Н Эрдэнэчимэг: Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад хүн бүрийн оролцоо чухал

Aдмин / Эрүүл мэнд

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Хүнсний химийн лабораторийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор (Ph.D) Н.Эрдэнэчимэгтэй хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал болон транс тосны судалгааны үр дүнгийн талаар ярилцлаа.

-Юуны түрүүнд танай лабораторийн үйл ажиллагааны талаар танилцуулахгүй юу?

- Манай хүнсний химийн лаборатори бол 2016 онд хүрээлэнгийн бүтэц, зохион байгуулалтын хүрээнд биохимийн лабораториос салбарлаж, шинээр байгуулагдсан шинэхэн нэгж юм. Гэхдээ энэ нь бид одооноос л хүнсний химийн чиглэлээр судалгаа хийж эхэлж байгаа гэсэн үг биш л дээ. Хүрээлэнгийн анхны лабораториудын нэг биохимийн лаборатори гэж байхаас эхлэн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний физик-хими, хими, хими-технологийн судалгаа явуулж маш олон шинэ бүтээгдэхүүний технологи боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлсээр ирсэн түүхтэй. Одоо ч зарим бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж байгаа. Одоогийн байдлаар манай лабораторид химич, биохимич, био-технологич, инженер-технологич мэргэжилтэй 10 судлаач эх орны хүнсний түүхий эдийн хими, хими-технологи болон биологийн идэвхийн судалгаа болон импортын бүтээгдэхүүнийг орлох бүтээгдэхүүний технологи боловсруулах чиглэлээр ажиллаж байна.

-Аливаа улс үндэстний хувьд хүнсний аюулгүй байдал нэн тэргүүний асуудал байдаг. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал гэж юуг хэлэх вэ. Та энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

- Монгол улсын Хүнсний тухай хуульд “Хүн ам амьдралынхаа туршид чанартай, шим тэжээллэг, аюулгүй хүнсийг улсын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, газар зүйн байршлаас үл хамааран тогтвортой, хүртээмжтэй сонгон хэрэглэх боломж бүрдсэн байхыг хэлнэ” гэж томъёолсон байдаг. Өөрөөр хэлбэл, хүнсний хангамж хүртээмж, бүтээгдэхүүний аюулгүй байдал, шимт чанар гэсэн хоорондоо уялдаа холбоо бүхий цогц бүрдэж байж хүнсний аюулгүй байдал гэдэг ойлголт бий болно гэсэн үг. Хүнсний хангамж гэж хүн ам хоногийн хэрэгцээт бүх төрлийн хүнсээр хангагдсан байхыг хэлдэг бол хүртээмж гэдэг нь хот суурин болон хөдөөгийн хүн амын хүнсний хэрэгцээ жилийн туршид жигд хангагдсан байхыг хэлдэг. Харин аюулгүй хүнс гэж хүний эрүүл мэндэд ямар нэгэн хор хөнөөл, өвчин эмгэг үүсгэхгүй буюу сөрөг нөлөө үзүүлдэггүй хүнсийг хэлээд байгаа юм. Үүнээс гадна хоол хүнс бидний бие махбодын өсөлт хөгжилт, хэвийн үйл ажиллагааг хангахад зайлшгүй шаардлагатай үндсэн шимт бодис болох уураг, нүүрс ус, өөх тос болон эрдэс, аминдэмийг зохистой харьцаагаар агуулсан байх ёстой. Мэдээж хэрэг, хүнсний аюулгүй байдал нь улсын аюулгүй байдлын нэг хэсэг тул төрийн онцгой анхааралд байх асуудлын нэг бөгөөд үүнийг хангахад засгийн газар, хүнс үйлдвэрлэгчээс гадна хэрэглэгчид бас үүрэг, хариуцлага хүлээдэг. Өөрөөр хэлбэл, бидний хэрэглэж буй хоол хүнс аюулгүй, эрүүл байх нөхцлийг бүрдүүлэхэд үйлдвэрлэгчээс хэрэглэгч хүртэлх бүх үе шатны оролцогч бүр чухал үүрэгтэй гэсэн үг. Хүнсний хангамжийг тогтворжуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор засгийн газраас хэд хэдэн үндэсний хөтөлбөрийг шат дараалалтай хэрэгжүүлж байгаа.

-Хүнс хүртээмжтэй байх ёстой гэлээ. Гэтэл Короновирусын хөл хорионы дэглэмийн үед өндөг болон зарим хүнсний ногооны хомсдол үүссэн. Энэ шалтгааныг юу гэж тайлбарлах вэ?

-Энэ цар тахал дэлхийн улс орнуудын эдийн засаг, хүнсний хангамж, тогтвортой байдал, хүн ардын эрүүл мэнд, өрхийн орлогод сөргөөр нөлөөлж байна. Манай улсад ч мөн ялгаагүй. Статистикийн тайлан мэдээнээс харахад манай улс хүнсний бүтээгдэхүүний дийлэнх хувийг импортоор, харин мах, сүү, төмс, гурилыг дотоодоос бүрэн хангаж байгаа. Тэгэхээр зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний хосмдол нь нэг талаас хөл хорионы дэглэмийн үед түр хугацаагаар хил хааснаас шалтгаалж импортоор авдаг зарим нэрийн хүнсний бүтээгдэхүүний эрэлт ихэссэн, иргэд хүнсээ их хэмжээгээр нөөцлөх болсон нь тодорхой хэмжээгээр энэ эрэлтэд нөлөөлсөн байх. Бас он солигдох үе буюу эрэлт хэрэгцээ ихтэй байдаг үе таарсан. Нөгөө талаас, эдгээр бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэл эрэлтээ хангаж дийлэхгүй байна гэсэн үг л дээ. Иймд гол нэрийн хүнсний хэрэгцээг хангах, тогтвортой байлгахын тулд дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж импортыг бууруулах, импорт орлох хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатайг харуулж байна.

-Сүүлийн үед органик хүнс, органик бүтээгдэхүүн гэж их ярьдаг болсон. Бид органик бүтээгдэхүүн хэрэглэж чадаж байна уу?

-Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнууд органик үйлдвэрлэлийг дэмжиж эрчимтэй хөгжүүлж эхлээд байна. Манай улсад 2016 онд Органик хүнсний тухай хууль батлагдсанаар органик хүнс үйлдвэрлэлийг дэмжих бодлого хэрэгжиж эхэлсэн. Нэг үеэ бодвол бид байгалийн цэвэр хүнс, бүтээгдэхүүн худалдан авч хэрэглэх хандлагатай болоод байна. Дэлхийн зах зээл дээр органик хүнсний хэрэгцээ жил бүр 15 хувиар тогтвортой өсөж байгаа гэсэн тооцоо байдаг. Ерөнхийдөө органик бүтээгдэхүүн гэдэг бол аюулгүй байдал, эрүүл ахуй шаардлага хангасан байхаас гадна нийлэгжүүлэх аргаар гарган авсан ямар нэгэн химийн нэмэлт бодис, бордоо хэрэглээгүй байгалийн цэвэр бүтээгдэхүүн. Органик хүнсний түүхий эд ч органик байх ёстой. Өөрөөр хэлбэл, ургамлын гаралтай түүхий эдэд өсөлт дэмжих бодис, ургамал хамгаалах бодис, бордоо хэрэглээгүй, малын гаралтай түүхий эдэд бол ямар нэгэн антибиотик, дааврын ба зөвшөөрөгдөөгүй эм бэлдмэл хэрэглээгүй байх ёстой байдаг. Жишээлбэл, исгэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд генийн инженерийн аргаар гарган авсан хөрөнгө ашигласан байж болохгүй гэдэг ч юмуу. Түүнээс гадна сав баглаа боодол нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх гэх мэт өндөр шаардлага тавигддаг. Түүнчлэн органик бүтээгдэхүүн нь баталгаажсан лого буюу таних тэмдэг бүхий шошготой байдаг. Манай улсын хувьд бүтээгдэхүүний орцын 90 ба түүнээс дээш хувь нь органик найрлагатай тохиолдолд органик бүтээгдэхүүн гэж тооцдог байгаа.

-Хүнсний аюулгүй байдлыг хангахад хүн бүрийн оролцоо чухал гэж та түрүүн хэллээ. Харин бид бодоходоо үйлдвэрлэгчдэд л хамаатай гэж боддог?

-Тиймээ, хүнс үйлдвэрлэлийн бүх үе шатны оролцогч бүр хувийн ариун цэвэр болон эрүүл ахуйн стандартыг чанд мөрдөх, үйлдвэрлэгчид эгзэгтэй цэгийн хяналт болон үйлдвэрлэлийн зохистой дадал, аюулгүй байдлын тогтолцоог нэвтрүүлэх зэрэг нь хүнснээс гаралтай өвчлөлийг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Түүнээс гадна хүнсний бүтээгдэхүүний чанар хэрэглэгчийн сэтгэл ханамжаар тодорхойлогдож байдаг учраас хэрэглэгчид хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйд хяналт тавьж байдаг гэж ойлгож болно.

-Хоол хүнснээс үүдэлтэй хордлогоос сэргийлэхийн тулд иргэд юунд анхаарах хэрэгтэй вэ?

-Хамгийн гол нь хоол хүнсээ бэлтгэхдээ эрүүл ахуйн зөв дадлыг баримтлах хэрэгтэй. Хоолны хордлого ихэвчлэн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг боловсруулах технологи болон түүнийг хадгалах, тээвэрлэх горим алдагдснаас эсвэл ариутгал, цэвэрлэгээ дутуу хийгдсэнээс болж үүсдэг. Иймээс иргэд хоол, хүнсний бүтээгдэхүүнийг зохих хэмд зөв хадгалах, түүхий болон болгосон бүтээгдэхүүнийг тусад нь хадгалах, хоол хүнсийг гүйцэд чанаж болгох, аюулгүй ундны ус хэрэглэх, гараа бохирдох бүрт сайтар савандаж угаах, хоолны хэрэгсэл, сав суулгыг байнга угааж цэвэрлэх ариутгах гэх мэт хүнсний аюулгүй байдлыг хангах зарчмыг хэрэгжүүлж хэвшүүлэх хэрэгтэй. Түүнээс гадна эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хадгалах хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхээс татгалзах, хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын саванд хадгалж хэвших шаардлагатай.

-Манай улсын нийт хүн амын дунд амин дэм, эрдэс бодисын дутагдлаас үүдэлтэй өвчлөл элбэг тохиолддог. Энэ нь хүнсний шимт байдал алдагдсантай холбоотой юу?

-Хүн амын хоол тэжээлийн үндэсний судалгааны дүнд манай улсын нийт хүн амын дунд А, Д аминдэм болон төмөр, иод зэрэг эрдэс бодисын дутал болон таргалалтын түвшин буурахгүй байгааг тогтоосон байдаг. Энэ нь зохистой хооллолтын зарчим алдагдсантай холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл, хоногт хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл цөөн байгаатай холбоотой буюу аминдэмийн хоногийн хэрэгцээгээ хангах хэмжээгээр хэрэглэж чадахгүй байна гэсэн үг. Өдөр бүр мах, сүү, цагаан идээ, гурилан бүтээгдэхүүн, өөх тос, төрөл бүрийн жимс, жимсгэнэ, хүнсний ногоог зохистой харьцаагаар хэрэглэх шаардлагатай. Жишээлбэл, А аминдэм тосонд уусдаг тул түүний шимэгдэлтэд өөх тос зайлшгүй шаардлагатай, харин өөх тос бага хэрэглэдэг хүмүүс А аминдэмийн дуталд өртөх эрсдэл илүү өндөр болно. Өнөөдөр дэлхийн олон улсад нийт хүн амынхаа аминдэм эрдэс бодисын зохистой хэрэглээг хангах зорилгоор хүнсний бүтээгдэхүүнийг баяжуулах арга хэмжээг хэрэгжүүлж байна. Манай улсын хувьд давсыг иодоор, буудайн гурилыг Д болон В-ийн төрлийн аминдэм, төмөр, цайр агуулсан холимог найрлагатай бэлдмэлээр баяжуулж байна.

-Транс тосны хэрэглээ гэж сүүлийн үед бас ихээр яригддаг болжээ. Энэ нь хүний эрүүл мэндэд, ялангуяа таргалалт, зүрх судасны өвчлөлийн нэг шалтгаан болж байна гэх. Түүнчлэн хүнсний аюулгүй байдлын тухай асуудалтай ч холбогдох байх. Мэргэжлийн хүний хувьд энэ талаар мэдээлэл өгөх нь зүйтэй болов уу?

-Транс тос гэж ямар тосыг хэлдэг болохыг их энгийнээр тайлбарлавал ханаагүй буюу шингэн тосны хадгалах хугацааг уртасгах зорилгоор хатуу төлөвт оруулах технологийн боловсруулалтын явцад үүссэн тос гэж хэлж болно. Жишээ нь маргарин байна. Тухайн үед энэ нь цөцгийн тосыг бодвол үнэ хямд, удаан хугацаагаар хадгалах боломжтой, заавал хөлдөөх шаардлагагүй, бүтээгдэхүүнийг жигнэх, шарахад ашиглах боломжтой зэрэг давуу талтай байсан учраас хэрэглээнд хурдан нэвтэрсэн. Нийтийн хоол үйлдвэрлэл болон нарийн боовны үйлдвэрлэлд өргөнөөр хэрэглэдэг. Байгалийн гаралтай транс тос гэж бас бий. Зарим далайн хөхтөн амьтад, бактери, ургамлын үр болон хивэгч амьтдын өөх тосонд тосны хүчлийн транс-изомер (транс тос) бага хэмжээгээр агуулагдаж байдаг. Транс тос агуулсан хоол хүнсийг байнга, их хэмжээгээр хэрэглэх нь зүрх, судасны тогтолцооны өвчнөөс гадна чихрийн шижин, хорт хавдар, үргүйдэл, алцгеймерын өвчнөөр өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг олон жилийн турш хийсэн судалгааны дүнд тогтоосон. Транс тос нь судасны хананд өөх, тосны хуримтлал үүсэх явцыг нэмэгдүүлдэг учраас хүнсэндээ хэрэглэхээс татгалзахыг зөвлөдөг. ДЭМБ-аас транс тосны хэмжээг хоногт хоол хүнсээр авах нийт илчлэгийн 1%-с ихгүй байхаар тооцож хязгаарлахыг зөвлөж байгаа.

-Манай улс органик хүнс, баяжуулсан хүнсний тухай хуультай. Транс тосны тухай хууль гэж байгаа юу. Бусад улс орнууд транс тосны талаар ямар бодлого баримталж байгаа вэ?

-Манай улсын хувьд транс тосны хэрэглээнд хяналт тавих хууль эрх зүйн орчин хараахан бүрэлдээгүй байгаа тул манайд импортоор орж байгаа транс тосны агууламж тухайн тосыг экспортлогч улсад баримталж буй бодлогын хүрээнд хязгаарлагдаж байдаг гэж ойлгож болно. Манай улс жил бүр ойролцоогоор 25-30 тн амьтан, ургамлын гаралтай тос импортоор оруулж ирдэг гэсэн судалгаа бий л дээ. Одоогоор дэлхийн ихэнх улс хүнсний бүтээгдэхүүн дэх транс тосны агууламж нийт тосны 2%-с ихгүй байхаар техникийн шаардлагад тусган мөрдөж байгаа ба 20 гаруй улс хагас гидрогенжүүлсэн тос ашиглахыг хориглосон. Түүнээс гадна бүтээгдэхүүний шошгонд транс тосны агууламжийг заавал тэмдэглэх шаардлагыг хэрэгжүүлж байна. ДЭМБ-аас 2023 он гэхэд транс тосны хэрэглээг бүрмөсөн хязгаарлах уриалга гаргаад байгаа.

-Танай хүрээлэнд, тодруулбал танай лабораторит транс тостой холбоотой судалгааны ажил хийгдсэн үү?

-Бид ШУА-ийн грант төслийн хүрээнд хүнсний бүтээгдэхүүнд транс тосны агууламж тодорхойлох аргын стандартыг боловсруулж батлуулсан. Ямар ч байсан эхний ээлжинд транс тос тодорхойлох арга зүйтэй болсон гэсэн үг. Энэ судалгааны ажлын хүрээнд импортын зарим нэрийн хүнсний бүтээгдэхүүн болон амьтны гаралтай тос, маргарин, жигнэмэг, шарсан бүтээгдэхүүнд агуулагдаж байгаа транс тосны хэмжээг тодорхойлох ажил хийсэн. Загас, адууны мах, ургамлын тос, дал модны тосонд транс тос илрээгүй. Харин хивэгч амьтдын маханд маш бага хэмжээтэй, зарим маргаринд илэрсэн боловч хэвлэлийн тоймтой харьцуулахад бага хэмжээтэй байсан. Ерөнхийдөө бол эхлэлийн шатандаа л явж байна, цаашид нарийвчлан судлах шаардлагатай байгаа.

-Ер нь хүнсний бүтээгдэхүүнд транс тосны агууламжийг бууруулах ямар нэгэн арга технологи гэж байдаг уу. Транс тос бүхий хүнсийг хэрэглэхээс татгалзахаас гадна өөр ямарваа нэгэн авч хэрэгжүүлэх боломжтой арга юу байдаг бол?

- Хүнсний үйлдвэрлэлд транс тос ашиглахыг тодорхой хэмжээнд хүртэл хязгаарлах, хориглож байгаатай холбоотойгоор ихэнх тос үйлдвэрлэгчид шинэ технологи нэвтрүүлснээр үйлдвэрлэлийн гаралтай тосны хүчлийн транс изомерийн хэмжээ тодорхой хэмжээгээр буурч байна л даа. Европын ихэнх улсад гидрогенжүүлэх биш эфиржүүлэх аргаар шингэн тосыг хатуу төлөвт оруулах аргыг ашиглах болсон. Энэ процессын үед өөх, тосны хүчлийн бүрдэл өөрчлөгдөхгүй, ханаагүй тосны хүчлийн изомержилт явагддаггүй давуу талтай.


Сэтгэгдэл

Enkhee [202.9.40.115] 2021-02-25 23:50:26

Mash heregtei medeelel ugsund Bayarlalaa. Ajliin amjilt husie

Зочин [103.212.119.59] 2021-02-25 15:17:39

suulni tos,buluuni yasni tos,shar tos,huurdag oliviin tosiig eeljlen hoolondoo heregldeg.Huurch shardag oliv ,kokosiin tos manaid unetei baidag uchir hun bolgon avch chadahgui bna, tiimees mongol maliin uuh tos, suuliig sain sudalj humuusd hurgevel sain bna. Suulni tosiig sain geh getel zarim humuus muu mun trans tosni agyylamltai geh ym. hend ni itgehee medehgui bn. tanai hureelen trans tosni tuhai sain sudalj taniltsuulahiig husie.

Зочин [122.201.31.205] 2021-02-24 15:42:09

hynalt sain hiij baih heregtei.trans tos ih hereglej bn.

Зочин [122.201.31.205] 2021-02-24 15:40:38

ene huns uilverlegchid hor hiij ym hiidgee boloh heregtei bn.chiher ihtei,nuushlugch ihtei gol horsgsdog tos n muu ih l muu ym hiigeed bn

Зочин [192.82.76.175] 2021-02-24 15:06:15

Энэ худалдаанд байгаа масло, маргарин вафли ба бусад тос орох хүнсэнд транс тосны % ийг заасан байдаг. Одоо тэр нь бичигдэхгүй болсон бна лээ. Зөвшөөрөгдөх хэмжээ гэж байдаг даа.

Зочин [64.119.26.187] 2021-02-24 10:17:38

Баярлалаа мэдээлэл өгсөнд. Транс тосны судалгааг эхлүүлсэн юм бол дуусгахх хэрэгтэй байна. Стандарт батлуулсан нь сайн хэрэг. Танай лаборатори байгуулагдаад багагүй хугацаа өнгөрсөн юм байна. Танай хүрээлэнгийнхэн ажлын цаг ашиглалт муу, биеэ нөөсөн ажил хийдэггүй хүн их байдаг шүү. Ташуурдаад ажиллуулаарай

Зочин [64.119.17.220] 2021-02-24 10:00:30

Монголчууд хятадад захиалгаар хийлгэсэн орос шошготой хорыг, орос ахын юм ориг хусаад байх юм даа , тэнэг дүүгийн зовлон тавилан юм байлгүй


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.