Б.Жавхлан: Иргэдийн хадгаламжийн мөнгийг хөрөнгийн зах зээлд эргэлдүүлдэг байдлыг зогсооно
УИХ-ын гишүүн Б.Жавхлантай ярилцлаа.
-Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь банкны салбарын эрх зүйн орчныг сайжруулж, нэг төрлийн реформ хийж чадна гэж та харж байна уу?
-Төв банкнаас санаачилж буй Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг шийдэх байсан ч АН-ын бүлэг түр завсарлага авсан байгаа. Энэ пүрэв гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх товтой байна. Миний хувьд уг хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа. Өчигдрийн хэлэлцүүлэгт арилжааны банк болоод хууль санаачлагч, Монголбанкны төлөөллүүд оролцож, хуулийн төслийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ. Хуулийн төсөл батлагдвал Монголбанкнаас арилжааны банкинд тавьж буй хяналт шалгалтын эрх зүйн орчин сайжирч, түүнийг олон улсын жишгийн дагуу хэрэгжүүлэх, банк санхүүгийн салбарт бий болж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, банк санхүүгийн тогтвортой байдлыг хангах, банкны салбарын хөгжлийг түргэсгэхэд эрх зүйн хувьд таатай орчин бий болно гэж л хууль санаачлагчид үзэж байгаа шүү дээ. Түүнчлэн Банкны тухай хуулийн зарим зүйл, заалтын утга, агуулга нь олон улсын банк, санхүүгийн үйл ажиллагаанд нийцсэн, илүү ойлгомжтой, тодорхой хэлбэрээр сайжрах болов уу гэж харж байгаа. 1990 онд бид арилжааны банк, Төв банк гэсэн хоёр тогтолцоотой болсон. Өнөөдрийг хүртэл энэ хугацаанд гурван зовлонтой нүүр туллаа шүү дээ. 1990-ээд оны Азийн, 2008 болон 2010 оны эдийн засгийн, энэ удаагийн хямрал гээд хэд хэдэн хямралтай нүүр тулсан. Тэгэхээр тухай бүрт нь хуулиудаа өмнөх туршлагууд дээрээ тулгуурлаж сайжруулж байх ёстой юм. Энэ зарчмын дагуу л өнөөдөр уг хуулийн төсөл орж ирж байна гэж харж болно.
-Нөгөөтэйгүүр ОУВС-гийн хөтөлбөрт манай улс хамрагдсан учраас арилжааны банкуудын шаардлагыг өндөрсгөж байна гэж харж болох уу?
-Ер нь бол тийм шүү дээ. Бид ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан учир Төв банкны зүгээс Банкны тухай хуулиуд дээрээ зохих өөрчлөлтүүдийг хийх үүрэг хүлээсэн байгаа. Тиймээс Төв банк өөрөө ямар учраас Банкны тухай хуульдаа өөрчлөлт оруулж, зохицуулалт хийж байгаа вэ гэдгээ ойлгох хэрэгтэй. Хэлэлцүүлгийн үеэр ярилаа шүү дээ. Банкны системд нийтдээ 27 их наяд төгрөгийн активын хөрөнгө эргэлдэж байна. Үүнээс гурван их наяд буюу 12 хувь нь л банкны эздийн хөрөнгө байдаг. Бусад 24 их наяд төгрөг буюу 88 хувь нь Монголын ард түмний хуримтлал байдаг. Тэгэхээр иргэдийн хуримтлалын эдийн засгийн аюулгүй байдал, орлогын аюулгүй байдалд нь Төв банк шийдвэр гаргаж, хамгаалалт хийж байх ёстой. Энэ хүрээнд бодлогуудаа илүү хүчтэй болгох шийдвэр нь энэ хуулийн төсөл мөн гэж харж байгаа.
-Хэлэлцүүлгийн үеэр арилжааны банкны төлөөллөөс удирдлагын бүтцийн талаар хуульд тусгах нь дотоод асуудалд нь хэт оролцож буй явдал гэсэн шүүмжлэл хэлж байсан. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Арилжааны банкны хөрөнгө оруулагчид, эзэд буюу арилжааны банкинд байршиж байгаа иргэдийн хөрөнгийг удирдаж буй банкируудын хариуцлагын асуудлыг ярих нь зүй ёсны явдал биз дээ. Эдгээр иргэдийн хөрөнгийг удирдаж буй банкируудын хариуцлагыг өндөржүүлэх асуудлыг хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгасан байгаа. Тухайлбал, эдгээр удирдлагуудын эдийн засгийн болон нийгмийн хариуцлагыг өндөржүүлсэн шаардлагыг л хуулийн төсөлд тусгасан байгаа. Түүнээс биш дотоод асуудалд нь оролцсон явдал гэж бас болохгүй юм.
-Мөн арилжааны банкиуд охин компаниараа дамжуулж хөрөнгийн зах зээлд хадгаламжийн мөнгийг эргэлдүүлж байгааг болиулна гэж ойлгож болох уу. Хуулийн төсөлд энэ талаар хэрхэн тусгасан бэ?
-Охин компанийн тухайд хоёр ойлголтыг энд дурдах нь зөв болов уу. Банк өөрөө охин компани байж болно. Мөн одоогийн хуулиар банк дороо охин компанитай байх боломж нь нээлттэй байдаг. Энэ хууль хэзээ орж ирсэн бэ гэхээр 2010 оны хямралын дараа Банкны тухай хуульд өөрчлөлт оруулсан. Тэр үед хөрөнгийн зах зээлийг банкны системд байгаа хөрөнгөөр дэмжих нэг хөшүүрэг нь охин компани байж болох юм гэдэг үзэл санааны баримтлалаар орж ирсэн юм. Ингээд тухайн үед боломжийг нь бүрдүүлж өгсөн. Одоо бол энэ хуулийн зохицуулалт шаардлагагүй болж ирж байна. Тэгэхээр банкны системд байгаа иргэдийн хөрөнгө консерватив байх ёстой. Хамгийн эрсдэл багатай, хамгийн найдвартайгаар банкинд эргэлдэж байх ёстой юм. Түүнээс биш хамгийн савлагаатай байдаг үнэт цаасны зах зээл, хөрөнгийн зах зээл рүү явж оруулаад байх ёсгүй. Өөрөөр хэлбэл иргэдийн мөнгийг эрсдэлд оруулж болохгүй. Ийм эрсдэл бүхий хэд хэдэн жишээний нэг нь “Эрдэнэт”-ийн хөрөнгө оруулалт ганц, хоёр банкаар дамжсан зэрэг асуудал гарсан шүү дээ. Энэ бол уг хуулийн цоорхойгоор явж орсны л жишээ. Тиймээс уг хуулийн төсөл батлагдвал охин компанитай холбоотой асуудлыг хязгаарлана. Иргэдийн хадгаламжийн мөнгийг охин компаниараа дамжуулж хөрөнгийн зах зээлд эргэлдүүлдгийг хориглоно гэж ойлгож болно.
-Эдийн засгийн байнгын хороогоор уг хуулийн төслийг хэлэлцэж байх үед арилжааны банкиудыг нээлттэй компани болгох асуудал яригдсан. Хэрвээ нээлттэй болгочихвол өмнө нь хэд хэдэн банк дампуурч байсан жишээ бас бий?
-Нээлттэй компани болгох асуудал бол банкиудын хувь нийлүүлэгч, эздийн шийдэх асуудал. Үүнийг Монголбанкны зүгээс болон төрөөс шахалт үзүүлж зохицуулах боломжгүй. Манай улсын 27 жилийн банкны түүхэнд хоёр банк олон нийтийн банк болох гэж оролдсон. Зоос банк, Анод банк хоёр хувьцаагаа дотоодын бирж дээр гаргасан ч харамсалтай нь хоёулаа өнөөдөр хаалгаа барьсан. Тэгэхээр банкиуд дотооддоо бирж дээр олон нийтийн зохицуулалттай хувьцаат компани болоход өөрсдөө маш сайн бэлдэх хэрэгтэй. Түүнээс биш хөрөнгө эх үүсвэр татах ч юм уу өөр санхүү, эдийн засгийн зорилгоор олон нийтийн компани болох нь дээрх хоёр банкны туршлагаас харахад амжилтгүй болно. Тэгэхээр үүнд төрийн зохицуулалт маш чухал гэдэг нь харагдаж байгаа юм. Хувьцаат компани болно гэдэг тэр хувьцаа авч байгаа эзэмшигч бол хадгаламж эзэмшигч биш банкны эзэн болж байна гэдгээ маш сайн ухамсарлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тухайн банкны төлөө, банкны хувь заяа, тогтвортой байдлын төлөө хөрөнгө оруулалт хийж байгаа шүү дээ. Түүнээс биш хадгаламж эзэмшигч шиг тогтмол ногдол ашиг аваад байх тухай асуудал биш юм. Эргээд дүгнэхэд Анод, Зоос банкны хувьцаа эзэмшигчдийн өөрсдийн мэдлэг, хариуцлага сул байсан нь харагддаг юм. Хадгаламж шиг ногдол ашгаа өгөх ёстой гэдэг идэвхигүй байдал байсан төдийгүй төрөөс зохицуулалт, хяналт дутагдсан гэж хардаг.
-Зээлийн хүүд хязгаар тогтооход ипотекийн зээлийн хүү хэрхэх вэ?
-Энэ удаагийн банкны тухай хуульд орж байгаа нэмэлт өөрчлөлт дотор зээлийн хүүгийн дээд хязгаарлалтыг тогтооно гэдэг заалт байхгүй. Харин Банкны тухай хуулийг дагаж орж ирж байгаа Зөрчлийн тухай хууль, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Төв банкны тухай хууль гэсэн гурван хуульд өөрчлөлт орж ирж байгаа юм. Үүний Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд ганцхан өгүүлбэр орж ирж байгаа нь “Төв банкнаас зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоож болно” гэдэг Төв банкинд үүрэг өгч байгаа заалтыг хууль санаачлагчдын зүгээс нэмж оруулж ирсэн. Тэгэхээр энэ нь Банкны тухай хуулийн өөрчлөлтийг ярьж байгаа агуулгаараа маш том концепц юм гэдгийг хэллээ шүү дээ. Яг зээлийн хүү ямар байх, Төв банк энэ асуудалд хэрхэн оролцох вэ гээд яривал том асуудал болно. Ипотекийн зээл бол арилжааны зээл биш тусгай зориулалтын зээл. Банкиудад дөрвөн хувийн эх үүсвэрийг нь өгчихөж байгаа шүү дээ. Эх үүсвэр нь бэлэн, зориулалт нь тодорхой юм. Харин энэ ярьж байгаа өөрчлөлт бол арилжааны зээлийн хүүгийн асуудал юм. Өнөөдөр зээлийн хүү өндөр байгаа нь эдийн засгийн гажиг тогтолцооны л нэг үр дүн гэж хэлж болно. Тиймээс асуудлыг томоор харж, төрийн зохицуулалтууд хийх зайлшгүй шаардлага бий юу гэвэл бий.
-Арилжааны банкууд уг хуулийн төслийг хэрхэн хүлээж авч байгаа вэ. Хуулийн төслийг дэмжиж байна гэж харж болох уу?
-Хэлэлцүүлгийн үеэр арилжааны банкууд ямар нэг зөрүүтэй санал хэлсэнгүй. Банкны холбоогоороо дамжуулаад Төв банктай хамтран хуулийн төсөл дээр сууж, хэд хэдэн хэлэлцүүлэг хийсэн гэж ойлгосон. Үүнийхээ дүнд арилжааны банкиудын саналын 80-90 хувийг тусгасан гэж ойлгож байгаа.
-Арилжааны банкиуд зээлийн хүүгээ бууруулахгүй бол гадны банкиудыг оруулж ирэх асуудал бас яригдсан шүү дээ?
-Гадны хөрөнгө оруулалтын банк оруулж ирнэ гэдэг өрсөлдөөнийг дэмжиж байгаа л нэг хэлбэр. Одоогийн манай банкны систем маш өндөр үнэтэй хадгаламжийн эх үүсвэр дээр тогтдог. Нийт эх үүсвэрийн 70 хувь өндөр үнэтэй эх үүсвэр дээр тогтдог. Тэгэхээр хямд эх үүсвэр яаж оруулж ирэх вэ. Банкиуд өөрсдөө зээл авч, хөрөнгө оруулалтаа татаж болно. Мөн гадны зах зээл дээр байгаа хямд эх үүсвэрүүдийг гадны банкиудаар дамжуулж оруулж ирж болно шүү дээ. Дотоодын банкны зах зээлийг хамгаалж, хүч тэнцвэргүй өрсөлдөөн бий болгож болохгүй гэдгийг бодлогоор анхаарах хэрэгтэй.
Ц.ТАМИР
Сэтгэгдэл