ОХУ-д "Евро-3" стандартын шатахуун нийлүүлэхийг зөвшөөрчээ

Aдмин / Гадаад мэдээ

ОХУ-ын Засгийн газар Европт 2000-2005 онд мөрдөгдөж байсан байгаль орчны хуучирсан шаардлага болох "Евро-3" стандартын шатахууныг 2026 оны эцэс хүртэл зах зээлд нийлүүлэхийг зөвшөөрчээ. Тус улсын Ерөнхий сайд Михаил Мишустин долоодугаар сарын 2-нд гарын үсэг зурсан холбогдох тогтоолыг эрх зүйн мэдээллийн албан ёсны цахим хуудсанд нийтэлсэн байна.

Энэ нь хүхрийн агууламж ихтэй шатахуун бөгөөд бензинд агуулагдах хүхрийн хэмжээ 1 кг тутамд 150 мг, харин дизель түлшинд 350 мг-аас хэтрэхгүй байх ёстойг тус улсын Эрчим хүчний яамнаас тодотгожээ. Орчин үеийн "Евро-5" стандартад хүхрийн агууламжид тавих шаардлага 15-35 дахин өндөр байдаг бөгөөд 1 кг тутамд ердөө 10 мг хүхэр байхыг зөвшөөрдөг байна.

Засгийн газрын тогтоолд дурдсанаар, ийм төрлийн шатахууныг тусгайлан заасан хэд хэдэн үйлдвэр зах зээлд нийлүүлнэ. Бензинд тавих шаардлагыг бууруулах шийдвэр нь "дотоодын зах зээл тогтворгүйжихээс сэргийлэх зорилгоор авч буй арга хэмжээнүүдийн нэг болохыг дурдсан байна. Гэхдээ "Евро-3" стандартын бензин, дизель түлшид Евразийн эдийн засгийн холбооны (ЕАЭЗХ) нэгдсэн тэмдэглэгээ олгохгүй бөгөөд тус холбооны бусад гишүүн орны зах зээлд нийлүүлэхгүй байна.

Шатахууны хямралын шалтгаан

ОХУ-д үүсээд буй шатахууны хямрал нь Украины Зэвсэгт хүчин газрын тос боловсруулах үйлдвэрүүд болон түлш-эрчим хүчний цогцолборын объектуудад шат дараатайгаар цохилт өгч байгаатай холбоотой юм. Тавдугаар сарын сүүлчээр нийслэлийн шатахууны хэрэгцээний 40 орчим хувийг хангадаг Москвагийн "Капотня" газрын тос боловсруулах үйлдвэр нэг долоо хоногийн дотор хоёр удаа цохилтод өртсөн улмаас 2026 оны эцэс буюу 2027 оны эхэн үе хүртэл үйл ажиллагааг нь зогсоосны дараа хямрал улам даамжирсан байна.

"Reuters" агентлагийн мэдээлснээр, Оросын бензиний үйлдвэрлэл өнгөрсөн оны зургаадугаар сарынхтай харьцуулахад 25 хувиар буурч, хоногт 85 мянган тонн болжээ. Тус улсын зуны улирлын шатахууны хэрэглээ өдөрт 110 мянган тоннд хүрдэг байна.

Үүсээд байгаа хямралтай холбогдуулан Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрүүдийг оруулаад 40 гаруй бүс нутагт шатахууны борлуулалтад хязгаарлалт тавиад байгаа бөгөөд 85 субъектэд шатахуун тасалдсан тухай гомдол иржээ. Оросын бензиний нөөц сүүлийн гурван сард хэдэн зуун мянган тонноор буурсан талаар "Kpler" дүн шинжилгээний агентлаг мэдээлсэн байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.