Ахлах ангийн охидын дүрэмт хувцасны багц 252-314 мянган төгрөгийн үнэтэй байв
Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн долоо хоног үлджээ. Нийслэлийн хэмжээнд есөн дүүргийн 26 байршилд энэ сарын 1-нээс есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл “Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа” зохион байгуулж байгаа юм. Улсын Их дэлгүүрийн урд талбай буюу бидний мэдэх Фонтанд болж буй хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдааг зорилоо.
Асруудын дээр нарыг халхлан эгнүүлэн өлгөсөн өнгө өнгийн шүхэр хамгийн содон байлаа. Харин хүүхдүүд шинэ цүнх, өнгө өнгийн хувцас сонирхож байлаа. Зарим нь хувцас өмсөж үзэж байв. Харин томчуудын харц үнийн шошго руу шилжих аж. Үзэсгэлэнгийн талбайд хамгийн их анхаарал татах бүтээгдэхүүний нэг нь яах аргагүй сурагчийн дүрэмт хувцас. Худалдагч бүр өөр өөр багцын үнээр санал болгож байгаа тул эцэг эхчүүд сонголт хийхийн өмнө хооронд нь харьцуулж, лангуу лангуугаар явж харагдана.

Дүрэмт хувцас худалдан авч буй эмэгтэй “Үнийг нь харьцуулахдаа тухайн багцад яг ямар төрлийн хувцас багтсаныг анхаарах хэрэгтэй юм шиг санагдлаа. Зарим багцад хүрэм, цамц, өмд, зангиа багтсан бол өөр нэг багцад юбка, сорочка зэрэг байна лээ” гэж байв. Үзэсгэлэн худалдаанд поло цамц 40000-45000, ноосон майк 40000, сорочка 55000 төгрөг, бага ангийн охидын багц 140000, хөвгүүдийн багц 205000 төгрөг байв. Харин дунд ангийн охид, хөвгүүдийн багц 231000 төгрөг, ахлах ангийн охидынх 252000, хөвгүүдийнх 267000 төгрөгөөр худалдаалж байна.

Цүнх, гутал, дэвтэр, үзэг, харандаа болон бусад хэрэглэгдэхүүн нэмэгдэхийн хэрээр нийт зардал өснө.Харин “Шилмэл загвар”-ын бага ангийн охидын багц 182000, хөвгүүдийнх 196000 төгрөгийн үнэтэй байна. Дунд ангийн охидынх 218000, хөвгүүдийнх 222000, ахлах ангийн охидын дүрэмт хувцас 314000, хөвгүүдийнх 266.000 төгрөгийн үнэтэй.
Сурагчийн дүрэмт хувцас сонирхон зогсох Н.Батжаргал “Чанарын хувьд үнэтэй, хямдхан нь ялгаагүй бүгд л адилхан хог татдаг материалтай юм. Цэнхэр цамцны өнгө нь тод, бүдэг гээд өөр өөр байна” гэв.
Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаанд нийт 50-иад лангуу худалдаа эрхэлж байгаа аж.
Дэвтрийн лангуун дээр 12 хуудастай дэвтэр 400 төгрөг, 24 хуудастай дэвтэр 800, 36 хуудастай 1020, 48 хуудастай дэвтэр 1350, 60 хуудастай нь 1650 төгрөг, үзгэн бал 600 төгрөгөөс эхэлнэ. Харин зургийн дэвтэр 8 хуудастай нь 920, 12 хуудастай нь 1250 төгрөгийн үнэтэй байна. Оюутны дэвтэр 60 хуудастай нь 3000, 48 хуудастай нь 2400 төгрөг байна. Харин цүнхний үнэ 25,000-135,000 төгрөгийн хооронд байв.

Нэг айлд хэдэн хүүхэд сургуульд суралцаж байгаагаас шалтгаалан тухайн айлын төсөвт үзүүлэх нөлөө харилцан адилгүй. Мөн олон төрлийн барааг нэг дороос харах боломжтой, цаг хэмнэхээс гадна үнийн сонголт хийхэд давуу тал болж байгаа талаар үзэсгэлэн худалдааг зорин ирсэн хүмүүс хэлж байлаа.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН




































































Сэтгэгдэл