Өмнөд Солонгосын эдийн засаг чипний экспортоос хэт хамааралтай байгааг анхаарууллаа

Aдмин / Гадаад мэдээ

Хагас дамжуулагчийн салбар Өмнөд Солонгосын эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч хэвээр байгаа боловч чипний экспортоос улам хамааралтай болж байгаа нь гадаад зах зээлийн цочролд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (ЭЗХАХБ) тайланд дүгнэжээ. Тус байгууллага Өмнөд Солонгосын 2026 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 1.7 хувиас 2.6 хувь болгон ахиулснаасаа хойш сарын дараа уг тайланг нийтэлсэн байна. Тухайн үед өсөлтийн таамгийг ийнхүү ахиулснаа хиймэл оюуны (AI) технологийн хурдацтай хөгжлийг даган дэлхийн зах зээлд хагас дамжуулагчийн эрэлт эрс нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байв. Тус байгууллагын дүгнэснээр, чипний экспорт нь энэ оны эхний хагаст эдийн засгийн өсөлт болон хөрөнгө оруулалтыг хурдасгасан гол хүчин зүйл болсон байна.

Өмнөд Солонгосын зургаадугаар сарын экспортын хэмжээ түүхэндээ анх удаа 100 тэрбум ам.доллароос давсныг тус улсын эрх баригчид мэдээлсэн юм. Үүнээс хагас дамжуулагчийн экспорт эрэлт их байгаагийн нөлөөгөөр бараг гурав дахин өсөж, 44.82 тэрбум ам.долларт хүрсэн нь дээд үзүүлэлт болжээ. Гэсэн хэдий ч экспорт нэг салбарт хэт төвлөрөх нь эдийн засгийг гадаад цочролд илүү мэдрэмтгий болгож, аж үйлдвэрийн үйлдвэрлэл болон татварын орлогын хэлбэлзлийг нэмэгдүүлэхээс гадна стратегийн эрсдэл дагуулж болзошгүйг ЭЗХАХБ анхааруулсан байна.

ЭЗХАХБ-ын Эдийн засгийн газрын хэлтсийн дарга Дуглас Сазерленд хэлэхдээ, одоогийн энэхүү өсөлт нь Өмнөд Солонгост Ойрх Дорнод дахь мөргөлдөөнөөс үүдэлтэй сөрөг нөлөөг зөөлрүүүлэхэд дэмжлэг болсныг дурджээ.

Түүний хэлснээр, төрийн дэмжлэг, хөдөлмөрийн зах зээлийн тогтвортой байдал болон дотоодын эрэлт сэргэж байгаа нь эдийн засгийн өсөлт үргэлжлэхэд нөлөөлөх төлөвтэй байна. Үүний зэрэгцээ тэрбээр өдгөө үргэлжилж буй энэхүү өсөлтийн мөчлөг түр зуурынх байж болзошгүй тул хагас дамжуулагчийн салбараас орж буй нэмэлт орлогод хянуур хандахыг эрх баригчдад уриаллаа.

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.