Лу.Гантөмөр: Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтийн үед орж ирж байгаа орлогыг ард түмэндээ хувааж өгч байж үнийн өсөлтийг давж гарна

Aдмин / Улстөр

Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр /2026.10.22/ Төрийн ордонд болж, Оюутолгойн иргэдэд хүрэх ёстой ногдол ашгийн талаар мэдээлэл хүргэлээ.

Хэвлэлийн бага хуралд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Түвшин, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, Ардчилсан намын Олон нийттэй харилцах бодлого хариуцсан Нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж нар оролцов.

Ардчилсан намын Олон нийттэй харилцах бодлого хариуцсан Нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж “Оюутолгойн ногдол ашиг болох 3 их наяд төгрөгийн үр өгөөжийг иргэдэд хэрхэн хүртээх вэ гэдэг асуудал УИХ болон олон нийтийн анхаарлын төвд байна.Ардчилсан намын зүгээс ногдол ашгийг Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу хуримтлалын санд төвлөрүүлж, иргэдийн нэрийн дансанд бүртгэн, иргэдэд үр өгөөжийг нь хүртээх ёстой гэж үзэж байна. Мөн E-Mongolia платформоор дамжуулан Оюутолгойн ногдол ашиг буюу 3 их наяд төгрөгийг хэрхэн зарцуулах талаар иргэдээс санал асуулга авч байна.Гэтэл улсын төсөв дагаж өргөн барьсан хавсралтуудыг судалж үзэхэд төсөвт татан төвлөрүүлэхээр төлөвлөж буй 2 их наяд төгрөгийг ямар төсөл, арга хэмжээнд зарцуулахаа Засгийн газар хэдийнээ тооцоолсон байна. Тодруулбал, уг хөрөнгийг 10 аймагт дулааны цахилгаан станц барих, сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтад зарцуулахаар төлөвлөжээ.Өөрөөр хэлбэл, Засгийн газар хөрөнгийг хэрхэн зарцуулах шийдвэрээ урьдчилан гаргачхаад УИХ болон иргэдийг хуурсан зүйлийг ярихаа болих хэрэгтэй. Түүнчлэн төрийн данхар бүтцээ цомхон, үр ашигтай болгоход анхаарах нь зүйтэй. 30 их наяд төгрөгийн төсөв захиран зарцуулж буй энэ үед 20 сайдтай Засгийн газрын бүтцийг цөөлж, төсвийн зардлыг бууруулан, иргэд болон ААН-үүд ажиллаж, хөдөлмөрлөж, бизнес эрхлэх илүү таатай орчин, боломжийг бүрдүүлж өгөхийг Засгийн газраас шаардаж байна” гэв.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Түвшин: Төсвийн асуудлаар гурван үндсэн байр суурь илэрхийлье. Нэгдүгээрт, төсвийн алдагдлыг бууруулах шаардлагатай. Одоогийн төсөвт 1.7 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар тусгасан боловч Засгийн газраас алдагдлыг 2.3 их наяд төгрөг болгон нэмэгдүүлж оруулж ирсэн. Тиймээс төсвийн алдагдлыг наад зах нь анх төлөвлөсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх ёстой.Хоёрдугаарт, төсвийг Төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэх хэрэгтэй. Төсвийн хүрээний мэдэгдлээс давсан 7 их наяд төгрөгийн зардал байгаа. Төсвөө батлуулахын тулд Төсвийн хүрээний мэдэгдлийг дагуулан өөрчилдөг зарчмыг Ардчилсан намын бүлэг эсэргүүцэж байна. Төсвийн бодлого нь тогтоосон хүрээ, сахилга батдаа нийцсэн байх ёстой. Гуравдугаарт, Оюутолгойгоос орж ирэх 3 их наяд төгрөг ногдол ашиг мөн үү гэдгийг эхлээд нягтлах хэрэгтэй. Үүнээс гадна компанийн Төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлага ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргасан эсэх, санхүүгийн тайлан, бүртгэлд ногдол ашиг хэлбэрээр тусгаж тайлагнасан эсэх зэрэг олон шалгуурыг нягтлах шаардлагатай. Одоогоор уг мөнгийг ногдол ашиг мөн эсэх нь тодорхойгүй байгаа тул эхлээд энэ асуудлыг эцэслэн тодорхой болгох ёстой.Хэрэв уг мөнгө Монгол Улсад орж ирэх нь баталгаатай бөгөөд ногдол ашиг болох нь тогтоогдвол одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн дагуу Баялгийн санд төвлөрүүлэх ёстой. Үүний дараа хөрөнгийг хэрхэн зарцуулах талаар иргэд, олон нийтийн саналыг авч болно.Миний хувийн байр суурийн хувьд, энэ хөрөнгөөр тэтгэврийн сангаа мөнгөжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Эдийн засаг өсөж, тэлэх үед ч, саарч буурах үед ч иргэдийн тэтгэврийг тасалдалгүй, тогтвортой олгох тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай. Тэтгэврийн сангийн хөрөнгийг нэмэгдүүлж, санхүүгийн чадавхыг нь бэхжүүлснээр эдийн засгийн тодорхой эрсдэлийг даван туулах боломж бүрдэнэ.Харин Ардчилсан намын бүлгийн байр суурь бол Засгийн газраас өргөн мэдүүлсэн Баялгийн сангийн тухай хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй гэсэн байр суурьтай байна” гэв.

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Засгийн газраас өргөн барьсан төсөв тэсрэх бөмбөг шиг болжээ. Хэзээ, хаана дэлбэрэх нь тодорхойгүй ч үүний хохирлыг ард иргэд үүрнэ. Өнөөдөр Монгол Улсын иргэдийн 70 орчим хувь нь зөвхөн орлогоороо амьдрах боломжгүй нөхцөлд хүрчээ. Ийм үед үнийн өсөлт, амьжиргааны доройтолд өртөж буй иргэдээ хамгаалахын тулд Засгийн газар, УИХ ямар арга хэмжээ авах вэ гэдэг асуултад зайлшгүй хариулт өгөх шаардлагатай байна.Үнийн өсөлт зөвхөн Монгол Улсад бус, дэлхий даяар тулгамдаж буй асуудал. Ялангуяа түлш, шатахууны үнийн өсөлтөөс үүдэлтэй үнийн дарамтыг бууруулахын тулд улс орнууд иргэддээ чиглэсэн бодлого, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Тухайлбал, Японы Засгийн газар хүнсний бүтээгдэхүүний нэмэгдсэн өртгийн албан татварыг тэглэх арга хэмжээ авсан бол АНУ-ын Ерөнхийлөгч иргэн бүрд 5000 ам.доллар олгох тухай мэдэгдсэн байна. Улс орон бүр иргэдийнхээ амьжиргааг хамгаалж, эдийн засгийн хүндрэлээс гарах арга зам эрэлхийлж байна. Тиймээс би УИХ-ын гишүүний хувьд Оюутолгойн ногдол ашиг болон хувьцааг ард иргэдэд өгөх хоёр тогтоол санаачилсан. D parliament сайт дээр байршуулсан тогтоолыг иргэд дэмжээд саналаа өгөх гэхээр алдаа зааж, хакерт өртөж байна. Энэ асуудлаар би холбогдох байгууллагуудад хандана. Монголчуудыг ядуу байлгах МАН-ын бодлого асар хүчтэй юм байна гэдэг нь үүнээс харагдаж байна. Тиймээс Оюутолгойгоос 3 их наяд төгрөгийн ногдол ашгийг авч мөнгөө иргэдэд зарцуулах хэрэгтэй. Монголчуудын амьжиргааг ямар нэгэн хэлбэрээр баталгаажуулахгүй бол цаашаа байдал улам хүндэрнэ. Тиймээс Монгол Улсын парламент нэг зүг рүү харж, ногдол ашгаар төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ гэдгийг зогсоох хэрэгтэй. Дайн дажинтай байгаа хойд хөршийн төсвийн алдагдал нь энх тайван байгаа Монгол Улсын төсвийн алдагдалтай яг адилхан байна. Ерөнхий сайд болон Засгийн газрын зүгээс бодит нөхцөл байдалтай нүүр тулж, үнийн өсөлтийн дарамтад орсон иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн шуурхай, үр дүнтэй арга хэмжээ авах шаардлагатай” гэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.