BTS хамтлагийн аялан тоглолтын тасалбарын борлуулалт 500 сая ам.долларыг давжээ

Aдмин / Энтертайнмент

Өмнөд Солонгосын алдарт "BTS" хамтлаг “Arirang” аялан тоглолтынхоо тасалбарын борлуулалтаас 500 сая ам.доллар давсан орлого олсон дэлхийн анхны поп хамтлаг болсон тухай “Billboard” сэтгүүлийн цахим хуудсанд мэдээлжээ.

АНУ-ын хөгжмийн салбарын тус сэтгүүл “Boxscore” жагсаалтын хамгийн сүүлийн үеийн мэдээллийг эш татан мэдээлснээр, "BTS" нь ийм амжилтад хүрсэн долоо дахь хамтлаг болжээ. Өмнө нь энэ амжилтад хүрсэн зургаан хамтлаг бүгд рок хамтлаг байсан тул "BTS" ийм амжилт үзүүлсэн анхны поп хамтлаг болсныг “Billboard” онцолжээ.

Тасалбарын борлуулалтын орлого ийнхүү өсөхөд сүүлийн үеийн тоглолтууд голлон нөлөөлжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Өмнөд Солонгосоос аялан тоглолтоо эхлүүлснээс хойш дөрвөн сарын дараа буюу наймдугаар сард "BTS" 12 тоглолт хийж, 800 мянга орчим үзэгч татан, тасалбарын борлуулалтаас 171.7 сая ам.долларын орлого олсон байна.

Ингэснээр тус хамтлаг “Billboard”-ийн сар тутмын шилдэг аялан тоглолтын жагсаалтыг тав дахь удаагаа тэргүүлсэн байна. Уг жагсаалтыг "Bad Bunny" 10 удаа, Бейонсе, "Coldplay" болон Элтон Жон нар тус бүр долоон удаа тэргүүлж байжээ.

Мөн "BTS" хамтлагийн наймдугаар сарын орлого нь “Billboard Boxscore”-ийн түүхэн дэх нэг сарын хугацаанд олсон орлогын хэмжээгээр хоёрдугаарт бичигдсэн байна. Уг жагсаалтыг Бейонсегийн 2023 оны наймдугаар сард олсон орлого тэргүүлж байна.

Аялан тоглолтын хүрээнд дахин 40 орчим тоглолт хийхээр төлөвлөж байгаа тул нийт орлого нь нэг тэрбум ам.долларт хүрч магадгүй гэж “Billboard” таамаглаж байна.

Л.БУЯНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.