Неймар зодог тайлах эсэхээ 12 дугаар сард шийднэ
Бразилын шигшээ багийн довтлогч Неймар өөрийн ирээдүйн талаар одоохондоо ямар нэгэн шийдвэр гаргаагүй гэдгээ хэллээ.
Гэхдээ 12 дугаар сард “Сантос” клубтэй байгуулсан гэрээ нь дууссаны дараа хөлбөмбөгчний замналаа өндөрлүүлж магадгүй гэдгийг үгүйсгэсэнгүй.
Бразилын шигшээ баг 7 дугаар сарын 5-нд Нью-Йорк хотноо болсон ДАШТ-ий шөвгийн 16-гийн тоглолтод Норвегийн багт 1:2 харьцаагаар хожигдсон билээ. Энэ бол Неймарын хувьд ДАШТ-ий 15 дахь тоглолт байсан бөгөөд эл үзүүлэлтээр тэрбээр дэлхийн гурван удаагийн аварга Пелег гүйцсэн юм. Тоглолтын дараа нулимсаа барьж дийлээгүй Неймар удахгүй зодог тайлна гэж байсан билээ.
“Дахиад хэр удаан тоглохоо мэдэхгүй байна. Зодог тайлах талаар бодсон юм алга. “Сантос”-той байгуулсан гэрээ 12 дугаар сард дуусна. Тэр хүртэл клубийнхээ нэр төрийг хамгаалан тоглох бодолтой байна. Харин гэрээ дууссаны дараа “Сантос”-т үлдэх үү, эсвэл өөр клубт очих уу, зодог тайлах уу гэдгээ шийднэ” хэмээн Неймар ярьсан байна.
Өдгөө 34 настай Неймар Бразилын шигшээгийн бүрэлдэхүүнд 130 тоглолтод 80 гоол оруулж, тус багийн түүхэн дэх шилдэг мэргэн бууч болоод байгаа юм. Тэрбээр “Сантос”-оос гадна Испанийн “Барселона”, Францын “Пари Сен-Жермен”, Саудын Арабын “Аль-Хилал” клубүүдэд тоглож байв.


































































Сэтгэгдэл