Ц.Чогзол: Гэдэсний халдвар, хоолны хордлогын үед дур мэдэн антибиотик ууж болохгүй

Aдмин / Эрүүл мэнд

-УЛИРАЛ СОЛИГДОХОД ХҮМҮҮСИЙН ДАРХЛАА СУЛАРЧ ГЭДЭСНИЙ ХАЛДВАРТ ӨВЧИН НЭМЭГДДЭГ-

Дулааны улиралд бага насны хүүхдүүдийн дунд гэдэсний халдварт өвчний тохиолдол нэмэгддэг. Энэ талаар Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн НЭМА-ны халдвар судлагч Ц.Чогзолтой ярилцлаа.

-Урин дулааны улиралд гэдэсний халдварт өвчний тохиолдол ихэсдэг. Улаанбаатар хотын агаар хөрсний бохирдол нөлөөлдөг үү?

-Урин дулааны цагт хөлдсөн газар гэсч, муу ус, бохир зэрэгт нян идэвхждэг. Мөн авто угаалга, хүнд металлаар хөрс бохирдсоноос халдвар тархах эрсдэл нэмэгддэг. Тэр дундаа төвлөрсөн бус усан хангамж, нүхэн жорлонг ойр ойрхон байрлуулсан, ариун цэврийн байгууламжийн нөхцөл муугаас болж гэдэсний халдварт өвчний тархалт нэмэгдэж байна. Түүнчлэн амралт, зугаалга, баяр наадмын үеэр хоол хүнсний хадгалалтын горим алдагдсанаас болж, гэдэсний халдвар, хоолны хордлогын тохиолдлууд нэмэгддэг. Нөгөө талаас хүний бие физиологитой холбоотойгоор өвчлөл нэмэгдэж болно. Ихэвчлэн бага насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настай эрсдэлт бүлгийн хүмүүсийн дархлаа сулрахад гэдэсний халдварт өвчинд мэдрэг болж, өвчлөх магадлал нэмэгддэг. Өөрөөр хэлбэл улирал солигдох үед хүмүүсийн дархлаа сулардаг. Энэ үетэй зэрэгцэж, гэдэсний халдварын нян идэвхжиж байгаа нь тархалтыг нэмэгдүүлэх хүчин зүйл болж байна гэсэн үг.

-Гэдэсний халдвараар өвчлөхөд голлон юу нөлөөлж байна вэ?

-Гэдэсний халдварт өвчин үүсэхэд үндсэн гурван шалтгаан нөлөөлж байна. Тухайлбал орчны буюу нийгмийн хүчин зүйл, байгууллага хамт олон болон гэр бүлийн орчин, хувь хүний зан үйлтэй холбоотойгоор гэдэсний халдварын өвчлөл үүсч байна. Орчны эрүүл ахуй, байгаль цаг уурын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал, хувийн ариун цэвэр нь халдварт өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Тухайлбал, хоол хүнсний түүхий эдийн худалдан авалт, нийлүүлэлт, хоол хүнс бэлтгэх ажиллагааны үеийн эрүүл ахуй, хадгалалт, хувь хүний эрүүл ахуйн зөв дадал, хэвшилтэй холбоотойгоор өвчлөл гарч байдаг. Өөрөөр хэлбэл хувийн ариун цэврийг сайтар сахидаг хүн гэдэсний халдварт өвчнөөр өвчлөх эрсдэл бага байдаг.

-Манай улсад одоогоор хэдэн төрлийн гэдэсний халдварт өвчин бүртгэгдсэн бэ. Аль нь зонхилон тохиолдож байна вэ?

-Хоол боловсруулах замыг гэмтээдэг халдварт өвчнүүдийг гэдэсний халдварт өвчний бүлэгт хамруулж авч үздэг. Манай улсад одоогоор 30 гаруй төрлийн өвчин бүртгэгдээд байна. Тэр дундаа цусан суулга, салмонеллез, Е коли буюу гэдэсний савханцрын халдвар, гар хөл амны өвчин, гепатит A буюу халдварт шар зэрэг нь элбэг тохиолдож байна. Гэдэсний халдвар үүсгэгчид нь олон төрлийн бактер, тэдгээрийн ялгаруулдаг хорт бодис болон вирус, шимэгчид байдаг. Өвчин үүсгэгчид нь халдвар тээгч, халдвартай хүний өтгөн, бөөлжис, шээсээр дамжин гадаад орчинд ялгарч байдаг. Дамжуулагч хүчин зүйлийн нэг нь ялаа. Ахуйн орчинд ялаагаар дамжин хоол хүнс бохирддог. Өвчин үүсгэгчид нь хөрс, ус, сав суулганд удаан хугацаагаар амьдрах чадвартай байдаг бол дулаан, чийгтэй орчинд илүү хурдан өсч үрждэг. Ялангуяа сүү сүүн бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн, усанд хурдан үржих чадвартай байдаг.

-Гэдэсний халдвар, хоолны хордлогын ялгааг хэлж өгөхгүй юу. Зарим шинж тэмдэг нь хоорондоо нэлээд төстэй байдаг шүү дээ?

-Хүний идэж буй хүнсний бүтээгдэхүүнд нян, вирус, шимэгч, хортой химийн бодисоор бохирдсон тохиолдолд бид өвчилдөг. Бохирдсон хоол хүнснээс шалтгаалах өвчнийг хоол хүнсний гаралтай буюу хоол хүнсээр дамжих өвчин гэж нэрлэдэг. Үүсгэж байгаа хүчин зүйлээс нь хамаарч гэдэсний халдварт өвчин, хоолны хордлого гэж ангилдаг. Хоолны хордлого нь тухайн хүнснээсээ хордох, тухайлбал хортой мөөг, химийн бодис, пестицид зэргээр дамжин хоол хүнс бохирдсоноор үүсдэг бол гэдэсний халдварт өвчин нь хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэх, хадгалах гээд үйлдвэрлэгчээс хэрэглэгчид хүрэх хүртэлх хугацаанд үүсэх эрүүл ахуй алдагдсантай холбоотой үүсдэг гэдгээрээ ялгаатай. Тухайлбал, нян нь амаар дамжин ходоодонд, дараа нь гэдсэнд орж, үржиж эхэлдэг. Ингэж эрчимтэй үржихдээ нянгууд нь гэдэсний ханыг гэмтээж, их хэмжээний хор ялгаруулж, өвчин үүснэ. Өвчин нь нян бие махбодод нэвтэрснээс хойш тухайн үүсгэгчээс хамаараад 6-48 цагийн дараа шинж тэмдэг эхэлнэ.

-Тухайлбал ямар шинж тэмдгүүд илрэх үү?

-Эхэндээ бие сульдах, хоолонд дургүй болох, дотор муухайрах, толгой өвдөх, халуурах зэрэг ерөнхий хордлогын шинж илэрнэ. Энэ нь хордлого, амьсгалын замын өвчнүүдтэй төстэй болохоор хүмүүс нэг их тоодоггүй. Харин ч эсрэгээрээ дур мэдэн антибиотик эмчилгээ хийх тохиолдол гардаг. Энэ нь тухайн үүсгэгчийг балархай хэлбэрт оруулж, нян тээгч болгодог. Үүнээс гадна бусад хүмүүст халдвар тараах эрсдэлийг дагуулж байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэдэсний халдварт өвчний үед бөөлжүүлж, гүйлгэснээс болж бие махбод ихээхэн хэмжээний шингэн алдаж, усгүйждэг. Үүний хор уршгаар гэдэс цоорох, түгжрэх, хэвлийд цус алдах, бөөрний дутагдал, тархи хавагнах, зүрхний гаралтай шок гээд ноцтой эрсдэл гарах аюултай. Тийм учраас заавал эрүүл мэндийн байгууллагад хандаж, тохирсон эмчилгээг зааврын дагуу хийлгэх нь чухал байдаг.

-Эмчилгээний үед ямар дэглэмээр хооллох нь үр дүнтэй байдаг вэ?

-Дур мэдэн антибиотик уух нь маш буруу үйлдэл гэдгийг дахин сануулъя. Өвчний шинж тэмдэг илэрсэн л бол юун түрүүнд шинжилгээ өгч, тухайн үүсгэгчид тохирсон эмчилгээ хийлгэх нь хамгийн чухал. Гэдэсний халдварын үед нянгийн хорыг саармагжуулах, нянг устгах, бие махбодын шингэний алдагдлыг нөхөх гэсэн цогц эмчилгээ хийгддэг. Өвчний үед шарсан, хайрч хуурсан, хурц хоол хүнснээс татгалзах хэрэгтэй. Мөн аль болох шингэн зүйл их хэмжээгээр ууж, ходоодыг бага цочроох, амархан шингэх бантан, зутан, бифидо бактери агуулсан тараг болон амьд бактери, хорсол, идэвхжүүлсэн нүүрс буюу хар эмийг хэрэглэхийг зөвлөж байна. Аялал, амралт зугаалгаар явж байгаа үедээ давс сахарын холимог бэлдээд ууж байх хэрэгтэй.

-Өвчний үед ямар асаргаа шаардлагатай вэ. Танай дүүргийн хэмжээнд гэдэсний халдвар нийт өвчлөгчдийн хэдэн хувийг эзэлж байна.

-Ихэвчлэн бага насны сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд өвддөг учраас нэн тэргүүнд гарын эрүүл ахуйг сахих зан үйлд хүүхдүүдээ сургах хэрэгтэй. Өвчний үед гүйлгэж, суулгаад сульдаж, ядарсан байдаг учраас дархлааг дэмжиж, насны онцлогт тохирсон хоол хүнсийг тохируулж хэрэглэх нь чухал юм. 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварт өвчний тохиолдлын 26 хувийг гэдэсний халдварт өвчин эзэлж байна. Гэдэсний халдварт өвчнөөс цусан суулга өмнөх оны мөн үеэс 92 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Манай дүүргийн хувьд өвчлөлийн тохиолдол нийслэлийн дундаж үзүүлэлтээс өндөр байгаа. Энэ нь хүн амын тоо, шилжилт хөдөлгөөн зэрэг нь бусад дүүрэгтэй харьцуулахад их байдагтай холбоотой.

-Гэдэсний халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Гарын ариун цэврийг сахих, эрүүл ахуйн дэглэм баримтлах нь өвчнөөс сэргийлэх хамгийн эхний алхам юм. Мөн гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хоол хүнсийг худалдаж авахдаа сонголтоо зөв хийх хэрэгтэй. Тухайлбал, гарал үүслийн бичигтэй эсэхийг шалгаж, тээвэрлэлт, хадгалалтын горим баримталдаг, ариун цэврийн нөхцөл газраас авах ёстой. Үүний дараа хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх хүртлээ өөрсдөө зөв хадгалж хэвших нь зүйтэй юм. Ингэхдээ хоол хүнсний зүйлийг ахуйн цэвэрлэгээний зүйлс, химийн бодистой хамт хадгалж болохгүй. Мөн муудсан зүйлтэй нэг дор хадгалахгүй байх хэрэгтэй. Түүнчлэн болсон, түүхий бүтээгдэхүүнийг тусад нь хадгалж, хоолыг чанаж, гүйцэд болгосон даруйд нь хэрэглэж хэвших нь зүйтэй. Иргэдийн дунд түгээмэл ажиглагддаг зүйл нь орой хийсэн хоолоо маргааш нь дахин халааж хэрэглэдэг. Гэтэл оройноос өглөө хүртэлх хугацаанд хоолонд нян үржих нөхцөл бүрдсэн байдаг. Энэ эргээд өвчлөх эрсдлийг нэмэгдүүлж байна.

-Ярилцлагын төгсгөлд иргэд олон нийтэд ямар гол анхааруулга, зөвлөмжийг хүргэмээр байна?

-Аагим халуун зуны өдрүүдэд хэрэглэж байгаа хоол хүнсний сонголт, хэрэглээндээ анхаарахаас гадна үер ус, үргэлжилсэн борооны улмаас хүнс, ундны ус бохирдохоос сэргийлэх нь чухал гэдгийг анхааруулж хэлмээр байна.

Б.БАТЦЭЦЭГ


Сэтгэгдэл

Зочин [64.119.24.140] 2019-06-20 12:42:11

Tgeed yaj hurdan darahiin. Shinj temdegiin emchilgee buuljilt suulgaltiin esreg myngan em uuj elgee horduulj bhaar shuud emgeg jam uwchin uusgegch ruu chiglesen huchtei antobiotic uuh heregtei shuu tgwel ami chn awragdana tegehgui gewel buuljij suulgaj hordlogo awsaar bgaad horwoog orhino.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.