хориглох эсвэл хязгаарлах бус, харин түүнийг аюулгүй, хариуцлагатай ашиглах боломжийг бүрдүүлсэн уян хатан, ирээдүйг харсан эрх зүйн орчныг бий болгох явдал гэж үздэг.
-Өмнө нь гэмт хэрэг үйлдэгч, хохирогч, нотлох баримт нэг газар, нутагт төвлөрдөг байсан бол өнөөдөр хэд хэдэн улсад төвлөрдөг болсон гэж байна. Энэ утгаараа олон улсын хамтын ажиллагааг ямар чиглэлд эрчимжүүлэх шаардлагатай вэ?
-Гэмт хэрэг хил хязгааргүй болсон бол хууль сахиулах хамтын ажиллагаа ч мөн адил хил хязгааргүй байх шаардлагатай болж байна.Тиймээс хамгийн түрүүнд мэдээлэл солилцооны хурд, хүртээмжийг сайжруулах шаардлагатай. Гэмт хэрэгтнүүд секундээр хэмжигдэх хугацаанд хөрөнгө шилжүүлж, ул мөрөө арилгаж байхад улс орнуудын хооронд хэдэн сар үргэлжилдэг албан бичгийн харилцаагаар ажиллах боломжгүй. Хөрөнгө мөрдөх болон хөрөнгө буцаан авах чиглэлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай. Орчин үеийн зохион байгуулалттай гэмт хэргийн гол зорилго нь ашиг орлого байдаг. Тиймээс зөвхөн гэмт этгээдийг яллах бус, хууль бус хөрөнгийг илрүүлэх, царцаах, хураах, буцаан авах ажиллагаанд улс орнуудын хамтын ажиллагаа онцгой ач холбогдолтой болсон.
Нөгөөтэйгүүр кибер гэмт хэрэг, цахим залилан, мөнгө угаах, хүний наймаа зэрэг гэмт хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагаанд нэг улсын прокурор, мөрдөгч дангаараа ажиллах боломжгүй болсон. Хамтарсан мөрдөн шалгах баг, шуурхай мэдээлэл солилцох суваг, харилцан эрх зүйн туслалцааны үр ашигтай тогтолцоо улам бүр чухал болж байна. XXI зууны гэмт хэрэгтэй тэмцэх хамгийн үр дүнтэй арга бол улс орнуудын хоорондын өрсөлдөөн биш, харин хамтын ажиллагаа юм. Бодитойгоор хэлэхэд, гэмт хэргийн хөгжлийн хурд, технологийн өөрчлөлтийн цар хүрээтэй харьцуулахад бидэнд хийх ажил их бий. Өнөөдөр гэмт этгээдүүд хиймэл оюун, криптовалют ашиглан хөрөнгө шилжүүлж, дэлхийн аль ч улсад байрлах сервер, платформ ашиглаж байгаа нөхцөлд зөвхөн уламжлалт мөрдөн шалгах арга хэрэгслээр ажиллах боломжгүй болсон.
Э.МӨНХТҮВШИН
Эх сурвалж: Өдрийн сонин




























































Сэтгэгдэл
иргэн [59.153.86.144] 2026-07-03 10:53:04
Fc-ttj wахим мөрийтэй тоглоомын зар сурталчилгаа явсаар л байх юм. Мөн сугалаа, алт борлуулах зар сурталчилгаа явсаар л байх юм. Яах вэ