Маргаашнаас нийлэг хальсан уут хэрэглэхгүй

Б.Гэрэлмаа / Хууль
  • 2019-02-28 12:56:47
  • 2019-02-28 12:56:47

    Маргаашнаас нийлэг хальсан уут хэрэглэхгүй

    photo

    Засгийн газрын 189 дүгээр тогтоолын хүрээнд гуравдугаар сарын 1-нээс 0.035 мм ба түүнээс нимгэн гялгар /нийлэг/ уутыг худалдаа, үйлчилгээнд ашиглахаар импортоор оруулж ирэх, үйлдвэрлэх, хэрэглэхийг хориглож байгаа. Тогтоолын хэрэгжилтийг мэргэжлийн хяналтын байгууллага болон бусад холбогдох байгууллагууд хангаж ажиллана.

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тус тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд мэдэгдэл хүргүүлж, худалдаа, үйлчилгээнд ашиглагдаж буй 300 гаруй төрлийн нийлэг уутанд хэмжилт хийжээ. SHANGSHEN загварын микрометр багажаар хийсэн хэмжилтээр 64.5 хувь нь шаардлага хангаж байжээ.

  • 2019-02-13 09:39:19
  • 2019-02-13 09:39:19

    Харааны бэрхшээлтэй иргэд гялгар уутыг зах зээлээс шахах хямд үнэтэй ДААВУУН ТОР үйлдвэрлэж байна

    photo

    -НЭГ ОЁДОЛЧИН ӨДӨРТ 60-70 ДААВУУН ТОР ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА-

    Монголчууд гуравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 0,035 мм ба түүнээс нимгэн нийлэг уутыг хэрэглэхгүй. Оронд нь байгаль орчинд ээлтэй ЭКО бүтээгдэхүүн болох цаасан уут, даавуун торыг ахуйн хэрэглээндээ нэвтрүүлэх ёстой. Гэвч хүнсний дэлгүүрүүдэд үнэгүй шахам тараагддаг 50-ийн тор гэх тодотголтой даац сайтай гялгар уутыг орлох хямд үнэтэй бүтээгдэхүүн “Бий юу” гэсэн асуулт гарч ирнэ. Зах зээлд борлуулагдаж буй даавуун торнууд 2500 төгрөгөөс дээш үнэтэй учраас хүн бүр гялгар уут шиг худалдаад авч чадахгүй. Тиймээс гялгар уутыг хязгаарлаж, даавуун уутны зах зээлийг тэлэх зорилгоор харааны бэрхшээлтэй иргэд 400-800 төгрөгийн үнэтэй 7-8 төрлийн даавуун уут үйлдвэрлэж буйг энэ удаагийнхаа өдрийн сурвалжлагаараа олон нийтэд танилцуулж байна.

    Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт үйлдвэрлэлийн төвийн оёдлын цех таван оёдолчинтой. Нэг оёдолчин өдөрт 60-70 даавуун тор оёдог. Захиалга сайн байвал үүнээс ч илүүг оёх боломжтой аж. Бид оёдлын цехийн өрөөгөөр ороход хөл машины чимээ тачигнаж, оёдолчид толгой өнгийх завгүй хөвөнтэй бээлий оёж байв. Тэдний оёсон бээлний өө сэвийг нь хайчлах, эргүүлэх, энд тэнд нь наалдсан хөвөнг түүж авах, 10 ширхэгээр нь багцлаж боох гэх мэт ажлыг сул хараатай болон хараагүй иргэд дор бүрнээ хичээн хийцгээж байв.

    Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны үүднээс сул хараатай хүмүүсийг оёдлын машин дээр суулгадаггүй, бэртэж гэмтэх тохиолдол гарч болзошгүй тул үйлдвэрлэлийн гар дамжлагууд дээр ажиллуулдаг байна. “Сар шинийн өмнөхөн авсан бөс материалын үнэ нэмэгдчихсэн байна. Хямдхан үнэтэй даавуун тор үйлдвэрлэхэд улам л хэцүү болох нь. Гадуур даавуун тор хийх боломжтой материалын эрэлт нэмэгдэж, үнэ нь өсч байна. Манайх даавуун тороо зөвхөн захиалгаар хийдэг учраас материалаа нөөцлөж авддагүй” хэмээн уг төвийн менежер байсан юм.

    image

    -ИРГЭД 300 ТӨГРӨГИЙН ХЭМНЭЛТ ХИЙХИЙН ТУЛД ХӨРСӨНД ШИНГЭДЭГГҮЙ ГЯЛГАР УУТ ХУДАЛДАЖ АВЧ БУЙ НЬ ЗӨВ СОНГОЛ БИШ-

    Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал З.Болдсайханаас дээрх асуудлыг тодруулж, цаашид хэрхэн ажиллах зорилго тавьж буй талаар ярилцсан юм.

    imageарааны бэрхшээлтэй иргэд хэзээнээс эхлэн даавуун тор болон цаасан бор уут үйлдвэрлэж эхэлсэн бэ?

    -2009 оноос цаасан уутны үйлдвэрлэлийг эхлүүлж оёдлын цехдээ даавуун тор захиалгаар оёж эхэлсэн. нэг кг, 500 граммын жижиг цаасан уутыг байгууллагууд нэлээд захиалж авдаг. Харин супер маркетад зориулсан 2-3 кг-ын цаасан уут харьцангуй бага гүйлгээтэй байдаг. Даавуун торыг байгууллагууд нэлээд захилгаар хийлгүүлдэг юмаа.

    -Сая танай үйлдвэрүүдээр танилцаж байхад бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй зөвхөн захилгаар хийдэг нь жаахан дутмаг санагдлаа. Эсвэл эргэлтийн хөрөнгөөр дутмаг байна уу?

    -Одоохондоо бид захиалгаар үйлдвэрлэж байна. Цаашид бэлэн бүтээгдэхүүний нөөц бэлдэнэ. Өнгөрсөн хугацаанд эргэлтийн хөрөнгийн асуудал хүндрэлтэй байсан. Бид энэ асуудлаа Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд танилцуулсан. С.Чинзориг сайд үйлдвэрлэлийн эргэлтийн хөрөнгийг дэмжих, техник технологийн шинэчлэл хийх, хүчин чадлаа нэмэгдүүлэх 250 сая төгрөгийг Хөдөлмөрлөлтийг дэмжих сангаас шийдэж өгсөн. Энэ санхүүжилтээ ирэх долоо хоногоос авчих байх. Хэрэв бэлэн бүтээгдэхүүнтэй болчихвол захиалга орж ирэхийг хүлээхгүй, эргэлтийн хөрөнгөтэй болчих юм. Яагаад бид захиалгаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна вэ гэвэл хэрэглэгчдийн сонирхол өөр, өөр байдаг. Зарим хүмүүс хямд л байвал хамаагүй гээд 400 төгрөгийн даавуун уутыг сонирхдог. Нөгөө хэсэг нь илүү чамин хийцтэй чанартай бүтээгдэхүүн сонгодог. Эхний ээлжид эргэлтийн хөрөнгийн нөөцтэй болбол зах зээлээ тандан судалгаа хийж байгаад аль бүтээгдэхүүн илүү нөөцтэй байвал иргэд илүү худалдан авахыг мэдсэнийхээ дараагаар үйлдвэрлэлээ эхлүүлж арвин нөөцтэй болох зорилго тавин ажиллаж байна.

    -Гуравдугаар сарын 01-нээс нийллэг материалтай уут хэрэглэхийг хориглож байгаа. Харааны бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэлд боломж олдох болов уу гэж харж байгаа?

    -Гуравдугаар сарын 01-нээс энэ шийдвэр хүчин төгөлдөр хэрэгжиж чадвал том зах зээл бий болох нь ээ хэмээн бидний зүгээс харж байгаа. Тиймээс бид ч гэсэн бэлтгэлээ хангаж байна. Манай оёдлын цех яг одоогийн байдлаар өдөрт 1000 ширхгийг үйлдвэрлэх боломжтой. Хүчин чадлаа нэмэгдүүлбэл 5000 ширхгийг өдөрт үйлдвэрлэх хүчин чадалтай болох зорилго тавин ажиллаж байна. Харин цаасан уутны хувьд яг одоо байгаа хүчин чадлаараа өдөрт 6000 ширхгийг хийх боломж байгаа. Цаашид хүчин чадлаа нэмэгдүүлж өдөрт хамгийн багадаа 15 мянган ширхэг цаасан уут үйлдвэрлэнэ гэсэн болдолтой байна. Цаасан уутыг, нугалах наах гэсэн хоёр дамжлагыг хараагүй хүмүүс гар аргаар хийдэг. Харааны бэрхшээлтэй хүмүүсийн гол ажлын байр нь энэ шүү дээ. Хэрэв автомат машинтай бол өдөр 100 мянган ширхэг цаасан уут үйлдвэрлэх боломжтой. Гэхдээ бид харааны бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг хадгалахын тулд гар дамжлагуудаа хадгалаад байгаа юмаа.

    image

    -Өнөөдрийн байдлаар Монгол Улсад сул хараатай болон харааны бэрхшээлтэй хэдэн иргэн байдаг вэ. Үүнээс хэд нь ажлын байраар хангагдаж байна?

    -Монгол Улсад харааны бэрхшээлтэй 16 мянган иргэн байдаг гэсэн тоо баримт бий. Нарийн судалгаа байдаггүй л дээ. Бидний судалж мэдсэнээр эдгээр иргэдээс дөнгөж 4.5-5 хувь нь л хөдөлмөр эрхэлж байгаа. Үндсэндээ 700-800 хүн л ажлын байртай байна. Хөдөлмөр эрхлэлтийн хамгийн гол салбар нь массаж, манай үйлдвэрт 70 гаруй иргэн, урлагийн салбарт цөөхөн хэдхэн хүн, хувиар хөдөлмөр эрхэлдэг цөөхөн хүн хүмүүс байна. Харааны бэрхшээлтэй иргэд маань маш цөөхөн салбарт ажилладаг. Сүүлийн жилүүдэд техник технологи хөгжиж үйлдвэрлэлийн гар дамжлагууд автомат систем рүү шилжиж харааны бэрхшээлтэй иргэдийн ажлын байр багасч буй тал бий. Эерэг талаас нь харвал технологийн хөгжил шинэ, шинэ ажлын байруудыг бий болох хандлага ажиглагдаж байгаа. Тухайлбал, хараагүй хүмүүс утасны оператор, компьютерийн программист хийж байна.

    -Цаг зав гарган мэдээлэл өгсөнд баярлалаа. Та бүхний цаашдын ажил үйлст амжилт хүсье?

    -Бидний үйлдвэртэй ирж танилцсан та бүхэнд ч гэсэн баярлалаа. Хуулиараа нийт ажиллагсдын дөрвөөс доошгүй хувьд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажиллуулна гэсэн заалт байдаг. Энэ квотыг төрийн байгууллагууд хэрэгжүүлж хараагүй иргэдийг таарч тохирох ажил дээр нь авч ажилуулах юм бол Монгол Улсын бүх хараагүй хүмүүс ажлын байраар хангагдах боломж байгаа юм. Өнөөдөр төрийн байгууллагууд сул хараатай иргэдийг л ажлын байраар хангаж байна шүү дээ. Мөн ирэх сарын 01-нээс хэрэгжиж эхлэх хуулийн заалтыг иргэд маань мөрдөж ногоон сав боодол хэрэглэж эхлэхгүй бол Монгол Улс нийлэг гялгар уутны хогийн сав болон хувирч байна. Хөдөө хээр, ой мод, уул хад, гол горхи, нуур цөөрөм гээд хаа сайгүй гялгар уутны хог хаягдал байдаг. Засгийн газар маш зөв, зоригтой шийдвэр гаргасан. Үүнийг нь монголын ард түмэн дэмжиж хуулиа дагаж мөрдөөрэй гэж уриалмаар байна. Бид үр хойчдоо ногоон ирээдүйг өвлүүлж өгөхийн тулд ухамсартай хандах хэрэгтэй юм шиг санагддаг. 300 төгрөгийн хэмнэлт хийхийн тулд 100 төгрөгийн гялгар тор худалдан авч хөрсөнд шингэдэггүй. Зуун, зуун жилээр байгаль орчин бохирдуулдаг бүтээгдэхүүн худалдаж авах нь ухаалаг сонголт биш шүү гэж хэлмээр байна.

    image

    -БИД ДОЛОО ХОНОГИЙН ГУРВАН ӨДӨР АЖИЛГҮЙ СУЛ ЗОГСОЛТ ХИЙЖ БАЙНА-

    Ингээд бид оёдлын цехийн үйл ажиллагаатай танилцаж, мэдээлэл авсныхаа дараагаар үйлдвэрлэлийн гар дамжлага ихтэй сав баглаа боодлын үйлдвэрээр орлоо. Энд хараагүй болон сул хараатай 27 иргэн цаасан уут, албан бичгийн дугтуйг гар аргаар хийдэг. Үйлдвэрийн өрөө рүү ороход “Өнөөдөр золгодоггүй муу өдөр. Чой хамба шинийн 15-н хүртлэх бүх өдрийг сайн өдөр гэж зурагтаар ярьж байна лээ” хэмээн хоёр талцаж ярилцсан хүмүүс угтав. Эцэст нь золгодоггүй муу өдөр гэж байхгүй бүх өдөр золгож болно гэсэн нэгэн ойлголтод хүрч бидэнд өмнө хийсэн дугтуй, цаасан уутаа үзүүлэв. Энгийн нүдээр харахад техник технологи хөгжсөн өнөө үед автомат машинаар хэдхэн секунтын дотор хийчих зүйлсийг харааны бэрхшээлтэй иргэд багагүй хугацаа зарцуулдаг гэдэг нь ажиглагдаж байв.

    Гэвч тэр бүр цаасан уут, дугтуйны захиалга орж ирдэггүй тоотой цөөхөн төрийн байгууллага байнгын харилцаатай ажилладаг. Харин хувийн хэвшлийн ихэнх байгууллагууд “Зах зээлийн ханшнаас үнэтэй байна” гээд захиалга өгөхөөс татгалздаг байна. Биднийг сурвалжлага бэлтгэхээр очиход сав баглаа боодлын үйлдвэр захиалга байхгүй сул зогсолт хийж байсан хэдий ч бүх ажилчид нь цугласан байв. Тэд “Одоо захиалга орж ирвэл бид шууд ажилдаа ороход бэлэн. Харааны бэрхшээлтэй иргэдийг дэмжиж манай үйлдвэрт захиалгаа өгөөрэй” хэмээн уриалж байсныг дуулгах нь зөв болов уу.

    image

    Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт үйлдвэрлэлийн төвийн менежер Д.Зоригт: “Цаасан уут хийхэд бүрэн хараагүй нь нугалж өгнө. Харин сул хараатай хүмүүс нь нааж өгдөг байна. Хамгийн гол нь одоо захиалга л хэрэгтэй байна. Бор цаасан уутны захилга хамгийн бага байдаг. Ихэвчлэн төрийн байгууллагуудаас захиалга орж ирдэг. Тэр тусмаа ИНЕГ-аас хамгийн их захиалгыг ирүүлдэг. Бусад яам агентлагийн газрууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд л захиалгаа өгч байна даа. Мөн арвайн гурил үйлдвэрлэдэг компаниуд нэг кг, 500 граммын цаасан уутыг захиалгаар хийлгэдэг. Төр, хувийн хэвшлийн байгууллагууд цаасан уутны захилга өгөөд байвал хараагүй болон сул хараатай 27 иргэн байнгын ажлын байртай, тогтвортой орлоготой болох юм. Даана ч захиалга өгдөг нь ховор байна. Бид долоо хоногийн гурван өдөр ажилгүй сул зогсч байна. Захилга ихтэй үедээ бүтэн долоо хоног ажиллах үе бий. Манайх цаасан уут, дугтуй хийхдээ гар аргаар хийдэг болохоор ижил төрлийн бүтээгдэхүүн хийдэг байгууллагуудаас хямдхан өртгөөр хийж чадахгүй байна. Заримдаа захиалгаа алдах үе цөөнгүй гарч байна. Одоохондоо орлого, зарлагаа тэнцүүлээд л захиалгаа гүйцэтгэж байгаа.

    Харааны бэрхшээлтэй иргэдийн бүтэн нэг сарын турш хийдэг ажлыг автомат тоног төхөөрөмжтэй байгууллагууд ганцхан өдрийн дотор хийж байна. Хэрэв бид ийм тоног төхөөрөмжтэй болчихвол харааны бэрхшээлтэй иргэд маань ажлын байргүй, орлогогүй болох эрсдэлтэй тул уламжлалт технологио ашиглахаас өөр аргагүй байдаг. Гуравдугаар сарын 01-нээс нийлэг уут хэрэглэхийг хуулиар хориглож байгаа. Тиймээс томоохон сүлжээ дэлгүүрүүд харааны бэрхшээлтэй иргэдийнхээ хөдөлмөрийг дэмжиж цаасан уут захиалгаар хийлгээсэй гэж хүсч байна. Монгол Улсын хэмжээнд бор цаасан уут, дугтуй гэх зүйл хийдэг найман үйлдвэр байдаг. Эдгээр үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажилласан ч гэсэн иргэдийн хэрэгцээг хангаж чадахгүй гэсэн тоон үзүүлэлтийг гаргасан байна лээ. Харааны бэрхшээлтэй иргэд маань хүний гар харалгүй өөрийнхөө хэмжээнд ажиллаж хөдөлмөрлөж, орлоготой болно гэдэг сайхан шүү дээ. Ажил ч, орлого ч байхгүй гэртээ сууна гэдэг хэцүү. Сэтгэл санаагаар унаж, хөдөлгөөний дутагдалд орж эрүүл мэнд нь доройтох үзэгдэл харааны бэрхшээлтэй иргэдэд багагүй тулгамддаг. Хүн зав чөлөөгүй, хамт олонтойгоо бужигнаж, хөдөлмөрлөж амьдарна гэдэг сайхан шүү дээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

    Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА

    image

    image

    image

    image

    image

  • 2019-01-24 21:03:54
  • 2019-01-24 21:03:54

    Гуравдугаар сарын 1-ээс ямар гялгар уутыг хэрэглээнээс халах вэ

    photo

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар өргөн хэрэглээний нэг удаагийн гялгар уутыг ирэх гуравдугаар сарын 1-ээс худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон тогтоол гаргасан.

    Ингэхдээ 0,035 мм-ээс нимгэн сав, баглаа боодлын зориулалтаар хэрэглэгддэг хальсан уутыг хориглосон юм.

    Ийнхүү мм зааж хориг тогтоосон нь иргэдийн амьдралд төдийлөн ойр биш байгаа тул манай редакц бидний өдөр тутамд хэрэглэгддэг ямар ямар уутыг хэрэглээнээс халах болсныг гэрэл зургаар үзүүлж байна.

    ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БАЗАРРАГЧАА

    image

    image

    image

    image

Сэтгэгдэл

Зочин [202.131.225.197] 2019-03-02 09:50:11

mahaa grammlaj abdag ulsuud ih dee. tsaasand boogood avtobusandaa chiheldeed ooriin hunii huvcsiig tos bolgood hamaad baij dee

Зочин [59.153.87.33] 2019-03-01 11:20:31

hognii uutiig bas bolih heregtei shvv

Зочин [64.119.21.70] 2019-03-01 09:50:01

хогны гялгар уутыг бас болиул бүр л ихээр бохирдуулж байгаа

tsetseg [103.10.23.83] 2019-03-01 09:00:54

delguur horshoond gualgar uut gereglehgui bh ni ih zuv l duu, harin hognii uutiig hereglej boloh yum bolov uu? bi huvidaa hogoo angillaad haydag bolohoor yumd hiihee meddeggui

зочин [150.129.143.228] 2019-02-28 19:20:26

Зөв шийдвэр хэрэгжүүлэх л хэрэгтэй.

Зөвөө [86.59.219.98] 2019-02-28 18:23:29

Энэ маш зөв. Дэлхий даяараа татгалзаж байна. Байгаль дэлхийгээ хайрлахад хүн бүр бага ч болов хувь нэмэрээ оруулах хэрэгтэй

ddd [49.0.140.68] 2019-02-28 17:48:57

Энэ маш зөв шийдвэр. хөгжилтэй орнууд аль дээр л хориглочихсон. хөдөөгүүр нэг хог болоод хөглөрөөд байж байдаг. байгаль орчинд шингэхдээ муу. харин нэг асуудал байна даа. хогоо ил задгай хаяад сурчихсан малууд одоо бүүр гялгар уутгүй гэсэн шиг дураараа цацаад явах вийдээ.

Зочин [198.16.70.51] 2019-02-28 17:32:16

Цаасан болон даавуун хэрэглэх нь зөв,

зочин [202.179.24.195] 2019-02-28 16:49:54

зөв зөв даавуун торонд нэг л удаа мөнгө зарцуулна харин гялгар уутанд бол байнга мөнгө зарцуулна. эрүүл ахуйн талаас ч тэр мөнгө санхүүгийн талаас ч тэр бодсон их зөв шийдвэр бна

Зочин [103.229.123.126] 2019-02-28 14:16:16

ТЭНЭГҮҮД ӨӨРСДӨӨ ДААВУУН ТОРОО КАРМАЛААД ЯВАХ ЮМ БНА Л ДАА


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.