Р.Даваадорж: 2027 оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг явж байхад "Манай бүсэд" гэж ярьж байгаа нэг ч гишүүн алга

Aдмин / Эдийн засаг

Эдийн засагч Р.Даваадоржтой ярилцлаа.


-Бүсүүдэд ирэх онд хийгдэх гол бүтээн байгуулалт нь юу байх вэ. Бүсчилсэн хөгжлийн бодлого бодит байдал дээр хэрэгжиж байна уу?

-2024 оны сонгуулийн өмнө улс орны хөгжилд бүсийн хөгжил чухал гэж үзээд бүсчилж сонгуулиа явуулсан. Тэр үеэр бүсээ хөгжүүлэхгүй бол дан ганц аймаг яриад байхаар улс орон хөгжихгүй байна гэсэн. Гэвч сүүлийн жилүүдэд бүс гэж ярихаа байчихсан. Тэр битгий хэл төсөв дээр бүсийг хөгжүүлэхийн тулд ийм, ийм бүтээн байгуулалт явуулна гэсэн товч тодорхой хөрөнгө оруулалт байхгүй болсон. Аймаг аймгийн гишүүдийг харахаар манай аймаг, сумд ийм зүйл алга байна, ийм зүйл хийж өгөөч гэсэн зүйл л яваад байна. Шалтгаан нь дараагийн сонгууль бүсчилснээр явахгүй юм байна гэж харж байгаа. Түүнээс бүхэл бүтэн улс орон даяараа бид дөрвөн жилд бүсээ хөгжүүлнэ гэж гарч ирчихээд 2027 оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг явж байхад "Манай бүсэд" гэж ярьж байгаа нэг ч гишүүн алга. Дөрвөн жил болоод хамаг юмаа өөрчилдөг байдал засагдахгүй, дахиад давтагдах нь. Урт хугацаанд улс орныхоо ирээдүйг боддог байсан бол бүсээрээ гишүүд нь бөөнөөрөө зогсоод манай бүсэд ийм цахилгаан станц хэрэгтэй, ийм зам хэрэгтэй гээд ард түмэнд харагдаж байх ёстой. Өнөөдөр бүсийн гэсэн тодотголтой ганц, хоёр зүйл байгаа ч Оюу толгойгоос орж ирэх хоёр их наядыг бүтээн байгуулалтад зарцуулна гэснээ буцаачихлаа. Үүнтэй холбоотойгоор бүсчилсэн хөгжилтэй холбоотой хөрөнгө оруулалтууд бүгд байхгүй болж байгаа.

-Ямар, ямар бүтээн байгуулалт үүнд хамаарах вэ?

-Арван аймгийн цахилгаан станц, Мянгадын нарны цахилгаан станц, Улаангомын дулааны II цахилгаан станц, эрүүл мэнд тусламж үйлчилгээний тоног төхөөрөмж, Биокомбинатын малын вакцины үйлдвэрийг шинэчлэх гэх мэт хөрөнгө оруулалтууд тавигдаж байсан ч бүгд байхгүй болж байна. Оюу толгойн хоёр их наядыг төсөв рүү оруулж ирэх ёсгүй байсан. Баялгийн сангийн хуулийг 2024 онд батлахдаа "Баялгийн сангийн 34 хувьд ногдох мөнгийг шууд хуримтлалын сан руу оруулна" гэж заасан байдаг. "Өөр зориулалтаар ашиглахыг хориглоно" гээд 12 дугаар заалтад нь бий. Өөрөөр хэлбэл, ийм хориотой заалттай юмыг төсөв рүүгээ оруулж ирсэн.

Ард түмэн ингэсэн гэж асуулга явуулаад, ард түмнийг хууль зөрчүүлээд, өөрсдөө ард нь гарах гэж байсан. Яриад байгаа арван аймгийн дулааны цахилгааны станцыг гадаадын нөхдүүдтэй нийлээд “идээд, уучихсан”. Ингээд ахиад хийж байгаа үйлдэл нь Баялгийн сангийнхаа хуулийг зөрчсөн зүйлийг оруулж ирсэн. Буцаагаад хуримтлалынхаа санд хийж, хуулиа сахихаас өөр арга байхгүй болчихож байгаа юм.

-Төсвийн хөрөнгө оруулалт эдийн засгийн өсөлт, ажлын байр, экспортын орлогыг нэмэгдүүлэхэд чиглэх ёстой. Гэтэл өнөөдөр төсвийн хэдэн хувь нь ирээдүйд үр өгөөжөө өгөх салбаруудад зарцуулагдаж байна вэ?

-Улсын төсөв үнэхээр харамсалтай байна. Улсын төсвийг дагаад ААН-үүд ашигтай ажиллах ёстой. Мөн улс орны хөгжлийн гол бичиг баримт байдаг. Нэг жилийн дотор улс орны хөгжлийг тоон зардал гэж харахаас илүүтэй ирээдүйд хөгжих нь үү, валют орж ирэх үү гэх мэт бодлогын шинж чанартай хөрөнгө оруулалтууд нь бүгд байхгүй байна. Өнгөрсөн жил гэхэд МАН хоёр хуваагдаад УИХ-ын дарга нь ажлаа өгөх болоод, дэд дарга нь хэл аманд ороод АН-аас Д.Пүрэвдорж гишүүн төсвийг явуулсан. Энэ жил мөн адил нөхцөл байдалтай хоёр хуваагдаад тодорхойгүй байдал бий болчихлоо. Өөрөөр хэлбэл, Монгол Улсыг хөгжүүлэх, ирээдүйг тодорхойлсон чухал баримт бичиг болсон төсвийн талаар анхаарч байгаа хүнгүй болсон. Улс орныг цааш нь авч явж хөгжүүлж, томоохон асуудлыг шийд гэж 62 гишүүнийг сонгосон боловч өнөөдөр хоёр хуваагдаад, иргэдийнхээ сонголтыг үл хүндэлж байна. Төсөв бодлогогүй болсон. Энэ жилийн өргөн барьсан төсвийг харахад яагаад бодлогогүй байна гэдэг нь маш тодорхой харагдана. Тавдугаар сард төсвийн хүрээний мэдэгдэл гэж баталдаг. Батлахын тулд маш том судалгаа хийгээд, ойрын жилүүдэд манай эдийн засаг ийм байна, ийм хэмжээний нүүрс, зэс гадагшаа гаргаад, тийм мөнгө олж авна гэсэн тойм гаргадаг. Нэлээн олон хэлэлцүүлэг явдаг. Ингээд 2027 онд төсвийн орлого 34 их наяд болох юм байна гээд тооцоо гаргаад баталчихсан. Гэтэл хоёр, гуравхан сарын дараа 2027 оны төсвийг өргөн барихдаа 41 их наядыг олно гээд 6.5 их наядыг хаанаас ч юм олохоор болчихсон. Манай улсын эдийн засаг гэнэт 20 хувь өсөхөд юу нөлөөлөв гэдэг зүйл яригдах ёстой. Гэтэл ний нуугүй хэлэхэд, УИХ дээр ингээд асуучих гишүүн ч алга, бодлогыг ярьж байгаа хүн ч алга. Зүгээр л тулга тойрсон хэрүүл хийж байна. Энэ нь манай төсөв ямар ч бодлогогүй, тооцоо судалгаагүй болсон гэсэн үг. Хэн нэгэн гараад, дуртай зүйлээ ярьдаг болсны жишээ. Өнгөрсөн жилийн төсөв батлагдахгүй нөхцөл үүсээд Засгийн газар байхгүй болно, дагаад парламент тарах нөхцөл үүсч байлаа. Ингэнгүүт гишүүдээ дарга нар нь өрөөндөө дуудсан. Бүгдэд нь 3-4 хөрөнгө оруулалт тавьчихъя, чимээгүй ороод батал гэсэн арын хаалгатай зүйл болсон. Төсвийн хөрөнгө оруулалтыг гишүүд оруулж ирдэггүй. Бүтэн жилийн хугацаанд баг, сум, аймаг, дүүргээсээ эхлээд тооцоо судалгаатай яваад, Сангийн яам дээр багцлагдаад ирдэг. Ингээд тооцоо судалгааг яам нь гаргаад оруулж ирдэг. Ийм байтал зах дээр сууж байгаа наймаачид шиг шууд сууж яриад ямар ч зөвшөөрөл, тооцоо судалгаагүй асар их хэмжээний хөрөнгө оруулалтыг төсөв дээр тавьж байж төсвөө баталсан. Өөрөөр хэлбэл, авлигын шинж чанартай зүйл болсон.

ӨНГӨРСӨН ЖИЛ ГЭХЭД МАНХОЁР ХУВААГДААД УИХ-ЫН ДАРГА НЬ АЖЛАА ӨГӨХ БОЛООД, ДЭД ДАРГА НЬ ХЭЛ АМАНД ОРООД АН-ААС Д.ПҮРЭВДОРЖ ГИШҮҮН ТӨСВИЙГ ЯВУУЛСАН. ЭНЭ ЖИЛ МӨН АДИЛ НӨХЦӨЛ БАЙДАЛ ХОЁР ХУВААГДААД ТОДОРХОЙГҮЙ БАЙДАЛ БИЙ БОЛЧИХЛОО. ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ, МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЭХ, ИРЭЭДҮЙГ ТОДОРХОЙЛСОН ЧУХАЛ БАРИМТ БИЧИГ БОЛСОН ТӨСВИЙН ТАЛААР АНХААРЧ БАЙГААХҮНГҮЙ БОЛСОН. УЛС ОРНЫГ ЦААШ НЬ АВЧ ЯВЖ ХӨГЖҮҮЛЖ, ТОМООХОН АСУУДЛЫГ ШИЙД ГЭЖ 62 ГИШҮҮНИЙГ СОНГОСОН БОЛОВЧ ӨНӨӨДӨР ХОЁР ХУВААГДААД, ИРГЭДИЙНХЭЭ СОНГОЛТЫГ ҮЛ ХҮНДЭЛЖ БАЙНА.

-Үүний жишээг тайлбарлахгүй юу?

-Үүнийг судлаачид, УИХ- ын гишүүд анзаараагүй. Харин Аудитын ерөнхий газар анзаарсан. Өнгөрсөн жил 366 ширхэг хөрөнгө оруулалт шинээр тавьсны 155 нь шууд гэнэт гарч ирсэн. Энэ бол ямар ч улсад байж болохгүй замбараагүй явдал. Энэ жилийн төсөвт яг энэ замбараагүй байдал үргэлжлэх гэж байна. Төсвийнхөө орлогыг тооцож чадахаа байна гэдэг бол улс орон туйлын хүнд байна гэсэн үг. Төсвөө ч улс орныхоо хөгжилд зориулж хийж чадахаа байсны жишээ үүнээс харагдаж байна.

Миний хувьд төсөв дээр арван жил сууж байгаа. Ерөнхий сайдынх нь нутагт их наядаар нь мөнгө тавьдаг. Хэнтийд асар их хөрөнгө оруулалт 2022, 2023, 2024 онд тавигдсан. Бусад аймгуудад хөрөнгө оруулалт маш их хэмжээгээр тавигддаг. Харин говийн хэдэн аймгууд, Завханд огт хөрөнгө оруулалт тавигддаггүй. Эргээд Ерөнхий сайд хаана очиж байна гэдгээс шалтгаална. Дандаа дарга нарын долигоносон, тооцоо судалгаагүй хөрөнгө оруулалтууд тавигдаад сүүлийн арваад жил явлаа. Асар их мөнгө тавиад Хэнтий аймаг гоё болсон уу гэвэл үгүй. Хөрөнгө оруулалтаа дагасан хулгай, дээрэм л явчихлаа. 21 аймгаас жагсаахаар хамгийн хойгуур байранд явж байна лээ. Тэгэхээр асар их хэмжээний мөнгө тавиад ямар ч нэмэр байдаггүй юм байна. Энэ байдал өнөөдөр ч үргэлжилж байна гэж харж байгаа. Сангийн сайд Ховдоос гарсан гээд Ховдод баахан хөрөнгө оруулалт тавьж байх жишээтэй. Манай улсын төсөв ирээдүйгээ харсан биш, өрийг асар их хэмжээгээр нэмж байна. 2026 онд арван их наяд, 2027 онд мөн арван их наяд төгрөгийн өрийн асуудал яригдаж байгаа. Асар их хэмжээний мөнгийг үр дүнгүйгээр зарцуулж байна. Төсвийн урсгал зардал замбараагаа алдсан гэдгийг хүн бүхэн ярьж байгаа. Хамгийн анхаарах зүйл бол төсөв хөгжлийн удирдлагагүй болсон.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Г.БАЛГАРМАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.