Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

Ц.Анударь / Улстөр

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан өчигдөр Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланд өргөн барилаа.

Монгол Улсын хүн амын нутагшил, суурьшлын зохистой тогтолцоонд тулгуурлан хүн амын эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас сэргийлсэн бүс нутаг, хот суурин газрыг төлөвлөх, байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Уг хуулийн төсөл 10 бүлэг, 60 зүйлтэй. Үүнд, хот суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төсөл, хот байгуулалтын бүсчлэл, түүнд тавигдах шаардлагыг одоо байгаа зохицуулалтаас илүү нарийвчилсан, хот байгуулалтын үйл ажиллагаанд оролцогч иргэн хуулийн этгээд, төрийн бусад байгууллагуудын чиг үүргийг тусгахаас гадна хот, суурины хүрээлэн буй орчин түүх, соёлын дурсгалт газрыг хадгалж хамгаалах, тэдгээрийн зохистой үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн зохицуулалт орсон байна.

Мөн хот байгуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын гүйцэтгэх чиг үүрэг, хүлээх хариуцлагыг томьёолон тусгаж, хот байгуулалтын талаарх, төрийн байгууллагуудын эрх хэмжээ, үүрэг хариуцлагыг нарийвчлан тодорхойлжээ.

Хуулийн төсөл боловсруулах ажлын хүрээнд Засгийн газрын гишүүд, 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, Нийслэлийн ЗДТГ зэрэг холбогдох бүх газруудад хэлэлцүүлгийг зохион байгуулж, хэлэлцүүлж, санал авчээ.

Монгол Улсын Их Хурлаас Хот байгуулалтын тухай хуулийг анх 1988 онд баталсан юм. Хот байгуулалтын салбарын хөгжлийн чиг хандлагад үүссэн цаг үеийн шаардлагаар уг хуулийг 2008 онд шинэчлэн найруулж, баталснаас хойш 2015 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.