"Тусгай стратегийн түншлэл"-ийг бодит төслүүдээр баталгаажуулж, үр дүнд хүргэхээр болсон айлчлал

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал өнгөрсөн сарын сүүлийн өдрүүдэд Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэгийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. Тус айлчлалын талаарх мэдээ мэдээллийг уншигч та бүхэн орчин цагийн платформууд болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр цаг тухайд нь авч, дор бүрнээ цэгнэн дүгнэсэн нь гарцаагүй. Гэсэн хэдий боловч тус айлчлалын бүрэлдэхүүнд багтаж явсан сэтгүүлчийн хувиар “Өдрийн сонин”-доо тоймлон бичиж, түүхлэн үлдээх нь зүй ёсны хэрэг хэмээн санаж байна. Айлчлалтай холбоотой олон мэдээлэл, элдэв зүйлсийг үл улиглан өгүүлэх нь:

Ерөнхий сайд Н.Учрал албан ёсны анхны айлчлалаа тус улсаас эхэлсэн нь мэдээж тал талын зорилго, учир холбогдол, олон улсын нөхцөл байдалтай шууд холбоотой. Манай хоёр орон 1972 оны хоёрдугаар сарын 24-нд албан ёсны дипломат харилцаа тогтоосон бөгөөд улмаар 2022 онд хоёр орны харилцааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратеги түншлэл”-д хүргэж өргөжүүлсэн байдаг. Тийм ч учраас ирэх онд тохиох дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн босгон дээр хийгдсэн тус айлчлалыг “Тусгай стратегийн түншлэл”-ээ бодит төсөл хөтөлбөрүүд, гэрээ хэлцлүүдээр баталгаажуулсан айлчлал боллоо хэмээн үзээд байгаа юм. Хоёр орны Ерөнхий сайд нар есдүгээр сарын 29-нд Токио хотод албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны өнөөгийн байдал болоод ирээдүйн тухай санал солилцсон. Манай улсын Засгийн газрын тэргүүнийг албан хэлэлцээний өмнө Япон улсын хүндэт харуул эгнэн жагсаж хүлээн авсан. Япон улсын Ерөнхий сайдын уулзалтын үеэрх биеийн хэлэмж, хандлагаас харахад тус айлчлалд ямар хэмжээний ач холбогдол өгч байгаа нь бүрэн харагдахаар байсан. Японы Ерөнхий сайд монголоор “Тогтооё” хэмээх үгийг цээжлэн бэлдэж, цаашдын хамтын ажиллагаандаа амжилт хүссэн нь үүний нэгэн илрэл гэлтэй.

Мэдээж япон хүмүүсийн соёл хүмүүжил тийм байж болох боловч олон улсын геополитикийн асуудалтай байгаа энэ цагт япончуудын бусадтай уулзах гүүр нь, хамтын ажиллагааны зуучлагч нь манай улсыг байж бүрэн дүүрэн чадна хэмээн итгэж байгаа бололтой. Япон улсын Ерөнхий сайдын шийдэмгий мэдэгдлүүд, хэрэгжүүлж байгаа арга хэмжээнээс үүдэн Хятад болон Орос улстай ойлгомжгүй байдал бий болчихсон байгаа. Харин манай улсын хувьд хоёр хөрштэйгөө найрамдалт харилцаатай, алинтай нь ч уулзаад улс төрийн болон нийгэм, эдийн засгийн чухал асуудлуудыг тодорхой хэмжээнд шийдэж байгаа нь ч ингэж харахад нөлөөлсөн биз ээ.

Айлчлалын үеэр “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурж баталгаажуулсан. Ингэснээр жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрэх тооцоотой байгааг албаныхан мэдээлж байсан. Энэ бол нэг барилга байгууламжийн асуудал гэхээсээ илүү далайд гарцгүй манай улсын аялал жуулчлал, худалдаа, ачаа тээврийн чадавхыг нэмэгдүүлэх гээд олон талын чухал ач холбогдолтой. Мөн манай улсын нэг сарын хэрэглээгээ нөөцлөх хэмжээний шатахууны савтай болох асуудлыг дэмжинэ гэдгээ Японы тал өөрсдөө эхэлж санал тавьсныг ч дуулгасан. Гэвч айлчлалын үр дүнг зөвхөн том мөнгөн дүнтэй хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж гэж өнгөц харж болохгүй. Эдгээр төслийг бодит ажил хэрэг болгож, үр дүнд хүргэн эдийн засаг болоод нийгмийн хувьд том ахиц бий болгох нь бидний өмнө ирж байгаа дараагийн том сорилт мөн. Үүний төлөө ч бүгдээрээ ажиллах ёстой. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд ахиц гаргах амбицтай байгаагаа Ерөнхий сайд Н.Учрал хэлж, нөгөө талаас ч боломжтой нөхцлүүдээр хамтран дэмжиж ажиллахаа мэдэгдсэн. Харин Япон улсаас зах зээлийн өндөр стандарт, эрүүл ахуй, тогтвортой нийлүүлэлт шаарддаг учраас түүнийг нь биелүүлэх, итгэл алдахгүй хамтран ажиллах чухал байдгийг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага/ЖАЙКА, Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага/ЖЕТРО/-ын төлөөллүүд, хоёр орны бизнес эрхлэгчидтэй уулзах үеэр хэлж байсныг анхаарууштай. Нэг ёсондоо бид Японтой урт хугацаанд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаатай, харилцан ашигтай ажиллахын тулд тууштай, итгэл даахуйц байх шаардлагатай гэсэн үг. Үүнээс сайтар суралцах боломж бидэнд гарч ирж байгаа нэг явдал нь айлчлалын үеэр ЖЕТРО манай улсад төлөөлөгчийн газраа байгуулахаар тохирсон явдал байв. Ингэснээр тус улсын хөрөнгө оруулагчид, жижиг дунд үйлдвэрлэгчид, технологийн компаниуд манайд үйл ажиллагаагаа явуулж, бид тэднээс суралцаж чадна.

Япон бол техник технологиор дэлхийд тэргүүлэгч, хүлээн зөвшөөрөгдсөн орон. Тийм ч болохоор манай үе, үеийн залуус нүүдлийн шувуу шиг тийш нисэж, эрдэм өвөртлөн ирсээр байгаа. Өмнө нь хэрэгжүүлж байсан “1000 инженер” хөтөлбөрийг дараагийн шатанд гаргах тухай яригдсан нь ч үүний үргэлжлэл. Манай улсын 21 орчим мянган хүн Японд албан ёсоор амьдардгийн 4500 орчим нь оюутан гэж байгаа. Тэгэхээр энэ тоо улам нэмэгдэж, эргээд эх орондоо ихийг хийж бүтээх залуус төрөн гарах нь дамжиггүй. Угаас Япон улсын хөгжлийн нэг гол шалтгаан нь яг л ингэж өөрсдөөсөө өндөр хөгжилтэй орнуудад залуусаа сургаж байсан юм билээ. Гадаад ертөнцөөс бүрэн хаалттай байсан гэгдэх тэр цаг үедээ ч энэ ажлыг уйгагүй хийсний үр дүнд өнөөгийн Япон улс бий болсон байдаг. Манай улсын төдийгүй дэлхий нийтийн гол асуудал болчихоод байгаа уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд “Powerr Asia” санаачилгын хүрээнд хамтран ажиллах, “Aeronext Inc” компани монгол инженерүүдтэй хамтран дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэх яриа хэлцэл ч энэ үеэр хийсэн нь том амжилт болж байгаа юм. Учир нь тус компани 2023 оноос эхлэн ЖАЙКА-ын санхүүжилтээр манай улсад 23 байршилд дроноор цус тээвэрлэж эхэлсэн юм билээ. Ер нь бараг хоёр орон дипломат харилцаа тогтоосноос хойш буюу 1977-2025 оны хооронд Япон улсын Засгийн газраас манайд зээл, буцалтгүй тусламж, хамтын ажиллагааны хүрээнд нийтдээ 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлсэн гэнэ лээ. Өнөөгийн ханшаар тооцвол бараг 12 орчим их наяд төгрөг буюу манай улсын эдийн засгийн гуравны нэг гэсэн үг. Энэ тоо цаашид ч хурдацтай нэмэгдэх боломжтой нь дээрх яриа хэлцлүүдээс тодорхой харагдана. Мөн дээр хэлсэн Японы технологийн хурдацтай хөгжилд хамгийн чухал зүйл нь газрын ховор элемент буюу чухал ашигт малтмал. Тийм ч учраас ногоон устөрөгчийн төсөл, газрын ховор элементийн салбарт хамтран ажиллах бүрэн боломж байгааг Японы бизнес эрхлэгчид хэлж, Ерөнхий сайд дэмжин ажиллана гэдгээ хэлж байна лээ.

Айлчлалын үеэр иргэд рүүгээ хандсан томоохон хэлэлцээрийг амжилттай болгосон нь Нийгмийн хамгааллын болон Давхар татварын хэлэлцээр юм билээ. Тиймээс тус хоёр хэлэлцээрийг энэ ондоо багтаан эхлүүлэхээр тохиролцож чадсан нь Японд амьдарч байгаа монголчуудын анхаарч, асууж байсан зүйлсийн гол асуудал байлаа. Энэ хэлэлцээрүүд хэрэгжиж эхэлснээр Эдийн засгийн үр өгөөжийг бодитоор нэмэгдүүлэх, иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг сайжруулах хүрээнд олон ахиц дэвшил гарах учиртайг Ерөнхий сайд онцолж байсан. Төрийн өндөр дээд албан тушаал хашиж байгаа хүн нэг талаасаа, дотооддоо хувь хүн байж болох ч хилийн дээс алхаад л “Монгол Улс” гэж тэднийг харж, харьцдаг. Тийм ч байх учиртай. Ерөнхий сайд нь улсаа төлөөлж очоод сайн сайхан зүйл ярьж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, эдийн засгаа өөд нь татах төсөл хөтөлбөрүүд дээр бараг “гуйлга гуйж” суухад ард нь санаатай, санамсаргүй улстөржих нь эргээд улсдаа л хортой үйлдэл. Хувь хүнд дургүй, тааламжгүй хандлагатай байх нь бидний эрх. Гэхдээ цаана нь улсын эрх ашиг гэж байдаг, байх ёстойг давхар давхар сануулсан айлчлал ийнхүү ямар ч байсан олон талын үр ашигтай болж өндөрлөлөө. Одоо харин олоод ирсэн хөрөнгө оруулалтыг олигтойхон зарцуулах, хамтын ажиллагаан дээрээ дээр доргүй анхаарах, бусдын итгэл найдварыг алдахгүй байх дээр бодолцох л хэрэгтэй. Ингэж байж л Ерөнхий сайдын хувиар найман жилийн дараа хийгдсэн, томоохон үр дүнтэй болсон төрийн албан ёсны айлчлалын ашиг тус гарч, бидний амьдралд тус дэмээ өгөх учиртай юм.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Т.ДАРХАНХӨВСГӨЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.