Т.Баясгалан: Байдрагийн УЦС ашиглалтад орсноор оргил ачаалал болон аваарын үед горим тохируулах чухал үүрэг гүйцэтгэнэ
Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Бууцагаан сумдын зааг, "Сүүдэртийн хясаа" орчимд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Байдрагийн 30 МВт-ын усан цахилгаан станцын төслийн сонгон шалгаруулалт үргэлжилж байна. Энэхүү станцын төслийг 2026-2055 онд DBOT буюу зураг төсөл боловсруулах, байгаль орчин,нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх, барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн билээ. Үүнтэй холбоотойгоор төр, хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга Т.Баясгалантай ярилцлаа.
-Төслийн барилгын ажил хэдэн онд эхэлж, хэзээ ашиглалтад орох вэ?
-Тус төсөл техник эдийн засгийн үндэслэлээр 2023 оны есдүгээр сард боловсруулагдаж, эрчим хүчний яамны шинжлэх ухаан технологийн хурлаар батлагдсан юм. засгийн газрын 2026 оны 202 дугаар тогтоолоор техник эдийн засгийн үндэслэлээр орсон учраас зураг төсөл боловсруулах, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх, барих, ашиглах, шилжүүлэх гэх загвараар хэрэгжүүлэхээр засгийн газар шийдсэн. хувийн хэвшлийн түншлэгчид өөрсдөө зураг, байгаль орчны үнэлгээгээ хийж, барих зардлаа гаргах юм. хугацааны хувьд дөрвөн жилийн дотор барихыг шаардаж байгаа. байдрагийн уцс-ыг барьж, 25 жилийн турш ажиллуулан хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа станцыг Монголын төрд шилжүүлэх төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөл юм
-Байдрагийн УЦС хэр хэмжээний хүчин чадалтай вэ?
-Монгол Улс эрчим хүчний дутагдалтай байна. Байдрагийн УЦС том станц биш. Барилга угсралтын хугацаа 53 сар, станцын суурилагдсан хүчин чадал 30 МВт, жилд 58.9 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх тооцоотой. Баянхонгор аймаг төвийн эрчим хүчний системд үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчээ нийлүүлэх, эрчим хүчний хараат байдлыг бууруулах, байгаль орчинд үзүүлэх эерэг нөлөөлөл гээд үр ашиг их, хэрэгжихүйц үндэслэлтэй юм.
Төсөл хэрэгжсэнээр эрчим хүчний хангамж нэмэгдэж, усны нөөц бүрдэнэ. Баянхонгор аймгийн эрчим хүчний хэрэгцээг Улаанбаатар хотын ДЦС-ууд нөгөө талаас ОХУ-ын импортын эрчим хүчээр хангадаг. Байдрагийн УЦС ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймаг болон бүс нутгийн сумдын цахилгаан эрчим хүчний хэрэгцээг найдвартай хангахын зэрэгцээ төвийн бүсийн нэгдсэн системд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Мөн оргил ачаалал болон аваарын үед горим тохируулах чухал үүрэг гүйцэтгэнэ. Нэмж дурдахад, 30 МВт гэдэг бол аваарын үед горим тохируулахад хамгийн зохистой хэмжээ билээ. Байдраг гол дээр ойролцоогоор 400 сая ам метр куб багтаамжтай, 16.5 ам метр усан мандлын талбай бүхий хиймэл нуур байгуулна. Ингэснээр усны нөөцийг хуримтлуулж, зохистой ашиглах нөхцөлийг бүрдүүлэхээс гадна усалгаатай газар тариалан, загас үржүүлэг, аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар орон нутгийн эдийн засагт олон талын эерэг нөлөө үзүүлэх юм. Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Бууцагаан сумын зааг, "Сүүдэртийн хясаа" нь техник эдийн засгийн үндэслэлээр гоё байгальтай, УЦС байгуулж болохоор талбайтай. Сүүлийн жилүүдэд эрчимтэй явагдаж буй цаг агаарын хэт халалт, эрс тэс уур амьсгалын улмаас гол горхи ширгэх эрсдэлээс хамгаалах, мөнх цас, мөсөн гол болон цэвдгийн хайлалтаас үүдэлтэй болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхэд чухал хувь нэмэр оруулах юм. Төслийг хэрэгжүүлэх явцад орон нутагтаа 50-60 тогтмол ажлын байр бий болгох урьдчилан төлөвтэй байна.
-Төслийн урьдчилсан төсөвт өртөг 53.3 сая ам.доллар гэсэн. Энэхүү санхүүжилт бүрэн шийдэгдсэн байгаа юу?
-Уг төсвийг тендерийн хуулиар төр өөрөө хөрөнгөө батлан, нийт хэдэн төгрөгөөр барих гэж байгаагаа зарлаж, компаниудаас санал авч хэрэгжүүлдэг. Харин төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн хувьд төрөөс шууд мөнгө гаргахгүй. Тэгээд 53.3 сая ам.долларын санхүүжилтийг олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас хөнгөлөлттэй, урт хугацаатай зээл хэлбэрээр босгох ажлыг хувийн хэвшлийн түншлэгчид өөрсдөө хариуцна. Ингэснээр Монгол Улсын Засгийн газрын төсөвт хүндрэл учруулахгүй. Энэ нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн онцлог давуу тал юм. Хувийн хэвшил өөрсдөө зураг төслийг боловсруулж, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийж, барьж, ашиглаад төрд шилжүүлнэ. Өөрөөр хэлбэл, тус загвараар бусад авто замын төслүүд хэрэгжиж, хуучин концессын үндэслэлүүдээр явж байна. Барих-шилжүүлэх хэлбэрийн төслүүд дуусч байгаа. Байдрагийн цахилгаан станцыг хэрэгжүүлэхийн тулд нэлээдгүй ажил хийлээ. Анх 2025 онд Засгийн газрын шийдвэр гарч, Байдрагийн усан цахилгаан станцыг түншлэлийн хэлбэрээр хэрэгжүүлье гэж шийдсэн. Үүний дараа бид урьдчилсан үнэлгээ, бүрэн шинжилгээ зэрэг бүх ажлыг хийж, 2026 оны тавдугаар сард Засгийн газарт танилцуулан, сонгон шалгаруулалт зарлаад явж байна. Процесс нь олон жил буюу 25-30 жил хэрэгжиж байгаа төслүүдтэй харьцуулахад хурдан хугацаанд судалгаагаа бүрэн хийж, боловсруулж, Засгийн газарт танилцуулсан юм. Засгийн газарт танилцуулахаас өмнө Сангийн яамнаас санал, дүгнэлтээ авна. Тэр байтугай зөвшөөрөл авдаг заалт ч бий. Ингээд Сангийн яамнаас дэмжээд, Засгийн газарт оруулж, Засгийн газрын 2026 оны 202 дугаар тогтоолоор Байдрагийн УЦС-ын зураг төсөл боловсруулах, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх, барих, ашиглах, шилжүүлэх гэрээг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Эрчим хүчний сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд нарын өгсөн үүргийн дагуу хоёр сайдын хамтарсан тушаалаар сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Уг ажлын хэсэгт Эдийн засаг, хөгжлийн яам, Эрчим хүчний яам, төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв, эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хараат бус мэргэжлийн төрийн бус байгууллагуудын төлөөлөл багтсан бөгөөд нийт 16 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан. Хуулиараа сонгон шалгаруулалтын баримт бичгийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн төвөөс бичгээр хүсэлт гарган авч байна.
Тендерийн хуулиар хамгийн бага үнийн санал өгсөн компанийг шалгаруулдаг бол түншлэлийн хуулиар хамгийн сайн босго оноо давсан оролцогчийг шалгаруулна. Үүний дараа хэлэлцээ хийж, хэлэлцээний үр дүнд хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулдаг. УИХ-аас Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг 2022 онд баталж, 2023 оны арванхоёрдугаар сарын 31-нээс мөрдөгдөж эхэлсэн. Өмнө нь концессын тухай хуулиар зохицуулагддаг байсан. Тус хуулийг хүчингүй болгож, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг шинээр баталсан юм. Хэдийгээр хүчингүй болсон ч гэсэн Засгийн газар концессын гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, цуцлах асуудлыг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв хариуцаад явж байгаа.
-Төр, хувийн хэвшлийн түншлэлээр өөр ямар бодлого хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх хөгжлийн бодлогын баримт бичигт тусгасан томоохон төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж байна. Тухайлбал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын 2026-2030 оны таван жилийн үндсэн чиглэл, 2025, 2026, 2027 оны улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө батлагдсан байна. 2027 оны жилийн төлөвлөгөөнд гэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих нэр бүхий арав гаруй төсөл туссан байгаа. Манай эдийн засаг, хөгжлийн яам мэргэжил хариуцсаны хувьд бодлогын удирдамжаар хангаж ажилладаг, бодлогын ерөнхий чиг үүрэг бүхий яам юм. Харин төслийн хөтөлбөрийг салбарын яамд хариуцаж ажилладаг. Иймээс түншлэлийн гэрээнд эдийн засаг, хөгжлийн сайд, тухайн салбарын сайд, төсөл хэрэгжих орон нутгийн Засаг дарга нар гарын үсэг зурдаг. Бас нэг онцлог зохицуулалт бол аймаг, нийслэлд төр, хувийн хэвшлийн түншлэл хэрэгжүүлэх боломжийг хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нээж өгсөн. Аймгууд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаараа дамжуулан Засаг дарга нь саналаа оруулж, жижиг дулааны станц зэрэг төслийг түншлэлийн хэлбэрээр хэрэгжүүлэхээр жагсаалтаар баталж байна. Зарим аймагт арав гаруй, заримд нь нэг, хоёр төсөл гэх байдлаар тусгагдсан байгаа. Ингээд Өмнөговь аймагт нэгдсэн төслийн удирдлагын нэгж байгуулсан. Улаанбаатар хотод нийслэлийн Засаг даргын захирамж, тогтоол гаргаж “Улаанбаатар түншлэл” төв гэдэг ХХК байгуулсан. Өөрөөр хэлбэл, түншлэлийг хэрэгжүүлдэг бие даасан бүтэц, орон тоо, цалинтай нэгжүүдийг байгуулж байгаа. Үүнийг үр дүнтэй, зөв зүйл гэж дүгнэдэг. Яагаад гэвэл төр, хувийн хэвшлийн түншлэлийн хууль, эрх зүйн орчин шинэ учраас хүмүүсээ сургах, чадавхжуулах шаардлагатай. 2026 оны эхний хагас жилд бид 21 аймгийг тойрч сургалт хийсэн. Өөрөөр хэлбэл, аймгийн Засаг даргын тамгын газар, хөгжлийн бодлогын хэлтэс, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тамгын газрын төлөөллийг бэлтгэх шаардлагатай байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр уг ажлыг хийж байгаа. Одоо Засгийн газрын зүгээс томилолтын зардлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй байгаа учраас бид олон улсын байгууллагуудтай хамтран ажилладаг. Төслийнхөө хүрээнд Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, ЖАЙКА-тай түншлэн ажиллаж байна. Сүүлийн үед АНУ-ын Худалдааны яамны дэргэдэх CLDP буюу Арилжааны эрх зүйн хөгжлийн хөтөлбөрөөс санхүүгийн дэмжлэг авч, 2026 оны дөрөвдүгээр сард төр, хувийн хэвшлийн түншлэлийн хоёр дахь удаагийн форумыг амжилттай зохион байгуулсан. Мөн 21 аймагт сургалтаа хийлээ. Туршлага судлах, чадавх бэхжүүлэх чиглэлээр нэлээдгүй амжилттай ажиллаж байна. Тайландын Бангкок хотод очиж, Зүүн өмнөд Азийн
төр, хувийн хэвшлийн түншлэлийг амжилттай хэрэгжүүлж байгаа улсын нэг болсон. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа улс орнуудын туршлагыг ийнхүү судалж байна. Дэлхийн улс орнуудад эдийн засгийн яам, сангийн яамны хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийн төвүүд ажиллаж байна. Яамдууд төр, хувийн хэвшлийн түншлэлийг хариуцсан хэлтэстэй байдаг. Өөрөөр хэлбэл, манай улстай ижил бүтэцтэй гэсэн үг юм. Ингэж дэлхийн улс орнууд төр, хувийн хэвшлийн түншлэлд анхаарал хандуулж байна. Жилдээ хэд хэдэн удаа олон улсын хэмжээний хурал зохион байгуулдаг. Тухайлбал, НҮБ-аас зохион байгуулдаг төр, хувийн хэвшлийн түншлэлийн арав дахь удаагийн хурал арваннэгдүгээр сард Швейцарийн Женев хотноо болох гэж байна. Засгийн газар хөрөнгө гаргаж, улсын төсвөөр хэрэгжүүлэх боломжгүй төслүүдийг хувийн хэвшилтэйгээ хамтран, хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх бодлого баримталж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшилтэйгээ гэрээ, хэлэлцээр байгуулж, төслүүдийг хэрэгжүүлэх ийм төрлийн бодлогыг Засгийн газар баримталж байна. Тухайлбал, Мөрөн-Улиастай чиглэлийн авто замын төсөл Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэж, дэмжигдсэн байгаа. Үүнийг дахин оруулна. Тэгээд түншлэлийн гэрээ байгуулах эрх олгочихвол Мөрөн хотоос Улиастай хүртэлх 261.8 км зам ашиглалтад орж, аялал жуулчлалын чиглэлээр автомашин, дугуй, автобустай зорчих бүрэн боломж нээгдэнэ. Энэ нь цаг хугацаа хэмнэхээс гадна байгаль орчинд эерэг нөлөө үзүүлнэ. Энэ мэтчилэн нийтийн зориулалттай дэд бүтэц болох төмөр зам, авто зам, цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний төслүүдээс гадна нүүрсээр ажиллах Тавантолгойн дулааны цахилгаан станцыг түншлэлээр хэрэгжүүлж, байгуулах судалгаа явагдаж байгаа. Сүүлийн үед Европ, Азийн зарим компани төмөр замын төслүүдийг түншлэлээр хэрэгжүүлэх хөгжлийн бодлого баримталж байна. Сайншандаас Хөөт, Хөөтөөс Бичигт, Хөөтөөс Чойбалсан чиглэлд буюу зүүн бүсийн чиглэлээр хэвтээ, босоо төмөр замыг түншлэлээр хэрэгжүүлье гэсэн саналаа өгөөд, дэлгэрэнгүй шинжилгээ хийгдээд явж байна. Мөн баруун бүсийн төмөр замын төсөл буюу Арц суурь, Шивээхүрэн боомт хүртэл 1000 гаруй км зам бий. Иймэрхүү томоохон төслүүдийг төр өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлэх боломж хязгаарлагдмал.
-Гэрээний хугацаа хэдэн жилээр байгуулагдахыг яаж тогтоодог вэ. Мөн ямар салбарын төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлдэг вэ?
-Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар хувийн хэвшлийнхэн бүртгүүлж, 30 хүртэлх жилийн хугацаатай түншлэлийн гэрээ байгуулж болно. Энэ нь дээд хязгаар нь юм. Гэхдээ заавал дээд хязгаарт нь тултал гэрээ байгуулна гэсэн үг биш. Нэг удаад 10 хүртэлх жилээр сунгах боломжтой. Хэдэн жилд хөрөнгө оруулалтаа нөхөх, үр ашгаа хэдэн жилийн дараа хүртэх вэ гэдэг тооцоог гаргадаг. Байдрагийн УЦС-ын гэрээ гэхэд 25 жил ашиглаж, дөрвөн жил барина гэдэг асуудал яригдаж байна. Төслүүдийн хугацаа янз бүр. Нийгмийн салбар буюу төрийн үйлчилгээний салбарт ч түншлэлийн төслүүд хэрэгжүүлэх боломж хуулиараа байдаг. Боловсролын яамнаас Дэлхийн банкны дэмжлэг, санхүүжилтээр хөрөнгө оруулалтыг 100 хувь төрөөс гаргахгүйгээр газрын асуудлыг нь шийдээд, сургуулиудыг шинээр барьж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлье гэсэн төлөвлөгөөтэй байна. Бид төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв дээрээ судалгааг нь эхлүүлэхээр ажиллаж байна. Тэгвэл дутагдаад байгаа сургууль, цэцэрлэгийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Концессын тухай хууль үйлчилж байх үед бага сургууль, цогцолбор сургууль зэргийг концессын гэрээгээр барьж байсан туршлага манай улсад бий. Тийм учраас энэ нь цоо шинэ харилцаа биш. Харин хуулиараа гурван салбарт түншлэл хэрэгжүүлэхийг хориглосон байдаг. Үүнд уул уурхай, олборлолт, ашиглалт, банк, санхүүгийн үйлчилгээ,батлан хамгаалах салбарын үйлчилгээ багтана. Эдгээр салбарын үйлчилгээг хуулиараа хязгаарлаж байгаа. Бусад салбарын үйлчилгээ нээлттэй. Гэхдээ энэ нь хувь хүнд зориулсан бус, нийтийн зориулалттай байх ёстой юм. Өөрөөр хэлбэл, төслийн үр өгөөжийг нийтээрээ хүртэх шаардлагатай. Тиймээс төмөр зам, авто зам болон төрийн зарим үйлчилгээг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх боломжтой байдаг.
Б.ХУЛАН





.jpg)






































































Сэтгэгдэл