Доктор Л.Мөнх-Эрдэнэ: Огцруул
ОГЦРУУЛ!
Др. Л.Мөнх-Эрдэнэ
Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх нь Монгол улсын “эрхэм зорилго.” Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь Монголын төрийн үйл ажиллагааны “үндсэн зарчим.”
Энэ эрхэм зорилго, үндсэн зарчмыг Монголын ард түмэн бид Үндсэн Хууль (ҮХ) болгосон. Төрийн алба хашиж буй хэн бүр энэ эрхэм зорилгод хөдөлбөргүй захирагдаж, энэ үндсэн зарчмыг үйлдэл бүртээ дагаж мөрдөх ёстой.
Гэтэл өнөөдөр эх орон маань Баярын хэлснээр “шоронгийн БНУ болж гүйцлээ.” Шоронгийн БНУ болгогч нь “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангарагласан” этгээд. Өөр хэн ч биш. Улсын эрхэм зорилгыг булшлав. Төрийн үндсэн зарчмыг устгав. Үндсэн Хуулийг эвдэв. Тангаргаасаа няцав. Нэг биш дахин, давтан.
Төрийн бүх эрх мэдлийг ганц өөртөө төвлөрүүлж ганцаар засаглах эзэрхэг засаг тогтоов. Төрийн эрх мэдлийг салгах, тэнцвэржүүлэх ҮХ-ийн үндсэн зарчмыг эвдэв, Ардчилсан парламентын засаглалыг эвдэв. Олон, цөөнхийг хагалан хувааж, УИХ-ыг бусниулж, хууль тогтоох эрх мэдлийг ч самрав. Гүйцэтгэх эрх мэдлийг булаав. Шударга ёсыг сахиулах эрх мэдлийг хэрэгжүүлэх шүүх, хууль хяналтын байгууллагуудыг иргэд, улстөрчдийг нухчин дарах, хавчих, хорих аппарат (repressive apparatus) болгов. Төр эргүүлэх гэгч энэ, төрийн эргэлт гэгч энэ!
“Төрийн тэргүүн” байж иргэдийн эвлэлдэн нэгдэх улстөрийн эрхэнд халдаж, улстөрийн намын эрх мэдлийг булааж авав. Намыг төрийн эрх мэдэл булаан авах, улстөрийн дарангуйлал явуулах аппарат болгов. Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байж улстөр хийж, улстөрийн намуудын хэрэгт хутгалдаж, улстөрийн намыг булаан авч, улстөрийн цэвэрлэгээ (political purge) хийв. Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг шонд өлгөв, шоронд хатааж улстөрийн харгислал (political persecution) өрнүүлж байх. Нийгмийг айдас хүйдэст хурааж, улс оронд шоронгийн дэглэм тогтоов. Хагас цэрэгжсэн фашист байгууллага байгуулж, түүгээрээ заналхийлж иргэдийн эвлэлдэн нэгдэх, жагсах, цуглах улстөрийн эрх, эрх чөлөөнд халдаж ардчилсан ёсыг төдийгүй, төрийн хууль сахиулах монополь эрхийг ч эвдэв. Ардчилсан ёсонд, эрх чөлөөнд, тэгш байдалд, үндэсний эв нэгдэлд дайсагнах, халдах, эвдэх, халах гэгч энэ! Ардчилсан төр, ардчилсан улстөрийн систем, ардчилсан нийгэмд дайсагнах, халдах, эвдэх, халах гэгч энэ!
Бүгд найрамдах улс (БНУ), ардчилсан төрийн Ерөнхийлөгчийн алба хашиж байж эзэрхэг хааны шүтээн, шүтлэг бий болгож төрийн алба, аймаг засаг захиргааны нэгж, айл өрх, иргэдэд тулгаж БНУ-ын ч, ардчилсан улсын ч, төр, шашныг салгасан ёсыг ч эвдэв. Иргэдийн шүтэх бишрэх эрх чөлөөнд ч халдав. Ард түмний тэргүүн зарц, ардчилсан төрийн албатан байж эзэрхэг хааны авир гаргаж, эзэрхэг хааны ёслолын хувцас өмсгөл үүсгэж, эзэрхэг хааны дүрд хувилж, эзэрхэг хааны ёслолын протокол, зан үйл, харилцаа бий болгож, Монгол улсын Ерөнхийлөгчийг ч, бүгд найрамдах төрийг ч, ҮХ-ийг ч, ёсыг ч урвуулан дүр, төрх, хэлбэр, авир, зан үйлийг нь хувьсгаж, хувиргаж эзэрхэг харгис хаант төр, хаант засаг болгов. БНУ-д дайсагнах, эвдэх, халах гэгч энэ, эзэрхэг хаант засгийг номлох, тогтоох гэгч гэгч энэ!
Итгэлийн эрх мэдлийг урвуулан ашиглаж хулгай зохион байгуулж, хулгайн синдикат угсарч төр, засгийн мөн чанарыг үндсээр нь хувиргаж хулгайчдын дэглэм (kleptocracy) болгов. Хулгай хийх, хулгайгаа нуухын тулд хулгайтай тэмцсэн, хулгайг нь илчилсэн, шударга ёс шаардсан болгоныг нухчин дарах, хавчих, дарлах, баривчлах, хорих. Шоронгийн дэглэм! Эрүүл саруул, эрдэм боловсролтой, эх орон, ард түмний төлөө гэсэн болгоныг төрөөс цэвэрлэх, төрийн хэрэгт үл нэвтрүүлэх. Муугийн дэглэм (kakistocracy), Монголыг мөхөөх дэглэм! (Жич: Та бүхэнд сануулахад миний бие 2021 оны 6-р сарын 04-нд ийм дэглэм тогтоох гээд байна, үүнийг таслан зогсоо гэж “Түүхэн сонголт: Ардчилал эсвэл Хятад маягийн дэглэм?” гэсэн нийтлэл бичиж анхааруулж байсан гэдгийг тэмдэглэе.).
Энэ бүхэн эрх баригчдын асуудал биш! МАН-ын асуудал биш! МАН-ын 30, 38 асуудал биш! Олонх, цөөнхийн асуудал биш! МАН, АН-ын ч асуудал биш! Бидний асуудал! Монголын асуудал! Бидний эрх, эрх чөлөөний асуудал! Бидний ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийн асуудал! Бидний Үндсэн хуулийн асуудал! Бидний ардчилсан төр орших, эс оршихын асуудал! Бидний бүгд найрамдах улсын асуудал! Бидний тусгаар тогтнгол, бүрэн эрхийн асуудал! Бидний орших, эс оршихийн асуудал! Бид бүгдийн асуудал! Бидний үндэсний асуудал! Бүгдээрээ бос! Хүрэлсүхийг огцруул! Хулгайчдын шоронгийн дэглэмийг нь нураа! Үндсэн хуулиа, ардчилсан дэглэмээ, БНУ-аа сэргээ!
Үүний тул ҮХ-иа сөхөн, тунхагласан эрхэм зорилго, үндсэн зарчим, зүйл заалтыг нь дурдатган энэхүү нийтлэлийг бичихэд хүрэв. Иргэний эрх, үүрэг. Үнэнийг олох нь эрдэм шинжилгээний орших утга учир. Үнэнийг эрх мэдэлтний өмнөөс хэлэх нь эрдэмтдийн үүрэг. Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгүйгээр үнэн орших боломжгүй, үнэнд орон зай байхгүй газарт үнэнийг хайх ч, эрдэм шинжилгээ хийх ч утга учиргүй! Эрдэм шинжилгээний шаардлага!
Зорилго нь: Эзэрхэг хаант засаг
Хүрэлсүх юу хийж буй, түүний зорилго, төлөвлөгөө юу болохыг харуулъя. Тэр БНУ-аас, ардчилсан парламентын засаглалаас, ҮХ-иас аль эрт уравсан, аль эрт дайсан болсон. Бидний ард түмний эсрэг, бидний БНУ-ын эсрэг, бидний ардчилсан төрийн эсрэг, бидний ҮХ-ийн эсрэг төрийн эргэлт, эсэргүү хувьсгал хийж байгаа этгээд. Зорилго нь Умард Солонгост Кимийн, Туркменистанд Бердымухамедовын гэр бүлийн тогтоосон дэглэмийг Монголд тогтоож ганцаар засаглах эзэрхэг хаан болох. “Хаан болъё гэж бодож байсан” төдий биш ганцаар засаглах эзэрхэг хаан болчихсон, хуульчлах л үлдсэн. Бутан, Японы хаадыг ч, Сердар Бердымухамедовыг ч Монголд урьдгийн учир энэ.
Умард Солонгос, Туркменистан нь БНУ нэртэй ч хэрэг дээрээ угсаа залгамжилсэн, ганцаар засаглах, хэмжээгүй эрхт эзэрхэг хаант дэглэмүүд. Нэр, цолноос үл хамааран ганц хүн засаглаж л байгаа бол ганцаар засаглах эзэрхэг хаант дэглэм. Ганцаар засаглах нь ардчилсан ёсны үхэл, БНУ-ын мөхөл! Ач Ким өвөг эцэг, эцгийнхээ угсарсан дэглэмийг залгамжилсан. Туркменбаши Ниязовын угсарсан дэглэмийг бутач хүү нь гэгдэх Гурбангулы залгамжилж, хүү Сердартаа өвлүүлсэн. Өнгөрсөн арваад жилд Хүрэлсүхийн угсарсан, тогтоосон дэглэм энэ. Тийм ч учир тэр орд, харш бариулж байгаа юм. Хүүгүй учир дүү “Хасарaa” ч, үелээ ч, хүргэнээ ч зэхэж буйг харж байгаа байх. Ниязов, Бердымухамедов нарын адил өөртөө алтан хөшөө цутгуулсан нь ч ил болсон. “Хасар” дүү нь, алтан хөшөөтэй нь зургаа авхуулсныг 2025 оны 6-р сарын 2-нд Сердарын айлчлалын үед Профессор Ханс Гутброд (Hans Gutbrod) жиргэж, Туркменистаны Ерөнхийлөгч Монголын Ерөнхийлөгчид хичээл заахаар ирж гэж даапаалсан байсан.
Тэр одоо хугацаагаа сунгаж, хулгайн дэглэмээ бэхжүүлэх, хуульчлах хулгайн эсэргүү хувьсгал явуулж байна. Тиймээс ч Оюун-Эрдэнийн ЗГ-ыг огцруулж, тэднийг улстөрөөс зайлуулж, АН-ыг эрхэндээ оруулж Алтанхуяг нарыг улстөрөөс хасаж улстөрийн орон зайг монопольчилон битүүмжилж байна. Түүнд үүнийгээ гүйцэлдүүлэх үндсэн хоёр арга зам байна.
Ниязов, Бердымухамедов, Ши Жинпин, Путин нар шиг ҮХ-ийг өөрчилж хугацаагаа сунгах нь түүний эхний арга зам. Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан нарын 30, АН-ын бүлэг дэх АН-ын фракц тасалдуулсаар ирсэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн тов зарлагдах хүртэл тэсчихвэл бүрмөсөн тасарна гэж горьдож байх шиг. Хүрэлсүх энэ төлөвлөгөөгөө орхиогүй. Ард нийтийн санал асуулга явуулах, УИХ-ын гишүүдийг татах, УИХ-ыг тараах, “Монгол төрөө цэвэрлэх чин хүсэл, эр зориг” нь хэвээр.
“Монголын төр хүчирхэг байх ёстой, хүчирхэг байхын тулд сахилга хариуцлагатай байх ёстой” гэдэг нь зөвхөн энэ зорилгод үйлчлэх. Орон даяар, ард түмний мөнгөөр аялж, төрийн албан хаагчидтай хаалттай уулзалт зохион байгуулж, үзэл суртлын кампани өрнүүлж дайчилгаа хийж байх. Хугацаа нь дуусаж буй, дахин үл сонгогдох Ерөнхийлөгч бүү хэл төрийн аливаа албан тушаалтан ингэдэг бил үү? Яагаад төрийн албан хаагчидтай уулзах гэж? Яагаад хаалттай гэж? МАН хэзээ ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэгчээ ард түмнээс асуудаг байсан юм бэ? Хариулт, төлөвлөгөө ойлгомжтой!
Төлөвлөгөөнд нь саад болж буй цорын ганц төрийн инститүц нь парламент, УИХ! Тиймээс УИХ-ыг тараах! Шаардлагатай бол “нийтийн эмх замбараагүй байдал” үүсгэж онц байдал зарлах! Үүний тулд Учралыг огцруулж, 30 хоног дуусгаж зарлиг гаргаж УИХ-ыг тараах. Тиймээс ч саяхан Цогтгэрэлийн гараар Учралыг огцруулах оролдлого хийж Энх-Амгалангаар 3.5 тэрбумын өөш хаяулав. Зуухгүй болохоор нь 8.3 тэрбумыг ч шидэв. Улаан цайм үйлдлийнх нь учрыг ойлгосон Цогтгэрэл ухарч, Учрал Дэнсийн Шинэбаяраар өөрийнх нь хулгайн хөрөнгө, орд, өргөөг нь түмэнд дэлгүүлэв. Цогтгэрэлийг сахилгажуулах, эсвэл зайлуулах нь ойлгомжтой. Галт тэрэг хөдөлсөн.
УИХ-ыг тараачихвал бүх эрх мэдэл гарт нь зангидагдана. Саад болох, гай тарих юу ч, амьсгаа ч үлдэхгүй. Өөрийн баг болсон УИХ нэртийг байгуулталаа Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулна. Дэглэмээ хуульчлах үндсэн арга, зам нь энэ. Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан нарын 30-ыг цэвэрлэнэ, шорондоно. Алтанхуяг, Гантөмөр, Тэмүүжин мэтийг АН-аас бүрмөсөн арчина. Дуулгаварт хурлаараa “зөвхөн нэг удааг” авч хаяж хугацаагаа сунгана. Дарангуйлагчийн дэглэмийг хуульчлах хамгийн дөт, сурах бичгийн зам энэ.
Бүтэхгүй бол Путин-Медведевийн зам. 21 оныг давтаж сонголтгүй сонгууль гэгчийг дахин дэглэнэ. Үүний тулд МАН-ыг ч, АН-ыг ч гартаа оруулах ёстой байсан. 24 онд Содбаатарыг МАН-ын ЕНБД нэртэй БЭТ-ээр тавьж МАН-ын дарга болсон. Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан нарын фракцыг бүрмөсөн цэвэрлэж МАН-ын машиныг гартаа авсан. Баярцогтыг АН-д БЭТ-ээр тавьж АН-ыг ч гартаа авсан нь нийгэмд нэгэнт ил болсон.
МАН, АН, ХҮН-ээс Хүрэлсүхийн БЭТ л нэр дэвших ёстой. Алтанхуяг, Гантөмөр нар нэр дэвшихгүй. Тиймээс л гурван шатны шүүхээр цагаадсан Алтанхуяг ахиад л анхан шатны шүүх дээр. Ne bis in idem, нэг хэргээр давтан шүүх шүүх шүүх биш залхаан цээрлүүлэх эрүүдэлтийн машин. Шүүх гэдэг үгийг энэ машинд хэрэглэх нь өөрсдийгөө хуурч, шоронгийн дэглэмийг хуульчилж байгаа хэрэг.
Дэвшихийг зөвшөөрсөн ч сонгогдохгүй. Шоронгийн дэглэм төрийн машиныг тэдний эсрэг дайчилна. МАН-ын ч, АН-ын ч, ХҮН-ийн ч машиныг дайчилна. Олигарх мөнгийг ч дайчилна. БЭТ-ээ Ерөнхийлөгчөөр тавиад намын тамга, тэмдгээ албан ёсоор аваад 28 онд ЕС-ын тамга авах. Улмаар ҮХ-ийг өөрчилж 33 онд Ерөнхийлөгчийн тамга, тэмдгээ албан ёсоор буцаан авах. Нямбаатар үүнийг тодорхой хэлсэн.
Олон хүчин зүйлээс хамаарах, сунжирсан, төвөгтэй зам. БЭТ нь ч Хүрэлсүхээс урвавал төлөвлөгөө нь нурна. Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан, Номтойбаяр, Нямбаатар нар цэвэрлэгээг давж үлдвэл хүчтэй өрсөлдөгчид байх болно. Гишгэх газар олдохгүй ч болж мэдэх. Тиймээс эхний арга замыг шавхталаа улайрах. Ерөнхийлөгчийн сонгуулийн тов зарлагдсанаар асуудал дуусахгүй. Бүхэл бүтэн 7 сар байна.
Эзэрхэг дэглэмийг угсарсан нь
Одоо энэ төслийг хэзээ эхлүүлж, ямар аргаар, хэрхэн явуулж өнөөгийн байдалд хүрснийг эргэн сануулахын хамт утга учир, үр дагавар нь юу болохыг өгүүлье. Явуулсан, явуулж буй бодлого, үйл ажиллагаа, арга тэдгээрийнх нь төвшин, хугацаа, давталт, туушрал, далайц, тотал байдал нь зорилго, чиглэл, төлөвлөгөөг нь тод харуулах. Тогтоосон ганцаар эзэрхэн засаглах, шоронгийн дэглэм нь зорилгыг нь нотлох.
Гүйцэтгэх эрх мэдлийг булааж, хууль тогтоох эрх мэдлийг самарч, хууль сахиулах албадыг дарангуйллын зэвсэг болгож төрийн эрх мэдлийг ганц өөртөө төвлөрүүлэн зангидсан нь мөн чанараараа БНУ, төрийн эрх мэдлийг салгах, тэнцвэржүүлэх ёс, хууль засаглах ёс, үндсэн хуульт байгуулал, ардчилал, парламентын засаглал, энэ бүхнийг Монгол улсад тогтоосон ҮХ, түүний тунхагласан төрийн үйл ажиллагааны зарчим бүрд ч, өрөгсөн тангарагт нь ч харш. Энэ бүхнийг эвдсэн, халсан хэрэг. Сонгодог утгаараа төрийн эргэлт!
Арга нь урвалт, хуйвалдаан, луйвар, төрийн эргэлт, ултөрийн нухчин дарлага (political repression), харгислал (persecution), цэвэрлэгээ (purge) гээд хөврөх. Гүтгэлэг, харлуулалт, сүрдүүлэг, заналхийлэл, баривчилгаа, шүүх, шорон гяндан бүгд ултөрийн эсэргүүцлийг нухчин дарах, хавчих, цэвэрлэх техникүүд. Үр дагавар нь ганцаар эзэрхэн, хуваарьгүй засаглах хуульгүй, ёсгүй тиранийн дэглэм. Хохирогч нь та бид, БНУ, ардчилал, парламентын засаглал, ҮХ, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдэл төдийгүй улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал. Үүнийг ардчиллын ухралт (democratic backsliding), төр олзлолт (state capture) зэрэг улстөрийн шинжлэх ухааны ойлголтоор томьёолж болно. Гэхдээ Хүрэлсүхийн зорилго, арга, үйл ажиллагаа өөр шат, автократ дэглэм тогтоох эсэргүү хувьсгал. Одоо үйл явдлыг эргэн сануулъя.
Ардчилсан Монголын түүхэнд намаасаа урваж, намынхаа эсрэг хуйвалдсан төдийгүй бослого зохион байгуулж ЕС, ЗГ, УИХ-ын даргыг гудамжнаас булаан авсан анхны этгээд Хүрэлсүх. Ардчилсан Монголын түүхэнд анх удаа улстөрийн цэвэрлэгээ хийж, намыг намын даргын баг болтол цэвэрлэсэн этгээд Хүрэлсүх. Сайн муу нийлж сав дүүрэх, сайхан муухай нийлж гэр дүүрэх учир улстөрийн цэвэрлэгээ ардчилсан бүү хэл аливаа ард түмэн, улс орон тэвчих зүйл биш. Явцуу сэтгэц, ялгаварлан гадуурхах, үзэн ядах сэтгэлгээний өвчин. Нацист, коммунист дэглэмүүд зартай. Гуч гаран мянган Монголчуудыг хядсан зүйл. Ийм л зүйлийг Хүрэлсүх хийж, түүний медиа амны уншлага болгосон.
17 онд намаасаа урваж, Баттулгатай хуйвалдаж Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд унагасныг нь утасны ярианых нь бичлэг нотолдог. “Монгол наадамд зөвхөн Монгол морь л уралдах ёстой. Монгол морьдын уралдаанд эрлийз болон холимог цусны морь шургуулахыг оролдвол шууд хуулийн байгууллагад тухайн хүнийг өг. Бид Монгол адуугаараа бахархах ёстой. Монгол наадмаараа төрийн сүлдэндээ залсан Монгол адуугаа уралдуулж, монгол мориныхоо удмын санг үеийн үед хамгаалж авч явах ёстой. Үндэсний баяр наадмын Хурдан морины уралдаан зохион байгуулах салбар хорооныхонд дээрхи асуудлыг хатуу анхааруулж байна” гэж эрлийзээр цоллогдоод байсан Энхболдыг Монгол наадмаас, Монгол цэвэр цуснаас, Монгол бахархалаас, Монгол удмын сангаас хассан. Нийгэм даяараа мэддэг энэ баримтыг Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир ч 2023 онд хэвлүүлсэн “The Anifamlification of Nationalist Sentiments” (Үндэсэрхэх мэдрэмжийг амьтанжуулсан нь) өгүүлэлийнхээ 131–134 талд Хүрэлсүх хэрхэн Энхболдын араас “санаатайгаар” хутга шаасан, тэр нь яагаад үр дүнтэй болсныг дэлгэрэнгүй харуулсан ч байдаг.
Улмаар Баттулгатай хамжиж унагасан Энхболдыгоо “дэвсэж” сонгуулийнх ялалтыг булааж гудамжнаас ЕС, ЗГ-ыг авсан. 1996 онд Элбэгдоржийн ялалтыг Очирбат булааж гудамжнаас Энхсайханыг ЕС болгосноор ард түмний мандатгүй этгээд ЕС болох мөрийг гаргасан. 2004 онд Энхбаяр гудамжнаас Элбэгдоржийг ЕС-аар тавьснаар уг үйлдлийг давтсан. АН-ын эсрэг, Энхсайханы ялагдал, өөрийнхөө ялалтын төлөө Энхбаяр Элбэгдоржийг хямдхан хөлсөлсөн нь тэр. Үр дүн нь 2005 Ерөнхийлөгчийн сонгууль. 2007 онд Энхбаярын хараан дор Энхболдоос ЕС-ийг Баяр мөн л гудамжнаас булааснаар ард түмний мандатгүй этгээд ЕС болох мөр жим болж хувирсан. Гэхдээ 2004 онд Энхбаяр 37, Энхсайхан 35 суудал авч олонхгүй төдийгүй, хүч тэнцсэн парламент бий болсон нь дундын, эвлэрэлийн, тиймээс мандатгүй этгээд гарах нөхцлийг бүрдүүлсэн юм. Харин 16 онд Энхболд 65 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсан. Тиймээс Хүрэлсүх цэвэр хувийн тоглолт, хувийн урвалт, хувийн хуйвалдаан, хувийн булаан авалт хийсэн юм.
Урвалт, хуйвалдаанаа бослого, цэвэрлэгээ болгон өргөжүүлж, ордонд Баттулгын дэмжлэгэд дулдуйлж, талбайд “Шударга Тавын” жагсаалыг зохион байгуулж 19 онд Энхболдоос УИХ-ын даргыг булааж Хадгаламж банкны хам хэрэгтэндээ авч өгснийг Монголчууд бүгд мэднэ. Баяр Энхболдын сонгуулийн ялалтыг булаагаагүй. Энхболд 2005 оны нөхөн сонгуулиар УИХ-д хөл тавьсан “баньди” Энхбаярын БЭТ болж ЕС, намын даргын албыг гүйцэтгэж байв. ЕС, намын даргыг авсан ч Баяр эрх мэдлийг төвлөрүүлэх гэж улайраагүй. Тийм бодол ч байгаагүй. УИХ-ын даргыг ч аваагүй. Харин ч эсрэгээр Энхболдыг шадар сайдаар урьсан. Баяр улстөрийн цэвэрлэгээ хийгээгүй. Түүний тархинд тийм бодол орж ирээ ч үгүй. 20 он гэхэд Хүрэлсүх Энхболдын фракцыг МАН-аас ч, УИХ-аас ч бүрмөсөн цэвэрлэж, МАН-ыг өөрийн баг төдий болгосон.
Энхболдын мөрөөдөл, “сайн нэр,” лидерийн чадвар энэ бүхнийг гүйцэлдүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Гэхдээ 60 тэрбум, газрын наймаа, авилга энэ тэрийг Хүрэлсүх зөвхөн эрх мэдэл, албан тушаал олж авахын тулд ард түмнийг хууран мэхэлхэд хэрэглэсэн болохыг өнгөрсөн 10 жил нэгэнт илт болгосон. Хүрэлсүх авилгатай тэмцдэг бус харин авилгыг өрсөлдөгчдөө намнах, үнэнч боолоо болгон барьцаалах зэвсэг болгон хэрэглэдэг. Төрийн эрх мэдэл авилгыг тасалж, авилгачдыг шийтгэх ёстой ч Хүрэлсүх авилгачдыг барьцаалах зэвсэг л болгодог.
19 онд сайд нарыг томилох эрхийг УИХ-аас хураан авч, Ерөнхийлөгчийн хугацааг 6 жил болгож дараагийн бууриа зассан нь хожим илт болсон. Мөн ингэж УИХ-ыг ЗГ-ын хуулийн хэлтэс болгох замыг ч зассан. ЕС-ийг 30 хоногийн дотор томилоогүй бол УИХ-ыг тараах эрх мэдлийг Ерөнхийлөгчид өгсөн нь УИХ-ыг барьцааны байгууллага болгосон төдийгүй, УИХ-ын онцгой эрх мэдлийг булааж авсантай бараг ижил зүйл. 20 онд ковидын дэглэмээр хугацаагаа сунгасныг бүгд мэднэ.
21 онд түүний дараагийн урвалт, хуйвалдаан, төрийн эргэлт! Баттулгаасаа урваж, хуйвалдаан зохион байгуулж ҮХЦ-ээр “зөвхөн нэг удааг” Баттулгад хамааруулж Ерөнхийлөгчийн албан тушаалыг булааж авсан. Алтанхуяг, Ганбаатар нарыг хасч, Эрдэнэ, Энхбат нарыг захиалж, иргэдээс сонголтыг нь булааж сонгууль луйвардсан. Төрийн үйл ажиллагааны зарчим бүрийг эвдсэн, төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан 20 жилийн ялтай гэмт хэрэг. Ардчиллын инститүцүүдийг бүгдийг нь, түүний дотор ард түмний төрөө барих эрхийг нь ч хүртэл булшилсан төрийн эргэлт.
УИХ үндсэндээ түүний баг болсон байв. Нам нь түүний баг байв. Намын дарга, ЕС нь түүнийг “ялуулах” ёстой, явуулах сонирхолтой ч байсан нь ойлгомжтой. АН устсан, ҮХЦ түүний хам хэрэгтэн болсон байв. Ард түмнийг ковидын дэглэмээр хорьсон байв. Ингэж тэр БНУ-ын Ерөнхийлөгчийг гэгээн цагаан өдрөөр булааж авсан. Алтанхуяг, Ганбаатар нарын нэгэн адил Баттулга цагаан саналд уриалсан бол иргэд сонгогчид үүнийг таслан зогсоож боломж байсан. Гэвч Баттулга Монголын төрийн бүх эрх мэдлийг түүнд өгсөн.
Тиран, тиранийн дэглэм
25 оны 6-р сарын 3-нд Оюун-Эрдэнийн ЗГ-ыг огцруулснаар Хүрэлсүх тиранийн дэглэм тогтоож, тиран болсон. Нэг хүний дур зоргоор засаглах харгис дэглэмийн нэршил. Ихэвчлэн албан тушаалын эрх мэдэл, улстөрийн нөлөөг хувийн эрх мэдэл болгон урвуулж хууль, ёсыг бусниулан засаглах байдлаар хэрэгжих. Деспот, диктатор, автократ ч гэж нэрлэх, дэглэмийг тоталитаризм ч гэх. Дарангуйлагч, ганцаар эзэрхэн засаглагч, хэмжээгүй эрхт эзэрхэг хаан зэрэг нь ийм засаглалыг илэрхийлэх Монгол нэрс. Хүрэлсүх деспот, диктатор, автократ, дарангуйлагч, ганцаар эзэрхэн засаглагч, хэмжээгүй эрхт эзэрхэг хаан.
Үнэн, 22 оны сүүл хүртэл Хүрэлсүх үндсэндээ хаанчилсан. Гэхдээ тэр тиран байж чадаагүй. Гол саад нь Оюун-Эрдэнэ ба түүний ЗГ. Ардчилал орших эсэх, АН сэхэх эсэх, ялангуяа нүүрсний хулгайн хэрэг Оюун-Эрдэнэ тэр хоёрын замыг салгаж, улмаар дайтахад хүргэсэн нь одоо нэгэнт илт болсон. Ерөнхийлөгчийн албан тушаалыг хэрхэн авч буйг нь, улстөрийн байгууламж, ялангуяа УИХ энэ бүхнийг хэрхэн зөвшөөрч буйг хамгийн ойроос харж, мэдэрч байсан этгээд Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан нар байсан нь мэдээж. Тэдэнд Хүрэлсүхийн үлгэрээр, жишгээр, дүрмээр, түүнтэй хамтран, Медведев нь болон замнах боломж бүрэн дүүрэн байсан.
Гэвч Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан нар 23 онд ҮХ-д нэмэлт өөрчлөлт оруулж УИХ-ын суудлыг 126 болгож, жагсаалтын 48 суудал нэмсэн нь хамгийн түрүүнд инститүцийн хувьд УИХ-ыг ардчилж, Ерөнхийлөгчийн эсрэг байр суурийг нь бэхжүүлсэн хэрэг байсан. АН-ыг сэргээж, бусад намуудад амьдрах орон зай олгосноор олон намын тогтолцоог ч дахин амилуулж, ардчиллыг сэргээсэн хэрэг байсан. Эдгээр нь өөрчлөлтийн инститүцийн зорилго, үр дагавар нь.
Улстөрийн зорилго нь Хүрэлсүхийн багийн хатуу барьцнаас гарах, түүний эзэрхэг дэглэмийг таслан зогсоох, эцэслэх явдал байсан нь одоо нийгэмд тодорхой болсон. Хүрэлсүхийн анхдугаар цэвэрлэгээний улмаас МАН үндсэндээ түүний баг болж, УИХ-ыг түүний баг бүрдүүлж байсан. Нөгөө талаар МАН (АН ч ялгаагүй) улстөр, бизнесийн гэр бүлүүдийн угсаа залгамжилсан явцуу клуб, нэг ёсны феодал, язгууртны улстөрийн нийгэмлэг болж хувирсан. Одоо ч тийм.
Жагсаалтын 48 суудлыг бүхэлд нь нийгмийн төлөөлөлд зориулах Оюун-Эрдэнийн бодлого чухам энэ феодалжсан хаалттай тогтолцоог эвдэж МАН-ыг ч, УИХ-ыг ч нийгмийн төлөөллийн хувьд ардчилах явдал байсан нь нэгэнт тодорхой болсон. Боловсрол, мэдлэг, чадвартай залуусыг дэвшүүлж УИХ-ыг боловсролжуулж, чадваржуулж муугийн дэглэмд салхи оруулах зорилготой байсныг нь Оюун-Эрдэнийн хэдэн залуус ч тод харуулж байгаа. Харин тухайн үед энэ бүх алхамыг хамгийн хурцаар ажиглаж байсан этгээд Хүрэлсүх. Одоо үүнийг устгахаар хамгийн их сурталдаж байгаа этгээтүүд нь түүний БЭТ-үүд Бямбацогт, Учрал. Нийгмийн төлөөллийг устгавал жагсаалт нь феодалууд, тэдний залгамжлагчид, хөлснийхний суудал болж хувирах нь ойлгомжтой.
Зөвхөн энэ өөрчлөлт нь Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан нарыг улс орны ирээдүйн талаар Хүрэлсүхээс тэс өөр үзэл бодол, байр суурьтай, ардчилал, хүний эрх, эрх чөлөөгөөр хүмүүжсэн шинэ үеийн төлөөлөл, ҮХ, ардчилсан парламентын засаглалдаа үнэнч улстөрийн зүтгэлтнүүд болохыг нь эдүгээ нэгэнт харуулсан. Эдүгээ хүртэл тэдний болон тэдний фракцын өрнүүлж буй тэмцэл ч дахин дахин нотлож байгаа. Тэд ҮХ-иа, ҮХ-иар тогтоосон ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хүний эрх, эрх чөлөө, ардчилсан парламентын засаглалаа хамгаалан тэмцэж байгаа. Харин тэдний эсрэг Хүрэлсүхийн дэглэмийн хийж байгаа бүхэн эзэрхэг дэглэмээ сунгах, бэхжүүлэхийн тулд тэднийг нухчин дарж, хавчиж, харлуулж, цэвэрлэх улстөрийн харгислал (political persecution).
Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан нарын өөрчлөлт дэглэмийг нь устгах зорилготой, тиймээс тэднийг зайлуулах ёстой, тиймээс ч зайлуулах бэлтгэлээ базааж байсан этгээд Хүрэлсүх. 25 оны 5-р сарын эхээр, Москва явахынхаа өмнөхөн Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан, Амарсайхан, Гантөмөр, Доржханд нарыг цуглуулж ҮХ өөрчлөхийг шаардсан нь нэгэнт ил болсон. ҮХ зөрчсөн, өргөсөн тангарагаасаа уравсан эрээ цээргүй үйлдэл. Мэдээж Оюун-Эрдэнэ нарыг зайлуулах бэлтгэлээ аль эрт хангачихаад тулган шаардалт тавьсан нь тэр. Содбаатарыг БЭТ-ээр тавьсны зорилго энэ. Түүнийг ЕНБД-аар томилуулсан нь хэрэг дээрээ өөрөө МАН-ын дарга болсон хэрэг. АН-д ч фракцаа бэлэн болгосон байсан нь ойлгомжтой. Энэ бүхэн нь өнгөрсөн бүх хугацаанд Хүрэлсүх нам бус статусаа эвдэн намын дотоод хэрэгт эрээ, цээргүй оролцож Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан, Гантөмөр нарыг зайлуулах хуйвалдаан зохион байгуулж байсныг харуулах.
“Баярцогтыг АН-ын дарга болго гээд чи хэнийг дарамдалдаг гэнээ? Баярцогтыг АН-ын дарга болгохгүй бол ална гэж чи олон хүнийг дармталдаг болсон байна Хүрэлсүхээ!” гэж Батзандан 22 оны 10 сарын 4-нд мэдэгдсэн нь одоо ч нийгмийн сүлжээнд бий. Энэ мэдэгдлийнх нь төлөө түүнийг шорондож засан хүмүүжүүлсэн. Хоригдох ёстой нь Хүрэлсүх. Үндсэн хууль ёсоор Ерөнхийлөгч улстөрд, намын хэрэгт оролцох ёсгүй. Өргөсөн тангараг нь ч тийм. Хуулиараа ч нам бус. Төрийн эрх мэдэлтэн, улсын ерөнхийлөгч эрх мэдлээ урвуулан ашиглаж улстөрийн намын дотоод хэрэгт оролцох нь төр нь иргэдийнхээ эвлэлдэн нэгдэх эрхийг эвдэж, ардчиллын үндсийг устгасан хэрэг. Алах, хядахаар заналхийлэх нь төрийн тэргүүний бүү хэл түмний дотор ч балмад, зэрлэг үйлдэл. 5 жилийн хорих ялтай эрүүгийн гэмт хэрэг.
Түүгээр ч барахгүй, Оюун-Эрдэнийн мэдэгдсэнээр дүү Отгонбаяр нь УИХ-ын гишүүдийн өрөө өрөөгөөр орж агсан тавьж, заналхийлдэг төдийгүй Оюун-Эрдэнэд агсан тавьж, нүүр рүү нь архи цацаж, биед нь халдахыг завдсан. Мөн Эгүүр сайтын мэдээлснээр Монгол цэргийн нэгдсэн холбоо гэгчээр сүрдүүлж, “жагсаал, цуглаан зохион байгуулах гэвэл өмнөөс чинь цэргийн холбоогоо хөдөлгөнө шүү” гэж “заналхийлсэн” байгаа юм. Энэ нь Хүрэлсүх Гитлерийн СА (Sturmabteilung, Storm troopers) буюу дайрагч отрядыг байгуулсан нь, түүний дүү нь УИХ-ын Эрнст Рём (Ernst Rohm) болсныг харуулах. Гитлерийн СА нь халагдсан офицер, цэргүүдээс бүрддэг байсан бөгөөд Гитлер ба нацист намыг хамгаалах, Гитлерийн улстөрийн өрсөлөгчдийг айлгах, сүрдүүлэх, заналхийлэх, тэдний жагсаал, цуглаан, уулзалтыг дайрч, бусниулж, тараах зорилготой хагас цэрэгжсэн (paramilitary) байгууллага байсан бөгөөд толгойлогч нь Эрнст Рём гэгч байсан юм.
Тийм ч учир дэлхийн бүх улс орнууд, ялангуяа, ардчилсан, түүний дотор Монгол улс “Шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист, түүнчлэн гадаад улсын намын салбар нэгжийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгуулахыг хориглодог.” Гэтэл МАН-ын дарга, Монгол улсын ЕС Хүрэлсүх дээрх байгууллагыг 1919 оны 4-р сарын 4-нд байгуулж тэргүүнээр нь сонгогдож ажиллаж байсан төдийгүй, одоо уг байгууллагын “албан контор” нэрээр 23 давхар барилга бариулж буйг Нямбаатар баримттай дэлгэв. Ийм байгууллага байгуулах нь иргэдийн эвлэлдэн нэгдэх, жагсаал, цуглаан хийх улстөрийн эрх, эрх чөлөөнд шууд халдсан ардчиллын эсрэг гэмт хэрэг төдийгүй төрийн хууль сахиулах монополь эрхийг эвдсэн төрийн эсрэг гэмт хэрэг.
Улмаар Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх, эсэх асуудлаар УИХ санал хураахын яг өмнө Хүрэлсүх УИХ-ын хуралдаан дээр ЗГ нэгэнт огцорсныг урдчилан тунхагласан. Төрийн тэргүүн бус, харин улстөрийн намын лидер, сөрөг хүчний лидер, огцруулах кнопыг бүрдүүлчихсэн этгээд л ингэж мэдэгдэх. УИХ-ыг сүрдүүлсний дээр доромжилж, УИХ-ын гишүүдийг басамжилж, УИХ-ыг ард түмний өмнө дорд хийж эрх мэдэл хэнд буйг тунхагласан үйлдэл. Англи, Францын эзэрхэг хаад ингэдэг байсан үе бий. ЕС, ЗГ-ыг огцруулах эрх мэдэл цэвэр УИХ-ын онцгой бүрэн эрх. Энэ онцгой бүрэн эрхийг булаан авч төрийн эргэлт хийж буйгаа, тиран болж буйгаа, эзэрхэг хаан болсноо тунхаглсан хэрэг. ҮХ ёсоор огцруулах ёстой, 20 жилийн ялтай хэргийг давтсан нь энэ.
Оюун-Эрдэнийг огцруулах хуйвалдааныг зохион байгуулснаа харуулж, эрх мэдэл, сүр хүчээ гайхуулсан ч хэрэг. “Орлогоо нотол”, “Огцрох амарханыг” зохион байгуулагчид ч хөлснийхөн гэдгээ Монголчуудад аль эрт нотлон харуулсан. Үгүй байсан бол тэд аль эрт Оюун-Эрдэнийн дэлгэсэн Бодийн 110 сая долларын хэрэг дээр ч, Энхбаярын 1.5 сая долларын хэрэг дээр ч, Энх-Амгалангийн дэлгэсэн 3.5 тэрбум дээр ч, 8.3 тэрбум дээр ч дахин дахин давтан жагсaaд Учралыг амархан огцуулчихсан байх ёстой.
Илүү ноцтой хэрэг нь бүгд найрамдах байгуулал, сонгууль, ардчилал, ард түмний төрийн эрхээ барих эрхийг эвдсэн нь. Занданшатарыг огцруулсан УИХ-ын шийдвэрт хориг тавьсан нь ийм зүйл. Мэдээж ЗГ-ыг оцруулах УИХ-ын онцгой бүрэн эрхийг булаан авснаа дахин бүр албан ёсоор давтсан хэрэг. Гэхдээ хориг нь бүгд найрамдах байгууллын түүхэнд хэн ч, хэзээ ч, түүний дотор Монголын үе үеийн ерөнхийлөгч нар ч хийж байгаагүй үйлдэл. Бүр зөвшилцөх эрхтэй байсан Багабанди ч хийж байгаагүй. Тэд бүгд учраа мэддэг, ардчилсан ёсоо хүндэлдэг, ҮХ-иа сахьдаг байсан хэрэг.
Хүрэлсүхийн хориг парламентат ёсыг эвдэж, бүгд найрамдах засаглалыг, ард түмний төрийн эрхээ барих эрх буюу сонгуулийг халсан хэрэг. Тиранийн дэглэм, хэмжээгүй эрхт эзэрхэг хаант засгийг сэргээсэн үйлдэл. Учир нь УИХ гэгч ЕС, ЗГ-ыг сонгохын тулд иргэдээс сонгогдсон сонгогчдын коллеги (electoral college). Тиймээс УИХ-ын сонголтонд хориг тавина гэдэг нь ард түмний сонголтонд хориг тавьж буй хэрэг. Энэ нь сонгууль, ардчилал, ард түмэн төрийн эрх барих ёсыг эвдэж, халж буй хэрэг. Төрийн эрх мэдлийг хууль бусаар булаан авсан 20 жилийн ялтай хэргийг дахин давтсан нь энэ.
Өөрийг нь огцуурлсан УИХ-ын шийдвэрт ч Хүрэлсүх бас хориг тавих мэт! Эрх мэдэл ард түмнээс бус тэнгэр бурханаас заяатай гэх бурангуй суртал ноёлож байсан цагт өөрсдийгөө тэнгэр бурханы хүү, элч, төлөөлөгч гэж номлодог (divine right of kings) байсан эзэрхэг хаад л парламентын шийдвэрийг цуцалдаг байв. Өнөө цагийн ёслолын хаадад ч, ерөнхийлөгчийн хэмээх засаглалын ерөнхийлөгч нарт ч ийм эрх байхгүй, байх ёсгүй. АНУ-ын Ерөнхийлөгчийг ч, түүний томилсон сайд нар, албан тушаалтнуудыг ч парламент нь огцруулбал АНУ-ын Ерөнхийлөгч хориг тавих эрхгүй, ёсгүй, тавьдаггүй. Учир нь ардчилсан ёсонд харш. Хууль бус, ёс бус зүйл! Хуульгүй, ёсгүй засаглал! Эл учир Хүрэлсүх абсолют тиран!
ҮХЦ-ийг дайчилж УИХ-ын шийдвэрийг цуцалсан нь эцсийн эцэст Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхэнд халдсан үйлдэл. Зүй нь ҮХЦ гэдэг байгууллага парламентын засаглалын тогтолцоонд байх ёсгүй. Парламентын засаглалд парламентын шийдвэр эцсийнх байх ёстой. Парламентын шийдвэрийг хэн ч, юу ч хязгаарлах ёсгүй, хянах, шүүх ёсгүй. Үүнийг парламентын бүрэн буюу эзэн эрх (parliamentary sovereignty) гэдэг юм. Тиймээс ч Англид үндсэн хууль байхгүй, үндсэн хуулийн шүүх ч байхгүй. Эл учир ч УИХ-д онцгой бүрэн эрх олгосон хэрэг.
УИХ-ын бие даасан байдалд эрээ цээргүй халдсан нь тун ноцтой. Парламент өөрийн үзэмжээр үйл ажиллагаагаа зохион байгуулж, өөрийн үзэмжээр шийдвэрээ гаргах ёстой. Хэн ч, юу ч хөндлөнгөөс оролцох ёсгүй. Парламентын бие даасан байдлыг парламентын онцгой статус (exclusive cognisance) гэдэг. Парламентын ч, ерөнхийлөгчийн ч засаглалд нэг ижил. Гэтэл Хүрэлсүх ҮХЦ-ийг УИХ-ын дотоод хэрэг хутгалдуулж, шийдвэрээ хэрхэн гаргах эрхийг цагдуулж, ҮХЦ-ийг УИХ-ын цагдаа болгосон. Ингэж УИХ-ын бие даасан байдлыг эвдсэн. Булгантуяа биш Хүрэлсүх, ҮХЦ-тэйгээ төрийн эрх мэдэл булаасан ял хийсэн.
УИХ-ын бие даасан байдлыг эвдэх нь үндсэндээ улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг эвдэж байгаа хэрэг. Учир нь улс орны тусгаар тогтнол, бүрэн эрх нь улс орны өмнөөс шийдвэр гаргадаг байгууллагад орших. Тэр байгууллага нь хаана ч парламент. Эл учир л УИХ төрийн эрх барих дээд байгууллага. Түүний онцгой бүрэн эрх, халдашгүй дархан байдал нь улс орны тусгаар тогтнол бүрэн эрхийг онцгойлон хамгаалсан хамгаалалт. Тиймээс парламентын онцгой бүрэн эрх, халдашгүй дархан байдалд халдах нь улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхэнд халдаж буй халдлага. УИХ бусдын хараанд орж, өөрийн үзэмжээр, бие даан шийдвэр гаргах эрх мэдэлгүй болох нь улс орны тусгаар тогтнол, бүрэн эрх алдагдаж, тэр этгээдийн мэдэлд орж байгаа хэрэг.
Намчин, намын дэглэм, улстөрийн цэвэрлэгээ
Өөр нэг ноцтой зүйл нь УИХ-ын онцгой статусыг эвдэж, халдашгүй дархан байдлыг нь устгаж онцгой бүрэн эрхийг нь намаар дамжуулан булаан авч намын засаглал сэргээсэн явдал. Нам ард түмэн биш. Үзэл бодол, эрх ашгиараа нэгдсэн иргэдийн бүлэг. Нам төр биш. Намын байгууллага төрийн байгууллага биш. Намыг ч, намын байгууллагыг ч ард түмэн сонгодоггүй, тиймээс ард түмэн намд эрх олгодоггүй юм.
Ард түмний сонгож байгуулсныг төр гэх. Нам ба төр хоёрын зааг нь ард түмэн. Нам, төр хоёр сонгуулиар холбогдох ч, зааглах улаан шугам нь сонгууль, ард түмэн, ард түмний сонголт. Нам, намын байгууллга сонгуулийн хаалганы гадна үлдэх ёстой. УИХ-ыг ард түмэн сонгож, ард түмэн эрх олгох. Чухам тийм учир “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж хуульчилсан хэрэг.
Тиймээс намд, намын байгууллагад төрийн хэрэгт оролцох эрх, мандат байхгүй. Тэгэх нь төрийн эрх мэдэлд халдаж, төрийн эрх мэдлийг булаан авч байгаа хэрэг. Алтанхуягийн ЗГ-ыг огцруулсны дараa АН-ын ч, МАН-ын ч бүлэг эсрэг байр суурьтай байхад АН-ын ҮБХ, МАН-ын БХ хуралдаж бүлгүүдийн байр суурьны эсрэг шийдвэр гаргаж, бүлгүүдэд тулгаж Сайханбилэгийн ЗГ-ыг байгуулсан нь төрийн эрх мэдэлд халдаж, төрийн эрх мэдлийг нам булаан авах жишиг болсон болов уу.
Дээрээс нь Монгол улсын Ерөнхийлөгч “төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч.” Ард түмэн анги, нам, тал биш! Ард түмний эв нэгдэл анги, нам, талтай харш, харилцан үгүйсгэх! Нэг хэсгийн талд орших нийтийн эв нэгдэл гэж үгүй. Илэрхийлэгч нь нам бүлэг болж, нам бүлгийн талд байх нь бусдыг, нийтийг ялгаварлан гадуурхаж эв нэгдлийг устгаж байгаа хэрэг. Тиймээс төрийн тэргүүн, ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч улстөрийн тайган байх учиртай, ёстой юм.
Ард түмний, үндэсний, улсын эрх ашгийг хамгаалах, шударга ёсыг тогтоох нь төр үндсэн үүрэг! Ард түмний эрх ашиг, шударга ёс хоёр ангийн, намын, талын эрх ашгийг үгүйсгэх! Ангийн, намын, талын эрх ашиг мөн чанараараа хэлтгий! Тиймээс төр төмөр нүүртэй байж төрсөн, тэлсэнд тал засах ёсгүй юм. Тиймээс төрийн тэргүүн намын, талын, тиймээс намын улстөрийн байх ёсгүй юм.
Чухам эл учир, чухам төрийн тэргүүн учир, чухам ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч учир Монгол улсын Ерөнхийлөгч нь Англи, Бельги, Дани, Голланд, Испани, Норвеги, Швед, Японы хаадын нэгэн адил, эсвэл Герман, Итали, Австри, Финланд, Португали, Ирланд, Исланд, Чех, Тайваны ерөнхийлөгч нарын нэгэн адил Монгол улсад орших цорын ганц улстөрийн бус инститүци, улстөрийн “тайган” байх ёстой юм. Эл учир Монгол улсын Ерөнхийлөгч намын улстөрд оролцох ёсгүй, чухам эл учир нам бус байх ёстой юм.
Төрийн тэргүүн, ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч учир Европын бүх хаад, тэдний гэр бүлийн гишүүд улстөрийн үг, өгүүлбэр үл унагах. Улстөрийн намд үл оролцох. Улстөрийн сонгуульд үл оролцох. Санал үл өгөх. Англи, Бельги, Голланд, Испанийн хаад болон хааны гэр бүлийн гишүүд бүгд ийм уламжлалтай. Дани, Норвеги, Шведийн хаад, тэдний гэр бүлийн гишүүд ийм уламжлалтай төдийгүй, хориглосон хуультай. Японы эзэн хаан ба түүний гэр бүл мөн ийм. Тэд бүгд төрийн тэргүүн, ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч, чухам тийм учир тэд бүгд улстөрийн бус.
Төрийн тэргүүн, ард түмний эв нэгдлийн бэлгэдэл учир парламентын засаглалтай орны ерөнхийлөгч нар, хэнээс сонгогдсоноосоо үл хамааран, бүгд улстөрийн бус. Тэд нам бус. Улстөрийн мэдэгдэл үл хийх. Улстөрийн үйл ажиллагаа үл явуулах. Сонгууль, сонгуулийн суртчилгаанд үл оролцох. Монголын нэг адил ард түмнээс сонгогдог Австри, Португали, Финланд, Чех, Ирланд, Исланд, Тайваны ерөнхийлөгч нар ч улстөрийн бус. Нам бус. Улстөрийн үйл ажиллагаа үл явуулах. Бүгд улстөрийн “тайган.” Тэдний ижил Монгол улсын Ерөнхийлөгч мөн улстөрийн “тайган.”
Мөн төр, ялангуяа ардчилсан төр иргэдийн улстөрийн эрх, улмаар улстөрийн намын хэрэгт үл оролцох. Оролцох нь иргэдийн улстөрийн эрхэнд халдаж, хорьж, халж, улстөрийн эрхийн сувгийг боомилож, ардчилсан улстөрийг халж, устгаж буй хэрэг. Нэгийг дэмжих нь нөгөөг боомилох. Гэтэл Хүрэлсүх намчин! Намчинаа гайхуулж УИХ дээр ил тодоор тунхагласан! Намчин төдийгүй нам дээрэмдэгч! Төрийн эрх мэдлээр далайлган намын эрх мэдэл булааж авсан. Төрийн тэргүүн улстөрчдийг заналхийлж, нухчин дарж, хавчин мөрдөж буй нь төр ардчилсан улстөрийг устгаж буй хэрэг.
Ерөнхийлөгчийн ҮХ-ийн статус, нам бус статус, өргөсөн тангарагаа эвдэн МАН-ыг улаан цайм булааж авсан. МАН-аар дамжуулж төрийн гүйцэтгэх эрх мэдлийг булааж авсан. Оюун-Эрдэнийг яг энэ замаар огцруулж, яг энэ замаар төрийн эрх мэдэл булааж авсан. Гудамжнаас, тэгэхдээ бүр тамгын газрын даргаа ЕС-аар томилсон. Түүндээ МАН-ыг авч өгөх гэж улайран зүтгэснийг нийгэм бүгдээрээ харсан.
УИХ биш МАН-ын БХ эвслийн ЗГ-ыг тараах шийдвэр гаргасан. МАН-ын БХ-ын шийдвэрийг АН үг дуугүй даган биелүүлсэн нь эдүгээ нэгэнт Хүрэлсүхийн фракц гэдэг нь илт болсон бүлгийн ажил байсан нь тодорхой. АН-ыг Хүрэлсүх авсан гэдгийг Лодойсамбуу ч, Нямбаатар ч хэлсэн. Батзандангийн дэлгээд шоронд орсон Баярцогт АН-ын ЕНБД. Монголын ард түмнийг бүү хэл, УИХ-ыг ч, МАН-ыг ч, АН-ыг ч ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч хагалсан, хуваасан, талцуулсан, дайсагнуулсан.
МАН-ыг дээрэмдэж авaхдаа төрийн эрх мэдлээр, шоронгоор сүрдүүлснийг Амарбаясгалан мэдэгдсэн, төрийн эрх мэдлээр, шоронгоор хэн сүрдүүлдгийг Алтанхуяг ч бүрэн илчилсэн, шоронгийн БНУ ч тод харуулсан. УИХ-ын гишүүдэд хэрэг үүсгэж дарамталдагийг Ганбаатар тавьж, тогтоолын төсөл ч санаачилж байсан. Эдүгээ УИХ-ын 20 гаран гишүүдийг ч ийм байдлаар дарамталж буйг Нямбаатар ч мэдэгдлээ. МАН-ын БХ-ын гишүүдийг ч сүрдүүлсэн нь ч ойлгомжтой.
МАН-ыг булааж аваад хоёрдахь удаагаа улстөрийн цэвэрлэгээ хийж Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан нарыг төдийгүй тэдэнтэй хамт зүтгэж байсан бүхнийг МАН-ын удирдах байгууллагуудаас бүрэн цэвэрлэв. МАН-ын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн энэ цэвэрлэгээг хэн хийснийг шууд гэрчлэх. Бүгдэд ил болсон зүйл. Амарбаясгаланг намын даргад нэрээ дэвшүүлхээ боль, болихгүй бол хэрэг үүсгэнэ ч гэсэн. Нямбаатараас МАН-ын даргад өрсөлдөхгүй гэсэн бичиг бичүүлж гарын үсэг зуруулж авсан ч гэсэн. Иргэдийн улстөрийн эрх, эрх чөлөөг дээрэмдэж байгаа хэрэг. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргих! Улстөрийн цэвэрлэгээ нь улстөрийн харгисллын хурц хэлбэр!
Нямбаатараас Улаанбаатарын намыг ч булааж хүргэндээ авч өгөхийг бид бүгд харлаа. Төрийн тэргүүн, ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн албыг хашигч, нам бус байх хуультай этгээд ийнхүү улсын сонгуульд ялсан намыг булаан бүхэлд нь цэвэрлэв. Улаабаатарын сонгуульд ялсан намыг ч булааж авав. Улаанбаатарын МАН-д ч мөн цэвэрлэгээ хийж байна. Мандуул, Баттөр нар жишээ нь. Улсын сонгуулийг ч, Улаанбаатарын сонгуулийг ч давхар давхар дээрэмдэв. МАН үзэл баримтлал, дүрэм журам, мөрийн хөтөлбөртэй улстөрийн нам бус харин эзэрхэг эзний амьгүй албат сүрэг, өмч болсон гэдгээ ч харуулав.
Улстөрийн цэвэрлэгээ нь Монголын ард түмний 24 онд сонгосон МАН-ыг бие бүрэлдэхүүний хувьд ч, бодлого, мөрийн хөтөлбөрийн хувьд ч Монголын төрийн эрх мэдлээс бүрмөсөн зайлуулсан. Эдүгээ эрх барьж буй МАН гэгч ард түмний сонгож, мандат өгсөн нам огт биш. Эрх мэдлийг хууль бус, ёс бусаар булааж авсан бүлэглэл. Бүх зүйлээрээ 24 оны МАН-ын дайсан, түүнийг улстөрийн бүрэн цэвэрлэгээнд оруулсан бүлэглэл. Тийм ч учир МАН инститүцийн хувьд бүрмөсөн устсан гэдгийг Гантөмөр хэлээд байгаа юм. МАН улстөрийн намын хувьд устсан харин МАН нэртэй Тройн морь (Trojan Horse) л үлдсэн.
Төрийн эрх мэдлийг ийнхүү намын нэрээр булаан авсан учир Хүрэлсүхийн БЭТ Содбаатар УИХ юу хийх ёстойг, УИХ-ын гишүүд яах ёстойг зааж зандраад нийгмийн зэвүүг хүргээд байгаа хэрэг. Коминтерн БЭТ Рыскуловоо явуулж Коминтерны БЭТ МАХН-ын Төв Хороог хатуу чанга удирдаж, МАХН-ын Төв Хороо нь Монголын ЗГ-ыг удирдах тогтолцоог угсарсан юм. Москва Монголыг энэ тогтолцоогоор 70 жил захирсан. Энэ тогтолцоогоор Коминтерны БЭТ Амагаев УИХ-ыг зайдалж Тагна-Урианхайн тусгаар тогтнол гэгчийг 1926 онд Монголоор зөвшөөрүүлсэн нь өнөөгийн Тува. Хүрэлсүх энэ дэглэмийг сэргээн угсраад, Монголын бүрэн эрхт бүгд найрамдах төрийг олзлоод “шоронгийн БНУ” болгочихоод байна.
Демагог
Монголын БНУ, ардчилсан дэглэм, парламентын засаглал, Үндсэн хуульт ёсыг эвдэн нурааж, хорлон сүйтгэж устгаад зогсохгүй ганцаар хуваарьгүй засаглах эзэрхэг хаант засгийн дэглэм (autocracy), хулгайчдын дэглэм (kleptocracy), муугийн дэглэм (kakistocracy), мөхлийн дэглэм (pranatocracy) угсарчихаад байгаа этгээд Хүрэлсүх.
Хүрэлсүхийг ардчилсан үнэт зүйлс, зарчим, хүний эрх, эрх чөлөөний үзэл санаагаар улстөрийн байр сууриа томьёолон илэрхийлж байсан гэж бодохгүй байна. Огт таарч байгаагүй. Тийм үнэр ч байдаггүй. Хүн зодож байсныг нь Монголчууд бүгд мэдэх. Харин Ерөнхийлөгчийн эрх мэдэл авснаасаа хойш тэр нэг хүнийг тахин шүтэх культын демагог (demagogue) болсон. Түүний культ нь Чингис нэртэй, түүний номлол нь тэнгэрээс заяат эзэрхэг хааны ганцаар засаглах дэглэм. Түүний культ Чингисийг “оройн дээд шүтээн” болгов. “Эзэн” болгов. “Бурхан” болгов. “Алтан биеийг нь бүтээв.” Чингис нэрт культын тотем-шүтээн, мөргөлийн өргөө, сүм, зан үйлийг ч бий болгов. Чингис нэрт культаа төрийн шашин болгов. Монгол бүрийг шүтэхийг зарлигдав.
Монголын БНУ-ын бэлгэ тэмдэг, ёслолын зан үйлийг эзэрхэг хаант засгийнх болгов. БНУ-ын Ерөнхийлөгчийг эзэрхэг эзэн, хаан болгов. Эзэрхэг хаант засгийн суртал дэлгэрүүлж Монголын ард түмнийг, бүрэн эрхт, эрх чөлөөт иргэдийг мунхруулан төөрөгдүүлж эзэрхэг хаант засгийн албат зарц болгов. Үндсэндээ Монголын ардчилсан бүгд найрамдах засаг, ардчилсан БНУ-ыг эвдэх, халах эсэргүү хувьсгал.
Энэ бүхэн нь нэг хүнийг тахин шүтэх, бурханчлах, эзэргхэг харгис бурангуй хаант засаглалыг номлох, суртчилах эрээ цээргүй хурц хэлбэр. Өөрийгөө тахин шүтүүлэх, тираны дэглэмээ номлох арга. Монгол морь, Монгол цэвэр цусаар Баттулгыг онцолж, эрлийз морь, эрлийз цусаар Энхболдыг чичилсэнтэй ижил зүйл! Чингисийн нэрийг барьж, Чингисийн нэрийг нөмөрч, Чингисийн нэр дор нуугдсан тираны суртал! Өөр юу ч биш!
МАХН, түүний үндэсний баатар Сүхбаатарын эсрэг Чингисийг сөргүүлэн тавьж АН Монголчуудыг талдаа татах, өөртөө орон зай олж авах зорилгодоо хэрэглэж “Чингисийн Монгол уу, Сүхбаатарын Монгол уу” гэдэг тэмцлийг эхлүүлсэн нь өнөөдөр Монголыг бүхэлд нь эзлээд, Монголын дарангуйлагчийн культ болж амилчихаад байгаа нь энэ. 1990-ээд оноос газар авсан Чингисийг магтан дуулах, тахин шүтэх үзэгдэл бидний эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхийн шорон болоод зогсохгүй бидний бүгд найрамдах улсыг мөхөөх дээрээ тулчихаад байгаа нь энэ.
АПУ-гаас эхлээд бизнесүүд ашгийн хэрэгсэл болгосон бол ард олны дунд эрх баригчдаа сахилгажуулах, хазаарлах хэрэгсэл болгох санаа ч гарч байсан. Харин эрх баригчид, ялангуяа, Ерөнхийлөгчийн алба хашигчид Чингисийг ард олныг мунхруулах, дагуулах, засаглах зэвсэг болгон хэрэглэсээр ирснийг Хүрэлсүх монопольчилж, ганцаар засаглах дэглэмийнхээ культ, номлол, үзэл суртлын зэвсэг болгож, дүрд нь хувилж Хасартай, хүргэнтэй хаан болж Чингис шорон хоёрыг ижил болгоод байгаа нь энэ.
2000 онд АН намын Чингисийн одон бий болгож Чингисийн нам гэдгээ тунхагласан нь Сүхбаатарын намыг Сүхбаатарын одонтой нь хамт жийх санаа байв. Ардчилал, эрх чөлөө, хүний эрх, шударга ёс эрхэмлэх намын хувьд хааны одонт, хааны нам болох нь үнэт зүйлс, үзэл баримтлалаа нулимсантай адил зүйл. 2002 онд Энхбаярын 72 төрийн Чингисийн одон үйлдвэрлэж төрд хураасан нь, АН-д барьсан хариу, АН-ыг жижигрүүлсэн хэрэг. АН-ыг даапаалж бах таваа хангасан ч бүгд найрамдах ардчилсан улсын парламент нь бүгд найрамдах улсаа ч, Үндсэн хуулиа ч, төрийн үйл ажиллгааныхаа зарчмаа ч нулимсан хэрэг байв.
Багабандийн санаачлагаар 2005 онд УИХ “Чингис хааны дурсгалын болон онгон шүтээний ёслол хүндэтгэлийн цогцолбор” гэгчийг байгуулснаар ард түмэн, эрх чөлөө, ардчилсан ёсоо умартаж хаан шүтэх гаж өвчнийг үүсгэв. Хааныг халж ард түмэн, хааны эрхийг хурааж ардын эрх буюу ардчилал, хаант засгийг устгаж бүгд найрамдах засаг үүссэн учир угтаа бол гал ус, газар тэнгэр шиг харш зүйл. Тиймээс ч хаан шүтдэг БНУ хорвоод үгүй.
АН арцалдаж төв талбайг эзлэж Сүхбаатарын МАН-ыг зайлуулах гэсэн ч МАН шүүхдэж АН-ыг Чингистэй нь хамт зүүн хязгаарт цөлсөн нь Өндөрхаан. Хаанаа биш юм гэхэд шүтээнээ цөлдөггүй юм. Асуудал Чингист огт биш АН, МАН-ын эрх баригчдад, эрх мэдлийн төлөөх тэмцэлд оршихыг үйлдэл нь дахин харуулсан нь энэ. АН, МАН-ын тэмцэл эрх мэдлийн төлөөх байснаас Чингисийн ч, Сүхбаатарын ч төлөө огт байгаагүй. Тэднийг хүндэлдэг байсан бол ядахдаа ясыг нь өндөлзүүлэхгүй.
“Урт шар дээлт” хүргэний дүрээр хаан ширээнд санаархсан нь өнөөгийн айдсын анхны амилсан дүр. Цэргийн сурвалжлагч төрсөн өдөр өгч, Монголчуудын бахархалын өдөр (pride day) гэгч ч болгов. Угтаа бол шүтээн шашинд, бахархал сайрхалд, шүтээн ариун дагшинд, бахархал нүгэл хилэнцэд хамаардаг зүйл. Дээрээс нь Монголд тусгаар тогтнолын, хувьсгалын, бүгд найрамдах улсын өдрүүд гэж тэмдэглэдэг шиг улс орнууд бүгд өөрсдийн тийм өдөртэй. Бахархалын өдөр гэгч зөвхөн ЛГБТ-ийн л зүйл. Загалмайтны шашны үзэл номлолд бахархалыг нүгэл гэж үздэг бол консерватив загалмайтнууд бахархалын өдрийг шашин номлолыг нь санаатай доромжилсон хэрэг ч гэж үздэг. Харанхуйнх эсвэл доромжийнх бүү мэд. Ямар ч байсан завхрал ингэж хаанаар бахархах ардчилсан БНУ-ыг ганцын зарлигаар үүсгэсэн. Энэ бүхэн Хүрэлсүхийн шоронгийн төслийн хөрс суурь.
“Эзэн Богд Чингис хааны хүндэтгэлийн өргөө- ‘Чингис хаан’ хаад язгууртны музей” гэгчийг байгуулж Монголыг хаад, язгууртныг магтан дуулах, алдаршуулах музей байгуулсан анхны бүгд найрамдах улс болгов. Хааны гэх музей мэр сэр бий. Богдын ордон музей шиг л зүйлс. Хаадын орд, харшыг музей болгох нэг хэрэг, харин хаад, язгууртанд зориулж, хааны нэрээр музей байгуулах тэс өөр хэрэг. Түүх нэг хэрэг, үзэл суртал тэс өөр хэрэг.
Мөн чанараараа хааны засаг ардын шорон, ганцын засаг бүгдийн шорон. Хаад, язгууртан ард түмний түүхэн дарангуйлагчид, зарчмын дайснууд нь. Хаад, язгууртны харгис дарлал, мөлжлөгийн төрийг эвдэж ард түмэн төрөө байгуулсан нь бүгд найрамдах төр, тэр тусмаа ардчилсан бүгд найрамдах төр, ардчилсан парламентын засаглал. Ард түмний албат, ардчилсан төрийн албан хаагч ингэх нь ард түмнээс, ардчилсан төрөөс уравсан хэрэг, төдийгүй ард түмэн, ардчилсан төрийн дайсан болсон хэрэг.
“Монгол үндэстнийг оюун санаа, зүрх сэтгэл, итгэл үнэмшлийн хувьд нэгтгэн зангидна” гэж “монгол хүн бүр Их Монгол Улсын гал голомтыг сахиж буйгаа гүнээ ухамсарлан, Эзэн Богд Чингис хааны эш хөргийг эрхэмлэн дээдэлж, Монгол төр, айл өрх, албан байгууллага бүр хүндэтгэн залж, Их хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрд” гэж “төрийн тэргүүн зарлиг буулгав.” “Бидний агуу шүтээн бол эзэн Чингис хаан, бидний оройн дээд шүтээн, бол эзэн хаан, Чингис хаан. Бид эзэн Чингис хаанаа бурхан шиг л шүтэх ёстой, Монголын ард түмэн,” “Цагаан сарын шинийн нэгний бэлгэт сайн өдөр Их хаандаа сүслэн мөргөж, хүндэтгэл үзүүлдэг байх учиртай” ч гэж номлов.
Монгол улс иргэний ардчилсан бүгд найрамдах улс. Монголын төр засаг төрийн байгууллага, шашин шүтлэгийн байгууламж биш. Монгол улсад төр, шашин тусдаа. Төр, төрийн алба шашин, шүтлэг үүсгэхгүй, номлохгүй. Шашин, шүтлэгийн үйл ажиллагаа явуулахгүй. Төрийн албыг шашин, шүтлэгийн алба болгохгүй. Төрд, төрийн албанд, төрийн албатанд ийм эрх огт байхгүй. Байх ч ёсгүй. Үүний учир төр, шашнийг тусгаарласан юм. Энэ учир төрийн хэрэгт шашин, шашны хэрэгт төр оролцох ёсгүй юм.
Монгол улсад шүтэх бишрэх хувь хүний эрх, эрх чөлөө. Хэн ч, юу ч, тэр тусмаа төр, төрийн албатан энэ эрх, эрх чөлөөнд халдах ёсгүй. Эрхгүй. Шүтэх, эс шүтэхийг хэн ч заахгүй. Тэр тусмаа төрийн албатан номлохгүй. Тушаахгүй. Зарлигдахүй. Есгүй. Эрхгүй. Үүний тулд шүтэх бишрэх эрх, эрх чөлөө орших.
Монгол улс бүгд найрамдах, ардчилсан улс. Хаан, хааны засаг бүгд найрамдах улс, ардчилсан засгийн дайсан. Хаан шүтэхгүй. Шүтэх ёсгүй. Хаанд мөргөхгүй. Мөргөх ёсгүй. Хааны зарлиг, сургаалыг дагаж мөрдөхгүй. Халсан, эвдсэн, жигшсэн. БНУ, ардчилсан төр засгийн тэргүүн ингэх нь БНУ, ардчилсан засагт дайсагнаж, хорлон сүйтгэж, эвдэн устгаж буй хэрэг.
Бид бүрэн эрхт, эрх чөлөөт ард түмэн. Бидэнд эзэн үгүй. Бид дээрээ эзэнгүй, дэргэдээ албатгүй, өөрсдөө өөрсдөдөө эзэн болж, байх гэж энэ Монгол улсыг, энэ БНУ-ыг, энэ ардчилсан засгийг, энэ парламентын засгийг байгуулсан юм. Бид энэ улсын эзэд. Бид энэ төрийн эзэд. Чингис ч бай, хэн ч бай бидний эзэн биш. Бид Богдтой нь, алтан ураг гэгчтэй нь халсан, эвдсэн, устгасан. Эзэрхэг хааныг эзэн гэж номлох, зарлигдах нь бидний эзэн эрхийг эвдэж албат боол зардас болгож буй хэрэг. Монгол улсын Ерөнхийлөгч зарлиг гаргадаг юм. Буулгахгүй. Буулгах гэгч эзэрхэг хаан болж буй хэрэг. Угтаа бол БНУ, ардчилсан засаг зарлиг гэдэг үгийг ч хэрэглэх ёсгүй юм. Тиймээс ч АНУ, Герман, Австри, Канад, Австрали, Шинэ Зеланд, умардын орнууд төдийгүй, Англи, Голланд, Японы хаад ч зарлиг гэдэг үгийг үл хэрэглэх.
Бидний Монгол үндэстэн оюун санаа, зүрх сэтгэл, итгэл үнэмшлийн хувьд өөрсдийн хүсэл зоригоор нэгдээд бүгд найрамдах улс болоод Үндсэн хуулиараа үнэт зүйлс, үзэл баримтлал, зарчим, мөрөө бүгдийг нь хуульчлан тунхагласан. Бид эрх чөлөөт, бүрэн эрхт, тусгаар тогтносон ард түмэн. Биднийг хэн нэгэн зангиддаггүй юм. Хэн нэгэнд зангиддагддаггүй юм. Бид өөрсдөө мэддэг юм. Зангидах гэж оролдох нь бүү хэл хэлэх нь заналхийлэл, дарангуйлал.
Бидний нийтийн эрхэмлэн дээдлэх зүйлс “хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, бидний үндэсний эв нэгдэл.” Бидний улсад, бидний төрд хүндэтгэн залдаг “сүлд, туг, далбаа, тамга, дуулал” бий. Бидний улсын “сүлд, туг, далбаа, тамга, дуулал” бидний эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхийн бэлгэдэл, тунхаглал. Хэн нэгний, тэр тусмаа хааны зураг дүрс огт биш. Хааны зураг дүрсийг эрхэмлэн дээдэлж, Монгол төр, айл өрх, албан байгууллага бүр хүндэтгэн зал гэх нь бидний сүлд, туг, далбаа, тамга, дуулалыг халж, бидний эрх, эрх чөлөө, тусгаар тогтнол бүрэн эрхийг эвдэж буй хэрэг. Бид хар гэртээ хаан, бор гэртээ богд. Бидний гэр орон бидний хувийн орон зай. Бидний албан тасалгаа хуаран биш. Бидний гэр бүл, ураг төрлийн баяр хуарангийн зан үйл биш.
Чингис сайнаар ярьвал байлдан дагуулал, эзлэн түрэмгийлэл, эзэнт гүрэн байгуулснаараа алдартай. Монголын ард түмэн бидний үнэт зүйлс эдгээрийн аль нь ч биш. Бидний үнэт зүйлс, зарчимд энэ бүхэн харш, бидний зорилгод харш. Даян дэлхийн бүх улстай энх тайвнаар зэрэгцэн оршиж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах бидний зорилго. Бид өөрсдийн дээдэлдэг, даган мөрдөх зарчимтай, хуультай, сурталтай, сургаальтай. Бидний улсын Ерөнхийлөгч тэдгээрийг дагаж мөрдөх хуультай, ёстой, тангарагтай юм. Тиймээс ч “Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангарагладаг” юм.
“Монголчууд бидний эрхэм дээд шүтээн Их эзэн Чингис хааны алтан биеийг бүтээж, Их шүтээн цагаан туг, Төрийн хасбуу тамгын хамт хүндэтгэн залсан Их хааны өргөөг” ч бий болгож “ёслол” үйлдэв. Аймаг бүрт “Эзэн Богд Чингис хааны Шүтээн хөргийг бүтээн байгуулах” зарлиг ч “буулгав.” Ингэж эзэрхэг хаант засгийн бэлгэ тэмдэг угсрав. Түүнийгээ “Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлэх” “Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг сүлд, туг, далбаа, тамга, дууллын” дээр тавьж дарангуйлав.
Хааны ёслолын хувцас өмсгөл үүсгэж, хаан болж, хааны ёслолын протокол, зан үйл, харилцаа бий болгож, Монгол улсын Ерөнхийлөгчийг ч, бүгд найрамдах төрийг ч, хуулийг ч, суртлыг ч урвуулан дүр, төрх, зан үйлийг нь хувьсгаж, хувиргаж эзэрхэг харгис хаант төр, хаант засаг болгов.Өмсгөл, зүүлт, үг, үйлдэл болгон дээрээ зэрэг, зиндаа, ихэрхэл, сүржигнэл үүсгэж ардчилсан дэглэмийн амин сүнс, үндсэн зарчим тиймээс ч Монгол улсын төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болсон ардчилсан ёс, тэгш байдлын зарчмыг бүхэлд нь нураав.
Ардчилсан ертөнц ингэж зэрэг, зиндаа, давхраа, ялгаа үүсгэх ихэрхэл, сүржигнэлийг цээрлэх. Иргэд, ард түмэн нь, эзэд нь үл тэвчих. Гэтэл түүний үзэл сурталчид алтан ураг, удам судар, гэр бүлийн хүмүүжил, ёс суртахуун номлож ихэрхэх, зиндаархах. Түүний троллууд Оюун-Эрдэнийг Бэрхийн галч, бутач, эцэггүй хүүхэд гэх зэргээр чичих, чихэх. Ардчилсан нийгэмд хүнийг хүнийх нь төлөө хүндлэхийн дээр авьяас чадвар, эрдэм боловсрол, хийсэн бүтээснээр нь үнэлэх. Алтан ураг номлож, эцэггүй хүүхэд чичлэх нь эгэл жирийн ард олныг, амьдрал ахуйтай нь чичлэж, доромжилж, дорд үзэж, хялайж байгаа хэрэг.
Хаа очсон газраа улаан хивс дэлгэж, элдэв сүржин, даржин ёслол дэглэж Умард Солонгос, Төв Азийн диктаторууд, Булангийн орны эзэрхэг эмир, малик, султануудын эзэрхэг зуршлыг эрээ цээргүй тогтоов. Соёлт ертөнц тэр чигээрээ цээрлэдэг, үл тэвчдэг зүйл. Японы эзэн хаанаас эхлээд Англи, Европын хаад нэг нь ч улс орныхоо дотоодод ийм зүйл хийдэггүй юм. Ардчилсан ёс, тэгш байдалд харш юм. Бүгд найрамдах улсын төрийн тэргүүнүүд түүний дотор Ши Жинпин, Путин нар ч ийм зүйлийг эрс цээрлэдэг юм. Ши Жинпин бүр дөрвөн төрлийн ялзрал гэж аливаа ихэрхэл, сүржигнэл, тансаглал, чамирхалыг хатуу хориглосон.
Телевиз зоож байгаад ЕС, ЗГ-ын сайд нар, төрийн бусад албадын удирдлагыг өрөөндөө дуудаж төрийн эрх мэдлийг салгах, тэнцвэржүүлэх зарчмыг эвдэн, загнаж, үсчиж, үүрэгдэж, зандчиж, орон даяар суртчилж төрийн үйл ажиллагааны зарчим, ёсыг төдийгүй иргэний ардчилсан, эрх тэгш, шударга харилцаа ёс суртахууныг эвдэн устгав. Хүчирхийлэл, дарангуйллыг ухуулав. Суртчилав. БНУ-ын Ерөнхийлөгчийг зандрагч, жанжлагч, дарлагч, дарангуйлагч болгов. Төрийн албыг зандрагчид, дарангуйлагчдын хуаран болгож улс оронд цэргийн хуарангийн дэглэм тогтоов. Элбэгдорж эхлүүлж түмнийг хирдхийлгэж байсан энэ зүйлийг ийнхүү хэвийн болгож, цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд ч халдаав. БНУ-ын төрийн эрх барих дээд байгууллагыг ч, ард түмний элч төлөөлөгчдийг ил, далдаар, элдэв хэлбэрээр, удаа дараа дээрэлхэв, дарангуйлав, дарамтлав.
Хүрэлсүхийн хийсэн, хийж байгаа энэ бүх зүйл хоосон хэнээрхэл, сүржигнэл огт биш. Харин ардчилсан засгийг, ардчилсан БНУ-ыг хорлон сүйтгэж, хордуулж, мөхөөн устгаж эзэрхэг харгис хаант засаг, эзэрхэг харгис хаант улс болгон хувиргах, хувьсгах бодлоготой, төлөвлөгөөтэй тууштай, далайцтай хэрэгжүүлж байгаа эсэргүү хувьсгал.
Хулгайч, хулгайчдын дэглэм
22 оны 12-р сарын 13-нд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нүүрсний хулгайг Баттулга, Хүрэлсүх, Занданшатар гурав оффтэйк гэрээ байгуулж, нууцад авч Голомт банктай хамтарч хийсэн гэж “Хоёр тал” нэвтрүүлгээр мэдэгдэж байсан бичлэг нь одоо ч тус нэвтрүүлгийн сайтад байна. Тэмүүжинийг гүтгэлэг хийсэн, нэр хүндэд халдсан гэж Баттулга, Хүрэлсүх, Занданшатар гурав гомдол гаргаагүй. Няцаалт ч хийгээгүй мэт. 23 оны 1-р сарын 10-нд сэтгүүлч Өнөрцэцэг нүүрсний хулгай Хүрэлсүх, Занданшатар, Баттулга гурав дээр очоод зогсож байна гэж зарлаж, баримт харуулсан. Мөн Хүрэлсүх, Занданшатар, Баттулга гурав гомдол гаргаагүй. Няцаалт ч хийгээгүй. Харин тэр баримтыг харуулсных нь төлөө улсын нууц задруулсан гэж нүүрсний сонсголын өглөө хорьсон байдаг.
Нүүрсний хулгайг Оюун-Эрдэнэ, Хүрэлбаатар нар илрүүлж, оффтэйк гэрээнүүдийг ЗГ нууцаас гаргаж, нүүрсний сонсголыг шахaж, ялангуяа зөвхөн оффтэйк гэрээн дээр анхаарал төвлөрүүлэхийг онцолсон нь сонсголын хорооны ахлагч байсан Ганболдын тухай үеийн, Оюун-Эрдэнийн хожмын ярилцлагаас ил болсон. Хачирхалтай нь Ганболдын хорооны үйл ажиллагаа сунжирч хугацаагаа дуусгасан байдаг.
23 оны 8-р сард шинээр хороо байгуулж УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Нямбаатар ахлан 2 сар шахам ажиллаж байгаад шууд Улаанбаатарын мэр болж буусан. УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайдаас Улаанбаатарын мэр болно гэдэг огцруулалт, цөлөгдөл, шийтгэл. Яавч нүүрсний сонсголтой холбоотой нь ойлгомжтой. Буулгаж, цөлж, шийтгэсэн нь түүний хороо богино хугацаанд үр дүнтэй ажиллаж, нүүрсний хулгайчдад аюултай болсон гэсэн үг. Яавч Чойбалсангийн хөрөгт улаан өрөөндөө дуудаж Энхбаяр тэр хоёрт өгсөн Хүрэлсүхийн “Та нар Голомтын, Бодийн нүүрсний асуудлыг ярихгүй шүү” гэдэг “хариуцлагатай үүргийг” нь Нямбаатар биелүүлээгүйтэй холбоотой. Оюун-Эрдэнэ цөлөөгүй нь ойлгомжтой. Сүүлд өгсөн ярилцлагаас нь ч ойлгомжтой байдаг. Тиймээс УИХ-ыг бүрэн хянаж байсан Хүрэлсүх, Занданшатар нар Нямбаатарыг цөлсөн гэсэн үг.
Энхбаяр ХЗДХ-ийн сайдаар томилогдсон нь улаан өрөөний үүргийг хичээнгүйлэн биелүүлэхээ тангарагласан гэсэн үг. Сонсголыг тэр зохион байгуулсан. Сонсголыг будлиулж, Бодийн асуудлыг нуун дарагдуулсныхаа шанд 1.3 сая доллар хахууль авсан гэж Энхбаярыг Оюун-Эрдэнэ АТГ-д өгсөн. Энхбаяр ч “дээд төрөө бодоод” сонсголыг будлиантуулсан гэж Ерөнхий сайддаа мэдэгдсэн байдаг. Энхбаяр ч үүнийгээ няцаагаагүй. ЕС-ын дээр бий болчихоод байгаа “дээд төр” бол Хүрэлсүх. Тиймээс Энхбаярыг дэвшүүлсэн “дээд төр” нь Хүрэлсүх, Занданшатар нар болох нь ойлгомжтой. Өнөрцэцэгийг ч Хүрэлсүх хорьсон нь илт болсон.
Оюун-Эрдэнэ Бодь Интернэшнлийн оффтэйк гэрээ нь 600 сая ам доллар байсан нь 1.3 тэрбум ам доллар болон нэмэгдэж, анхны гэрээ байгуулагдсан өдөр Тавантолгой Төмөр Зам (ТТТЗ) ХХК-ийн Гомомт банканд байрших данснаас Бодь Интернэшн ХХК-ийн Голомт банканд байрших дансанд 110 сая ам доллар буюу тухайн үеийн ханшаар 293 тэрбум 700 сая төгрөгийг шилжүүлж, Голомт финаншиал группээр дамжуулан валют арилжаа гэсэн гүйлгээний утгаар бэлнээр гаргаж, (мөн шөнөдөө) Хүүхдийн парк, саун, зочид буудлууд, төрийн тусгай хамгаалалттай байгууламжуудад (обьектуудад) гэрээ байуулахад оролцсон нэр бүхий улстөрчдөд тус мөнгийг бэлнээр тарааж өгсөн. Энэхүү нүүрсний хулгай нь энэ үйлдлээр зогсоогүй бөгөөд цаашид экспортын тонн тутмаас хувь тохирч авсан байна гэж мэдэгдэж уг асуудлыг АТГ-т холбогдох баримт сэлтийн хамт 26 оны 3-р сарын 23-нд өгсөн. 110 сая доллар тараасан гэх мэдэгдэлийг хэн ч үгүйсгээгүй.
Эндээс харвал Бодийн оффтэйк гэрээгээр нүүрсний хулгайчид даруй 700 сая долларын хулгай хийсэн байх магадлалтай бөгөөд, 110 сая доллар нь анхны үйдэл нь болж байна. 700 сая ам доллар нь өнөөдрийн ханшаар бол 2 их наяд 522 тэрбум 422 сая төгрөг. 110 сая доллар нь 396 тэрбум 380 сая 600 мянган төгрөг. Эдгээрийг 3.5 сая иргэддээ хуваабал хүн бүрт эхнийх нь 720,692 төгрөг, удаах нь 113,252 төгрөг тус тус оногдоно. Оюун-Эрдэнэ нарын шударга тав ард түмэнтэйгээ нэгдэн Энхболдын дэглэмийн эсрэг ид тэмцэж байхад ар хударгаар нь нүүрсний хулгайгаа зэхэж байсныг Нямбаатар ч, баримтууд ч хөдлөшгүй харуулах. Ямар эр хүн, ямар хүн, ямар амьтан, ямар адгуус ийм зүйл хийх вэ?
Ноцтой нь асуудлыг ATГ-т өгсний дараахан 4-р сарын 7-нд Оюун-Эрдэнэ Хүрэлсүхийн дүүгийн халдлагад өртсөн байдаг. Отгонбаяр түүнийг буруутгаж, агсан тавьж, нүүр лүү архи цацаж, биед нь халдахыг завдсныг Оюун-Эрдэнэ УИХ-ын Ёс зүйн хороонд өгсөн. Түүний дараахан 4-р сарын 13-нд Бодийн төмөр замын тухай Энхболд мэдэгдэл хийж Монгол улсын төмөр замын бодлогод тусгагдаагүй зүйлийг Хүрэлсүх дур зоргоороо, эрх мэдлээ хэтрүүлэн, урвуулан ашиглаж бариулсан. Уг төмөр замтай холбоотой гэрээг ҮАБЗ нууцад авсан мэтээр мэдээлэл цацаж буй нь худал гэсэн. Өөрөө нууцад авсан зүйлээ ҮАБЗ авсан мэтээр гүжирдсэн гэж буруутгасан хэрэг. Мөн Баттулгын Зүүнбаянгийн төмөр замыг Хүрэлсүхийн Гашуунсухайтын төмөр замтай санаатай хольж хутгаж байна. Гашуунсухайтын төмөр замд алдаа мадаг гарсан бол Хүрэлсүх хүлээх ёстой гэж мэдэгдсэн.
Энэ мэдэгдлийг хийсэн даруй Энхболдыг хорьсон. Хорихдоо 2 сар гарангийн өмнө хэрэгсэхгүй болгож, цагаатгасан байсан хэрэгт прокурор эсэргүүцэл гаргаж, тэр өдрөө шүүх Энхболдод 2 жилийн ял өгсөн. Харин түүний Хүрэлсүхийг буруушаасан мэдэгдлийг Хүрэлсүх болон түүний албанаас нэгийг нь ч няцаагаагүй. Яг Тэмүүжин, Өнөрцэцэг нарын адил Ерөнхийлөгчийн нэр төр, гүтгэлэг энэ тэр гэж гомдол, шүүх зарга болоогүй. Энэ бүхэн нь Энхболдын ч, Тэмүүжиний ч, Өнөрцэцэгийн мэдэгдэл үнэн байсныг нотлох.
Прокурор, шүүх, тагнуул, АТГ Хүрэлсүхийн залхаан цээрлүүлэх зэвсэг болсныг Молор-Эрдэнэ, Баатар, Шинэбаяр нарыг шоронд хорьсон үйл явдлууд Монголчуудад нэгэнт бүрэн илчилсэн. Баатар, Шинэбаяр нар Хүрэлсүхийн нууц орд, харш, амралтын газар, олон давхар барилгыг дэлгэсэн. Тэднийг мөн л Энхболдын нэг адил Ерөнхийлөгчийн нэр төр, гүтгэлэг гэж шүүх зарга болоогүй. Харин үндэсний эв нэгдэл, аюулгүй байдлыг бусниулсан гэж буруутгасан. Монголд үндэсний эв нэгдэл, аюулгүй байдал гэгчийг өмчилж бусдыг ялладаг ганц этгээд бий болсон нь Хүрэлсүх. Энэ нь Баатар, Шинэбаяр нарын цацсан зүйл үнэн болохыг нотлох.
Нөгөө талаар Оюун-Эрдэнийг АТГ-д материал өгсөн даруй 3-р сарын 27-нд Занданшатарын ЗГ-ыг гэнэт огцруулсан. Зүй ёсны хувьд ч, хууль ёсны хувьд ч хамгийн түрүүнд Занданшатар Энхбаярыг огцруулах ёстой байсан. Гэтэл авилгын хэрэгт буруутгагдсан Энхбаярыг бүр ЗГХЭГ-ын дарга болгон дэвшүүлсэн. Хууль ёсны төр засаг ингэдэггүй юм. Ингэх нь томилсон этгээдүүд нь өөрсдийгөө авилгачид гэж тунхаглаж байгаа хэрэг. Оюун-Эрдэнэ уг томилгоог ёс бус гэж онцлохын хамт Учралыг ЕС-ын бүрэн эрхээ хэрэгжүүлж өөрөө мэдэн сайд нараа томилох ёстой гэж мэдэгдсэн. Харин хэвлэл мэдээллүүд Энхбаяр нүүрсний хулгайчдаа шантаажилж ЗГХЭГ-ын дарга боллоо гэж шуугиж байв. Нүүрсний хулгайчдын нэрсийн дотор Учралын нэр харагдаагүй. Тиймээс Занданшатарыг огцруулж, Энхбаярыг ЗГХЭГ-ын даргаар дэвшүүлсэн этгээд нь Хүрэлсүх болох нь ойлгомжтой.
Хэргийг АТГ-т өгөөд даруй 8 сар шахам болсон ч ЗГ, АТГ болон хууль сахиулах албадаас уг хэргийн талаар олон нийтэд ямар ч мэдээлэл өгөөгүй. Нээлттэй сонсгол зохион байгуулах гарын үсэг цуглуулна гэсэн АН-ын Ганбат уг асуудлыг хэзээ ч эргэж хөндөөгүй. Хүрэлсүхийн фракцын гишүүн болох нь ч нэгэнт ил болсон. Асуудлыг хав дарах Хүрэлсүхийн даалгаварыг биелүүлсэн л гэсэн үг. Цогтгэрэл уг асуудлыг хоёр гурван удаа сөхсөн ч Ганбатын гарын үсгийн талаар огт сөхөөгүй, хэвлэл мэдээлэл ч асуугаагүй, шаардаагүй. Гарын үсэг цуглуулна гэсэн Номтойбаяр ч шадар сайд болоод асуудал цамхарсан. Нүүрсний хулгайчидтай хатуу тэмцэх Занданшатар уг асуудлаар нэг ч үг унагаагүй. Харбины гэрээ, Туулын төмөр замыг шалгахыг шаардагчид Энхбаяр, Баярмаа, Ганбат нар ч шаардлага тавиагүй. Авилгын эсрэг тэмцсэн бус харин Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан, Нямбаатар нарын эсрэг тэмцсэн л гэсэн үг. Онцлон тэмдэглэх ёстой зүйл бол Хүрэлсүхийн зүгээс ч, түүний тамгын газраас ч уг хэргийг шалгахыг шаардаж нэг ч үйлдэл хийгээгүй.
Өнөөдөр АТГ-ыг ч, ЗГ-ыг ч, Ганбат, Номтойбаяр нарыг ч, АН-ыг ч, УИХ-ыг ч, Монгол улсын Ерөнхийлөгчийг ч чимээгүй болгох эрх мэдэл зөвхөн Хүрэлсүхэд байгааг Монголчууд бүгд мэднэ. Мөн Хүрэлсүхийн шоронгийн дэглэм Энхбаярт ч, Бодийн сонсголыг Энхбаяртай хамтарч будлиантуулсан гэх Мөнх-Эрдэнэд ч үйлчлэхгүй байгааг бүгд мэдэж байгаа.
Эцэст нь Нямбаатар 10-р сарын 24, 31-нд мөн 11-р сарын 7-нд уг 110 сая долларыг Хүрэлсүхэд авилгад өгсөн гэж гурав дараалан мэдэгдээд улмаар задаргааг нь дэлгэнэ гэж зарлав. Хүрэлсүхийн ч, Их Тэнгэрийн ч нэр дурдагдаагүй байхад Оюун-Эрдэнэд Отгонбаяр агсан тавьж, халдахыг завдсан нь Нямбаатарын мэдэгдэлийг л нотлох. Мөн 110 сая долларын авилгыг Хүрэлсүхэд өгсөн гэх мэдэгдэл Нямбаатарын хамгийн ноцтой мэдэгдэл. Харин Хүрэлсүхийн хэвлэлийн албаны Ганзориг 10-р сарын 27-нд мэдэгдэл хийхдээ Нямбаатарын энэ ноцтой мэдэгдлийг огт няцаагаагүй төдийгүй энэ асуудлыг илт хасаж, тойрч буйгаа харуулсан.
Харин 11-р сарын 1-нд Нямбаатар Номтойбаярыг нүүрсний сонсгол хийнэ гэсэн засагт ороод больчихож байгаа юм уу гэв. Хариуд нь 11-р сарын 4-нд Номтойбаяр 17 гишүүн л гарын үсэг зурсан, гарын үсэг зурахгүй байна гэсэн нь үндсэндээ УИХ авилгатай тэмцэхийг хүсэхгүй төдийгүй авилгыг халхалж байна гэсэн л хэрэг. Зүй уг асуудлыг УИХ-д хамгийн түрүүнд тавих ёстой этгээд нь ажил үүргийн хуваариар ЕС Учрал, УИХ-ын дарга Бямбацогт нар. Тэд энэ асуудлыг огт хөндөөгүй. Нуун дарагдуулж байгаа л хэрэг.
Харин 11-р сарын 7-нд Нямбаатар 110 сая долларын задаргааг дэлгэнэ гэж мэдэгдсэний дараа АТГ, Энхбаяр, Номтойбаяр нар дараалан мэдэгдэл хийв. 11-р сарын 9-нд АТГ 110 сая долларын, ер нь ам долларын гүйлгээ хийгдээгүй, худлаа гэж мэдэгдэв. Гэхдээ урдчилгаа төлбөрт 286 тэрбум төгрөгийг олгосон, төгрөгийн гүйлгээний баримт байгаа гэв. Оюун-Эрдэнэ АТГ-т өгсөн өргөдөлдөө 110 сая ам доллар буюу тухайн үеийн ханшаар 293 тэрбум 700 сая төгрөгийг шилжүүлсэн гэж мэдэгдсэнийг энд цохон тэмдэглэх ёстой. Гэтэл 11-р сарын 12-нд ЗГХЭГ-ын дарга Энхбаяр мэдэгдэл хийж АТГ-ын мэдэгдэл худал болохыг илчлэв. 11-р сарын 13-нд Номтойбаяр дахин мэдэгдэл хийж АТГ-ын мэдэгдсэн 286 тэрбум төгрөг нь 110 сая доллар болохыг зааж АТГ гөлөг төөрүүлэх оролдлого хийж буйг илчилж, Оюун-Эрдэнийн мэдэгдэл үнэн болохыг нотлов.
Энхбаяр ЭТТ хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 19 оны 9-р сарын 9-ний өдрийн 47-р тогтоолыг дэлгэж, уг тогтоол ЗГ-ын мөн оны 304-р тогтоолд үндэслэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барихад зориулж 110 сая ам доллартай тэнцэх төгрөгийг мөн оны 9-р сарын 30-ны дотор Тавантолгой төмөр зам (ТТТЗ) ХХК-д шилжүүлэхийг зөвшөөрсөн болохыг нотлов. Энэ нь үндсэндээ АТГ худал мэдэгдэл хийсэн болохыг илчилсэн хэрэг.
Ноцтой нь ЭТТ Бодь Интернэшнлтэй санхүүжилтийн гэрээгээ 19 оны 10-р сарын 29-нд байгуулсан байна. Өөрөөр хэлбэл гэрээ байгуулагдахаас даруй 50 хоногийн өмнө 110 сая долларын асуудлыг шийдсэн гэсэн үг. Түүгээр ч барахгүй 10-р сарын 11-нд 53 сая 853 мянга 240 ам доллар буюу 143 тэрбум 872 сая 700 мянган төгрөг, 10-р сарын 23-нд 56 сая 146 мянга 760 ам доллар буюу 150 тэрбум төгрөгийг тус тус ТТТЗ-д шилжүүлснээ гэрээндээ тусгасан байна. Гэрээ байгуулахаас даруй 18 хоногийн өмнө мөнгөний эхний хэсгийг, үлдсэн хэсгийг 6 хоногийн өмнө шилжүүлсэн байна.
Номтойбаяр АТГ-ын мэдэгдсэн 286 тэрбум төгрөг нь тэр 110 сая доллар мөн гээд 2 хувийг нь шимтгэл болгон авч үлдсэн учир 286 тэрбум болсон гэж тододгов. 2 хувийн шимтгэл бус харин барилгын ажлын захиалагчийн хяналтын зардал гэж 2 сая 827 мянга 749.38 долларыг хасаж шилжүүлсэн байна. Оюун-Эрдэнийн өргөдөлдөө заасан 293 тэрбум 700 сая төгрөгөөс дээрх 2 сая 827 мянгыг хассан хэрэг. Шилжүүлэгдсэн 286 тэрбум төгрөгийг АТГ мэдэгдсэн байгаа юм. ЭТТ-оос ТТТЗ д шилжүүлсэн 110 сая ам долларын төгрөгийн ханш нь 2,671.57 төгрөг байгаа нь ч Номтойбаярын мэдэгдэлтэй дүйцэж байна. Ийнхүү ЗГХЭГ-ын дарга, Шадар сайд нар АТГ худал мэдэгдэл хийж, гөлөг төөрүүлэх оролдлого хийж буйг илчлэв.
Ийнхүү уг хэргийг 8 сар шахам шалгаж буй АТГ Энхбаярын дэлгэсэн ЭТТ-н удирдах зөвлөлийн 47-р тогтоолыг ч, Оюун-Эрдэнийн ЗГ-ын нууцаас гаргасан 19 оны 10-р сарын 29-ны санхүүжилтийн гэрээг ч бүрэн дүүрэн мэдсээр байж (мэдэхгүй байх боломж ч байхгүй) худал мэдэгдэл хийж ард түмнийг мэхлэв. 286 тэрбум төгрөгийн урдчилгаа өгсөн гэдэг мэдэгдэлээрээ АТГ бүгдийг мэдэж буйгаа ч харуулж байгаа юм. Гэвч АТГ худал хэлж олон нийтийг мэхлэж, авилгыг нуун дарагдуулж хаацайлав.
АТГ-ыг авилга нуун дарагдуулахад хүргэх эрх мэдэл Хүрэлсүхэд л бий, угаасаа АТГ-ын мэдэгдэл нь Нямбаатарын мэдэгдэлийг үгүйсгэх, түүнийг харлуулах зорилготой ч байсан. АТГ авилга нуун дарагдуулж байгаа нь Хүрэлсүхийг хулгайч гэдгийг л харуулж буй хэрэг. Тэмүүжин, Өнөрцэцэг, Оюун-Эрдэнэ, Энхболд, Нямбаатар нарын үгс бүгд Хүрэлсүхийг хулгайч гэж хэлж байгаа бол Өнөрцэцэг, Энхболд, Баатар, Шинэбаяр нарыг хорьсон үйлдлээрээ Хүрэлсүх өөрийгөө хулгайч гэдгээ нэгэнт зарласан. Үгс ч, үйлдлүүд ч нийцэх.
Номтойбаяр зөвхөн АТГ-ын гөлөг төөрүүлэх үйл ажиллагааг илчлээд зогсоогүй. Хэд хэдэн маш ноцтой мэдэгдэл хийсэн нь үндсэндээ 1) Хүрэлсүх Бодь Интернэшнлтэй хамтарч Монгол улсаас дор хаяхад 700 сая долларын хулгай хийсэн, 2) Бодь Интернэшнл өөрөөсөө огт мөнгө гаргаагүй, бүх мөнгө нүүрсний буюу Монголын ард түмний мөнгө байсан, 3) 110 сая доллар гэрээний үндсэн нөхцлийг зөрчиж хийгдсэн, огт хийгдэх ёсгүй, төлбөр, өөрөөр хэлбэл шууд хулгай гэдгийг харуулав.
Оюун-Эрдэнэ Бодийн оффтэйк гэрээ анх 600 сая ам доллар байсан ч 1.3 тэрбум болон нэмэгдсэн гэж мэдэгдэж 700 сая ам долларын хулгай явагдсан байж болохыг хэлсэн. Номтойбаяр үүнийг хэлэхийн хамт хамгийн ноцтой нь уг нэмэгдэл 5 сар 20-иод хоногийн дотор нэмэгдсэнийг цохон тэмдэглэсэн. Харин “Санхүүгийн хүртээмж-хөгжил санаачилга” ТББ-ын А.Батпүрэв ахлагчтай баг 2023 онд хийсэн дүн шинжилгээндээ Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын гэрээний өртгийг 4 сар гарангийн өмнө байгуулагдсан Тавантолгой-Зүүнбаянгийн гэрээний өртөгтэй харьцуулсан байна. Баттулгын төмөр замын 1 километр тутмын өртөгийг 1.3 сая ам доллароор үнэлсэн бол 4 сарын дараа байгуулсан Хүрэлсүхийн төмөр замын 1 километр тутмын өртөгийг 4.3 сая ам доллараар буюу даруй 3.3 дахин өндөр өртөгөөр үнэлснийг тогтоосон. Монгол улсын гавьяат тээвэрчин, инженер Б.Лханаасүрэн “Манай орны өмнийн говьд өндөр уул даваа, хөвч ой тайга, том гол мөрөн байхгүй тааламжтай газар орны нөхцөл дэх 1 км төмөр зам барих жишиг үнэ 1.2 сая ам.доллароос хэтрэхгүй гэвэл даруй 3.49 дахин өндөр үнээр барьжээ” гээд 2022 оны 12 сарын 15-ны өдөр Бодь Интернэшнл илт худал, төөрөгдүүлсэн мэдэгдэл хийснийг онцолсон байна. Тиймээс энэ төмөр замын жинхэнэ өртөг нь Нямбаатарын хэлсэн 450-иас 480 сая доллар гэдэг нь үнэнд нийцнэ. Километр тутмын 3 сая долларын нэмэгдэл өртөг нь Хүрэлсүхийн хулгайн ашиг (rent) л гэсэн үг. Мөн Номтойбаяр уг гэрээ огт нууцлагдах ёсгүй зүйл, яагаад заавал нууцлав, юу нууцлав гэсэн нь үндсэндээ дээрх 800 сая долларын хулгайг нууцалсан байна л гэсэн үг. Нууцлах ямар ч үндэслэлгүй зүйлийг нууцалсан нь хулгай нууцалсан л хэрэг.
Мөн гэрээний суурь нөхцөл ёсоор гүйцэтгэгч компани хөрөнгөө босгох ёстой байсан. Харин зардлыг нь нүүрсээр төлөх ёстой байсан. Тиймээс тэр Бодид шилжүүлсэн 110 сая доллар хийгдэх ёсгүй байсан, гэрээний суурь нөхцлийг зөрчин шилжүүлсэн гэдгийг онцлон давтан тэмдэглсэн. Номтойбаярын түмэн зөв. Чухам гүйцэтгэгч компани хөрөнгө оруулалтаа хийх учир л оффэйк гэрээ байгуулсан хэрэг. Тиймээс ч 110 сая долларын төлбөр нь оффтэйк гэрээний утга учрыг үгүйсгэж байгаа юм. Тиймээс энэ гэрээ оффтэйк гэрээ бус харин оффтэйк нэрээр халхалсан нүүрсний мөнгө хулгайлах схем л гэсэн үг.
Мөн нүүрсний сонсголд Баясгалан, Амундра нар төмөр замын мөнгийг бид гаднаас босгосон гэж мэдэгдсэн боловч ямар ч нотлох баримт байгаагүй. Явж явж бүх мөнгө нь нүүрсний оффтэйкийн мөнгө байсан. Мөнгө босгох ёстой байсан Бодь мөнгө босгоогүй гэдгийг Номтойбаяр онцлон тэмдэглэсэн. Мөн оффтэйкийн үнэн дээрээ нэмээд 10 гаран хувийн нэмэлт хөнгөлөлт эдэлснийг ч дурдсан. Тиймээс Гашуунсухайтын төмөр замыг бүхэлд нь нүүрсний мөнгөөр л гүйцэтгэсэн хэрэг. Энэ нь гэрээ ерөөс оффтэйк гэрээ байгаагүйг давхар нотлох. Мөн Баясгалан, Амундра нар нүүрсний сонсгол дээр мөнгийг өөрдөө гаднаас босгосон гэж мэдэгдсэн нь 110 сая долларын гүйлгээг нууж, худал мэдүүлэг өгсөн гэсэн үг. Энхбаяр ч үүнийг нуун дарагдуулсан гэсэн үг.
Энэ бүхэн нь Бодийн оффтэйк гэгч гэрээ нүүрсний хулгайн схем байсан, уг хулгайг зохион байгуулагч, толгой хулгайч нь Хүрэлсүх, илт илрээд байгаа томоохон хулгай нь 110 сая доллар, нийт хулгай нь 800 сая доллараар тоологдоно гэсэн үг. Цохон тэмдэглэх ёстой зүйл нь Бодь Интернэшнл ашигтай гэрээ олж авахын тулд авилга буюу хахууль өгсөн юм огт биш. Хахууль байхын тулд мөнгө Бодь Интернэшнлээс гарсан байх ёстой. Гэтэл 110 сая доллар төдийгүй нийт мөнгө ЭТТ-оос гарсан. ЭТТ-оос гарсан учир энэ үйлдлийн албан ёсны нэр нь хулгай (embezzlement). Тиймээс уг төсөл нь төмөр замаар халхавчилсан хулгайн схем. Хүрэлсүх, Баясгалантай хамсаж Монгол улсыг, Монголын ард түмнийг тоносон л гэсэн үг.
Нямбаатар 11-р сарын 14-нд Хүрэлсүхийн хулгайн схемийг тун тодорхой болгосон. Гэрээ 10-р сарын 29-нд байгуулсан байдаг. Гэтэл гэрээ байгуулагдахаас даруй 50 хоногийн өмнө ЭТТ 110 сая ам долларыг 9-р сарын 30-ны дотор ТТТЗ-д шилжүүлэхээр шийдэж, гэрээ байгуулагдахаас 18 хоногийн өмнө эхний хагасыг, 6 хоногийн өмнө үлдэгдэлийг нь шилжүүлсэн байгаа юм. Улмаар Хүрэлсүх 5-р сарын 17-нд тогтоол гаргаж нууцад авч, 7-сарын 24-нд тогтоол гаргаж оффтэйк гэрээ байгуулах даалгаварыг холбогдох газруудад даалгасан байгаа юм. Нууцад авсан тогтоолын дагуу ТТТЗ тендэргүй гэрээ байгуулах эрхийг 9-р сарын 9 (2?)-нд ТЕГ-аас авч, мөн өдрөө Бодь Интенэшнлээс саналыг нь авсан байгаа юм. Мөн гэрээ байгуулагдахаас даруй 11 өдрийн өмнө буюу 10-р сарын 18-нд ТЕГ Бодь Интернэшнлд “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт төслийн ажлын хэрэгжүүлэх тул” Аюулгүй байдлын гэрчилгээ гэгчийг олгосон байгаа юм. Ингээд гэрээ байгуулахдаа уг шилжүүлсэн 110 сая доллараа уг гэрээний 3.2-т шилжүүлсэн өдрүүд, мөнгөн дүнгээр нь тусгасан байгаа юм.
ЭТТ гэрээ байгуулагдахаас өмнө 110 сая доллар хэрэг болно гэж яаж мэдэх вэ? Мөн уг мөнгийг ямар учраас 9-р сарын 30-ны дотор шилжүүлэх ёстой вэ? Тэр тусмаа ЗГ-ын 304 тогтоол “нүүрс урьдчилан борлуулах” буюу оффтэйк гэрээ байгуулах замаар санхүүжүүлэхээр заасан байхад яагаад мөнгө шилжүүлэх ёстой гэж? Гэрээ байгуулагдахаас даруй 11 хоногийн өмнө ТЕГ Бодь интенэшнл Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт төслийн ажлын хэрэгжүүлнэ гэж яаж мэдэх вэ? Номтойбаярын элэглэснээр дэд бүтцийн төсөл, тэр тусмаа БНХАУ руу нүүрс зөөх төмөр замын барилгын ажлыг хэнээс, яах гэж нууцлах вэ? Тэр тусмаа хувийн компаниар гүйцэтгүүлж байж яаж нуух вэ? Нүүрсээ зөөхөө яаж нууцлах вэ? Энэ бүх асуултууд энэ бүх зүйл нь бүгд нэг удирдлагаас, гэхдээ ядмаг, яаруу давчуу угсарсан болхи бүдүүлэг хулгайн схем гэдгийг дахин дахин харуулах. Боловсролгүй, ажлын туршлагагүй, ядмаг тархитай хулгайч төр олзолсны (state capture) үр дагавар.
Мэдээж энэ бүхэн нь шоронгийн дэглэмийн эх сурвалж нь Хүрэлсүхийн нүүрсний хулгай гэдгийг давхар харуулах. Төрийн эрх мэдэл урвуулан ашиглаж хулгай хийсэн этгээд шоронд орохгүйн тулд төрийн эрх мэдлийг урвуулан ашиглаж Монголын БНУ-ыг Баярын оновчтой хэлснээр “шоронгийн БНУ” болгочихоод байна гэсэн үг. Шоронгийн БНУ-ыг угсрахын тулд төрийг олзолж хулгайчдын дэглэм болгон угсарсан байна.
Нүүрсний хулгай хийснээс хойшхи төрийн эрх мэдлийг булаан авсан Хүрэлсүхийн удаа дараагийн үйлдэл бүхэн Монголын төрийг хулгайчдын дэглэм болгох зорилгоор хийгдсэн гэсэн үг. Хүрэлсүх хулгайч, толгой хулгайч учир хулгайчдын дэглэм угсарсан, хулгайчдын дэглэм учир шоронгийн дэглэм угсарсан гэдгийг ойлгож ядах зүйл байхгүй. Хулгай хийх үедээ ч хулгайчдын хонгил угсарсан байсныг Нямбаатар тодорхой харууллаа. Хулгайгаа нуух, ялаас мултрахын тулд хулгайн хонгилио хулгайчдын дэглэм болгон тэлж, бэхжүүлснийг ч мөн харууллаа. Үүнийгээ нүүрсний хулгайн эсрэг боссон Оюун-Эрдэнэ нар ба ард түмний тэмцлийг нухчин дарах замаар хэрэгжүүлсэн нь ч илэрхий боллоо.
Тухайлбал 22 оны 12-р сарын 9-нд Хүрэлсүх хууль хяналтын байгууллагуудын удирдлагуудад хулгайчдыг нэрсийг нь зарла гэж үүрэгдэж 12-р сарын 13-нд АТГ Баттулга, Энхболд, Мандахбаяр нарын 17 хүнийг нүүрсний хулгайд холбогдуулан шалгаж буй гэж зарлуулсан нь хулгайгаа нуухын тулд гэм буруугүй хүмүүсийг золигт гаргаж ард түмнийг чулуу хөөлгөж, гөлөг төөрүүлсэн үйл ажиллагаа байсан байна. Ингэхдээ Нямбаатарын хэлснээр тэр төр, хууль, ёсыг балмадаар уландаа гишгиж, цэвэр хулгайч, дээрэмчний үзэмж, дур зоргоор 17 гэм буруугүй хүнийг гэмт хэрэгтэн болгон шонд өлгөж. Ингэснээрээ тэр өөрөө улсын яллагч, гэхдээ хулгайн дэглэмийн яллагч болон гарч ирж. Хууль сахиулах байгууллагуудыг хулгайгаа хамгаалах хувийн зэвсэг болгосноороо тэднийг хулгайн дэглэмийнхээ хэсэг болгож.
Нэгэн зэрэг АТГ-ын Бодь Интернэшнлийн хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагааg 12-р сарын 18-нд зогсоосноороо төрийн хууль сахиулах, шударга ёсыг тогтоох үйл ажиллагааг тасалдуулж, АТГ-ыг хулгайчдыг хамгаалах, эрүүл, шударга улстөрчид болон гэм зэмгүй шударга иргэдийг яллах, мөрдөх, мөшгих дарангуйлах зэвсэг болгон хувиргаж.
ХЗДХ-ийн сайд (Нямбаатар), Хууль зүйн байнгын хорооны дарга (Энхбаяр) нарт Бодийн нүүрсний асуудлыг бүү хөнд гэж үүрэг өгсөн нь, үүргийг нь биелүүлээгүй Нямбаатарыг огцруулсан нь, оронд нь Энхбаярыг дэвшүүлэн томилсон нь, улмаар ХЗДХ-ийн сайд нь нүүрсний сонсголыг будлиулж, нүүрсний хулгайг нуун дарагдуулсан нь, түүнийхээ шанд 1.3 сая долларын хахууль авсан нь хулгайн дэглэмээ тэлэх, бэхжүүлэх үйл ажиллагааны хэсэг.
Бадамжунайг 18 онд хил давуулан зугтаалгасан нь, Филиппинээс барьж ирсэн ХЗДХ-ийн сайдад “үхтэлээ уурласан” нь, Удаанжаргал нарыг авчирч нүүрсний асуудлаар шалгах гэсэн ХЗДХ-ийн сайдыг “Боль” гэж үүрэгдсэн нь Хүрэлсүхийн хулгай нүүрсний хулгай төдий биш гэдгийг харуулах төдийгүй түүний хулгайн дэглэм ноёлох болсоныг харуулах.
25 оны 9-р сарын 30-нд УИХ-ын дарга Амарбаясгаланг нүүрсний гол хулгайч гэж Занданшатараар зарлуулж, түүнийг шалгуулахаар Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилсон зэрэг нь нүүрсний хулгайгаа бусдад тохож, Амарбаясгалан нарыг золигт гаргаж, ард олныг чулуу хөөлгөн гөлөг төөрүүлэх үйл ажиллагаа байсан нь ч илт байна. Энэ бүхэн нь ч, Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан нарыг огцруулж, Занданшатар, Учрал, улмаар Учрал, Бямбацогт нарыг удаа дараа томилж, Энхбаярыг дэвшүүлсэн зэрэг нь хулгайн дэглэмээ хамгаалах, бэхжүүлэх хулгайчийн төрийн эргэлт байсныг ч харуулах.
Нямбаатарын мэдэгдсэнээр шорон, шагнал, төсөв хуваарьлалт, төрийн айлчлал гэх мэт төрийн аливаа нөөц болон үйл ажиллагааг дээрх зорилгод ашигладаг нь ч ойлгомжтой байна. Энэ бүхэн нь Хүрэлсүх Монголын төрийг бүрэн олзолж, орших утга учрыг нь бүрмөсөн урвуулж, авилга, хулгайн синдикатын аппарат болгож, ардын төрийг авилгачид, хулгайчдын төр болгосныг л харуулах. Ардчилсан БНУ шоронгийн БНУ болсны учир нь авилгачид, хулгайчид төрийг булаан авч авилга, хулгайн хэрэгсэл, авилга, хулгайгаа нуун дарах хэрэгсэл болгосны үр дагавар.
Мөхлийн дэглэм
Хүрэлсүх бидний төрийн эрх мэдлийг булаан авч эзэрхэг хаан болсон. Бид одоо мэддэг болсон. Хүрэлсүх бидний нийтийн өмч хөрөнгийг хулгайлж толгой хулгайч болсон. Бид одоо мэддэг болсон. Бидний ардчилсан улсыг шоронгийн БНУ болгож тэргүүн харгалзагч болсон. Бид одоо мэддэг болсон. Гэмтэн гэмээ хэнээс ч илүү мэдэх. Тиймээс л ам нээсэн болгоныг Батзандан, Мөнх-Эрдэнэ, Өнөрцэцэг, Энхболд, Молор-Эрдэнэ, Баатар, Шинэбаяр нарыг шорондох. Ингэж хоригдсон, хавчигдсан сэтгүүлч Саранцэцэг, Мөнх-Алдар, Эргэлтийн Энхмарт, иргэн Баярсайхан болон нэр үл мэдэгдэх иргэдийн олон зуун жишээ байгааг Нямбаатар ч хэлэв. Сэтгүүлч Ганчимэгийг ч баривчилсан мэт.
Дээрх хүмүүсийн хэлсэн, ярьсан зүйлс ардчилсан улс орны төдийгүй хүний хэвийн норм. Шударга бусыг, бурууг, хулгайг л дэлгэсэн зүйл. Өөрийнх нь буруу, хулгай гэдгийг Хүрэлсүх сайн мэдэх. Тиймээс л хулгайгаа нуухын тулд тэднийг хорьж биднийг цагдаж байгаа юм. Ерөнхийлөгчийн, ЗГ-ын, хууль хяналтын бүх эрх мэдлийг болон хөлсний пропаганда машинаа үүнд ашиглаж байх. Энэ бүхэн нь “ард түмнийхээ эрх чөлөөг хамгаалах” тангарагтай Ерөнхийлөгчийн алба нь ард түмнийхээ “оюун санаа, бодлыг хянадаг харгис цагдаагийн газар” болсон гэх Нямбаатарын, “шоронгийн БНУ болж гүйцлээ” гэх Баярын мэдэгдэлийг давхар давхар нотлох.
Гэмтэн ялбал юу болох вэ? Хэмжээгүй эрхт эзэрхэг засаг нь норм болно. Шоронгийн дэглэм нь норм болно. Хулгайн дэглэм нь хууль болно. Улс орныг мөхөлд хүргэнэ. Яагаад? Та бид мэдсээр байж таслан зогсоож, хуулийн хариуцлага тооцохгүй л бол хүлээн зөвшөөрч, норм болгож байгаа хэрэг. Урамшуулж, өөгшүүлж, эрэмшүүлж, зоригжуулж байгаа хэрэг. 17 онд ЕС, ЗГ, УИХ-ыг булаахад нь өөгшүүлсэн нь 20 онд УИХ, ЗГ-ыг, 21 онд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг булаах зоригийг өгсөн хэрэг. 21 онд хүлцсэн нь эзэрхэг дарангуйлагчийг төрүүлж одоо болж байгааг норм болгосон хэрэг. 2007 онд 14.2 тэрбумыг тоноход нь хариуцлага тооцоогүй нь эрэмшүүлж 19 онд 110 сая доллар тонохыг өөгшүүлсэн хэрэг.
Тиймээс гэмтэн ялбал эзэрхэг засаг, шорон, хулгайн дэглэм норм болж эрх чөлөө, ардчилал ял болно. Эрхээрээ, дураараа амьдрах гэсэн хэн бүхэн ялтан болно. 1950 аад онд Монголд “ялтай мал” гэдэг хэллэг дэлгэрсэн юм. Малыг нь хурааж хүнийг нь нэгдэлжүүлэхийн тулд Цэдэнбал малд дааж давашгүй албан норм, татвар ноогдуулсан учир олон ардын хувийн аж ахуйтан ялтан болсон. Тиймээс тэд ялтай мал гэж ялнаас салахын тулд нэгдэлд орохоос өөр аргагүй болсон юм. Ялтай мал нь хүн нь өөрөө, хүний эрх чөлөө нь байсан юм. Тийм дэглэм, тэгэхдээ хулгайчдын шоронгийн дэглэм норм болно.
Хүний ёсоор, хүн шиг эрх чөлөөтэй амьдрах гэсэн бүхэнд Монгол шорон байх болно. Хүн шиг амьдрал, эрх чөлөөг эрхэмлэгчид нь үргэлж залуус, эрч хүч, эсвэл эрдэм боловсролтой нь байдаг. Тиймээс ч залуус Монголоос дүрвэж байгаа юм. Үүнийг тархины алдагдал, тархины хатингиршaл (brain drain) гэх. Учир нь улс үндэстний шилдэг хэсэг нь гадагшаа дүрвээд гарчхаар мэдлэг чадвар, авьяас билиг дутагдаж улс орны тархи хатаж байгаа нь тэр. Үүнийг Монголын нийгмийн өнөөгийн байдал хурц мэдрүүлж байгаа.
Шоронгийн дэглэм улам бүр өргөжин тэлж харгалзагч БЭТ-үүд төрийн бүх салаа мөчрийг эзлэж БЭТ-ийн сүлжээ (patronage network) ноёлоно. БЭТ-ийн үндсэн шалгуур Хүрэлсүхэд үнэнч байх, Хүрэлсүхээс мэдлэг чадвар муу байх. Хөдөлбөргүй дүрэм, зүй тогтол. Хүрэлсүхийн “ургийн мод,” Хүрэлсүхийн БЭТ-үүдийг хар! Энэ хоёр шалгуурыг зөрчихгүй. БЭТ-үүд бүгд ийм зарчмаар БЭТ-үүдээ сонгох. Зорилго, зүй тогтлоороо муугийн засаглалын дэглэм. Какистокраси (kakistocracy) гэдэг юм. Төрийн алба төрлийн алба болоод “түрүүний бөөснүүд” дүүргэчихээд байгааг Монголчууд бүгд мэдэх. Үнэнч биш бол Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан, Нямбаатар нар шиг бослого гаргана. Аюул! Мэдлэг чадвар илүү бол Хүрэлсүхийг залах, удирдах, эрх мэдлийг нь булаах. Аюул!
Муугийн дэглэмд хөгжлийн тухай горьдох хэрэггүй. Хөгжлийн эх сурвалж эрх чөлөө, хөгжлийн зорилго эрх чөлөө. Дашбалбарын адил эрх чөлөө, ардчилалд итгэл алдарч гэдэс цатгалан, мөр бүтэн, орох оронтой, оочих аягатай байхыг илүүд үзэх болсон учир энэ үг Элбэгдоржийнх шиг хоосон санагдаж мэднэ. Гэвч гэдэс цатгалан, мөр бүтэн, орох оронтой, оочих аягатай байх чинь наад захын эрх чөлөө хар гэртээ хаан, бор гэртээ богд байхын л нэр. Хөгжлийг чинээлэг хангалуун амьдралтай адилтгах нь зөв. Учир нь чинээлэг хангалуун байхын утга учир нь эрх чөлөө. Худалдан авах чадвар таны эрх чөлөөг л хязгаарлах. Гэвч хүний эрхэнд жаргахаар өөрийн дураар зов гэж хүн хүний эрхэнд жаргадаг ч үгүй, хүн ч биш тэжээвэр амьтан болдог гэсэн л үг. Хүн өөрийн дураар байж л хүн ч байдаг, жаргадаг ч гэсэн үг.
Хулгайчдын дэглэм (kleptocracy) хууль болно. Дэглэмийн үндсэн зорилго луйвар, хулгай, дээрэм, тонуул гэдгийг ойлгох хэрэгтэй. Зорилго нь хулгай учраас БЭТ элсүүлэх үндсэн шалгуур нь хулгайд үнэнч байх явдал. Хамаа элсүүлж байгаа хэрэг. Хулгайч БЭТ-үүдийн тоо үржиж тэр хэрээр хулгайн хэмжээ нэмэгдэх болно. Тэр хэрээр ард түмнийг мөлжих болно. Үүнийг бид бүхэн амьдралаараа амсаж байгаа. Хулгай 110 саяар доллараар биш тэрбумаар тоологдох болно, тоологдож ч байгаа. Улс эх орныг идэж (cannibalization) дуусгана. Мэдээж эхлээд улс нийтийн эд хөрөнгө, байгалийн баялгийг идэх. Улмаар иргэд, бизнесүүдийг идэх. Татвардах, луйвардах, тонох, дээрэмдэх.
Хулгайчдын дэглэм хэзээ ч дотроосоо цэвэршихгүй, цэвэршдэггүй. Учир нь дэглэмийн зорилго хулгай. Улсаас, нийтийн хөрөнгөнөөс идэж уух. Өнгөрсөн 30 гаран жилийг эргээд хар. Хулгай багасав уу, ихсэв үү? Цөөрөв үү олширов уу? Жижигэрэв үү томоров уу? Хулгай, төр (шударга ёс) хоёр зам нийлдэггүй. Хэн нэгэн этгээд төр ёс буюу шударга ёсыг сэргээх, улс орны эрх ашгийн төлөө хулгайтай тэмцэх гэвэл юу болохыг бид одоо Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан, Нямбаатар нарын жишээн дээр харж байна. Үнэндээ Оюун-Эрдэнэ нарт тохиолдож байгаа зүйл бол хулгайчдын дэглэм эрх мэдлийг улам бүр монопольчилж, дэглэмээ бэхжүүлж буй хэрэг. Эрүүл, шударга бүхнийг зайлуулах төдийгүй хэзээ ч нэвтрүүлэхгүй. АН болон Алтанхуяг, Энхболд нар дээр явагдаж буйг бид мөн харж байна. Ард түмэн тэвчихээ байж бослого гаргаж, хулгайч нар зугтан гарснаар л дэглэм дуусна. Тэр цагт улс орон үгээгүй хоосорсон байх болно.
Хулгайн синдикатын эзэрхэг дарангуй дэглэм (pranatocracy) ялбал Монгол улс Хятадын эдийн засгийн төдийгүй, улстөрийн хавсрага болно. Ард түмнийхээ шахалтанд орж Өрнөдийн ЗГ-ууд Хүрэлсүхийн дэглэмийг боомилох болно. Зээл, тусламжаа зогсооно. Улстөр, эдийн засгийн хориг арга хэмжээ авах болно. Монгол Төв Азийн орнууд шиг Өрнөдийн орнуудад амин чухал газрын тос, байгалийн хий нийлүүлдэггүй. Нийлүүлэх гарц ч байхгүй. Тиймээс Монголд Өрнөдийн орнуудыг хориг тавиулахгүй байх ямар ч хөшүүрэг байхгүй. Дээрээс нь Орос, Хятадын дунд орших төдийгүй Хятадын эдийн засгийн бүрэн хавсрага болсон. Тиймээс Өрнөдийн орнууд Монголд эдийн засгийн хориг тавьсан тавиагүй улстөрийн харилцаагаа хүйтрүүлэхэд л хангалттай. Энэ бүхний хамгийн том хохирогч нь эгэл жирийн Монголчууд.
Мэдээж Хүрэлсүхийн дэглэм амь насаа уртасгахын тулд Рио Тинто, Онтрэ зэрэг өрнөдийн тонуулчин компаниудад хамгийн аятай боломжийг олгох болно. Тиймээс Оюу Толгойгоос Монголын ард түмэн юу ч олж долоохгүй. Харин Хүрэлсүхийн дэглэм тэдэнтэй нийлж Монголыг улам бүр хурдацтай тонон мөлжих болно. Рио Тинто хэдий Өрнөдийн нэртэй ч хамгийн том хувь эзэмшигч нь Хятад улс төдийгүй орлогынх нь 60 илүү хувийг Хятад улс дангаараа бүрдүүлдэг. Тиймээс Рио Тинтогийн эрх ашиг Хятадынхтай илүү нийлдэг төдийгүй одоо ч Монголыг гуравдагч хөрштэй гэхээсээ илүү Хятадтай холбох. Өөрөөр хэлбэл Хүрэлсүхийн хулгайн дэглэм Монголын мөхөөнө. Монголд жинхэнэ ардчилсан дэглэм байж л Монголчууд төр засгаа өөрсдөө мэдэх болно. Төр засгаа ард түмэн нь өөрсдөө мэдэж байж л эрх чөлөө, тусгаар тогтнол, эрх ашгиа хамгаалах боломжтой байх болно.
Огцруул!
Хулгайчдын эзэрхэн засаглах дэглэмийн боол зардас болох л гээгүй бол Хүрэлсүхийг огцруул. Огцруулж, хуулийн хариуцлага тооцох ёстой цорын ганц инститүци нь биднээс эрх авч төрийн эрх барьж, төр манаж суугаа этгээд болох УИХ, УИХ-ын гишүүд. УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж Хүрэлсүхийг огцруулж, хуулийн байгууллагад шилжүүлэх ёстой, эрхтэй, үүрэгтэй.
Эрх авч, үүрэг хүлээсний хувьд энэ асуудлыг хамгийн түрүүнд тавих ёстой этгээгээдүүд нь УИХ-ын дарга, ЕС нар. Одоо болтол тэд олгогдсон эрх, үүргийг хэрэгжүүлэхгүй байгаа нь ч тэд дэглэмийн хэсэг болохоо л харуулах. Хүрэлсүхийн БЭТ-үүд гэдгээ нотлох. Олгосон эрх, үүргийг хэрэгжүүлэхгүй байгаа этгээдүүд төрийн эрх барих эрхгүй. Улстөрийн хувьд сөрөг хүчин, АН, түүний дарга одоо болтол үүргээ хэрэгжүүлэхгүй харин ч Хүрэлсүхийн нам гэсэн Лодойсамбуугийн, Хүрэлсүхийн хэлтэс гэсэн Нямбаатарын мэдэгдэлийг нотлосоор байгааг Монголчууд бүгд харж байгаа.
Тиймээс эрх, үүрэг уг эзэндээ, ард түмэнд шилжиж ирсэн. Бүгд Сүхбаатарын талбай дээрээ гар. Бүгд цугла. Хэн нэгнийг хүлээх хэрэггүй. Өөрсдөө оч, цуглар. Тайван жагсаал хий. Хүрэлсүхийг огцрохыг шаард. Огцруулахыг УИХ-аас шаард. Огцруулж, саатуултал нь жагс. Хутган үймүүлэгчид, “Монгол цэргийн нэгдсэн холбоогоо хөдөлгөж” эмх замбараагүй байдал үүсгэхийг оролдохыг үгүйсгэхгүй. Тиймээс аюулгүй байдлыг хангах хэрэгтэй.
Төрийн албан хаагч хэн бүр ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимаа мөрдөх үүрэгтэй, хуультай. Төрийн албан хаагч, ялангуяа хууль сахиулах албадын албан хаагч хэн бүр төр, ард түмэн, Үндсэн хуулиндаа тангараг өргөсөн, төр, ард түмэн, Үндсэн хуулиа хамгаалах ариун үүрэгтэй. Хулгай төрд, түмэнд, хуульд харш! Хулгайч болон хулгайчийн хамсаатан, албатуудад төрийн алба, албан хаагч нар захирагдах ёсгүй. Тиймээс Хүрэлсүх ба түүний албатуудын тушаалыг бүү биелүүл. Төрөө, Үндсэн хуулиа, ард түмнээ хамгаал. Төрийн албаны өрөө тасалгаанд хулгайчийн зураг бий бол хог болго. Хулгайч Монголын төрийг бузарлах, албан тушаалыг гутамшиглах, албаны өрөө тасалгаа, орон зайг шившиглэх. Шаардлагатай бол нийтээрээ ажил хая!
ҮХ-ийн 35.2 ёсоор “тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчсөн” этгээдийг УИХ “чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулaх” эрхтэй. Хөнгөнөөр бодвол 64 гишүүн чуулганд оролцоод 43 нь дэмжихэд огцруулах болно. 126 бүгдээрээ оролцвол 84 нь дэмжихэд огцруулах болно.
“Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэх” заалт ҮХ-д бий. Энэ заалт 1992 оны ҮХ-ийн олон алдаануудын нэг. ҮХ-ийн үндсэн үзэл санаа, хуульчилсан төрийн үйл ажиллагааны ардчилсан ёсны зарчимтай эрс зөрчилдсөн түүнийг үгүйсгэсэн заалт. Нөгөө таллаар энэ заалт мөн чанараараа үндсэн хуульт ёс, хуулийн засаглалын үзэл санаанд харш заалт. Чимэд тэргүүтэй МАХН-ын хуульчид хуулийн засаглалын нэрээр сүр далайлгаж 430 депутатыг мунхруулж төрийн буюу улстөрийн эрх мэдлийг өөрсдийн явцуу ажил мэргэжлийн бүлэгтээ авах хуйвалдааны үр дагавар.
Эн тэргүүнд сонгуульт албан тушаал бүр улстөрийн албан тушаал. Ардчилсан дэглэмд улстөрийн албан тушаалд томилох, огцруулах асуудал нь улстөрийн асуудал (political question) бөгөөд энэ эрхийг ардчилсан процесс (democratic process) буюу сонгууль эсвэл сонгогдсон байгууллага хэрэгжүүлэх. Тиймээс бид Ерөнхийлөгч, УИХ-ыг сонгодог. УИХ харин ЕС, ЗГ-ыг байгуулдаг, огцруулдаг. Харин ҮХЦ сонгогдсон байгууллага биш. Ардчиллын инститүци биш. Тиймээс ардчилсан процесст оролцож, Ерөнхийлөгчийг огцруулах, эс огцруулах шийдвэрийг энэ байгууллагa гаргах нь ардчилсан ёсонд харш, ардчилсан процессыг таслаж, халж байгаа хэрэг.
Тиймээс ч АНУ-ын Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн томилсон албан тушаалтнуудыг импийч хийх буюу огцруулах эрх зөвхөн конгрессийн онцгой эрх. АНУ-ын Дээд шүүх үүнд оролцох ёсгүй, оролцдоггүй. Шүүхийн хяналтын (judicial review) жишгийг тогтоосон АНУ-ын Дээд шүүхийн бүх шийдвэрүүд энэ асуудлыг цэвэр улстөрийн асуудал томъёолж мөн жишиг тогтоосон.
Хоёрт, шүүхийн хяналт нь хууль, шударга ёсны (legal justice) асуудал. Тиймээс ч уг эрх мэдлийг хэрэгжүүлдэг аливаa байгууллага хууль хяналтын, шударга ёсны байгууллага. Улстөрийн инститүци огт биш. Тиймээс ч шүүх, хууль хяналтын аливаа байгууллага улстөрийн бус (apolitical), улстөрөөс ангид байх зарчим орших. Ерөнхийлөгчийг огцруулах асуудал улстөрийн асуудал, улстөрийн процесс. Үүнд ҮХЦ оролцох нь шүүхийг улстөрийн байгууллага, улстөрийн зэвсэг болгож байгаа хэрэг. Тиймээс энэ нь ҮХ, хуулийн засаглалын үзэл санаа болон шударга ёсны зарчимд харш.
Эл учир Ерөнхийлөгчийг огцруулах үйл ажиллагаанд ҮХЦ оролцох ёсгүй. Энэ цэвэр улстөрийн асуудал, улстөрийн процесс байх ёстой. УИХ, эсвэл ард түмэн шийдэх ёстой асуудал. Ард түмэн төрийн эрх барих эрхээ хэрэгжүүлэх ёстой. МАН-ын хулгайч нар хоорондоо хэрэлдэж л байг, АН-д ч, ард түмэнд сайн гэж байгаа этгээдүүд бүгд дэглэмийн троллууд. Өнөөдөр та босохгүй бол хулгайчдын дарангуйллыг хуульчилж, өөрийгөө ч, үр хүүхдээ ч, улс орноо ч хулгайчдын шоронгийн мөхлийн дэглэмд тушааж буй хэрэг. Дахин хэлье! Энэ бидний орших, эс оршихийн асуудал! Бидний асуудал! Бид бүгдийн асуудал! Бидний үндэсний асуудал! Бүгдээрээ бос! Хулгайчийг огцруул!
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН






.jpg)









.jpg)

.jpg)


























































Сэтгэгдэл